Уянгалаг хийлийн тансаг аялгуу хүн бүрийг уяраадаг.
Тэр сайхан аялгууг бидний сэтгэлд хүртэл тоглодог чадварлаг хөгжимчин бүсгүйг “Амьдралын тойрог” булан онцолж, зочноор урьсан юм. Урлагийн сайхан, уран бүтээлийн сайныг үзэгч олондоо хүргэхээс бусдаар хувийн амьдралаа хэвлэлийн хуудаснаа дэлгээд байх дургүй хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй уран бүтээлийн сонин сайхан, дотоод сэтгэлийн мөн чанар, ертөнцийг үзэх үзэл бодлыг нь уудлан хөөрөлдлөө.
УРАН БҮТЭЭЛИЙН ХОЁР ДАХЬ ЭРЧТЭЙ ҮЕ ЭХЭЛЖ БУЙГАА ЗАРЛАЛАА
“Гайхмаараа” нэртэй шинэ цомгоо өлгийдөж аваад удаагүй байгаа хийлч бүсгүй уран бүтээлч найз нөхөд, хамтран ажилласан багийнхантайгаа өнгөрсөн бямба гарагийн үдэш цомгийн баяраа хийжээ. Баярын гол онцлог нь “Хар сувд” брэнд байсныг уран бүтээлч маань онцлов. Учир нь тэрээр АПУ компанийн “Хар сувд” брэндийн нүүр царай болсон аж. Өчигдөрхөн болж өнгөрсөн баярын уур амьсгал хуучраагүй, зочдын бэлэглэсэн баглаа цэцэгс шинэхнээрээ өрөөг нь чимнэ. Өөрт нь зориулж боолгосон сайхан цэцэгсийг үнэрлэж зогсох тэр агшин уран бүтээлч төдийгүй эмэгтэй хүний хувьд хамгийн сайхан мөч гэж байв.
“Хэнтийн өндөр ууланд” гайхамшигт аялгууг хийлээр тоглож урлагт эргэлт буцалтгүй орсон тэрээр “Хүмүүст хүрсэн уран бүтээл хийнэ гэдэг дууны сонголтоос зайлшгүй шалтгаалдаг” гэж байв. Энэ жилийнх нь хөдөлмөрийн үр дүн гэж тодотгосон “Хэнтийн өндөр ууланд”, “Үлэмжийн чанар” цомгуудынх нь “дүү”-д монголчууд сонсох, даган дуулах дуртай “Гайхмаараа”, “Анхны хайр”, “Улаанбаатарын үдэш”, “Баатарцогтын нагац”, “Жалам хар”, “Дуунд дуртай боловоо би” зэрэг олон сайхан дуу багтжээ.
Цомгийн продюссероор “Up music” продакшны хөгжмийн найруулагч Н.Халиун болон Рагу, хөгжмийн зохиолч Д.Пүрэвдорж багш нь хамтран ажилласан байна. Хөгжмийн найруулагч Н.Халиунтай хамт Сингапурт цомгоо бичүүлж байх сар гаруйн хугацаанд “Амьдрал өөрөө” нэртэй шинэ дуу төржээ. Сайн уран бүтээл хийхийн тулд орчноо сольж, төвлөрч ажиллах дуртай хийлч бүсгүйн энэ удаагийн сонголт Сингапур байв. Эхний хоёр цомгоо гаргаад нэлээд удаан завсарласан хийлч Ч.Дэлгэрцэцэг “Гайхмаараа” цомгоороо уран бүтээлийн хоёр дахь эрч хүчтэй үе эхэлж буйгаа зарлаж байна.
ХИЙЛ ХӨГЖМИЙН ГАЙХАМШГИЙГ “ХЭНТИЙН ӨНДӨР УУЛАНД” МЭДРҮҮЛЭВ
Хүн бүрийн амьдрал сонголт, гэнэтийн шийдвэр, төлөвлөгөө гээд янз бүрээр өрнөдөг. Харин Дээгийгийн хувьд хийл хөгжимд дурлаж, хичээллэх болсон нь багын мөрөөдөл бус эцэг, эхийнх нь сонголт байв. Долоон настайдаа аав, ээжийнхээ гараас хөтлөн, хөгжим бүжгийн сургуулийн багш нарт шалгуулж, хийл хөгжмийн ангид орсноор энэ хөгжимтэй амьдралаа холбосон нь зүгээр ч нэг хувь тохиол байсангүй. Хийл хөгжмийн гайхамшгийг “Хэнтийн өндөр ууланд” аялгуугаар мэдрүүлж олонд танигдаж чадсан юм.
