“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 16-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болсон. Тодруулбал, жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд хоорондоо маргалдаж, бие биен рүүгээ буцалсан халуун ус цацаж, гэмтээсэн хэрэг гарсан. Шүүхийн шийдвэрээр жүжигчин Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6-д зааснаар “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс долоон жилийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан. Харин Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оноосон юм. Түүнийг анхан шатны шүүх хуралдаан болсны дараа буюу энэ сарын 16-ны 21.00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги руу ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй шууд ачсан.
Тэгвэл долоон жилийн ял сонссон жүжигчин Ц.Алдармааг хэвлэл мэдээллээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаад гурав хонож байна гэх мэдээлэл гарах болсон. Харин энэхүү мэдээллийг Ц.Алдармаагийн ээж үгүйсгээд байгаа юм. Тэрээр хэлэхдээ “Худал мэдээлэл байна. Хэвлэл мэдээллээр ийм төрлийн худал мэдээлэл гарч байгаад гайхаж байна. Өчигдрөөс ийм мэдээлэл цахим сайтад гарсан талаар олж мэдлээ” хэмээсэн юм.
Мөн давж заалдах шатны шүүхэд хандахаар баримт материалаа бүрдүүлж байгаа гэнэ. Өнгөрсөн баасан гаригт анхан шатны шүүхээс тогтоолоо авсан бөгөөд одоо өргөдлөө өгөхөөр хөөцөлдөж байгаа аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.