Монголдоо томоохонд тооцогдох хувийн эмнэлгийн нэг “Ачтан” эмнэлэгт цөсний чулуу авах дурангийн хагалгаанд орсон Түмэндэмбэрэл гэх эмэгтэй эмчийн алдаа, эмнэлгийн хариуцлагагүй байдлаас эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралаараа хохирсон нэгэн жишээг хүргэж байна. Түмэндэмбэрэл 35 настай, шүдний эмч мэргэжилтэй, 1-15 насны гурван хүүхдийн ээж. Эмч нарын хувьд өргөс авахтай л адил хялбар, бас түгээмэл цөсний чулуу авахуулах дурангийн хагалгаанд орохоор “Ачтан” эмнэлгийг сонгож, эмч нарт нь итгэсэндээ өнөөдөр ч харуусч сууна. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-“Ачтан” эмнэлэгт хагалгаанд ороод эрүүл мэндээрээ хохирсон гэлээ. Чухам ямар үйл явдал болсныг тодорхой ярихгүй юу?
-2013 оны есдүгээр сарын 11-ний өдөр “Ачтан” эмнэлэгт цөсний чулуу авах дурангийн хагалгаанд орсон. Тэр үед гурав дахь хүүхэд маань дөрвөн сартай, би ажилдаа ороод удаагүй байсан юм. Тухайн өдөр өглөөний 08.00 цагийн үед үзээд 11.40 цагт хагалгаанд орсон. Ингээд оройны 16.00 цаг өнгөрч байхад хагалгаанаас гараагүй л байсан. Манай гэрийнхэн гайхаад асуухаар “Одоо дуусах гэж байна, ингэж байна, тэгэж байна” гэсээр байгаад бараг 17.00 цагийн үед хагалгаа дууссан. Тухайн өдрөө өвчин намдаах лаа хэрэглээд хоносон. Гэтэл маргааш өдрийн 12.00 цагийн үед миний бүх бие шарлаад ногоорсон байсныг эмч залуу хэлсэн. Ингээд мэс засал хийсэн эмчээ дуудаж 17.00 цагийн үед үзүүлсэн. Эмч үзээд цусны шинжилгээ өгөөд эход харуулсан ч юунаас болсон нь тодорхой болоогүй. Хагалгаа хийсэн Төмөрбаатар эмч “Элэг үрэвсэлтэй, С вирустэй байна. Саяхан төрсөн болохоор унтуулгын бодисонд хордож элэг үрэвссэн байнa. Бидний зүгээс мэс заслын алдаа гаргаагүй” гээд дусал хийгээд л байсан. Уул нь хүүхдээ төрүүлэхийн өмнө шинжилгээ өгөхөд С вирус байгаагүй. Бас шүдний эмч болохоор тогтмол шинжилгээ өгдөг учраас С вирус хэзээ авсан нь их сонин санагдаж байсан. Ингээд нэг хоног өнгөрсөн. Маргааш нь /Баасан гаригт/ Нэгдүгээр эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэтэл хариу нь даваа гаригт гарах болж таарлаа. Ингээд амралтын хоёр өдөр “Унтуулгын бодисонд элэг чинь хордчихлоо. Бидний зүгээс мэс заслын ямар нэгэн алдаа алга” гээд дусал хийсээр тав хоног өнгөрч байгаа юм. Гэтэл өвдөлт өгч, ногоорч шарласан нь огт буурахгүй байсан учраас Халдвартад очиход хэвтсэн өдрийнхөө оройноос тэсэхийн аргагүй өвдөж эхэлсэн. Ингээд хагалгаанд орсноос хойш найм хоног өнгөрсөн. Халдвартын элэгний эмч Дэлгэр “Энэ охин нэг л бишээ. Халдвартын гаралтай зүйл лав биш. Мэс заслын эмч нар луу нь буцаа” гэсэн юм. Ийм үг сонсоод “Сонгдо” эмнэлэгт унтуулж хийдэг ERCP-ийн шинжилгээ өгтөл цөсний ерөнхий суваг гэмтсэн гэх онош гарсан. Миний цөсний чулууг авсан мөртлөө элэгний баруун зүүн дэлбэнгээс гарсан хоёр гуурсыг таслаад 12 хуруу гэдэс руу ордог цөсний ерөнхий