Азийн олимп гэгддэг Азийн спортын их наадам БНСУ-ын Инчён хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Бид нэг Ази” уриатай Азийн наадмын нээлтийн ажиллагаа өнгөрөгч баасан гаригт 60 мянган хүний суудал бүхий “Incheon Asiad main stadium” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр (09.19) 18 багц медалийн эзэд тодорсон. Өнөөдөр жүдо бөх, буудлага, хүндийг өргөлт зэрэг найман төрөлд 24 багц медалийн эзэд тодорно. Монгол Улсын баг тамирчдаас өнөөдөр хүндийг өргөлт, буудлага, жүдо бөхийн төрлүүдэд Азийн шилдгүүдтэй өрсөлдөнө.
Монголын баг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар БНХАУ, БНСУ-ын ард гуравдугаар байрт явна
Монголын тамирчдын тэмцээн туялзуур сэлэм, сагсан бөмбөг, буудлага, жүдо бөхийн төрлөөр өчигдөр эхэлж, эхний өдөр хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт, ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж, 60 кг-д дэлхийн аварга, ОУХМ Г.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд 14 багийн тамирчин буудсанаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нарын Монголын мэргэн муучид 1140 оноогоор хүрэл медаль хүртсэн. Хувийн дүнгээр О.Гүндэгмаа найм, Ц.Мөнхзул ес, Т.Баярцэцэг 15 дугаар байр эзлэв.
Мөн энэ өдөр сагсан бөмбөгийн эрэгтэй баг ХонгКонгийг багийг 86:77-ын харьцаагаар хожиж, эхний хожлоо авлаа.
Монголын баг тамирчид эхний өдөр жүдо бөх, буудлагын төрлөөс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл хүртэж, багийн дүнгээр БНХАУ (5 алт, 1 мөнгө, 4 хүрэл), БНСУ (4+4+3)-ын ард гуравдугаар байрт явна.
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
/Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд Инчён хотод ажиллаж байна/.
Холбоотой мэдээ
Comments are closed.