antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2014 3 comments

Монгол Улсын СГЗ Го.Бадарч: Хорвоод хамгийн амархан зүйл бол хүүхэд хийх, хүний хийсэн зүйлийг шүүмжлэх хоёр л байдаг

нийтлэсэн Admin

3124f277cb82110cbigХятад эцэгтэйгээ хэнээс ч нуулгүйгээр 70 шахам насыг зооглож яваа нэгэн бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Го-Пин-Мин овогт Бадарч. Түүнийг монголчууд “Хар цагаан”, “Нэг л биш ээ…” зэрэг асуудал хөндсөн нэвтрүүлгүүдээр нь анх хүлээн авч, танилцаж байсан билээ. Монголын телевизийн салбарт өөрийн гэсэн түүхийг бичилцсэн тэрбээр энэ хавар дэгдсэн төмөр замын царигийн асуудал, олны анхаарлыг татсан “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг хөтөлж, хамтран бүтээлцсэнээс хойш хүмүүс түүнийг илүүтэй сонирхох болсон биз ээ. Гэвч дуулиан дэгдээсэн энэ нэвтрүүлгийн дараахнаас Го.Бадарч гуай нам гүмхэн гэртээ суух болсон. Түүний дотор юу бодогдож, ямар замналаар өдий хүрсэн зэргийг сэтгүүлч би уншигч танд хүргэхийг зорьж энэ дугаарынхаа зочноор урьсан юм.

Анх 2009 онд ТМ теле­визэд МҮОНТВ-ээс гарч, ерөнхий продюссерээр ажил­лахаар ирэх үедээ сэтгүүлч надад “Нэг л биш ээ” зохиогчийн хөтөлбөрөө хийх томоохон үүргийг өгсөн түүнтэй үнэндээ ярилц­лага хийнэ гэж бо­дож байсангүй.

Ааштай, хатуу шаард­лага­тай өв­гөний нэвт­рүүлэг, заасан зүйлүүд надад булган сүүлтэй байснаас гадна олон өөрч­лөлтийг бий бол­гож, олон амжилтад хү­рэ­хэд нөлөөлсөн. Харин тэр “өвгөн”-тэй ярилц­лага хийнэ гэдэг нь ааш­луулж, загнуулахаас арай өөр асуудал байв. Ялан­гуяа хоёр хөршийн тэргүүнүүдийн айлчлал, төмөр замын царигийн та­лаар асууна гэж бод­сон бодолд маань “өвгөн” цэг тавьж, энэ талаар ярьж, хоёр улсыг эвдрэл­цүүлэхгүй байхыг, энэ талаар асуухгүй байхыг надаас хүссэнээр энгийн нэгэн ажил, амьдралын ту­хай яриа болж хувирсан юм.

– Сайн байна уу? Сай­хан зуссан уу? “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн да­раа­хан дахиад даралт хагас харвасан гэсэн. Бие тань гайгүй байна уу?
– Харин тийм ээ. Ах нь дахиад харвасан. Гэхдээ бас арай гайгүй ээ. Түмний буянд амьд явж л байна. Хэн ч намайг зэмлэхгүй, заг­нахгүй, ухаантайгаар надад хэлээд бай­хад би ганцаараа хэлтэй амтай юм шиг хаш­ги­чаад байх нь юу нь сайхан байхав дээ. Одоо ч улаан гэрлээр явж байгаад машинд дай­руулчихгүйгээр зүүн хөлөө чирээд явж л байна. Тэгээд л явж байя.