цоргийг төмөр хавчаар тавьж тасалсан байсан. Ингээд хэвлийн хөндийд цөс гоожсон гэсэн хариу гарч амь насны заалтаар яаралтай мэс засалд орохоор болсон. Элэгтэй нь мөчидхөн тасалчихсан гэсэн үг. Тодорхой хэлбэл миний амь нас аюулд орсон гэдгийг эмч нар хэлсэн л дээ. “Сонгдо” эмнэлгийн мэс заслын эмч нар болон Баярсайхан эмч мөн төрийн соёрхолт хүний гавьяат эмч Нямхүү нар хамтарч есдүгээр сарын 20-ны өдөр хагалгаа хийсэн. Ерөнхий сувгийг тэр чигт нь тасалчихсан учраас нарийн гэдэс татаж авчран элэгтэй ойрхон тасарсан хэсэгт орлуулж оёсон юм билээ. Ингээд мэс заслаас хойш сэхээнд байсан. Энэ хооронд цөс нь сувгаараа явчихаасай гэж хүлээж байтал давхар тавьсан гуурсаар цөс гараад эхэлсэн. Долоо хоногийн дараа гэхэд буцаад өвдөлт өгч эхлэхэд эмч нар “Одоо нэмэргүй. Оёдол чинь тавигдсан учраас гуурс тавих ганц л арга байна” гэсэн. Ингээд элэгнээс гарч байгаа хоёр нарийн сувганд гуурс хийсэн. Ингэж тавьсан гуурс мултрах тохиолдол олон байдаг ч минийх амжилттай болж амь нас аврагдсан. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гээд давхар тоссон гуурс тавьж, хоёр гуурстай болж байгаа юм. Биеийн байдал маш хүнд, уушиг устаж, хоёр удаа усаа авахуулсан. Бараг хоёр сар орчим “Сонгдо” эмнэлэгт хэвтсэн юм байна. Эмнэлгийн орон дээр хоёр сар гаруй тарчилж эцэст нь “Монголд цаашдаа эмчлэхэд хэцүү болсон. Тиймээс боломж байвал гадаадад хагалгаа хийлгэхээс өөр арга байхгүй” гэдэг үг сонсдог юм байна. Би гурван хүүхэдтэй эх хүн шүү дээ. Надад үхэх эрх байхгүй. Үр хүүхдийнхээ төлөө амьдрах ёстой учраас эмнэлгээс гарсан өдрөөсөө гадаадын эмнэлэг судалсан. Тайланд, Солонгос руу судлахад “Ийм богино хугацаанд гурван хүнд хагалгаанд орсон хүн дараагийн хагалгааг даана гэж хэлж чадахгүй. Тиймээс өвчтөн заавал өөрөө ирсэн байх ёстой, өндөр үнэтэй” гэсэн хариу ирээд байсан. Багцаагаар ч мөнгөн дүнг хэлдэггүй юм билээ. Манай том хүү 15 настай, дундах нь долоо, бага нь дөрвөн сартай. Гурван хүүхдийн маань заяа түшиж, манай нөхөртэй хамт ажилладаг хүмүүс Япон руу явахыг санал болгосон. Ингээд арванхоёрдугаар сарын 2-нд Японд очоод хамгийн доод шатлалын эмнэлэгт нь эхэлж үзүүлэхэд “Хийж чадахгүй” гээд дараагийн шатлалын эмнэлэгт очсон ч мөн л хийж чадахгүй гэсэн. Ингэж явсаар Токиогийн их сургуулийн эмнэлгийн нэг настай эмч л тэр хагалгааг хийж чадна гэдгийг бидэнд хэлсэн. Эмч “Аз болж чи залуу хүн юм. Тиймээс мэс засал хийнэ. Үр дүнг нь урьдчилж хэлж чадахгүй. Монгол эмч нар маш сайн гуурс тавьж өгсөн байна. Нүдээрээ хараагүй ч гэсэн өнөөдрийг хүртэл энэ гуурс байрандаа байгаад цөсөө бага боловч гадагшлуулж байгаа нь сайн байна. Чамд амьд явах боломж байгаа шүү” гэсэн. Тийм том эмнэлгийн мундаг эмч миний өмнө суугаад чин сэтгэлээсээ “Чи амьдарна, болно, бүтнэ. Чамайг эдгээгээд гурван хүүхэд рүү чинь явуулна” гэхэд надад итгэл төрж эхэлсэн.