Хуучны дуунуудыг шинэ хэлбэрт оруулж дуулдаг моод ид дэлгэрч байсан 2000 оны эхээр хүмүүсийн сайн мэдэх, сонсох дуртай энэ сайхан аялгууг өөрчилж тоглох хүсэлдээ хөтлөгдөн анх хөгжмийн найруулагч Н.Халиун дээр очжээ. Тэрээр “Хэнтийн өндөр ууланд”-ын бичлэг барьчихсан, энэ аялгууг ингэж янзлаад тоглочихмоор байна гээд жаахан охин анх ирж байсныг бодоход одоо том болжээ” гэж түүнийг “цаашлуулдаг” гэсэн. Бусдын зөвлөгөө, үгийг даган уран бүтээлээ туурвиж байсан охин өнөөдөр өөрийн хүсэл, мэдрэмжиндээ хөтлөгдсөн бие даасан уран бүтээлч болж өссөний тод жишээ нь “Гайхмаараа” цомог.
Хүмүүст танигдаж, уран бүтээлч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн ид үедээ Дээгий “Үлэмжийн чанар” аялгуугаараа Монголын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн юм. Сонгосон дуу нь, өвөрмөц шийдэлтэй клип нь ч, халзан толгой нь хүртэл хэсэгтээ л хүмүүсийн ярианы сэдэв болж байлаа. Хийлч бүсгүй энэ уран бүтээлийг хүмүүст хүргэхийн тулд чамгүй хөдөлмөрлөжээ. “Үлэмжийн чанар” дууны түүхийг судалж, газар нутгаар нь явж, Дулдуйтын Равжаа гэх агуу хүнийг бишрэн шүтэж, уран бүтээлдээ уусан шингэж байв. Тиймээс ч уран бүтээлийнхээ мөн чанарыг гаргахын тулд дүрдээ орж, үсээ хусуулж, клиптээ тогложээ. Дээгий үүнийгээ “Урлагийг бүтээж чадаж байна гэж итгэвэл энэ биеэ зориулах ёстой. Уран бүтээлчид үүний тулд урлагийн боол болж төрдөг” гэж тайлбарласан.
АМЕРИК БОЛОВСРОЛ ТҮҮНИЙГ ЗАДАЛЖ, ЧӨЛӨӨТЭЙ СЭТГЭДЭГ БОЛГОЖЭЭ
Хөгжим бүжгийн дунд сургуулийн цаг завгүй сурагч охин замын урд талд байдаг 64 дүгээр дэлгүүр лүү өдөрт хэдэнтээ гүйж, өөрийн жижиг замыг гаргаснаа дурсах дуртай. Учир нь 24 цагийн 20 цагт нь хийл хөгжимтэйгөө найзалж, дасгал сургуулилт хийж өнгөрсөн түүний бага насанд онцгойлох дурсамж үгүй. Жирийн сургуулийн үеийнхэн шигээ хүссэн дугуйлан секцдээ хамрагдаж, үерхэл нөхөрлөл ярих, тоглож наадах цаг түүнд байсангүй. Шалтгалтаас шалгалтын хооронд хүүхэд насны хөөр хөгжөөнөөс хол өнгөрсөн ч хийл хөгжмийн чадвар, хариуцлагатай зан хоёрыг суулгаж чаджээ.
12 жил суралцаж Хөгжим бүжгээ төгсөөд СУИС-д ангиараа орсон боловч нэг мэргэжлээр дагнан суралцах нь зөв шийдвэр биш гэж үзсэн тэрээр ШУТИС-ийн Англи хэлний сургуулийн инженер, орчуулагчийн ангид элсчээ. Хэлтэй болох зорилго өмнөө тавьж, эрчимтэй сурсан нь түүний амьдралдаа гаргасан зөв шийдвэр, алхмуудын нэг байсныг онцолсон юм. Хэлний бэрхшээлгүй болсон Дээгий хийлч мэргэжлээрээ АНУ-д дөрвөн жил суралцаад ирсэн мэргэжлийн хөгжимчин. Америк боловсрол түүнийг задалж, чөлөөтэй сэтгэдэг болгон, ертөнцийг үзэх үзэл “би”-д нь нөлөөлжээ.
