Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хаврын ээлжит чуулганы анхны өчигдөр үдээс хойш 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны дарга хуралдааны эхэнд өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэхээр хойшлуулж буй тухайгаа мэдэгдсэн.
Үүний дараа Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх танилцуулгадаа 6 бодлого, 25 зорилт, 104 арга хэмжээний биелэлт 2014 оны жилийн эцсийн байдлаар 63,7 хувьтай гарлаа. Биелэлтийг бодлого тус бүрээр нь авч үзвэл макро ЭЗ-ийн бодлого 55.4 хувь, бодит салбарын хөгжлийн бодлого 59.2 хувь, Байгаль орчин, бүс нутгийн хөгжлийн бодлого 67 хувь, нийгмийн хөгжлийн бодлого 68, төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого 61 хувь, гадаад бодлого, батлан хамгаалах бодлого 66 хувийн гүйцэтгэлтэй гарсныг гишүүдэд дуулгасан.
Өнгөрсөн онд ДНБ-ий өсөлт 7.8 хувьтай гарчээ. Энэхүү эдийн засгийн бодит өсөлтийг салбаруудаар авч үзвэл хөдөө аж ахуйн салбар 14.4 хувь, аж үйлдвэр, барилгын салбар 16.1 хувь, үйлчилгээний салбар 4.8 хувь тус тус өссөн бол цэвэр татвар бодитоор 8.1 хувиар буурсан байна. Эдгээр салбаруудын эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмрээр нь авч үзвэл нийт 7.8 хувийн өсөлтийн 5 нэгж нь уул уурхайн салбараас, 2 нэгж нь үйлчилгээний салбараас, 1.7 нэгж нь хөдөө аж ахуйн салбараас, үлдсэн нь бусад салбарын өсөлтөөс бий болсон бол цэвэр татвар -1.1 нэгжээр сөрөг нөлөө үзүүлжээ.
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй, мөн дэлхийн зах зээлд экспортын гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний эрэлт бага байснаас эдийн засгийн өсөлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй байна. Тодруулбал, төмөр замын суурь бүтцийг барьж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, концессоор эрчим хүчний 4 эх үүсвэрийг барьж эхлэх, газрын тос боловсруулах дотоодын үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх, гадаад зах зээлээс хямд эх үүсвэрийг татаж, бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх, нүүрс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний экспортын өсөлтийг хадгалахаар төлөвлөж байсан боловч дээрх арга хэмжээнүүд хангалтгүй хэрэгжсэн. Мөн олон улсын зах зээл дээр голлох түүхий эдүүдийн үнэ унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 70 орчим хувиар буурснаас эдийн засгийн өсөлтийн хурдац төлөвлөсөн хэмжээнд хүрсэнгүй.
Харин байгаль, цаг уурын тааламжтай нөхцөлөөс шалтгаалан мал сүрэг өсч, малын тоо 52 сая толгойд хүрснээр ХАА салбар өндөр өсөлттэй гарсан бол Оюу толгой төслийн олборлолт төлөвлөсөн хэмжээнд хүрсэн, газрын тосны олборлолтын хэмжээ нэмэгдсэн зэргээс уул уурхайн салбар өсч Аж үйлдвэрийн салбарын өсөлт өндөр гарахад нөлөөлсөн байна.
Мөн 2014 оны 2 дугаар улирлаас эхлэн ҮСХ эдийн засгийн бодит өсөлтийг тооцохдоо 2010 оны зэрэгцүүлэх үнийг ашиглаж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийн хүлээгдэж буй түвшин төлөвлөсөн түвшингээс буурах нэг шалтгаан болжээ.
Танилцуулгатай холбогдуулан Д.Дэмбэрэл гишүүн сонирхсон асуултдаа хариулт авсан бол Ц.Даваасүрэн, Д.Оюунхорол нарын гишүүд саналаа хэлсэн юм.
Ингээд гишүүдийн асуулт асууж үг хэлж дууссаны дараа хэлэлцэж буй асуудалтай холбоотой гаргасан гишүүдийн саналыг тусгаад байнгын хорооны дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон.
Хуралдааны төгсгөлд Эрчим хүчний салбарын төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнд болон Автозамын хөрөнгө оруулалт, үр дүнд хийсэн аудитын тайланг сонссон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Холбоотой мэдээ
-
Иргэн (April 09, 2015 7:24:18 pm )
С.Баярын юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
-
Иргэн (April 09, 2015 7:24:52 pm )
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
-
Иргэн (April 09, 2015 7:25:09 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
Иргэн (April 10, 2015 8:47:39 pm )
Эдийн засгийн алуурчдын зохиосон “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгойн ордын хувь заяа Оюутолгойн ордын араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
4 Comments