-Хагалгаандаа орно гэдэг хариуг хэзээ авсан бэ. Удаан хугацаанд Японд байх шаардлага гарсан байх. Яаж зохицуулж байв?
-Арванхоёрдугаар сарын 25 хүртэл шаардлагатай бүх шинжилгээг өгсөн. Үүний дараа эмч нарын баг бүрэлдэхүүн бүх зүйлээ судлаад хагалгаа хийх хариу өгнө гээд явуулдаг юм билээ. Тиймээс нөхөр бид хоёр визээ өөрчлөх шаардлага гарсан. Хагалгааны үндсэн төлбөр 200 сая гаруй төгрөг, өрөөний төлбөр л гэхэд өдөрт 100 доллар. Бидэнд тийм их мөнгө байхгүй гэхэд эмч маань “Энд амьдрах визтэй болчихвол хагалгааны төлбөрийн 70 хувийг улсаас 30 хувийг өөрсдөө төлдөг даатгалд хамрагдах боломжтой” гэсэн. Нөхрийн маань байгууллага тусалж нөхөрт ажиллах виз гаргаж өгснөөр би бас Японд амьдрах боломжтой болсон. Энэ хугацаанд эмнэлгээс хагалгаа хийхээр боллоо гэдэг хариу ирж, 2014 оны хоёрдугаар сарын 28-нд Япон явсан. Ингээд гуравдугаар сарын 1-нд эмнэлэгтээ үзүүлэхэд нэг гуурснаас байнга цус шүүрч эхэлсэн байсан. Бага зэргийн хоол идэхэд л тэр хоол нь гуурсаар гараад байсан. Эмч нар гайхаад шинжилгээ хийтэл тавьсан гуурс нь холгож явсаар 12 хуруу гэдсийг цоолчихсон байсан. Энэ нь стрессээс бас шалтгаалдаг юм байна. Япон эмч нар хэлэхдээ сэтгэл санааны байдлаас гадна, гуурсыг гэдэстэй их ойрхон тавьсан учраас ийм асуудал үүссэн гэсэн. Тиймээс шууд хагалгаа хийж болохгүй, элэгнээс тайрч суваг гаргана. Гэтэл элэгний хагалгаа маш цэвэр орчинд хийгдэх ёстой учир болохгүй гэсэн. Одоо хийвэл гэдсийг чинь бас оролдож, хоёр том хагалгаа хийх болно. Тиймээс эм ууж өөрөөр нь эдгээнэ гээд дөрвөн төрлийн эм гуравдугаар сарын 1-нээс ууж эхэлсэн. Ажлаа хийгээд, хүүхдүүдээ асраад сайхан байсан амьдрал маань орвонгоороо эргэж, хүний нутагт өвчиндөө шаналан хэвтэх надад ямар хэцүү байсныг үгээр илэрхийлж чадахгүй нь. Хүний гар харна. Дээшээ хараад л уйлаад хэвтэх энүүхэнд. Хэзээ эдгэрэхээ мэдэхгүй, хэзээ хагалгаанд орохоо мэдэхгүй байх тэр хугацаа үнэхээр хүнд байсан. (уйлав) Үүнээс хойш гурван сар гаруй өнгөрч байхад сайхан мэдээ ирж 2014 оны долдугаар сарын 7-нд эмнэлэгт хэвтээд хагалгаанд орсон. Найман цаг гаруй үргэлжилсэн хагалгаагаар гуурсыг авч, элэгнээс тайрч аваад суваг гаргаж, гэдэс залгасан. Хагалгааны дараа нийтдээ зургаан гуурстай болсон. Хагалгаа амжилттай болж, есдүгээр сарын 5-нд Монголдоо ирээд байна. Гурван сар тутам шинжилгээ өгдөг учраас саяхан Япон яваад ирлээ.