“Залуу хүмүүс боломж бололцоо гарвал хилийн чанадад суралцаж, ажиллах хэрэгтэй. Хол явж, эрдэм сурах нь ертөнцийг үзэх үзэлд нөлөөлөхөөс гадна мэдлэгийн цар хүрээ тэлдэг. Өөрийгөө таньж мэдэх боломж, эх орон, үндэс угсаагаа мэдрэх, аав ээж, гэр бүлийнхнээ хайрлаж, хүндлэх сэтгэл илүү төрдөг юм билээ” гэж зөвлөсөн Дээгий АНУ-д сурч байхдаа махгүй амьдарч чадахгүй монгол гэдгээ ойлгожээ. Америкт үлдээд уран бүтээл хийх боломж түүнд байсан ч бухимдалтай, утаатай, шороотой гэж муулуулдаг эх орон нь онгод хийморь, өнгө зүс, баяр баясгалан өгдгийг мэдэрсэн гэдэг.
Хийлч бүсгүйн гадаад төрх ихэмсэг бас эмэгтэйлэг. Гэхдээ уран бүтээл нь эмэгтэйлэг, энхрий зангаас бус үнэн бодит мэдрэмжид тулгуурладаг гэдгийг Дээгий онцолсон. Тиймээс ч тэр үнэнч байх дуртай. Тухайн цаг үед өөрийн мөн чанарыг бусдад мэдрүүлэх, уран бүтээлээ амьдруулж, үнэлүүлэх ухаантай байх нь уран бүтээлч хүнд зайлшгүй байх ёстой зан гэж байв.
Хийлч Ч.Дэлгэрцэцэг:
СҮҮЛИЙН ҮЕД ЦАЙ ЧАНАХДАА 108 САМАРДАГ БОЛЧИХООД БАЙГАА
-”Хийлч Дээгий” гэдэг нэр урлагийн ертөнцөд их хурдан танигдсан. Тухайн үед орон зай сул, хүлээлт их байсантай холбоотой юу?
-Миний хувьд тохироо бүрдсэн юм. Ямарваа нэг зүйлд цагаа хугацаа гэж бий. Түүнийг мэдэрч, боломжийг алдалгүй барьж авна гэдэг амжилтын үндэс. Тухайн үед хэн ч хийлээр цомог гаргаагүй, дан хөгжмийн төрөл сайн хөгжөөгүй байсан. Нийгэм задарч, янз бүрийн хөгжмийн урсгал гарч байсан үе. Миний продюссерууд, хамтарч ажиллаж байсан нөхөд намайг чиглүүлж, би итгэлийг нь алдалгүй хөдөлмөрлөсөн маань олон танигдахад түлхэц болсон болов уу.
–Тайзан дээр хийл хөгжмөөр чадварлаг тоглох ихэмсэг бардам, бас уярам мөчид өөрт чинь яг юу мэдрэгддэг вэ?
-Ямар уран бүтээл тоглож байгаа нь чухал. Тэр дуундаа өөрийгөө тохируулж хөглөх ёстой. Тухайлбал, “Үлэмжийн чанар” дууг тоглох бүртээ би нэг л зүйлийг боддог. Оюуны хийсвэр далд ертөнц бидний мэдэх, мэдэхгүй олон зүйлс дээд тэнгэрт бий. Тэнд дагинас чуулж сайхан аялгуу, үнэрээр хооллодог гэдэгт итгэдэг. Дагинасыг баярлуулсан тэр энергээ зааланд буй хүмүүст хүргэхсэн гэж боддог. Тайзан дээр гарсан л бол дуундаа орж, үзэгчдээ байлдан дагуулах ёстой.
–Өөртөө итгэлтэй бардам байхад гадаад төрх чухал. Стиль имижээ тодорхойлоход хэн нэг нь тусалдаг уу?
-Монголд мэргэжлийн зөвлөгөө өгдөг компани байхгүй. Уран бүтээлчид өөрсдөө л бүгдийг болгоод, зохицуулаад явдаг шүү дээ. Миний хувьд аль нэг байгууллагад харьяалагддаггүй, цалин хөлс авдаггүй, “бор зүрх”-ээрээ болгож яваа уран бүтээлч. Миний амжилт надаас л шалтгаална. Аливаа асуудалд хандах хандлага настай холбоотой бололтой. Урьд нь бусдыг сонсож, дагадаг байсан бол одоо үлгэрлэж, манлайлж явах үүрэг хүлээж байна. Энэ утгаараа 2011 онд би JCI залуучуудын байгууллагад элссэнээс хойш итгэл үнэмшил маань бат суусан. Монгол орондоо төдийгүй Улаанбаатар хотдоо эерэг өөрчлөлт хийх олон зүйл байна. Түүнийг өөрийн биеэр үлгэрлэж, манлайлж оролцохыг хүсч байна.
