antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 Comments are off

Сураггүй болсон эмэгтэйн тухай эх сурвалж юу ярив…

нийтлэсэн Admin

Хорь гарч яваа эмэгтэй ор сураггүй алга болсон тухай манай сонин өнгөрсөн долоо хоногийн дугаартаа мэдээлж байсан. Энэ талаар Ц.Буяндэлгэр гэх залуу бидэнд анх мэдэгдэж байсан. Тэрээр алга болоод буй эмэгтэйтэй хамтран амьдардаг байжээ. Ингээд сураггүй болсон Д.Мөнхдэлгэр гэх бүсгүйн талаар мэдээлэл өгсөн эх сурвалжуудын яриаг эхнээс нь хүргэе. “Энэ хэргийн талаар ярих юм их байна” Д.Мөнхдэлгэр гэх эмэгтэй сураггүй болоод долоон сар болж байгаа гэнэ. Тэрээр алга болохдоо таван сартай жирэмсэн байсан бөгөөд ой гарантай хүү нь хамт сураггүй болжээ. Эл хэргийн зангилааг тайлах эхний эх сурвалж бол Ц.Буяндэлгэр юм. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.

 

-Та Д.Мөнхдэлгэртэй ямар холбоотой байсан юм бэ. Түүнийг ор сураггүй болсон гэлээ. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

 

-Д.Мөнхдэлгэр бид хоёр бусдын адилаар үерхэн танилцаж, улмаар айл гэр болж, ханилан суух хүсэлтэй байсан улс. Тиймдээ ч бид амьдралаа залгуулах амьжиргаатай болохын тулд ажилд орсон. Ингэхдээ өнгөрсөн тавдугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Едөгийн голын уурхайд ажиллахаар хамт очсон л доо. Тэр үед Д.Мөнхдэлгэр таван сартай жирэмсэн байсан. Түүний хэвлий дэх хүүхэд нь миний хүүхэд л дээ. Гэвч бидний хүссэн болгон биеллээ олсонгүй. Д.Мөнхдэлгэрийг маань хамт ажилладаг байсан Б.Төмөрбаатар гэгч хүн авч яваад өнөөдрийг хүртэл сураггүй алга болсон. Ар гэрийнхэн нь намайг хамт уурхайд ажиллана гээд явсан болохоор надаас л охиноо нэхэх юм. Уг нь энэ хэргийг тухайн үед цагдаа нарт мэдэгдсэн. Гэвч тэд үл ойшоосоор өнөөдрийг хүргэлээ. Одоо хэвлэлд хандах л үлдлээ.

 

-Б.Төмөрбаатар гэгчтэй Д.Мөнхдэлгэр ямар холбоотой юм бэ. Энэ хэргийг та цагдаагийхан ойшоохгүй байна гэлээ. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

 

-Б.Төмөрбаатар бол бидний ажиллаж байсан уурхайн захирал хүн. Манай дарга л гэсэн үг шүү дээ. Тухайн үед Б.Төмөрбаатар Д.Мөнхдэлгэрийг гэрт нь хүргэж өгнө гээд л авч явсан. Харин хүргэж өгсөн эсэхийг нь би сайн мэдэхгүй. Гэрийнхэн нь надаас нэхээд байгаа болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Уг нь цагдаагаас өмнө 102-т мэдээлсэн. Тэндээс Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ хэргийг шилжүүлсэн байсан. Ингээд Д.Мөнхдэлгэр болон түүний хүүг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Харин явцын дунд цагдаа нар хэргийг ойшоохгүй хаясан. Дахин эрэн сурвалжлуулах гэсэн боловч хүсэлтийг хүлээж авахгүй байна.

 

-Алга болсон эмэгтэйн гэр хаана байдаг юм. Яагаад Баянголын цагдаагйин газар шалгуулах болсон юм бол?

 

-Д.Мөнхдэлгэрийнх Налайх дүүрэгт Тэрэлжийн Горхийн ам гэдэг газар байдаг юм. Тухайн үед энэ хэрэгт гэрт нь хүргэж өгөхөөр Д.Мөнхдэлгэрийг аваад явсан Б.Төмөрбаатарыг цагдаа нар шалгасан юм билээ. Тэр Б.Төмөрбаатар нь өөрөө Баянгол дүүргийн харъяат болохоор нь тэнд шалгуулсан бололтой.

 

-Та Б.Төмөр баатарыг таних уу. Хэргийн талаар тодруулж асууж байсан уу?

 

-Танина. Ажиллаж байсан уурхайн эзэн учраас танилгүй яахав. Утсыг нь ч мэднэ. Намайг утасдахаар урдаас аашлаад хэцүү байдаг юм. Хэлэх, хэлэхгүй үгээр ч доромжилно.

 

-Д.Мөнхдэлгэр таван сартай жирэмсэн, бас хүүхэдтэй гэсэн үү?

 

-Тийм. Хүүхдийг нь Мөнхдөлийн Гансүх гэдэг. Удахгүй хоёр ой хүрэх гэж байгаа. Энэ сарын сүүлээр хоёр нас хүрэх юм байна.

 

-Д.Мөнхдэлгэртэй та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

 

-Гэр рүүгээ явлаа гээд хамаг хувцсаа аваад, хүүхдээ дагуулаад л явсан. Өнгөрсөн тавдугаар сарын дундуур л болсон хэрэг л дээ. Гэвч гэртээ хариагүй өнөөдрийг хүртэл сураггүй болчихоод байна. Тиймээс энэ эмэгтэйг харсан үзсэн хүн байвал надтай холбогдож тус болооч гэж хүсье. Цагдаагийн байгууллага энэ хэргийг үл ойшоож байгаад харамсч байна. Энэ хэргийн тухайд ярих юм их байна. Одоо би хөдөө байна. Хотод орж байгаад танай сонинд очоод ярилцлага өгнө гэв.