Хагалгааны төлбөрт 80 сая төгрөг төлсөн
-Хагалгааны зардал, амьдрах байрны төлбөр гээд зардал их гарсан байх. Зардлаа яаж олсон бэ?
-Аз болж даатгалд хамрагдсан учраас 200 сая төгрөгийн үнэтэй хагалгааг 80 орчим сая төгрөгөөр хийлгэсэн. Гэхдээ мэдээж энэ мөнгийг шууд гаргаад өгөх хүн байхгүй. Аав ээж, найз нөхөд, хамаатан садан гээд надад хайртай хүмүүс эрвийж дэрвийхээрээ зүтгэн байж цуглуулж, зарахаа зарж, үрэхээ үрээд л болгосон доо. Гэхдээ ээж, дүүгээрээ асруулах, нөхөр маань эндэх ажлаа амжуулах, хүүхдүүдээ авчрах гээд нийтдээ 100-аад сая төгрөгийн зардал гарсан. Япон өртөг өндөртэй улс учраас хамгийн муу, модон байшин сарын 800 долларын түрээстэй.
-“Ачтан” эмнэлэг анхны хагалгаа хийхдээ алдаа гаргасан гэсэн үг үү. “Сонгдо” эмнэлгийн эмч нар анхны хагалгаанд алдаа гарснаас ийм асуудал үүссэнийг хүлээн зөвшөөрсөн үү?
-“Ачтан” эмнэлэг мэс засал хийхдээ алдаа гаргасан нь мэдээжийн асуудал л даа. “Сонгдо” эмнэлэгт өгсөн ERCP-ийн шинжилгээгээр энэ нь тогтоогдсон юм. Монголдоо ирээд МХЕГ, НМХГ-т гомдол гаргасан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Алдаа гаргасан нь үнэн байна, Хууль хяналтын байгууллагаар асуудлаа шийдүүл” гэдэг хариу өгөөд байна. Мэргэжлийн хяналтын байгууллага миний гаргасан гомдлоор “Ачтан” эмнэлэгт хандахад эмнэлгийн зүгээс алдаа байхгүй, эмч алдаа гаргасан гэх утгатай тайлбар өгсөн байна лээ. Төмөрбаатар эмчийн хувьд тэр эмнэлгээс цалинждаг хүн. Эмчийнхээ ур чадварыг ашиглан орлого олдог хирнээ, тэр эмч нь алдаа гаргахаар эмнэлэгт хамаагүй болчихдог байж таарахгүй. “Ачтан” эмнэлэг ийм байдлаар хариуцлагаас мултрахыг санаархаж байна шүү дээ. Олон түмэн харж байна. Хууль хяналтын байгууллага хариуцлага хүлээлгэнэ гэж итгэж байна.
-Одоо таны биеийн байдал ямар байна?
-Амь нас аврагдсан ч өнөөдөр хэдхэн төрлийн хоол иднэ, идээд шингээж чадахгүй. Байнга хямарч, эм ууж байна. Цусны эргэлт муугаас байнга гар хөл даарна гээд зовиур тоочвол зөндөө. Хамгийн хэцүү нь би хэдэн жил амьдрахаа мэдэхгүй, миний гурван хүүхдийн ирээдүй хаашаа эргэхийг хэлж мэдэхгүй болчихлоо. /уйлав/. 70 гаруй кг байсан хүн олон удаагийн хагалгаанаас болоод 23 кг турсан. Өмнө нь таньдаг байсан зарим хүмүүс хүртэл намайг танихгүй байна шүү дээ.
“Амьд байгаа нь их юм биш үү гэж хэлсэн”
-“Ачтан” эмнэлгийн эмч нар алдаагаа хүлээн зөвшөөрч, таниас уучлал гуйсан уу?
-“Сонгдо” эмнэлэгт хоёр хагалгааны нийт төлбөр 14 сая төгрөг болсон. Энэ мөнгийг “Ачтан” эмнэлгээс гаргасан. Алдаагаа хүлээн зөвшөөрсөн учраас хагалгааны төлбөрийг төлсөн гэж бодож байна. Харин Японд хийсэн хагалгааны бүх зардлыг хувиасаа гаргасан. Уучлал гуйх нь битгий хэл уулзаагүй.