– Одоо тэгээд дахиж телевизийн сал­барт ажил­лахгүй юм уу?
– Миний хамгийн гутарч, гуньж яваа юм гэвэл Мон­голын телевизийн урлаг унаж байгаад л ха­рам­саж байна. Хамгийн гол нь бүх телевизүүдийн за­хир­лыг хараад л гутраад байх юм. Энэ бол телевиз наймаалцаж байгаа, босгож байгаа улсуудын буруу биш шүү дээ. Хамгийн гол нь Харилцаа холбооны зохи­цуулах газар өөрөө дунд нь ороод заваар­чихаар ямар хэрэг байгаа юм. Нийтлэл, нэвт­рүүлгийн бодлого, программ, мэргэжлийн бо­лов­сон хүчин хэд байна, яаж байна гэдгийг нь биш камер, кабелийн утас, өрөө шалгаад байхаар телевиз хөгжихгүй ш дээ. Одоо телевизүүдийг хар л даа. Бүгдээрээ л ижил байгаа биз дээ. Би бол одоо Ийглийн мэдээ, ETV-ийн “Fact and Expert” хөтөлбөрийг л үздэг. Монгол HD телевизээс түүж хэдэн нэвтрүүлэг, 2-р сувгаас “Цензургүй яриа”, “Ярилцах тан­хим” бил үү даарчихсан болжмор шиг жоохон охин сууж байдаг, “Баримт тайлбар” ийм л хэдэн юм үзэж байна даа. 2-р суваг уриа нь ч гэсэн “Өөрөөр сэтгэе” гээд их дажгүй санагд­сан.

– Сэтгүүлч Л.Мөнх­баясгалан чинь со­нин­гоор дагнасан сэт­гүүлч. Телевизийн тал дээр тэ­гээд таныг хамтраад ажиллая гэсэн санал тавихгүй байна уу?
– Би чинь одоо нас хэдтэй билээ, ард түмний өгсөн шагнал юу билээ, амьдрал, ажил хоёроос хуримтлуулсан туршлага нь юу билээ. Би тэгээд нэг газар ажилд оръё гээд явж байхгүй. Сүүлдээ бүр улсууд хоёр сар ажиллаад үзье гэж байна. Би ямар дөнгөж сургууль төгсөж очоод туршилтаар ажиллах гэж байгаа хүүхэд биш дээ. Инээд ч хүрэх шиг. Тэгээд тэвчихгүй телевиз үзээд, уур хүрээд л суугаад байна.

– Өнгөрсөн хугацаанд та өөрийн гэсэн хэв­лэл мэдээллийн байгуул­лагатай болчих боломж, нөхцөл байсан юм биш үү?. Энэ талаар бодож үзээгүй юм уу?
– Санаа байгаад сачий хүрэхгүй шүү дээ. Тэр мөнгө нь хаана байна? Халаас суй­лаад ч би мөнгө олохгүй ш дээ. Харин би өөрийнхтэйгээ нийлээд дөрвөн өрөө байшинд очиж нэг телевиз босгосон. Тэрийг бол нүүр бардам хэлнэ. “Одон” телевиз. На­майг хэн ч хөөж туугаагүй байхад би өргөдлөө өгөөд гарсан юм. Тэрнээс хойш буюу 03 сарын 24-нээс хойш тэр телевиз зогсоод, сая 8 сарын 11-нд нэр нь өөрчлөгдөөд гарахад контент байхгүй л байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэнэг биш, Монголын үндэс­ний телевиз намайг юманд сургасан нь хараг­даж байгаа юм. Өнөөдөр телевизийнхэн контент гээд аймаар юм яриад байгаа юм. Би тэрэнд нь ичээд байгаа. Контент гэ­дэг чинь бидний толгойд л байгаа ш дээ. Тэрнийг гаднаас худалдаж авах шаардлагагүй. Уран бүтээлчид хурал дээрээ шинэ санаа оноо­гоо ярилцаж, тэрийг нэвтрүү­лэг, уран бүтээл болгож хийхийг л контент гэж нэрлээд байгаа юм. Яасан ч гадаад үгэнд дуртай юм? Махчилбал, бүтээгдэхүүн.

