Өмнөд хөршид “Чонон сүлд” романаас дутахгүй шуугиан дэгдээж буй бас нэг ном гарсан талаар сонсоод удаагүй байтал нэгэн өвөрлөгч эрдэмтэн манай агентлагийн Ерөнхий редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Сүрэнжавт “Та л энэ номыг орчуулж барна” гэж бэлэглэжээ. Сү Жянвэйн “Умраас мандсан цусан өнгөт үүрийн туяа” буюу хятад үндэстний соёл иргэншил хийгээд ханз үсгийн үүсэл гарал хэмээх энэ номыг баргийн хүн орчуулж барахгүйн учир нь сонгодог ханз олон оржээ. Ярианд “гү вэн” гэх ажээ.
Өнөөгийн Хятадад хэрэглэж байгаагаас өөр Тайваньд уламжлан хэрэглэж буй энэ ханзыг уншдаг хүн бол Япон, Солонгос ханзыг шууд уншина гэнэ. Үлгэрлэвээс манай шинэ хуучин бичиг лугаа адил юм уу даа, тиймээс түүхийн мэргэжлийн хүн бэлтгэхдээ тулбал Тайваньд энэ сонгодог ханзыг гадарладаг болгож төгсгөх ёстой юм билээ. Номын гол нь Хятадын соёл иргэншил, түүний онцлогийн бэлгэ тэмдэг болсон ханз үсгийн тухай.
Хятадын ханз үсэг бол угтаа Алтайн нүүдэлчдээс улбаатай, тэр дундаа хадны сүг зургаас үүсэлтэй гэдгийг батлахад чиглэжээ. Хятадын соёл иргэншлийн өлгий хөх, шар мөрний адаг, далайн эргийн соёлд үндэслэсэн, хятад ханз үсэг яст мэлхийн хуяган дээрх бичгээс үүсэлтэй гэдэг “домгийн” уламжлалт ойлголтыг энэ ном бүр орвонгоор нь эргүүлж, өнөөх бүхий л бичиг судартаа “Ху” нар буюу бүдүүлгүүд гэж тэмдэглэж ирсэн Умардын нүүдэлчдээс соёл иргэншлийнхээ угийг хайсан нь бүр гайхшируулж орхижээ, хятадуудыг. Гээд бас няцаахад бэрх судалгааны арвин материалыг агуулсан номыг хэвлэж л орхиж.
“Умраас мандсан цусан өнгөт үүрийн туяа” гэхийн учир нь ерөөс умрын нүүдэлчид хятадад төр засаг, соёл, ёс журмыг хүчээр тулгасан гэдэг санааг агуулж байна. Ц.Сүрэнжав гуай орчуулж эхлээд л бүр шимтэж, энэ гайхалтай номыг орчуулж гаргавал миний хятад хэлтэй 40 гаруй жил ноцолдож 50 гаруй ном орчуулсны нэг хэрэг бүтнэ гэж гайхуулан хорхойсуулах болов.
Зөвхөн бичиг үсэг ч бус хятадын тотем луу мөн л умрын чоно тотемоос гаралтай, газрын чоно тэнгэрийн луу болсон санжээ. Тэр ч байтугай Хятадын домгийн хаадын төр улсуудаас эхлээд анхны нэгдсэн төр улс Цин гүрний “ордны хэл монгол хэл” байсан гэх мэт бүр гайхаж хоцром элдэв нотолгоо энд байна. Хятадыг анхлан нэгтгэсэн Цин Ши хуанди бол монголоор ярьдаг Зүрчин хүн байсан гэж баталжээ. Ийм бол манай Хүн гүрний Модун шаньюй Цин гүрний ордныхонтой хэл нэвтрэлцэх гэж зовдоггүй байсан хэрэг.