-Өнгөрсөн хугацаанд ийм асуудал хөөцөлдөж явах боломж байгаагүй байх. Шүүхэд хандах уу?
-Одооноос л дөнгөж хүнтэй ярих хэмжээнд хүрч байна. Хамгийн гол нь эмч хүний ёс зүй, хариуцлага байх ёстой. “Ачтан” эмнэлгийн зүгээс манай өмгөөлөгчид “Тэр хүн чинь одоо амьд байгаа биз дээ. Ийм байхад юу ярих гээд байгаа юм. 14 сая төгрөг аваад баярлалаа гээд явчихсан хүмүүс шүү дээ” гэсэн байна лээ. Надад хагалгаа хийсэн “Ачтан” эмнэлгийн Төмөрбаатар эмч залуу эмч нарт яагаад ийм муухай үлгэр дуурайлал үзүүлж байна вэ. Би хагалгаанд орсон өдрөөс хойш тэр хүний царайг нэг ч удаа хараагүй, манай гэрийнхэнтэй ч уулзаагүй. Утсаар ч яриагүй. Тухайн үед эдгэрэх, үр хүүхэддээ ээж нь байх л надад чухал байсан учраас хэрүүл шуугиан хийгээгүй. Дөрөв таван хагалгааны дараах тэсвэрлэхийн аргагүй өвдөлтийг намайг ийм болгосон тэр эмч мэдрэхгүй байгаа гэхээс л гол харлаад байдаг юм билээ. Тэр хүн надтай адилхан охинтой л хүн байх. Өөрийнх нь хүүхэд эмчийн буруугаас ийм байдалд орвол ямар байх вэ. Үүнийг хүмүүс зөвөөр ойлгоосой. Өнөөдөр надад мөнгө авах нь чухал биш. Монголд мэргэжилдээ сайн, чадалтай эмч нар маш олон бий. Гэхдээ зарим нэг эмчийн хариуцлагагүй, хайнга байдлаас болж хүний амь нас хохирч байгааг бид хүлцэнгүй хүлээн зөвшөөрч байна. Сайн эмч нар зөндөө бий. Гол нь ёс зүй алга.
-Яагаад “Ачтан” эмнэлгийг сонгосон юм бэ?
-“Ачтан” эмнэлгийг хариуцлагатай, чадалтай эмч нартай гэж бодоод л очсон. Надад ямар ч айдас, эргэлзээ байгаагүй. Шинжилгээ өгсний дараа мөрөн дээр алгадаад л “Өө болно. Цөсний дурангийн хагалгаа 500 мянга байдаг” гэсэн. Миний амьдралыг ингээд орвонгоор нь эргүүлнэ чинээ санаагүй. Нялх хүүхэдтэй, өөрийн эмнэлэгтэй байсан учраас цаг зав бага. Тэгээд л хувийн эмнэлэгт хандсан юм. “Ачтан” эмнэлэг цөсний дурангийн хагалгааг өдөрт хэд хэдээр нь хийдэг. Хэдийгээр энэ хагалгаа тухайн эмчийн гарт орсон байлаа ч хүн бүр дээр хариуцлагатай, сэтгэлтэй хандах ёстой. Ингэж чадаагүй учраас л би хохирсон. Тиймээс үнэхээр их гомдолтой байгаа. Сайн эмч нар бий. Би бүгдийг нь харлуулах гээгүй. Би өөрөө ч эмч хүн. Эмч хүнд чин сэтгэл, ёс зүй хариуцлага байх ёстой. Алдаа гаргаж болдог, түүнийгээ чимээгүй дарж болдог гэдэг хандлагыг залуу эмч нарт төрүүлж байгаа нь хамгийн харамсалтай.
-“Ачтан” эмнэлгийн зүгээс хагалгааны дараа яаралтай арга хэмжээ аваагүй цаг алдсан гэж таны ярианаас ойлголоо?