Гаднаас 40 мянган дол­лараар худалдаж авлаа гэж бодоход мэргэжилтнүүд нь ирээд тайз дэлгэцийг нь хийж өгнө, дахиад мөнгө. Дараа нь ажиллах хүмүүсээ дахиад мөнгөөр цалинжуулна. Юу гэсэн үг юм бэ? Мөнгөтэй нь ху­далдаж авч болно оо. Гэхдээ монголчууд яагаад өөрсдөө сэтгэж бо­­лохгүй гэж? Яагаад монголчуудын тархи нь ажиллахаа байчихсан юм бэ? Монголын үндэсний теле­виз удахгүй 47 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Хэзээ тэд нар гаднаас кон­тент худалдаж авч бай­сан юм бэ? Өөрсдөө л хийдэг ш дээ. Би Монголын залуучуудыг ямар авьяас­тайг мэднэ. Өвөр­мон­голын залуучуудтай харьцуу­лахад өдөр, шөнө шиг ял­гаатай. Ийм авьяастай за­луу­чуудыг ажиллуулж чадах­гүй байж л гаднаас юм авна гээд л. Одоо удах­гүй яахын, 50 сая малаа гадаадынхнаар хариу­луулах юм уу, яахын? Гадаадынхан гэхээр л унаж үхчих гээд байх юм. За, яахав. Өр ширээ гаднаа тавьж, хөрөнгө оруулалтаа гаднаас авч болно. 47 жилийн телевизийн ур­лагийн түүхтэй улс байж гад­наас контент авна гэ­хээр л миний “шээс” гоожиж байгаа байхгүй юу. Нулимах бол юу ч биш.

– Үндэсний телевиз ч ялгаагүй үзэх олигтой нэвтрүүлэг алга гээд үзэгчид шүүмж­лээд л бай­даг ш дээ.
– Үндэсний олон нийтийн телевизээс С.Эрдэнийн нэвтрүүлгүүдийг л хү­мүүс үзэж байна. Ганц най­руулагч нь С.Эрдэнэ л байна ш дээ. Араас нь миний гараар орсон Эрдэнэчулуун байна. Тэрнээс биш сургууль соёл ч төгсөөгүй, ФМ-ийн хөтлөгч хийж байсан хүн дарга хийхээр наана нь байгаа архагууд нь удир­дуулах сонирхолгүй байна ш дээ. Юм болгонд шалтаг, шалтгаан байна ш дээ. Яагаад үндэсний телевизийг хүмүүс голж байна вэ гэхээр тэнд байгаа уран бүтээлч нарын буруу биш. Тэд нар хийж, бүтээж чаддаг. Хэсэг хүн байна л даа. Юу ч чадахгүй байж бүгдээрээ дарга болчихсон. Болохгүй бол “Би чамайг матна” гээд л айлгадаг нэг охин байна. Тэгэхээр нь нөгөө охиноос чинь айгаад дарга болгочихдог, тэгээд мэргэжлийн биш хүн. Өөрөө нэг нэвтрүүлэг монтажилж үзсэн бол өөр. Гэхдээ би нэг л юм хэлье. В.И.Ленин “Сур сур бас дахин сур” гэж хэлсэн байдаг. Тэгвэл миний байнга хэлдэг нэг үг бий. “Хорвоо дээр хамгийн амархан юм бол хүүхэд хийх, хүний хийсэн юмыг шүүмжлэх хоёр л байдаг юм” гэж. Аав ээж, ах эгчийн хэн нь ч зааж өгөөгүй байхад байгалийн жамаараа хүн хүүхэд хийгээд л гаргадаг. Гэтэл чам шиг гурван цагийн хар материалыг 30 минутын нэвтрүүлэг болгоод тавьчихсан байхад арчаагүй нэг найруулагчаас болоод эфир тасарч байна гэдэг асуудал хэний буруу вэ? Тэрийг харсан үзэгч, дарга хэн бэ? Би яагаад ингэж оршил ярив гэвэл чам шиг нэвтрүүлгийн ард ажиллаж үзээгүй хэрнээ үзэж суугаад шүүмжлэх маш амархан шүү дээ. Тийм учраас л хүний хий­сэн юмыг шүүмжлэх, хүүхэд хийх хоёр хамгийн амархан байдаг байхгүй юу? Бусад юм бүгд хэцүү. Өнөөдөр Монголд хариуцлага гэж юм байхгүй учраас л телевизийн урлаг ийм бай­гаа юм.