 

Ор сураггүй болсон Д.Мөнхдэлгэр бүсгүйн талаар өгүүлсэн хамгийн эхний эх сурвалж бол Ц.Буяндэлгэр байлаа. Түүний өгсөн мэдээллийн мөрөөр уурхайн эзэн Б.Төмөрбаатартай уулзлаа. Түүнээс болсон явдлын талаар дараах асуултад хариулт авсан юм.

 

“Би иргэнийхээ үүргийг л биелүүлсэн”

 

-Танай уурхайд ажиллаж байсан Д.Мөнхдэлгэр одоо болтол гэртээ хариагүй, ор сураггүй болсон гэх юм?

 

-Д.Мөнхдэлгэр гэдэг эмэгтэй манай уурхайд ажиллаж байсан нь үнэн. Түүнийг хамт амьдардаг байсан Ц.Буяндэлгэр зодож, дарамтлаад байхаар нь бид хүнлэг сэтгэл гаргаж, гэрт нь хүргэж өгсөн. Би иргэнийхээ үүргийг л биелүүлсэн.

 

-Танай уурхай юуны уурхай юм бэ?

 

-Вольфрам буюу газрын ховор элемент олборлодог уурхай.

 

-Д.Мөнхдэлгэр, Ц.Буяндэлгэр хоёр ямар холбоотой хүмүүс вэ?

 

-Хамтран амьдрагч юм билээ. Ц.Буяндэлгэр бид хоёр нэг ангийнх. Ядарч яваа болохоор нь тусалъя гэж бодоод уурхайдаа ажилд авсан. Гэтэл хамт амьдрах гэж дагуулж ирсэн Д.Мөнхдэлгэрийг зодож нүдээд, цалинг нь аваад явчихсан. Тэгээд бид Д.Мөнхдэлгэрийг гэрт нь аваачиж, ээжид нь хүргэж өгсөн.

 

-Тэгвэл Д.Мөнхдэлгэрийн ээж охиноо гэртээ ирээгүй гээд байгаа шүү дээ?

 

-Ямар ч байсан хүргэж өгсөн. Түүнээс хойш яасныг би мэдэхгүй.

 

-Та өөрөө Д.Мөнхдэлгэрийг гэрт нь хүргэж өгсөн юм уу?

 

-Үгүй. Би хүргэж өгөөгүй. Манай менежер, нягтлан хоёр хүргэж өгсөн.

 

-Д.Мөнхдэлгэр танай уурхайд ямар ажил хийдэг байсан юм?

 

-Туслах тогооч хийдэг байсан.

 

-Д.Мөнхдэлгэр жирэмсэн байсан. Алга болохдоо нэг хүүхдээ дагуулж явсан гэсэн?

 

-Тэр үед Д.Мөнхдэлгэр өөрийгөө жирэмсэн гэж хэлсэн. Манай гэр бүлийн хүн хүртэл хамт явж, эмнэлэгт үзүүлэхэд жирэмсэн гэдэг нь үнэн байсан. Нэг ойтой хүүхэд нь Ц.Буяндэлгэрийнх биш. Би хүний амьдралыг сайн мэдэхгүй. Ц.Буяндэлгэр эрүүл саруул ухаантай хүн биш. Ярьж байгаа нь элий балай юм шиг л байгаа биз дээ. Уг нь энэ хэрэг цагдаад шалгагдаад, тэр дороо хаагдсан.

 

-Д.Мөнхдэлгэрийг алга болсон гэх асуудлаас хойш Ц.Буяндэлгэр тантай уулзсан уу?

 

-Уулзсан юм байхгүй. Утсаар л олон юм яриад л байсан гэв.

 

Д.Мөнхдэлгэрийг хүүтэй нь хамт авч яваад сураггүй болгосон гэх уурхайн эзэн Б.Төмөрбаатар ийн өгүүлж байлаа. Тэрээр ор сураггүй болсон бүсгүйн тухай бидэнд өгүүлсэн хоёр дахь эх сурвалж байсан юм. Б.Төмөрбаатарын яриагаар бол Д.Мөнхдэлгэрийг ямартаа ч гэрт нь хүргэж өгсөн юм байна. Харин түүнтэй ярилцсаны дараа Б.Төмөрбаатартай нэг зүйл дээр тохиролцсон юм. Юу гэвэл, Д.Мөнхдэлгэрийг гэрт нь аваачиж өгсөн түүний компанийн ажилчидтай уулзаж, алга болсон бүсгүйнх рүү хамт явах юм. Б.Төмөрбаатар “Д.Мөнхдэлгэрийг гэрт нь хүргэж өгсөн манай хүмүүсийг дагаад ээж дээр нь очсон ч болно. Би тэр хүмүүстэй нь холбоод өгье. Тэгээд Д.Мөнхдэлгэрийн гэрт нь очоод гэрийнхэнтэй нь нүүр тулаад охиныг нь аваачиж өгсөн эсэхийг нь асууж болно” гэсэн юм. Гэвч уурхайн эзэн Б.Төмөрбаатар уулзаж тохиролцсон амнаасаа гэнэт буцав. Өөрөөр хэлбэл, тэрээр хэлсэндээ хүрсэнгүй… Ор сураггүй болсон бүсгүй одоо хаана яваа бол….

 

Алга болсон Д.Мөнхдэлгэрийн тухай өгүүлэх гурав дахь эх сурвалжийн яриаг бид дараагийн дугаартаа хүргэх болно.

 

С.Өлзийбаяр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car