Номыг уншихын тулд Хятадын түүхийн талаар муугүй мэдлэгтэй байх ёстой. Бид ер нь хятадын түүхийг хэр мэддэг билээ? Уламжлалт бичгийн хэлэнд Хятадыг “Нанхиад” гэдэг нь Өмнөд (нан) хиан ордныхон гэсэн утгатай ажээ. Хиан бол нэн эртний Азийн ноёрхогч гол овог агаад өдгөө хүртэлх түүхэн туршийн хүн, монгол, хятад, зүрчин, түрэг олон төрт улсын язгууртан овог ажээ. Шаньюй, Хаган, Хуанди гэх зэрэг цол үнэндээ хиан овгийг заасан үг болжээ. Гэхдээ уурлахаа азна, үндсэрхэг нөхөд өө! Нэгэнтээ Чоно багштай “Хүн гүрний тухай өгүүлэх нь” номынх нь талаар телевизийн ярилцлага хийхэд Хүн гүрэн бол эртний хятадын Ся угсааныхан, Ся-гийнхан унаад умарш зугтаж, Алтай Хангайн бэлчирт ирээд, энд буй ард иргэдийг Бодончар мэт хурааж төр улс байгуулсан гэж нотлохыг нь өөрт буй манай албан ёсны түүхэн дэхь мөхөс баримтаар эсэргүүцсээр жаран минутыг барж билээ. Гэтэл энэ номоос ухвал эсрэгээр, өмнөөс Ся нар биш, умраас “хиан” угсааныхан очиж төр ёс, бичиг соёлыг тулгасан агаад хожим Күнзийн сурталтнууд энэ түүхийг баллаж мушгихын тулд бүхнийг хийсэн гэж тодорч байна. Харин өдгөө бидний нэрлэж дадсан Хятад гэдэг бол манай түүхэнд ордог Киданыг (Хятан) л хэлж буй хэрэг шүү дээ. Китай, Cathay гэдэг бол Өмнөдөд Киданчууд ноёрхож байх үед евродынхон сонсож нэрлэсний улбаа. Ж.Ведерфордын номонд бичсэнээр бол Колумби Испаниас гарахдаа “Сathay-н хаан”-д өргөх итгэмжлэх захидалтай явжээ. Харин тэр үед Батмөнх Даян (Энэ цол нь “Да Юань” буюу Их Юаний хаан гэсэн үг гэж “Нүүдэлчдийн сүүлчийн эзэнт гүрэн” номдоо Японы эрдэмтэн Мияваки Жүнко тайлжээ) хаан Монголд хаанчилж байжээ. Харин Минчүүд Их гүрний хасбуу (энэ нийлмэл үг, хятадаар сударт хас буюу хаш чулуу, “бо” буюу эрдэнэ гэсэн үгээр тэмдэглэжээ) буюу Монголын Их Юаний хас эрдэнийн тамга булаахаар тавантаа цэрэглээд бүтлээ алдаад байв. Харин Англичууд хожуу Манж Чин гүрний үед л Хятад сайтар танилцсан учраас “China” гэдэг.
Нэгэнт бичсэнийх сонирхуулахад Сү бээр нэгэн ханзыг үзүүлээд “Та харж байна уу? Хятадын дарга Си Жинпиний овгийн “Си” энэ байна, Хятад зуун овог дотор энэ ханз үгүй ээ, харин энд бичсэнээр энэ бол эртний нүүдэлчдийн язгууртан угсааны овог болох нь гарцаагүй байна” гэв. Түүнийг нь байтугай өөр ямар “Си” байдгийг мэдэхгүй надад ёстой л нөгөө эрээн цоохор л харагдана. Харин манай Сүеэд мэргэн цоохор ажгуу. Оросыг маажвал татар л гарна гэдэг шиг Хятадын күнзийн сурталтнуудын хэдэн мянган жил нуун далдалсан түүхийн хуудас бүрийн “ханз бүрийг маажвал” юу ч гарч болох ажээ. Бид ярилцаж байгаад “Хятадын Гумилёв” гэж нэрлэсэн Сү Жянвэй гэгч энэ түүхчийн номын хэсгээс СГЗ Ц.Сүрэнжавын зөвшөөрлөөр хүргэж байна. Энэ номыг ивээн тэтгэж хэвлүүлэх номын садан байваас Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Сүрэнжавтай холбогдоно уу!
Нэгдүгээр бүлэг. Гурван хаан таван эзэн
1. Эрвээхэй далавчаан дэвэх төдийд…
Хятад үндэстний иргэншил хэрхэн соёолж гарсныг өгүүлэхийн өмнө эхлээд 900 жилийн тэртээд очиж нэгэн “Эрвээхэйн далавч дэвэн хөдөлсөн”-ийг заавал анзаарч үзэх ёстой болно.
