Ус цаг уур, орчны газрын Урьдчилан мэдээлэх секторын инженер А.Даваажаргал өвлийн эхэн сард дулаан байна. Энэ жилийн өвлийн төлөв олон жилийн дундажтай харьцуулахад харьцангуй дулаан өвөл болно гэсэн урьдчилсан мэдээ гарсан тухай ярьжээ.
Гэхдээ цаг агаар дулаахан байх ч цас их хэмжээгээр орох төлөвтэй байгаа гэнэ. 11 дүгээр сараас нэгдүгээр сар хүртэл ихэнх нутгаар их цас орох аж.
Секторын инженер А.Даваажаргал өвөл дулаан байна гэж ард иргэд тайвширч болохгүйг анхааруулжээ. Тэрбээр “Цас их орсны дараа дулаарах нь тийм ч сайн үзэгдэл биш. Яагаад гэвэл цас хайлж, доошоо нягтарч мөстдөг. Энэ нь малчдад болон мал бэлчээрлэхэд хүндрэлтэй. Мөстсөн цасны доороос мал өвс олж идэхэд хэцүү. Малын хэвтэр норж, хөлдөнө гэх олон асуудал үүснэ.
Бэлчээрийн даац багтаамжийг авч үзэхэд нутгийн 60 орчим хувь нь боломжийн өвөлжихөөр байгаа юм. Гэтэл Завхан, Ховд, Өмнөговь, Дундговь, Архангай аймгийн нутгаар бэлчээрийн даац, багтаамж хүрэлцээ муу байна. Эндээс харахад нийт нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац хангалтгүй байна гэсэн үг. Малчид ч өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Ер нь бол дулаан өвөл болно гэж ард иргэд тайвширч болохгүй” хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.