Спортын төв ордны гаднах авто машины зогсоол энэ сарын 7-ноос эхлэн төлбөртэй болжээ. Зогсоолд 30 минутаас хоёр цагийн хугацаатай машин тавихад 1000 төгрөг, хоёр цагаас дээш хугацаагаар машин тавьбал цаг тутамд 500 төгрөг төлөх болж. Спортын төв ордны гаднах зогсоол руу нэвтрэх замд хаалт тавьж, машин болгонд орсон цаг минутыг заасан тасалбар өгч байв.
Тасалбар авсан жолооч машинаа тавьчихаад буцаад гарахдаа авсан баримтаа үзүүлж мөнгө төлөх аж. Энэ солиотой гэмээр шийдвэрийг өнөөх төсвийн хөрөнгөөр туйлагчид гаргажээ. Тодруулбал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга. Түүний гаргасан шийдвэрт иргэд, тэр тусмаа тухайн орчинд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагынхан дургүйцэж байна.
Спортын төв ордонд зөвхөн спортын тэмцээн уралдаан зохиогдоод зогсохгүй тус байгууллагын байранд олон хувийн байгууллагууд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, үсчин, нотариат, “Кингс Кидс”, Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль зэрэг хоёр ч хувийн сургууль байрладаг аж. Мөн хажуугийн байранд Биеийн тамир спортын газар, эсрэг талд нь “Адидас” спорт барааны дэлгүүр үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Эдгээр байгууллагад ажилладаг болон ажил хөөцөлдөж, үйлчлүүлж байгаа иргэд, хүүхдээ сургуульд нь хүргэж өгсөн эцэг эхчүүд бүгд зогсоолын мөнгө төлөх болж байна. Орж, гарч яваа хүмүүс ч яая гэх вэ. Харин ажилдаа очсон хүмүүс орой тарахдаа зогсоолын төлбөр гэж бөөн мөнгө төлөөд харьдаг болох нь. Ажлынхаа гадна биш өөр газар машинаа тавъя гэхээр хулгайч нар илүү харна. Харин авто зогсоолд тавих гэхээр албан татвар нь чичилнэ.
Зогсоолын тасалбар тарааж байсан хүнээс энд ажилладаг иргэдийн машинаас төлбөр авдаг эсэхийг тодруулахад “Спортын төв ордны гурван даргын машинаас л төлбөр авахгүй. Бусад бүх машинаас авах байх” гэсэн хариулт өгөв. Харин эцэг эхчүүдээс сэтгэгдлийг нь сонсоход “Байнга мөнгө төлөх хэцүү шүү дээ. Энэ шийдвэрээ эргэж хараач гэж хариуцсан газраас нь хүсмээр байна” гэсэн юм.
Хүүхдээ сургуульд нь хүргэж очсон эцэг эхчүүд тавхан минут зогсохын тулд 1000 төгрөг өгөх нь. Хүүхдээ боловсролтой хүн болгохын тулд өндөр төлбөртэй сургуульд сургана. Дээр нь өглөө орой болгон мөнгө төлөх болж. Зогсоолд оролгүй хүүхдээ сургууль руу нь оруулах ямар ч боломж тэр хавьд байхгүй. Төв зам дагуу машин зогсохыг хориглосон шийдвэр гаргасан учраас. Нэг бол хэдэн буудлын цаана машинаа тавиад хүүхдээ сургууль руу нь оруулж өгнө эсвэл дөхүүлж орхиод нүдэн балай чихэн дүлий цаашаа явах нь ээ.
А.Ням-Өлзий
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
Comments are closed.