Монголын өндөрлөг, манай эриний XII зууны эхэн цагт Онон мөрний хөвөөнд (Оунун гол, Хар мөрний эхэн салаа урсгал) ой шугуй дотор Есүхэй хэмээх нэртэй нэгэн монгол хүн ан хийж яваад Мэргид аймгийн морьтой хүн бүхээгтэй тэргэнд шинэ бэр суулган хөтөлж айсууг гэнэт олж үзжээ. Энэ шинэ бэр нь Хонгирад овгийн хүн бөгөөд нэрийг Өэлүн гэдэг санжээ. Есүхэй шинэ бэр үзэсгэлэнт сайхан төрснийг, хамгаалан хөтөлж яваа хүргэн болооч ганцаар байхыг үзжээ. Хүмүүний санаанд нэг л агшин зуурын бодол төрсөн бол түүнийг хорьж барихын аргагүйн эрхэнд тэр бээр ороо мориныхоон амыг эргүүлж хуй салхин мэт хурдлан хариад, өргөө гэртээн орж, ах дүү хоёроон дуудаж дагуулан морион давирч, илдээн атгасаар эргэн довтолж хүрэв. Энэ Есүхэй баатар хэмээгч тэр цагт нэг эхнэртэй байсан тул шинэ бэрийг булааж авахаар шийдвэр зориг хөвчилжээ.
Тэр цагт шинэ хүргэн гурвын гурван хүн барс ирвэс мэт дайран ирэхийг үзээд өөрийн эмийг хамгаалъя гэвч хүчин эс хүрэх болсон тул Өэлүн энэ байдлыг олж хараад нөхөр бологч хүнээн санд мэнд зам буруулан дутаа хэмээн ятган өгүүлсэн нь: “ Чи тэр хүмүүсийн зүс царайг харав уу? Тэд нар лав чамайг хорлох гэж буй! Чи зөвхөн амь насаан хамгаалж үз.Сайхан охид хаа сайгүй л байгаа. Миний төлөө амь насаан битгий алдаж гээчих! Сайхан охин олж авбал хожим миний нэрээр нэрлэвэл намайг мартахгүй болно, чи!” гэвэй.
Энэ үед шинэ хүргэн аргагүйн эрхэнд бүхээгт тэргээн орхиж морион даврин дайжин одсонд гурван хүн яаран хөөлдөж уулын хэдэн жалгыг гаталж, хэдэн горхийг өнгөрсөн юм бүү мэд, мөнөөх гурван хүн түүнийг хөөж гүйцсэнгүй. Тэгээд тэр гурван хүн мориныхоон амыг эргүүлж олзынхоон өмнө хүрч ирээд шинэ бэрийг үзэхүл үнэхээр хөөрхөн төрсөн болохыг үзээд үлэмж ихээр баярлажээ. Есүхэйн нэг дүү нь уйлан хайлан яваа шинэ бэрд инээн баясан өгүүлрүүн: “Тэврэх чинь даваад олныг давсан, уйлагдах чинь усуд олныг гэтэлсэн, хайлваас халиаж үл үзэх чамайг, хайваас хаалгыг үл олох чи, уйлаад юуны хэрэг болох?” гэвэл Өэлүн уйлахаан зогсож, эм ухаж таниад Есүхэй түүний нөхөр болжухуй”. Энэ бол “Монголын нууц товчоон”-д өгүүлсэн Чингис хааны эцэг, эхийн тухай үлгэр болно.
Масроу хүн төрөлхтний хэрэгцээний таван үе шатыг зааж гаргахдаан, хүний хэрэгцээ таван үе давхрагатай гээд амьдрах хэрэгцээ, аюулгүй байх хэрэгцээ, нийгмийн хэрэгцээ, хүндлэлийн хэрэгцээ, өөрийгөөн эзэмдэхийн хэрэгцээ гэжээ. Харин Фроидын суртахууны онолоор бол бэлгийн сэдэл бол хүн төрөлхтний суртахууны үндсэн гол бүрдэл бөгөөд бэлгийн хөөрөл нь хүн төрөлхтөний үйл ажиллагааны гүн давхаргаас үүдэл шалтгаантай байдаг гэсэн байдаг. Үүнээс үзэхүл Есүхэйн сэдэл бол байгалийн зохистой жам ёсны үйлдэл байжээ.
