Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяраас цаг үеийн сэдвээр дараах асуултад хариулт авлаа.
-Улсын Ерөнхий прокурорын газраас таныг “Долоодугаар сарын 1”-ний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээлсэн гэх үндэслэлээр нэмж шалгах болсон гэсэн. Энэ үнэн үү?
-Хэрэв хууль, хяналтын байгууллага өөрөө хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байвал би аль болох хамтран ажиллах, туслахыг боддог. Тэр тусмаа 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үйл явдлын талаар би байр сууриа хэд, хэдэн удаа маш тодорхой илэрхийлсэн. Харамсалгай нь “МАН-АН” байгаа цагт өнөөгийн хууль, хяналтын байгууллагынханд долоодугаар сарын 1-ний асуудлыг хариуцлагатай, үнэнээр нь шалгаж тогтоох хүсэл сонирхол байхгүй гэдэг нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд тодорхой харагдсан.
Үнэн зөвийг олж тогтоохын төлөө биш, харин өндөр албан тушаалгнуудын улс төрийн зорилго, даалгаварт захирагдан ажиллаж байгаа хууль, хяналтын байгууллагынхан “Долоодугаар сарын 1”-ний асуудлаар нойрноосоо гэнэт сэрж байгаа бол сонин л санагдаж байна.
-Үүнийг танд ямар нэгэн хэрэг тулгах улс төрийн сонирхол байна гэсэн өнцгөөс харж байна уу. Эсвэл шалгах ёстой гэж үзэж байна уу?
-Яавч үнэнийг тогтоохын төлеө биш. Намайг, биднийг зохиомол хэрэгт дахин холбогдуулах гэж байгаа биз ээ. “МАН-АН”-ын үед улс төрийн хэлмэгдүүлэлт бодит аюул болжээ гэж хэлэх байна. Гэхдээ “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг өвөг дээдсийн сургаалд итгэдэг тул айж, сандрах юм алга. Харин эрх баригчид ихэд айж, сандарч байгаа учраас миний, бидний эсрэг улайран хууль хяналтын байгууллагуудыг чиглүүлж байна.
-Таны шадар туслах Б.Тулгын талаар ямар шинэ мэдээлэл байна вэ. Та түүнтэй холбоо барьсан уу?
-Б.Тулгыг цагдаагийн байгууллага дээр хууран мэхэлж аваачаад баривчилсан нь хууль, хяналтынхан хууль зөрчиж байгаагийн бас нэгэн тод илрэл. Тэгээд ч зогсохгүй түүний цүнхэнд байсан, мөрдөж байгаа хэрэгт хавсаргасан материалыг хууль зөрчин хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд задалсан.
Ингээд анхнаасаа хууль хяналтын байгууллагынхны Хууль бусаар эхлүүлсэн зохиомол хэргийг хууль зөрчих замаар шалгах ажил нь үргэлжилж байгаа. Хууль хяналтынхан олон ч удаа өөрсдөө хууль зөрчих шиг боллоо. Хууль зөрчсөн эсэхийг үнэн шударгаар шалгах ёстой байгууллагууд өөрсдөө хууль зөрчөөд байх юм бол монгол хүн хаашаа, хэнд хандаж эрхээ хамгаалж, хамгаалуулах вэ. Ер нь аливаа мөрдөн байцаалтад байгаа хэргийн талаар мэдэж, чиглүүлж байх эрх ч үгүй, ёс ч үгүй.
Ц.Нямдорж сайд ярилцлагадаа шүүхийн шийдвэр “Буруугүй” гээд гарчихсан байгаа “Өргөө” зочид буудлын асуудал, буруу, зөвийнх нь талаар шүүхийн шийдвэр, дүгнэлт гараагүй байгаа “Улаанбаатар таймс” сонины асуудлаар “Хууль бус хувьчлал” болсон, “До.Чулуунбаатар сэтгүүлч хүний өмнөөс хоёр, гурван сар шоронд суусан”, Б.Хуяг гэдэг бизнес эрхэлдэг залуу Улаанбаатар хотын захиргаатай хийсэн гэрээний дагуу 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 75 хувийг нь эзэмших болсон аравхан өрөөтэй “Өргөө” зочид буудлын талаар “Н.Энхбаярын үүдэнд Б.Тулга гэж нэг залуу суудаг байсан.
