“Хувьсал” продакшны бүтээсэн “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууг гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар дуулсан билээ. Жүжгийн үйл явдал болон дууны утга агуулга нь тухайн үед олны анхаарлыг ихэд татаж байсан бөгөөд бүр DVD хүртэл гарсан юмдаг. Харин өнгөрсөн жил “Хувьсал” продакшн 10 жилийнхээ ойн баярт зориулан энэхүү жүжгийг дахин тайзнаа тавьж, шинэчилсэн хэлбэрээр үзэгчдэд хүргэсэн юм. Энэ ч утгаараа, уран бүтээлчдийн багаа өөрчлөхийн сацуу жүжгийн дуугаа хүртэл шинэчлэн дуучин Б.Баярцэцэг, “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар нараар дуулуулсан нь үзэгчдэд тун ч их таалагдсан. Гэтэл үүнээс болж гавьяат жүжигчин Т.Ариунаа багагүй зарга үүсгэж, тэднийг дарамталсан тухай мэдээлэл тархжээ. Уг яриа үнэн эсэх талаар дуучин Б.Баярцэцэгээс асууж тодрууллаа.
-Уучлаарай, гавьяат жүжигчин Т.Ариунаа “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууг нь дууллаа гэж таныг дарамталсан гэсэн. Энэ үнэн юм уу?
-Үгүй ээ, намайг хэн ч тэгж дарамтлаагүй. Т.Ариунаа эгч яагаад намайг дарамтлах ёстой гэж. Иймэрхүү худал мэдээллээс болоод түүнтэй муудалцмааргүй байна шүү. Заримдаа бүр элдэв янзын ярианаас айх ч шиг…
-Тэгвэл та түүнээс зөвшөөрөл авсан юм уу. Энэ дууны зохиогчийн эрх хэнд нь байдаг юм бол?
-“Хувьсал” продакшнд байдаг юм билээ. Тиймээс энэ дууг шинэчилсэн найруулгаар нь дуулж, олны хүртээл болгох саналыг Ганбаа бид хоёрт тавьсан. Харин бид хоёр эхэндээ ер хүлээж аваагүй шүү дээ. “Нэгэнт л тэр чадварлаг дуучдын дуулснаар олны чихэнд хоногшсон дууг бид хоёр дахин дуулах хэрэг байгаа юм уу” гэж эргэлзсэн хэрэг. Гэтэл тус продакшны захирал Г.Цоггэрэл ах болон Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав нар нэлээд ятга сан. “Хувьсал” продакшны 10 жилийн ой болж байна. Тэгээд ч энэ жүжгийг тайзан дээр тоглож, дууг нь дуулснаас хойш 10 жил өнгөрлөө шүү дээ. Одоо ойн баярынхаа хүрээнд жүжиг, дууг нь хүртэл шинэчилсэн хэлбэрээр үзэгч сонсогчдод хүргэх гэж байгаа учраас санаа зоволтгүй” гэж ярьсан. Тэгээд л энэ дууг Ганбаа бид хоёр өөрсдийнхөө хэмжээнд дуулсан юм.
-Кино, жүжгийн дуунууд ахиж дуулав уу?
-Шинэ кино, жүжгийн дуу дуулах санал их ирдэг. Гэхдээ сүүлийн үед энэ мэт саналыг хойш нь тавьж байгаа. Хувийн уран бүтээлдээ анхаарал хандуулж, тоймтой зүйл хиймээр байна. Ирэх жил томоохон хэмжээний хоёр шоу тоглолт хийх төлөвлөгөө гаргасан. Тиймээс өөрийнх гэсэн менежертэй болж, шинэ цомог болон тоглолтынхоо ажилд түлхүү анхаарч эхэлсэн.
Р.ЕСҮЙ

Холбоотой мэдээ
Comments are closed.