Нүүдэлчин үндэстний эмэгтэй хүнийг булааж авдаг ийм зан үйл нь үнэмлэхүй өнө эртний ёс байжээ. Энэ бол магад ч үгүй байгалийн сонголтын үр дүн, өөр хоорондоон үржилд орохоос зайлсхийсэн, төрөл аймгаан үржүүлж олшруулахыг батгалгаажуулах гэсэн хэрэг байж таарна. Есүхэйн ажиллагаа бол нэг тийм хээр талын ёс заншил, “баатар”-ын эрэлхэг үйл явдал гэж үзэгдэх бөгөөд “Монголын нууц товчоон”-д баатар эрийн эрэлхэг зоригийг магтан дуулсан аясаар бичигджээ.
Есүхэйн Өэлүнийг “булаан авсан” шиг ийм явдал Монголын өндөрлөгт түм буман удаа гарсан байж болох бөгөөд энэ удаад ч зөвхөн хүн төрөлхтөний өгүүлшгүй урт удаан түүхэнд тохиолдсон нэг удаагийн “эрвээхэйн далавч” дэвсэн төдий үйлдэл болох юм!
“Эрвээхэйн нөлөө тусгал” гэхүл цаг уурч эрдэмтдийн хэлэхээр бол нэгэн зүйл их байгалийн үзэгдэл агаад өмнөд Америкийн Амазонкийн тэгш тал нутгийн халуун бүсийн ой ширэнгэд эрвээхэйн далавч хоромхон зуур дэвэхэд орчин тойрны агаар өчүүхэн долигсохын төдий зүйл ажээ. Ийм өчүүхэн бага агаарын хөдлөл нь агаар огторгуйн урсгалыг залган долигсуулаад дамжин давтсаар тасралтгүй хүчийг олж, умард хагас бөмбөрцгийн нэлгэр их далайн мандалд агаарын хуйлрах их урсгалыг бий болгоод эцэстээн хар шуурга болон өргөжих ажим. Хуйлрах салхи шуурга газрын бөмбөрцгийн эргэлдэх хөдөлгөөний хүчийг дагаж эрчмийг олж умар зүгт шилжээд хүнийг алан жилэн болгож, салхи шуурганд автагдсан Флоридагийн нам дор газар орон тэр аяараа далайн усанд живээд Лузиана мужийн тоо томшгүй олон байшингийн дээвэр хуурч агаарт хийсэн эргэлдэх бөлгөө……
Үүнтэй нэгэн адил бидний авч үзэж байгаа XIII зууны дэлхийн түүхэн дэх “Монголын салхи шуурга” тийн бий болсон нь эцсийн бүлэгт Онон мөрнийг чиглэсэн нэгэн удаагийн эрвээхэйн далавч дэвсэн төдийтэй агаар нэг хэрэг болох юм.
Чухам л энэ учраас Есүхэй эхнэр булааснаас Чингис хаан Тэмүүжин үүсэн бүрэлдэж төрөөд, энэ удаа эхнэр булааснаас болж Есүхэй мэргидүүдтэй атаатан дайсан болж, мөнөөх эхнэрээ булаагдсан хүн нь Мэргид аймгийн тэргүүлэгчийн дүү Их Чилээдүй нэрт (монгол утга нь “Их чоно”) байжухуй. Мэргид аймаг бол Монголын 72 овгийн нэг, тухайн цагийн Монголын өндөрлөгийн нэгэн хүчирхэг аймаг байсан хэрэг юм.
Хожим нь Есүхэй татааруудад хорлогдож бие барсан ба Есүхэйг үхэх хүртэл мэргидүүд уг явдлыг санаандаан хадгалсаар явжухуй. “Шүд шүдээн хэмэлдэг” гэдэгчлэн хорсолт заналын өс авалт бол нүүдэлчин үндэстний үйл ажиллагааны дэг ёс бөлгөө. Тэгээд тэд Тэмүжиний хүрээнд гэнэт довтлон ирж, Тэмүжиний шинэ буулгасан эхнэр Бүртийг булаан авч оджээ. Энэ Бүрт хэмээгч нь Өэлүнтэй нэгэн адил Хонгирад аймгаас ирсэн бөгөөд тэд бараг адилхан хувь заяаг эдэлсэн байдаг.