– Та үндэсний теле­визтэй яаж холбогдож бай­сан юм бэ?
– Би анх 1989 онд тэр үеийн үндэсний теле­визэд орж байлаа. Тэгэхэд тухайн үеийн акулууд байсан. Ёстой сайхан үед нь орсон, би маш их юм сурсан. Гэхдээ би чамайг ярилцлага авна гэхээр ичээд байна. 80 гарсан Амбасэлмаа гуай уран бүтээлээ хийгээд явж байхад 70 шахсан би ажил ч үгүй, амьтанд ад болоод л явж байна. Тэгээд ч “Маш нууц” сонинд надад маш нууцсаад байх зүйл бараг алга байна шүү дээ.

– Тэтгэврийн нас чинь тэртээ тэргүй өнгөр­чихсөн л юм байна ш дээ?
– Хөөе, авьяасанд тэт­гэвэр байдаггүй юм, за юу.

– Та тэгвэл “Хар цагаан”, “Нэг л биш ээ“, ”Төг­сөөгүй” зэрэг хэдэн нэвтрүүлгээ үндэсний телевизээр хийж болоо­гүй юм уу? Яах аргагүй тэр телевизээр хүмүүст хүрсэн болохоор одоо ч үзэгчид үндэсний теле­визээр л энэ нэвтрүүл­гүүдийг үзэх, овоглох сонирхолтой байдаг юм биш үү?
– Тэр тийм байж магад­гүй. “Илэн далангуй” нэвт­рүүлэг маань одоо хүртэл явж байна. ТМ телевизэд төрсөн нэвтрүүлэг маань. Хүмүүс хөөрхөн сайханд нь намайг харах гэсэндээ бус, хүнтэй сэтгэлээ нээж ярилцдаг болов уу гэж боддог байх. Залуу сэтгүүлчдээс тэрүүгээрээ ялгарч байгаа байх. Би сэтгүүлч биш шүү дээ. Чи өөрөө намайг сайн мэднэ. Даже, би найруулагч ч биш. Хүмүүс намайг ГО сэтгүүлч, ГО найруулагч гэхээр би ичдэг. Хэрвээ би боловсролтой, юм мэддэг байсан бол одооных шигээ байх болов уу. Би МҮОНТВ-ийн буянд өдий зэрэгтэй явж байна даа. Одоо бол миний найзууд та нар ш дээ. Та нар болоод та нараас залуухан охид, хөвгүүд байгаа.

Учир нь, би та нараас юм сурах гээд байна. Чи бол намайг сайн мэднэ. Би компьютер яаж асаадгийг ч мэдэхгүй. Дээрээс нь та нар надаас олон сувгаар мэдээлэл цуглуулж, авч чадаж байна. Би та бүхний тэр болгоныг ч сурах гэж байгаа хэрэг. Ийм учраас л би та нар шиг найз нартай байдаг юм. Миний үеийнхэн чинь нохойн гинж шиг том хүзүүний зүүлт зүүгээд, мөрөө өргөөд, костюм өмсчихөөд явдаг өлгүүр шиг юмнууд л байх юм. Би бол өөр хүн.

– “Боролдой” студийн Мягмар гуайг Монголын рекламны анхдагч, таныг теле­визийн эрэн сурвалжлах нэвтрүүлгийн анх­дагч гэж ярилцдаг. Тухайн үед цаг үеийнхээ хувьд, тэгээд үндэсний телевизээр эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийх боломж, санаа хоёр яаж төрж байв?
– “Хар цагаан” 1996 онд төрсөн нэвт­рүүлэг. Өмнө нь тийм эрэн сурвалжлах мате­риал сонинд л гарч байсан болохоос биш телевизээр гарч байгаагүй юм. Би хэсэг үндэс­ний телевизээс гараад буцаж ирэхдээ “Хар цагаан” нэвтрүүлгээ хийж эхэлсэн. Хүмүүс 25 дугаар телевизийг Монголын хам­гийн анхны хувийн телевиз гэж ярьдаг юм. Тийм биш ш дээ. Хамгийн анх “Тэнхлэг” гэж теле­виз байсан юм. Гавьяат Гарам-Очир гуайн телевиз. 1992 он гэсэн үг. Тэр үед надад хоёр сая төгрөгний цалин өгнө гэхээр нь би оччихсон юм. Монголын үндэсний телевиз намайг хөөгөөгүй байхад би тавхан төгрөгний төлөө тийшээ очсон юм.