-Тэгэлгүй яах вэ. Мэс заслаас хамаарсан зүйл байхгүй гээд байлгаад байсан. “Ачтан” эмнэлэгтээ лабораторийн тасагт байнга шинжилгээ өгч тус оношилгооний тасагт эход харуулах гээд зөндөө л үзүүлж байсан. Мэс заслын эмч нар нь бүгд л үзэж байсан ч оношийг зөв гаргаагүй найм хоног алдсан байна лээ. Уг нь шинэ дээр нь оёсон бол арай барьцтай байх байсан. Хүний цөс гэдэг чинь маш гашуун, гэдэс дотрыг шууд л түлнэ. Би зүгээр л үхлийн ирмэгт байсан юм билээ. Сайхан эмч нарын буянаар амь аврагдсан. Хэрэв дахиад жаахан л удсан бол амиа алдах байсан. Бас Япон явах эмчилгээний зардлаа олж чадаагүй бол, надад сайхан сэтгэлтэй хүмүүс тус болоогүй бол би ингээд яриад сууж байхгүй. Амьдралын боломж тааруу, мөнгө төгрөг олж чадахгүй хүмүүс энэ мэтээр амь насаа алдах эрсдэл маш их байна. Үүнд л бий санаа зовж байна. Тус эмнэлэгийн нэг эмчийн алдаа гэж үзэхгүй бусад нь ч оношлох ёстой гэж үзэж байна . Иймд эрүүл мэндээрээ хохироод насан туршдаа тахир тутуу болсондоо гомдох юм. Эдийн засгийн хохирол яах вээ эрүүл мэндийн хохирол хэдэг чинь хэдэн зуун саяаар хэмжигдэхгүй шүү дээ.
Бүлтийтэл хүлээх гурван хүүхдээ өрөвдөхөө өвчнөө тэсвэрлэсэн
-Хагалгаанд орсноос хойш байнга эмнэлгээр явж , зовж шаналж байгаа ээжийгээ харах, санах таны хүүхдүүдэд ямар хүнд байсныг гадарлаж байна.
-Тэр л үнэхээр хэцүү. Эмнэлгийн орон дээр хэвтэрт байхад, тэргэнцэртэй хүний асаргаанд байхдаа зовлон даахгүй юм шиг санагдах үе олон байсан. Гэхдээ би ээжийгээ эдгээсэй гээд бүлтийтлээ хүлээж байгаа гурван хүүхдээ өрөвдөхдөө шүд зуун өвчнөө тэсвэрлэсэн. Үхэлтэй тэмцэлдэж, давж гарсан. Би одоо амьд байна, амьдарч байна. Гурван хүүхдийн минь хувь заяа түшлээ дээ гэж одоо ч залбирдаг. Хагалгаанаас хойш дөрөвхөн сартай үр минь нэг ч удаа мөөмөө хөхөөгүй. Хүн хүний гар дамжаад, ээжийгээ хэн бэ гэдгийг ч мэдэхгүй өдий хүрсэн. Ханьтайгаа 17 жил амьдарч, үр хүүхэдтэй болж амьрдалаа хэнээс ч дутахгүй авч явж байлаа. Амьдрал минь эмчийн хариуцлагагүй алдаанаас нэг л өдөр орвонгоороо эргэсэнд харамсаад ч гомдоод ч барахгүй байна.