Мэргидүүд Бүртийг булаан аваад зогссонгүй, бас Тэмүжинийг мөрдөн хөөж энэ хорын үзүүрийг нэг мөр таслая гэсэн ажээ. Тэмүжин Бурхан (Хэнтийн нурууны салбар) ууланд шурган оржээ. Мэргидүүд үүнд хэдэн өдөр уулыг тойрон бүслээд сүүлдээн Тэмүжин одоо уулын аль нэг хавцалд өлбөрч үхээ биз гээд холдож оджээ.
Мэргидүүдийн бодсон шиг юм болсонгүй, Тэмүжин ууланд амьд байсаар гарч иржээ. Бурхан уул түүнд бие далдлах газар болж тэр өвсний үндэс, зэрлэг жимс идээд бат чангаар амьд мэнд гарч чаджээ. Чингис хаан хожим нь энэ уулыг өөрийн ариун дагшин газар болгоод сүүлдээн түүний наснаас элвэл энэ газарт онгол гэсэн гэрээс үлдээжээ. Тэр цагаас хойш бурхан уул болон түүний хавь ойр эргэнд мал хариулж болохгүй, ухаж төнхөж болохгүй, тэр байтугай хэмжилт тандалт, эрэл хайгуул хийж болохгүй гэснээр Бурхан уул монголчуудын зүрх сэтгэлд ариун дагшин газар болжээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу?
Холбоотой мэдээ
-
зочин (January 08, 2015 6:20:55 pm )
чамд хятдыг магтан дуулахаас өөр хийх юм юу ч алга. Хятдууд харин ч ухаалаг байдлар асуудалд хандаж байгаа шүү, чам шиг тэнэглээд яахав дээ, Өөрийгөө хэт зүүн зүгт хэлтийснээ одоо нэг олж харж гарал үүслээ тодруул. сэтгэлгээний соёлоор угсаатан үндэстэнг тодорхойлдог шүү дээ
чи ч хэн билээ дээ????-
ҮНЭН ШҮҮ (January 11, 2015 6:55:21 pm )
ХЭНИЙ Ч БАЙ ХАМААГҮЙ ТҮҮХИЙГ НЬ МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ
-
-
зочин (January 08, 2015 10:21:56 pm )
Хэрвээ, бүхнийг, Дэлхий дээр Амьдрал үүсэн бүрэлдсэн түүхийг “6” шатлан түүнийг “Эх болсон “6” зүйл” хэмээхүйд буулгаж сэтгэж чаддаг бол чи илүү ихийг л ойлгоно. Нэгийг ойлгох гэж нөгөөг эвдлэхээ ч болих болов уу?
-
зочин (January 08, 2015 10:22:53 pm )
Умардаас Хятдын түүх эхлүүсэн үнэн, гэхдээ Күнз юу ч эвдээгүй, хятад хүн “хаш чулуу” буюу эртний “Ногоон чулуун давхарга” эзлэх гэж оролддог болохос хэзээ ч түүнээс дээш санаархдаггүй. Күнз тэрхүү “бүтэн хаш чулуун” давхарга дээр хэрхэн амьдрахыг зааж сургасан. Тиймээс, тэр “хагархай хаш” хүлээн авч даянчилж зүдрээд “бүтэн хаш” хүлээн авч буцаж ирсэн шүү.
-
зочин (January 08, 2015 10:23:23 pm )
Хэрвээ чи Күнзийг муулж эхэлбэл Хятдын түүхийг буруугаар эргүүлэгч гэж наад захын хятад чамайг үзэн ядах болно. Чи найзтайгаа “хулгай” хийжээ бусдын үгээр бусдын тархи угаадаг шигээ бүү аашил. Маш үнэн түүхийг хятдууд эхлүүлж байна. Гэхдээ, “умардын бар-бар-ууд” гэж хэн болохыг ол мэдэх үедээ биеэ сайн бариарай. Чам шиг хүмүүс л байдаг юм.
