Монголчуудын өвөг дээдэс Хүннү гүрний үед цэрэг дайны үйл ажиллагаанд үлээвэр, цохивор, чавхдаст хөгжмийг хэрэглэж, Эзэн богд Чингис хаан, Юан улс, Хубилай, Өгөдэй хааны үед хөгжмийн соёл улам боловсронгуй болж, монголчууд аян дайнд мордохын өмнө цэргийн туг сүлдээ тахих, тулалдаанд орохын өмнө цэрэг, эрсийнхээ сэтгэл зоригийг чангалах, мөнх тэнгэртээ даатгах болон бусад ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд хөгжмийн хэрэгслүүдийг өргөн ашигладаг байжээ. Үүнээс харахад цэргийн хөгжим нь олон мянган жилийн тэртээгээс цэрэг дайны үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж дайчдын сэтгэл санааг сэргээн зоригжуулах, давуу хүчтэй дайсныг ялан дийлэх, эх орноо батлан хамгаалахад уриалан дуудах чухал хэрэгсэл болсон байна.
Богд хаант Монгол улсын хааны торгон цэргийн бүрэлдэхүүнд Сайн ноён хан Намнансүрэнгийн санаачилга, оролцоотойгоор үлээвэр найрал хөгжмийг 1914 онд байгуулж, улмаар 1922 онд Монгол ардын журамт цэргийн тэргүүн морин хороонд, 1923 онд Их даргын сургуульд анхны үлээвэр найрал хөгжмийн хамтлагууд тус тус байгуулагдсан нь манай улсын анхны орчин үеийн мэргэжлийн хөгжмийн суурь үндэс болсноороо түүхэн ач холбогдолтой юм.
Ардын хувьсгалын дараах он жилүүд, дарийн утаа үнэртсэн 1939 оны Халхын голын болон 1945 оны чөлөөлөх дайн, энхийн их бүтээн байгуулалт, эх орны хөгжил дэвшилд цэргийн хэмээх тодотголтой үлээвэр найрал хөгжмийнхөн ард түмэн, Зэвсэгт хүчний дайчидтай ямагт хамт байж, ялалт, амжилтын төлөө уриалан дуудаж урам зоригийг нь бадрааж ирсэн арвин түүхтэй.
Монгол Улсад сонгодог болон цэргийн үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “100 жилийн түүх дурсамж” номын нээлт, “Үлээвэр хөгжим-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд тоглогдох “Марш зохиол”-ын уралдаан, “Хийморь бадраасан 100 жил” сэдэвт уулзалт өдөрлөг, “Долоон бурхандаа өргөх хөгжмийн цацал” хүндэтгэлийн цэнгүүн, Улаанбаатар цэргийн хүрээний үлээвэр найрал хөгжмүүдийн дунд “Үлээвэр хөгжмийн уралдаан” гэх мэт ойг угтсан томоохон арга хэмжээнүүдийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цэргийн штаб, Монголын үлээвэр хөгжимчдийн холбоо, ЦДБЭЧ, Монгол цэргийн хөгжимчдийн “Соёмбо” холбоо, БХИС, Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв зэрэг байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж явууллаа.
Монгол Улсад сонгодог болон цэргийн үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концертыг 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 15.00 цагт Соёлын төв өргөөнд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаад байна.
Арга хэмжээний хүрээнд Эзэн Богд Чингис хааны талбайд 14.00 цагт Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын Үлээвэр найрал хөгжмүүдийн үзүүлэх тоглолтыг иргэд, олон нийтэд толилуулна.
Холбоотой мэдээ
Comments are closed.