Өнөөдөр Балжинням, Дашням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр өө. Өглөөний нарны туяанд өвсний толгойд хяруун дусал бөнжигнөж, уяан дээр хоносон морьдын нуруу орог саарал манантай цавцайв ч тун удахгүй тал хөндий дүүргэн шуранхайлах найрын дуу талын бяцхан шувуудыг дэрхийтэл нь цочоох билэгтэй сайхан өглөө.
Зунжин амраад ажилдаа орсон Монголын улстөр их амсхийлтийн дараа гэнэтхэн ухаан орж, засаг төрөө шинэчлэх гээд түмэн завгүй хуралдаж байгаа ч ажлын сүүлийн өдөр, намрын дунд сарын шинийн 17-нд эрхэм улстөрчид маань ч сэтгэл санаа нь хоёрдож хаалга руу хяламхийж л суугаа.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд гэлээ ч тоост хорвоод хүмүүн заяаг олж төрсний хувьд өнөөдөр хэн нэг нь охиноо айлын хүн болгох, хүүгийнхээ хуримыг удирдах, өөдөсхөн ач, зээгийнхээ сэвлэгийг үргээх гээд намрын дунд сарын шинийн 17-ны найр хуримын заллаганд сэтгэл нь хөвсөлзөж суугаагаас зайлахгүй.
Дараагийн долоо хоногоос шинэ танхимынхаа сайд нарын нэр усыг УИХ-д зориглон танилцуулахаар сэтгэл нь үймэрч яваа Ерөнхий сайд энэ өдөр магадгүй сэтгэлээ уужиртал дуулахыг хүсч суугаа ч юм билүү.
Саяхан л толгойлсон яам нь тарж бутарч ч магадгүй болж сандруухан гүйж явсан Ц.Оюунгэрэл сайд “Чуулганы хуралдаан бушуухан дуусаасай. Жеффридээ боржигон найр ийм байдаг гэж үзүүлэхсэн” гэж бодохдоо өөрөө ч мэдэлгүй инээмсэглэчихсэн сууж байж ч болох шүү дээ.
Харин УИХ дахь сөрөг хүчин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос эхлээд олон хүн “Энэ Алтанхуяг нээрээ мөн “задгай цагаан” нөхөр юм.
Засгийн газрынхаа шинэ бүрэлдэхүүнийг намрын дунд сарын 17-ны билэгт сайн энэ өдөр оруулаад ирэх ухаан зардаггүй. Хэрвээ өнөөдөр л амжуулаад танхимынхаа шинэ гишүүдийн нэрсийг зарлачихсан бол бор халзан төлөг л биш бол дэмжээд л явуулах байсан даа” гэсэн шүү юм бодоцгоож байж мэдэх л юм.
Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд “За байз, өнөөдөр чинь билэгт сайн өдөр гэж байдаг. Нөгөө хэд маань найрлаад алга болцгоочихгүй байгаа даа. Ер нь би ч гэсэн эр хүн байна даа, эртхэн шиг хэдэн хуулийн төслүүдийн санал дүгнэлтийг сонсож, даруйхан цэгцлэх боломж гарах нь уу, үгүй юу. Өдийд Өврийн хангайд ч найрын дуу шуранхайлж байгаа даа” гэсэн шүү юм бодож суухыг ч үгүйсгэхгүй.
Ямартай ч өнөөдөр “Айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн уянгатай
Арван долооны өдрийг мартаж яахан чадах вэ” хэмээн Монгол орон даяар найрын дуу шуранхайлсан билэгт сайн өдөр өө.
Д.Энхтүвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (October 10, 2014 4:03:16 pm )
Хоорхон зураг байна. Дурсгал болгоод хадгалчих, хоероо.
1 Comment