– Сарын уу?
– Тийм.

– 1992 оны хоёр сая төгрөг гэдэг чинь юу вэ? Тухайн үедээ бол хэд хэдэн машины мөнгө байна ш дээ.
– Тэр чинь намайг үнэлж чадаж байна л гэсэн үг ш дээ. Нийтийн дуучид одоо сум хэсээд л дуулаад, мөнгө олоод байна. Тухайн үед эд нараас ялгаа нь юу байна аа. Яг л тэрэн шиг тэнд мөнгө өгье гэхээр нь би яваад оччихсон байхгүй юу. Тэгээд тэнд ажиллаж байгаад сан­хүү мөнгөнөөс болоод дампуурангуут нь ичсэн хүн хүн ална гэдэг шиг Эрдэнэт рүү явчихсан юм. Тэгээд буцаж 1996 онд Эр­дэнэтээс ирэхдээ “Хар цагаан” нэвтрүүлгээ хийж, МУСГЗ Гомбын Золжаргалтай хамтарч ажилласан даа. Энэ бүхнийг миний гавьяатын зарлиг дээр бичсэн байдаг юм. “Монголын теле­­визийн салбарт эрэн сурвалжлах сэтгүүл­зүйн үндсийг тавьсан…” хэмээн бичсэн байдаг юм.

– Баримтат нэвтрүүлэг, киногоор бас таныг мэргэшсэн гэж ярьдаг.
– Наадах чинь бол хэтрүүлэг. Баримтат киногоор Гомбын Золжаргалыг гүйцэх хүн байхгүй. Хүмүүс сүүлийн үед гайгүй баримтат нэвтрүүлэг хийчихээд тэрийгээ баримтат киноны формат гэж яриад байгаа. Баримтат кино гэдэг чинь өөрөө биеэ даасан том жанр. Хүмүүс хүний мөнгийг авахын тулд л сайн нэвтрүүлэг хийчихээд баримтат кино гээд байгаа юм. Миний нэвтрүүлгүүд бол ер нь баримттай. Хэн ч зүгээр шоронд орчихно гэж бодохгүй биз дээ. Шүүх дээр очиход эрэн сурвалжлах юм бол баримттайгаа байх хэрэгтэй. Яг 1996 онд бол би эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж байгаагаа өөрөө ч үнэндээ мэдэхгүй л байсан үе ш дээ.

Тэр үед асуудал дэвшүүлсэн маш хурц нэвтрүүлэг хийхээр хүмүүс сонирхдог, үздэг, гайхдаг байсан юм. Монголын үзэгчид гэвэл нэг нэвтрүүлгийг 10 хүнээс нэг нь зураглаачийн нүдээр, нэг нь сэтгүүлчийн нүдээр, нөгөөх нь найруулагчийн нүдээр үзэж байгаа бол үлдсэн долоо нь “За, Го.Бадарч өнөөдөр хэний хошногыг ухах гэж байна вэ?” гэж л үздэг байхгүй юу? Өнөөдөр Норовын Алтанхуяг юу ч хийхгүй байна гэж хүмүүс шүүмжилдэг. Гэхдээ цаана нь тэр хүн ажиллах гэж яаж чармайж байгааг хэн ч мэдэхгүй. Над шиг л хамаагүй “бурдаг” болохоос тэр чинь бас сайд шүү дээ. Өнөөдөр монголчууд тийм л байна. Нэг л их том том ярьсан нөхдүүд. Ярих нэг хэрэг, хийх нэг хэрэг. Би өөрөө их хатуу шаардлагатай хүн. Намайг хатуу шаардлагатай гээд л манай Золоо намайг ажлаас халж байсан даа.

