Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг биднээс хоёр асуултын аль нэгийг сонго гэж мессеж явуулсан.Иргэд хариуд нь Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулан хямралыг давж, ханшаа тогтоох нь зүйтэй юм байна гэж шийдсэн. Бүр тодруулбал, санал асуулгад нийт 365.841 иргэн оролцсноос 302008 нь хүчинтэй санал байж. Эдгээр хүчинтэй саналын 56.1 хувь нь “1” дэх хувилбар болох “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн хувилбарт гар өргөсөн нь энэ. Ерөнхий сайдын асуусанчлан иргэд хариултаа явуулчихлаа. Одоо яах вэ.Том төсөл, бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхэдта юу хийх вэ. Иргэдэд ийм л хүлээлт үлдэж байна.
Ард түмний саналыг авсан гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэг Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийгУИХ-д өргөн мэдүүлэхээр болж байгаагаа хэлсэн. Тэр том бүтээн байгуулалтын төслүүдээ түлхэх, эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах чиглэлд идэвхтэй ажиллахаа амлалаа.Мөн макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн бодит өсөлтийг хангах чиглэлээр ажлын төлөвлөгөөгөө гаргах аж.
Тэр энэ ажлынхаа эхлэл болгож, тоо тойрсон улстөржилтийг багасгаж,эргэлзээтэй тоон үзүүлэлт, эсвэл статистикийн тоо зөрүүтэй гарсан тохиолдолд УИХ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгах, үр дүнд нь тухайн үзүүлэлтийг цаг алдалгүй цэгцлэх гэж буйгаа гишүүдэд танилцуулав.
Ч.Сайханбилэг том төслүүдийг хөдөлгөнө гэж хэлсэн учир Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж байгаа. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 15 ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулан баталсан.Монгол Улсад Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал нь Ашигт малтмалын тухай хуульд орд ашиглах гэрээгээр тодорхойлохоор заасан байдаг.
Төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалтын төлбөр авах эрх зүйн орчныгбүрдүүлэн тусгай зориулалтын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоож улсын төсөвт орлого төвлөрүүлэх нь хамгийн боломжит хувилбар гэж тооцжээ. Үүний дагуу Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувь байх нь зүйтэй гэж Засгийн газар УИХ-д оруулж буй юм.
Мөн гишүүдийн хамгийн их маргаан үүсгэсэн, цаашид яах вэ гэдгийг бодох асуудал бол улсын өр байгаа. Улсын өрийг нэгтгэж, нэгдсэн хуулиар зохицуулах ёстой. Энэ утгаараа Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг татаж, дахин өргөн бариад байгаа юм. Парламентын гишүүд өрийн хэмжээ, түүний тухай янз бүрийн ойлголттой байдаг. Үүнийгээ ч чуулганы хуралдаан дээр өөр өөрсдийнхөөрөө тайлбарладаг. Энэ бүгдийг л болиулах нь гүйцэтгэх засаглалын тэргүүний хийх нэг алхам гэнэ.
Түүнчлэн тэрбээр анхны айлчлалаараа Япон улсыг сонгож. Энэ сарын 9-нд айлчлахаар болжээ. Япон улсын хувьд “Сумитомо” компани Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчаар орохоор болсон. Тэд энэ сонирхлоо эртнээс илэрхийлсээр ирсэн. Айлчлалын хүрээнд энэ асуудал хөндөгдөх нь дамжиггүй. Үүнээс гадна Монгол Улс, Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилтын талаар ярилцах аж. Ямартай ч тэрбээр иргэдээс санал асууж, түүнийхээ дараах арга хэмжээ болох хууль эрх зүйн орчноо өөрчлөхөөр УИХ-д оруулж ирэв. УИХ ч намрын чуулганыг сунган байж дээрх хуулийн төслийг хэлэлцэх юм.
Ц.Гэрэл
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 08, 2015 9:13:22 am )
нүх өр хоёр л үлдэнэ дээ
-
etseg lamparita (February 09, 2015 4:47:40 pm )
iim hogiin novshnuud mongoloos zailuul taariishd.uhseniih ni sanal asuulga.ymar hariu garah ni anhnaasaa l oilgomjtoil b.san shd.ard tumniig denduu basan doromjilj bna do
2 Comments