Хүн гэдэг амьтан энэ хорвоод амьдран, идэх хоолоо олохын тулд ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Үүнийг дагалдан ажил мэргэжлийн чиглэлүүд үүсэн буй болсон биз. Ихэнх хүмүүс хөдөлмөрлөж, хөлс хүчээ гаргаж, оюун ухаанаа дайчлан байж амьдардаг бол харин бусдын итгэл үнэмшил дээр “тоглон” амар хялбар аргаар амьдардаг хүмүүс нийгэмд цөөнгүй байх. Тэдний нэг хэсэг бол бусдын дорой буурай мэдлэг боловсол, итгэл үнэмшил, ядуу зүдүү байдлыг ашиглан, үүнийг өөрсдийнхөө “хоолоо” олох талбар болгон, бусдын “талхны мөнгийг” боловсон аргаар луйварддаг зөнч мэргэн, лам хувраг, бөө зайран зэрэг “дүвчигнүүрүүд” юм. Гэхдээ энд би бусдын гэхээсээ илүүтэй өөрийнхөө тусын тулд бурханы сургаалын бусдад түгээхийг эрмэлзэж буй “жинхэнэ” лам нарыг хамруулсангүй гэдгийг эрхэм уншигч та ойлгоно бизээ.
Миний уншиж дуулснаар бол Монголчууд бидний бурханчлан шүтдэг Будда буюу Эртний Энэтхэгийн нэгэн улсын хан хүү Сиддхарта Гаутама бол түүхэн хүн юм. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордны баян тансаг байдалд умбаж өсөөд, санамсаргүй байдлаар өвдсөн, өтлөсөн, үхсэн хүнтэй тааралдсныг үзээд, хүн бүхэн өвддөг, өтлөдөг, үхдэг гэдгийг мэдээд гүн шаналалд автаж, хорвоогийн үнэн зөв зам мөрийг олохоор гэрээ орхин гарсан нэгэн юм. Ийнхүү төөрч будилсан ханхүү 6 жилийн турш хэрэн хэсэж бэдрэн явсаар 35 насандаа бодь модны дор гэгээрэл буюу орчлонгийн мөн чанарыг ухан ойлгосон гэдэг.
Гаутама Будда өөрөө хэзээ ч, хэнд ч ном уншиж засал хийх, мэргэ төлөг тавих, явдал мөр сайжруулах, буян хишиг тогтоох, эд хөрөнгө дуудах, хийморь лүндаа сэргээх зэрэг ном айлдаж байсан удаагүй. Харин хүний амьдрал дах зовлонгийн эх сурвалж бол хувь хүний өөрийнх нь сэтгэлээс үүдэлтэй тул хүн өөрийн сэтгэлээ “номхотгон”, хүсэл шуналаас ангид байх тухай номлосон байдаг. Харамсалтай нь хожмын шавь нар түүний сургаал номлолыг нийтэд түгээн дэлгэрүүлэхдээ элдэв арга гүрэм засал, судар уншлагын хэлбэрт оруулжээ. Ингэх болсны шалтгаан ч ойлгомжтой. Лам нар гэдэг хүмүүс учраас тэдэн дунд идэж уух, өмсөж зүүх, эдлэж хэрэглэж шаардлага тулгарсан биз. Түүнийгээ олохын тулд “лам” хэмээх нэгэн хөдөлмөрийн хуваарийг бий болгон, уншлага засал хийж, үнэ тариф тогтоосон байх. Ийм нөхцөл байдал элдэв зөн билэгтнүүд, далдыг харагчид, мэргэ төлөгчидөд ч мөн хамааралтай.
Хүний итгэл үнэмшил бол тухайн хүндээ их хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг зүйл. Үе үеийн “тэнгэртэй харьцагчид” үйлчлүүлэгийнхээ энэ сэтгэл зүйг чанар дээр дөрөөлсөн байдаг. Одоо ч гэсэн буддист монголчуудын итгэл дээр дөрөөлөн, Бурхан багшийн Их дүйчин өдрүүдээр далимдуулан түрүүвчээ түнтийлгээд “сурчихсан” улс бас байна. Тэдний нэг бол Их хүрээ хийдийн хамба хэмээн өөрийгөө өргөмжилдөг З.Санждорж ламтан юм. “Цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна” гэдэгчлэн З.Санждорж ламтан бурхан багшийн их дүйчин өдрүүдийг далимдуулан, иргэдийн сүсэг бишрэлд дулдуйдан түрүүвчээ зузаалдаг болоод уджээ. Тэрээр сурталчилгааны самбар дээрээ “Бурхан багшийн тэнгэрийн орноос залран ирсэн өдрийн утга учир, тайлбар лекц” гэж хэмээн тодотгосон байх юм. Гаутама бурхан та бидний нэгэн адил бие махьбодид төрсөн хүмүүн атал хэзээ нисдэг болоод тэнгэрийн орноос хэрхэн яаж залран ирэх вэ?
Христийн шашны итгэл үнэмшилд түгээмэл оршдог Ертөнцийн эзний өөрийн хүү Есүсээ тэнгэрийн орноос хүмүүсийн зовлонг нимгэлэхээр явуулсан гэдэг биг бил үү. Харин Будда буюу Сиддхарта Гаутама тэнгэрийн орноос заларч ирээгүй гэдгийг оюун санаа нь сийрэг, уншиж судалдаг буддист хэн бүхэн мэднэ гэдгийг энэ лам анзаарч үзээгүй бололтой. Зөвхөн бусдын гүн бат, мухар сүсэг, итгэл үнэмшилд дөрөөлөн мөнгө олж л байвал боллоо гэж боддог энэ мэтийн лам хувраг хүмүүс өөрсдөө хэлж ярьдаг “үйлийн үрийн сургаал”-аа хэр мэддэг юм бол доо.
Буддизм бол шашин мөргөл, гүрэм засал гэхээс илүүтэй хүн амьдралдаа кайфтайгаар , зөв сайхан амьдрах арга ухааны тухай сургаал юм.
З.Санждорж лам бусдын итгэлд дөрөөлөн бөхийн өргөөнд төлбөртэй “ном” уншиж байхад, түүний нэгэн адил ламтан, Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн Их майдар мэдээллийн төвд бусдад зориулан ”Эх үрсийн элбэрэл хайрын тухай” яриаг үнэ төлбөргүй хийсэн байна. Түүний яриа хандлага, арилжааны зорилго агуулаагүй гэдэг нь сурталчилгааны боршуураас нь харахад илэрхий.
Энэ хоёр ламтаны лекц ярианаас хэн нь буддын шашин соёлд илүү ойр байгааг харж болох мэт. Уншигч та өөрөө болгооно биз ээ.
Ц.Мөнх
Холбоотой мэдээ
-
Зочин (November 14, 2014 11:24:04 pm )
Ц. Мөнх сэтгүүлчээ??? 1. Хамба лам гэдэг сүм дугана болгонд байдаг юм уу? Ловон, шунлайв, тэргүүн, хамба гэж сонсогдох юм. Ялгаа нь юундаа байдаг юм бэ? Энэ цол шиг нэрийг хаанаас хэн ямар шалгуураар олгодог талаар 2. Ямар шалгуураар лам болгодог журам одоо мөрдөгдөж байгаа талаар тус тус мэдээлэл уншигч олондоо өгөхийг таниас хүсье.
1 Comment