Түүний ах Б.Хуяг “Өргөө”-г үнэгүй авчихсан” гэх зэргээр хариуцлагагүй зүйл ярьсан байдаг. Эдгээр ярилцлага Ц.Нямдорж өөрөө мөрдөн байцаалтад байгаа хэргийн материалтай танилцаж, хууль зөрчсөнөө, танилцаад зогсохгүй шүүхээс өмнө өөрөө шийдвэр дүгнэлт гаргаж, чиглүүлэн удирдаж байгаагаа баталсан. Ийм хууль зөрчсөн үйл ажиллагаа бүх шатанд байгаа нь ил болсон учир одоо энэ зохиомол хэргээ хааж, зогсоох хэрэгтэй. Цааш үргэлжлүүлбэл улам их хууль зөрчинө.
-Яагаад Б.Хуягийг хайхын оронд Б.Тулгыг хорьсоор байгаа юм бол. Та бүхнийг Улсын мөрдөн байцаах газрын үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийсний дараа хуулийн байгууллагаас ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн үү?
-Ах, дүү, аав, ээж, хамт ажилладаг байсан, ажиллаж байгаа хүнийх нь өмнөөс хэн нэгнийг хэлмэгдүүлж, эрх чөлөөнд нь халдаж болохгүй. Энэ бол ардчилсан улс оронд хамгийн хатуу үйлчилдэг хууль, зарчим. Гэтэл өнөөгийн Монголд ардчиллын энэхүү гол зарчмыг хууль хяналтын байгууллагынхан уландаа гишгэж байна даа. Б.Тулгын эхнэр давхар биетэй. Хууль зөрчөөгүй ахынх нь төлөө дүүг нь баривчилна гэж ямар эрүүл хүний толгойд орох вэ дээ.
-Та “Шалгуулахгүй” гээд байсан. Одоо таныг шалгаж байгаа юу?
-Би “Шалгуулахгүй” гэж хэлээд нэмэргүй шүү дээ. Тэртэй тэргүй дарга нар нь дээрээс үүрэг даалгавар өгч, шахаад байгаа учир намайг сүүлийн хоёр жил орчим шалгаж байгаа. Одоо ч гэсэн шалгасан хэвээр. Надаар зогсохгүй манай гэр бүлийнхнийг, хамаатан садан, таньдаг, таньдаггүй хүмүүсийг шалгаж байгаа. Ямар нэгэн буруу юм олох гээд, хэрэг төвөгт хутгах гэсэндээ л тэр.
Тийм учраас би шалгуулж байгаа гэсэн үг. Хууль бус үйлдэл хийгээгүй учир шалгуулахаас айгаагүй. Харин би “Шалгуулахгүй” гэдэг үгийг хууль хяналтынхан миний эсрэг улс төрийн зорилгоор зохиомол хэрэг үүсгэчихээд, танилцуулсан, мэдүүлэг авсан нэртэйгээр гарын үсэг зуруулж хууль бус үйлдлээ зөвшөөрүүлэн баталгаажуулах гээд байгаа хууль зөрчсөн үйл ажиллагаанд нь оролцохгүй гэдгээ илэрхийлж хэлсэн юм.
Ц.Нямдоржтой холбоотой олон асуудал яригддаг, бичигддэг учраас шударга л юм бол түүнийгээ шалгуулахыг би Ц.Нямдоржоос шаардсан. Албан тушаалаа ашиглаад одоо хүртэл шалгалтын гадуур яваад байгаа хүн чинь Ц.Нямдорж өөрөө байгаа юм.
-Таныг “Ц.Нямдорж, С.Батболд нартай тохиролцоо хийсэн. Одоо эвлэрч байгаа” гэх яриа гарч байна. Энэ үнэн үү?
-Би өмнө нь хэлсэн. Хэрэв Оюутолгойн гэрээг засвал, Тавантолгойг ард түмэндээ өгвөл, амлалтаа биелүүлбэл, авлигатай бодитой тэмцвэл би хэнтэй ч уулзаж улс орныхоо хөгжил дэвшлийн тухай ярихад бэлэн. Одоогоор ийм санал санаачилга тэдний зүгээс гараагүй байна.
У.Оргилмаа
Эх сурвалж: “Улс төрийн тойм”
Холбоотой мэдээ
Comments are closed.