-
зочин (January 08, 2015 10:29:51 pm )
Ийм л учраас “хөх нуруут зөв сэрэх”-ийг сануулсан шүү дээ. “Буруу сэрсэн хорчин монголчууд”-ын балгаар 1 сая хүн аль хэдийнээ тамлагдсанг бүү март энэ сүүлчийн түүх. Эртнээх 1 саяыг Зүүн гарыян Үүдэн алсан шүү дээ. Хэн хэнийг алдаад байнаа. Умардын бар-бар-ууд шүү дээ. Орчин цагт ийм хүмүүс олон шүү дээ. Яагаад Оросын Хувьсгал 1917 оны улаагчин могой жил Чили хүртэл өрнөсөнг чи ойлгохгүй шүү дээ.
-
зочин (January 08, 2015 10:30:47 pm )
Бүхнийг өөрийнхөөрөө худлаа бүү тайлбарла, Чи ганцхан түүх мэддэг нь ч биш. Угсаа гарлаа үл мэдэх хүн түүх гэгч байхгүйг сана. Үнэн үгэнд бүү хонзогно. Зүгээр л үнэн тайван гүйцэгд. Хятдууд үнэнг илчилж байна маш зөв. Харин та нар хаанаас түүхээ эхэлснээ хэзээ ч мэдэхгүй шүү дээ. Тэр чинь аюул шүү дээ. Ядаж хаана амьдарч буй Газар зүйн байрлалаа тань, Юу ч мэдэхгүй байх ямар байна. Бусдын түүх гайхширч суух ч гэж.
-
Zochin (January 09, 2015 5:17:00 am )
Za chi ch dee,,,
-
төмөр (January 10, 2015 6:23:56 pm )
1.хятад улсад хийсэн телевизийн олон ангит Чингис хаан кино урлагийн талаасаа бол үнэхээр сайн кино гэж олон түмэн ярьцгаадаг, би ч гэсэн Их Хаанаа ийм хүн байсан болов уу гэж боддог. Урлаг мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ киног олон удаа, анхааралтай үзвэл тийм ч таатай биш. Чингис хааныг магтан монголчуудыг, соёлыг үгүйсгэн хятад соёл, арга ухаан л аугаа үйлсийг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгуулах бүтээл гэдгийг мэдэхэд түвэггүй.
2. Чонон сүлд ном, хорвоод сайхан сэтгэл, зөв бодолтой эрдэм мэдлэгтэй хүн цөөн бишээ.энэ номоос бас л өөр үнэр үнэртдэг.
3. шинэ санаа, таамаглал алийг тэр гэх вэ наад бүтээл чинь үнэхээр нээлт байж болох ч
юу болоод аль эртнээс зэрлэг бүдүүлэг, ху-гаар дууддаг байсан хань үндэстэн монголчуудын элгийг дэвтээх юм яагаад хийгээд эхлэв ээ. -
төмөр (January 10, 2015 6:26:29 pm )
1.хятад улсад хийсэн телевизийн олон ангит Чингис хаан кино урлагийн талаасаа бол үнэхээр сайн кино гэж олон түмэн ярьцгаадаг, би ч гэсэн Их Хаанаа ийм хүн байсан болов уу гэж боддог. Урлаг мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ киног олон удаа, анхааралтай үзвэл тийм ч таатай биш. Чингис хааныг магтан монголчуудыг, соёлыг үгүйсгэн хятад соёл, арга ухаан л аугаа үйлсийг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгуулах бүтээл гэдгийг мэдэхэд түвэггүй.
2. Чонон сүлд ном, хорвоод сайхан сэтгэл, зөв бодолтой эрдэм мэдлэгтэй хүн цөөн бишээ.энэ номоос бас л өөр үнэр үнэртдэг.
3. шинэ санаа, таамаглал алийг тэр гэх вэ наад бүтээл чинь үнэхээр нээлт байж болох ч
юу болоод аль эртнээс зэрлэг бүдүүлэг, ху-гаар дууддаг байсан хань үндэстэн, монголчуудын элгийг дэвтээх юм яагаад хийгээд эхлэв ээ. -
Монгол (January 13, 2015 8:28:47 am )
Тийм ээ Монгол гэдэг тэр аугаа ундэстэн чинь бид гэсэн зугуур бодлого явж байна хятадын. Харин бид монголчууд юу ч гэж байсан эд удахгуй биднийг дагана гэсэн бардам санаагаар хандах нь Тэрэнд нь эхнээсээ
-
Монгол (January 13, 2015 8:31:36 am )
Хятадууд монголчууд юм бол бид хэн болж таарах вэ Монголчуудаа
12 Comments