С.ОТГОНСҮРЭН
Эх сурвалж: News.mn
Холбоотой мэдээ
-
хонгордов (November 24, 2014 11:22:12 am )
иргэдийнхээ эрүүл мэндийг ашиг хонжоо харсан хувийн эмнэлэг аптекуудад даатгасанаас эцэст нь ийм байдалд хүрч байна Гомдол гаргаагүйс боловч хариуцлаггүй урьдын алдар нэрээр дулдуйдсан эмч нараас болоод өчнөөн хүн хохирч байхад ЭМЯ өчүүхэн ч арга хэмжээ авахгүй хуучнаараа ажиллаж байна ЭМЯ-*д байгаа хийсэн бүтээсэн тодорхой ажилгүй цаас халтартуулаад олон жил сууж байгаа төрийн албан хаагчдыг зайлуулж шинэ залуу иргэддээ үйлчилж чадах боловсон хүчнээр хангах цаг хэдийн болсон байна Төрөөс төсөвлөгдсөн мөнгийг шат шатандаа тендер нэрээр идэж ууж байна Жирийн эмнэлэгт өвчтөн хэвтэх ор байхгүй байхад эмч сувилагч аж ахуйн ажилтан бүр өрөө эзэмшиж байхаа больж өрөөгөө өвчтөндөө өх сэтгэл зүрхтэй хүн байхгүй нь харамсалтай Тэр ч байтугай төлбөртэй өрөө гэгчийг гаргаж мөнгийг нь өөрсдийн зугаа цэнгэлдзориулж байна түүнчлэн эмнэлгүүд аптек энэ тэр хувийн байгууллагуудад өрөө түрээсэлж байхад ЭМЯ нүдэн балай чихэн дүлий сууж байна ЭМЯ ажлыг үндсээр нь өөрчилж шинэчлэхгүй бол алин болгон иргэд хохирч байх болж байна
-
Anonymous (November 24, 2014 12:11:23 pm )
нэгэн сайхан эхийг ийм болгосон төмөрбаатар эмчид хамриуцлага тооцох хэрэгтэй ийм хариуцлагагүй байж болохгүй би 11 жилийн өмнө мөн цөсний хагалгаанд 1-р эмнэлэгт хагалгаанд орж байсан тэгэхэд Амгалан гээд нэг өндөр эмч хагалгаа хийсэн юм эмнэлгээс гараад нэг сарын дараа эвэрхий болж нөгөө эмч дээрээ очиход өө чиний гэдэсний давхаргыг алгасаж оёх туршилт хийсэн юм тэгээд оёдол нь дотроосоо задарсан байна ахин орно гээд ахиад орсон чиний гэдэс оёдол даахгүй болж гээд 3 дахаа орж нөхөөс тавиулж нэг юм болсон ийм хариуцлагагүй хандаж байгаа юм даа ийм л хүний сэтгэлгүй хандсан юм ЭМЯ-ныхан ер нь хариуцлагагүй хүмүүс дандаа танил тал танилтай юмуу мөнгөтэй бол хүн эрүүл явах боломжтой нийгэм болсон байна одоо тэгээд эмнэлгүүдийг хувьчлана гэдэг буруу ядуу хүмүүсийг үх гэсэнтэй адтл
-
ЧИМГЭЭ (November 24, 2014 2:52:08 pm )
ЭНЭ ЧИНЬ Л ЭМЧИЙН ЦЭВЭР ХАРИУЦЛАГА ЕС ЗҮЙ МЭДЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ, ХҮНИЙ АМЬ ЮУНААС Ч ИЛҮҮ ЧУХАЛ, АЛДААГАА Ч УХАМСАРЛАХГҮЙ ТЭР ЭМЧ АЧТАН ЭМНЭЛЭГТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ХЭРЭВ МӨНГӨ ОЛДООГҮЙ БОЛ ӨНГӨРӨХ БАЙСАН БАЙНА Ш ДЭЭ 3 ХҮҮХДИЙНХ НЬ ЗАЯА ТҮШЖЭЭ АРАЙЧ ДЭЭ ХҮНИЙГ ИЙМ БОЛГОЧООД ХЭНЭГГҮЙ БАЙДАГ ЯМАР БӨХ ЗҮРХ ВЭ ӨӨРИЙНХӨӨ ГЭР БҮЛИЙНХЭЭ ХҮЧИНД АМЬД ГАРЖЭЭ АЧТАН ЧИНЬ НЭРНЭЭС ЦААШГҮЙ БОЛЖЭЭ
-
ЗочинЗочин Энх-Улирал (November 24, 2014 5:04:20 pm )
Иргэд Ачтан эмнэлэгт ам муутай болсон байна лээ, миний танил 10 хоног эмчлүүлээд гарсан, мөнгө, ашиг олох зорилготой болж дээ гэж байсан, яг үнэн юм байна л даа.
-
i (November 24, 2014 9:44:22 pm )
bi 27toi baihdaa tsosnii xagalaand orj baisan iim xvnd zuil toxioldoogvi ch gedes maani ihl muuhai oedoltoi bolcon odooch emnelegt vzvvleh hetsvv bolcon bna lee
5 Comments