Шинэ Монгол шинэ нийгмийг, шинэ төрийг, шинэ хүнийг, шинэ мэдлэгийг хүснэ. Харин Шинэ Монголыг хэн бүтээх вэ? гэсэн асуулт эзнээ хүлээсээр л. Шинэ Монголын шинэ иргэн та болон таны хүүхдүүд байх болно. Тиймээс шинэ Монголыг бид хамтдаа л бүтээж чадна.
Шинэ Монголд хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт өрнөнө. Хүн бүр аз жаргалаар гэрэлтэх болно.
Шинэ Монголыг өнөөгийн Монгол улсад амьдарч, аж төрж буй 2 сая 700 мянга гаруй иргэд л бүтээнэ. Бид хэн нэгнийг хараад эсвэл Чингис хаан гэнэт тэнгэрээс бууж ирээд биднийг аварна гэж найдаад хэрэггүй. Оюу-толгой, тавантолгойгоо гадныханд зараад хувьцааг нь хүртээд амьдарчихна гэж бодоод ч хэрэггүй шүү.
Монгол улсын иргэн таниас л Монгол улсын хувь заяа шалтгаална. Та арчаагүй, мэдлэггүй, ёс суртахуунгүй, хувиа бодсон байвал хөгжилгүй, ядуу буурай, өвчин зовлонд нэрвэгдсэн Монголд бид амьдарна. Харин та мэдлэг боловсролтой, ёс суртахуунтай, эх оронч сэтгэлтэй байвал хөгжингүй, халуун дулаан, баталгаатай амьдралтай Монголд бид амьдрах болно. Таны өнөөдрийн нэг хормын залхуурал ирээдүйн Монголын хөгжилөөс нэг хоног хойш татах болно гэдгийг санагтун. Тиймээс та яг одоо л эх орныхоо төлөө өөрийн чадах зүйлээ хийж эхэл. Учир нь бүх зүйл цаг хугацаатай шүү дээ. Хожимдсон ухаарал бидэнд хэрэггүй.
Та сур, боловсор, хөдөлмөрлө, Монгол хүний чадавхийг дэлхий нийтэд гайхуул. Монгол хүний үнэлэмжийг дээш нь өргө. Цээж тэнэгэр Монгол хүн өнөөдөр амьдралын эрхээр гудайж байна, харийнхны өмнө бөхийж байна. Монголчууд бид өнөөдөр доройтож болно. Бид ядуу байна, дэлхийн хөгжлөөс хоцорч байна, хоногийн хоолныхоо төлөө амьдарч байна. Гэхдээ л энэ бүх зовлон бэрхшээл Монгол хүний гэгээн оюуныг хиртүүлж, мэлмийг нь бүрхэж чадахгүй. Монгол хүн хэзээд Монголоороо байх болно. Яагаад гэвэл бид дэлхийн талыг эзэлж явсан өвгөдтэй, өргөн уудам баялаг ихтэй газар нутагтай, ухаант хүн ардтай шүү дээ.
Ядарч байгаа иргэдийн оюун ухаан, сэтгэл дээр тоглосон, ашиг хонжоо олох гэсэн нөхдүүд Монголд олширсоор л. Арго, Бат-Отгон, Давааням гээд л мөнгө улаан, нүд цагаан нөхдүүд Монголчуудыг эргэлзээнд оруулж, өөрийн бизнесээ өргөжүүлнэ. Үнэндээ тэдэнд ямар ч мэдлэг байхгүй, Монгол хүнийг гэх сэтгэл бүр ч байхгүй. Бид ингээд л бусдад хууртаад хайран цаг, мөнгөө үрээд байхаа больмоор байна. Өөрөө өөртөө эзэн нь болж оюун ухаанаа хөгжүүлж хүн төрөлхтний эрхэм гишүүн нь болооч.