–Урлагийнхан мэдрэмж нь илүү хөгжсөн учир онгод, тэнгэртэй ойрхон байдаг гэдэг. Дээгий аль нэг шашин шүтдэг үү?
-Хүнд мэдрүүлэхийн тулд өөрөө хүчтэй мэдрэх ёстой гэж үг байдаг. Тиймээс уран бүтээлчид илүү мэдрэмжтэй байдаг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ социализмын үед шашинд итгэдэг хүнийг шоолдог байсан бол одоо хүн бүр өөрийн үзэл бодол, шүтлэгтэй болж. Би шашин гэхээсээ илүүтэй тухайн газар нутгийн лус савдаг, эзэн байдаг гэдэгт итгэдэг. Хүний сайн, сайхан явах эхний шалгуур нь эцэг, эхээ хэр хайрлаж хүндэлж, баярлуулснаас болдог болов уу. Ээжийгээ аль болох баярлуулж, жаргаахсан гэж боддогтоо би өдий зэрэгтэй явна. Мэдээж уран бүтээлчдийн шүтдэг урлагийн тэнгэр Янжинлхам бурхандаа залбирдаг.
–Өглөөд цайны дээжээ өргөх, залбирч мөргөх тохиолдол байна биз?
-Би энгийн амьдрах дуртай. Би эмэгтэй хүн, гэрийн эзэгтэйн хувьд байнга хоол хийгээд байдаггүй. Гэхдээ намайг сайхан цайтай гэж гэрийнхэн маань үнэлдэг. Хааяа нэг сүүтэй цай чанаад, дээжийг нь наранд, байгаль дэлхийдээ өргөх дуртай. Манай нөхөр гайхдаг ч, хүндэтгэж ханддаг юм. Сүүлийн үед цайгаа 108 самардаг болчихоод байгаа. Энэ бүхэн монгол хүн болж төрсний ген, цусанд шингэсэн үйлдэл байх. /инээв.сурв/
–Хийлч бүсгүй гэр бүлийнхнээ ихэд нууцалдаг. Гэхдээ фэнүүдэд нь энэ сэдэв үргэлж сонирхолтой байдаг шүү дээ?
-Урлагийн хүнд хамгийн чухал зүйл гэр бүл. Найдвартай гэр бүлтэй хүн зорилгоо биелүүлэх сайн уран бүтээл хийнэ. Миний гялалзах, бүдгэрэх нь гэр бүлээс минь шалтгаална. Надад найдвартай сайхан гэр бүл бий. Би айлын отгон хүүхэд. Олон сайхан ах, эгч нар минь миний ар талд зогсч байдаг. Хүү минь гурван нас өнгөрч байна. Цэцэрлэгийн хүмүүжигч болсон. Уран бүтээлээрээ л олондоо танигдахаас хувийн амьдралаа дэлгээд байх хүсэлгүй. Аль болох эгэл жирийн, сайхан амьдрахсан гэж хүсдэг. Чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ салхинд гарах дуртай. Мэдээж өөртөө зав чөлөө гаргаж фитнессээр хичээллэж, саунд суудаг.
–Ээж болох мэдрэмж ямар байв. Хүүгээ төрүүлээд Дээгий хэр өөрчлөгдсөн бэ?
-Эмэгтэй хүн ээж болоод зөөлөрч, асар том ухаарлыг авдаг юм билээ. Урлагийн хүн сайн ээж байх амаргүй. Аль, алинд нь цаг гаргах ёстой. Гэхдээ би хүүгээ гаргаад гэртээ байхдаа өөрийгөө гал тогоонд бус тайзан дээр хамгийн жаргалтай эмэгтэй гэдгээ мэдэрсэн.
Маш олон ээж “Чиний цомгийг сонсч миний хүү унтдаг, тайвширдаг” гэж хэлдэг. “Загасчны морь усгүй” гэгчээр хүүдээ тэр бүр цаг зав гаргаад байж чадахгүй юм. Гэхдээ би зургаан сартай жирэмсэн байхдаа сонгодог тоглолтоо хийж, уран бүтээлдээ ойр байсан болохоор хүү минь хөгжмийн мэдрэмжтэй. Ээжийнхээ эрч хүчтэй, доргио дуунуудад дуртай. Хүүхдээ мэдрэмжтэй, ухаалаг хүн болгоё гэвэл хөгжимд ойрхон өсгөөрэй гэж эцэг, эхчүүдэд зөвлөмөөр байна.
Х.МОНГОЛХАТАН
Холбоотой мэдээ
Comments are closed.