Тэдний араас Баабар Оюутолгойг хамгаалан өгүүлсээр, Багабанди эрх баригчдыг хамгаалан тимэм үгээ хүүрнэсээр ард түмний тархийг угаах гэж оролдоно. Тэдэнд Монгол хүний үнэ цэнэ, Монгол улсын тусгаар тогтнол огтхон ч хамаагүй, зөвхөн л өнөөдрийн ашиг маргаашийн ашиг л хамгаас чухал. Монгол улсын төлөө хүн ер нь энэ Монголд чинь байна уу хэмээн зарим хүмүүс ярьцгаах юм. Энэ мэт хэт их мэдэмхийрэгчид ард түмний тархийг захиалгаар угаахаа болих цаг болсон.
Шинэ Монгол эх оронч, мэдлэгтэй шинэ хүнийг хүснэ. Шинэ Монголыг хөгжүүлэх мэдлэг чадвартай хүнийг Монголын ард түмэн одоог хүртэл үгүйлсээр л. Өнөөгийн Монголын төрийг барьж буй хүмүүсээс үнэндээ эх оронч сэтгэл үнэртдэггүй юм. Баахан л худлаа ярьсан, том том амалсан, үнэн хэрэгтээ хувиа борлуулсан хүмүүс л их болждээ. Яг л Сүхбаатар, Магсаржав нар шиг эх орныхоо төлөө бүхнээ зориулж чадах тийм л хүн өнөөдөр Монголд хэрэгтэй байна. Эзэн Чингис хаанаа бид бүхий л зүйл дээр үлгэрлэн ярьдаг. Даанч Их Хааныхаа эрдэм чадлыг өвөлсөн хүн нэгээхэн ч алга гэж үү.
Монгол улс өнөөдөр мэдлэгийн эдийн засагт шилжих цаг болсон. Хоцрогдсон уул уурхай, МАА-гаас салсан, өндөр технологид суурилсан шинэ эдийн засгийн тогтолцоо л Монгол улсыг хөгжилд хөтөлж чадна. Түүхий нүүрсээ урагш нь зөөдөг, хэдэн малаа муулаад зарчихдаг ямар ч технологийн дэвшилгүй 19-р зууны хоцрогдсон тогтолцооноос салах цаг болсон. Нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологид суурилсан 21-р зууны хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Дэндүү өндөр банкны хүүнд шулуулсан, маш хатуу ширүүн эдийн засгийн тогтолцоо биднийг туйлдуулж байгаа учраас эдийн засгийн шинэчлэл туйлаас хэрэгтэй байна.
Шинэ улс төр бас л Монголд үгүйлэгдсээр. Шинэ улс төр мэдээж хамгийн түрүүнд шинэ хүнийг шаардана. Шинэ хүн гэж мэдлэг боловсролтой, ёс суртахуунтай, эх оронч хүнийг хэлнэ. Товчхондоо яг ийм л хүн хэрэгтэй байна. Бид улс төрчдөөс тийм их зүйлийг шаардаагүй, зүгээр л ажлаа хийгээч л гэж хүссэн. Даанч тэд Монголчуудын итгэлийг даагаагүй, итгэл сэтгэл рүү нь ус цацсан. 20 жил бид Ардчилсан улс төрчдөд найдсан, үр дүнд нь бид ядуурсан, хохирсон. Одоо ард түмэн хэнд бас юунд найдхаа мэдэхгүй, ямар ч байсан 20 жил улс төрд мануухай болсон нөхдүүдийг сонгохгүйдээ хэмээн шүд зуун хэлж байна. Гэвч бас л нэг асуулт эзнээ хүлээсээр, тэгээд хэнийг сонгох вэ? Мөнгө биш хөгжил амалсан хүнийг сонго, уул уурхай биш мэдлэг боловсрол ярьсан хүнийг сонго, гурил будаа биш мөрийн хөтөлбөрөө сурталчилсан хүнийг сонго, хуучин биш шинэ хүнийг сонго. Шинэ Монголыг бүтээхийн тулд хамгийн түрүүнд хуучнаасаа салж шиэн сонголтыг хий.
Д. Санчир
Холбоотой мэдээ
Comments are closed.