– Тэр үед одоогийнх шиг авлигын хэрэг, газрын наймаа, цагаан захтнуудын хэрэг гэж хаалттай, байдаггүй байсан. Асуудал хөндөх гол сэдэв нь юу байв?
– Төрийн сангийн зээлээр маш олон цув­рал хийсэн. Албан тушаалтнууд төрийн сан­гийн зээлээр тоглоод хүүхдүүдээ гадаадад сур­га­чихсан асуудал байсан. Гадаадын өндөр төлбөртэй сургуульд сурсан албан тушаалтнуудын хүүхдүүд эргэж эх орондоо ир­дэггүй, төрөөс авсан зээлээ төлдөггүй. Ингэж төсвийн өчнөөн олон зуун сая төг­рөгөөр тоглосон. Одоо бол олон зуун сая төгрөг гуляшны мөнгө шиг сонсогддог болж. Тухайн үед бол маш их мөнгө байсан гэхчлэн олон сэдэв байсан. Ер нь бол сэдэв ерөөсөө багаддагүй ш дээ. Тухайн үед тусгай программтай компьютерээр бүхий л өвчнийг оношилдог гэсэн зар тараагаад, нас насанд нийтлэг тохиолддог өвчнийг оношилж байгаа нэртэй 50-иас дээш насныханд даралт ихэддэг гэхчлэн луйвар хийж байсныг нэвтрүүлэг болгоод би зөвдөж байсан ч удаатай.

– Улс төрчид, хувь хүмүүс, бизнесийнх­нээс дарамт шахалт их ирдэг байсан байх даа.
– Хүмүүс л нэг их сүртэй ярьдаг болохоос биш тэгтлээ их дарамт шахалт ч байгаагүй. Гэхдээ би Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед долоон сар төрийн хамгаалалтад хоригдож үзсээн. /Бодолхийлэв/

– Яагаад?
– Гүнтийн буудалцаанаас болоод. Манай орцны гэрлийг таслаад, ажил дээр бөөн асуудал болоход ажлынхан намайг хэлсэн юм шиг байгаа юм. Одоо бол Төрийн тусгай хамгаалалтын газар болчихсон ш дээ. Тэр үед Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс гэж байсан юм. Одоо генерал “шанага” Ганболд удирддаг байсан юм. Тэд нар намайг тэгж нэг хамгаалсан юм.

– Юунаас болоод гэдгээ та өөрөө мэдэж байсан биз дээ?
– Одоо яахын бэ? Тэрийг ярилаа гээд. Би угаасаа мэддэг юм. Гэхдээ би ярьдаггүй. Одоо бол хүн зүв зүгээр мартчихсан явж байхад нь би худлаа дүвчигнэж уурыг нь хүргээд яахав дээ. Надад одоо ганц л хүсэл байна. Би намуухан амьдармаар байна. Гэхдээ зарчимгүй юмтай эвлэрч чаддаггүй болохоор заримдаа тэвчиж чадахгүй юм.

– Одоо зүгээр сууж байдаг, дотроо хийх хүсэлтэй байдаг. Тэр чинь таныг намуухан амьдруулж чадахгүй юм биш үү?
– Би наадахтай чинь санал нийлж байна. Нэг жишээ хэлэхэд, “Чи наад тамхиа больчих оо” гэж хэлэхэд болих нэгэн байхад болихгүй нэг нь байна. Өнөөдөр миний зовлонг сууж байгаа кафегийнхан хүртэл ойлгоод үнсний сав гаргаж өгөөд тамхи татуулж байна ш дээ. Тэр Хонгор сум байна. Тухайн үед С.Баяр сайд байхдаа шинжлээд л хоргүй гэсэн. Ирээдүйд тэрний хариуцлагыг хэн хүлээх юм? Миний харж байгаагаар 16 хүүхдийн хүүхдүүд яахав? Ийм ийм асуудал байгаа болохоор би зүгээр сууж чадахгүй байгаа юм.

– Түрүүн та Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед долоон сар хамгаалалтад байсан гэлээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед Соёлын гавьяат болсон. П.Очирбатын үед олны танил болсон. Ц.Элбэгдорж Ерөн­хийлөгчийн үед… гэгчлэнгээр дөрвөн Ерөн­хий­лөгчийн үед хийсэн ажлаараа хараанд нь өртчихөөд байгаа юм шиг тийм мөчлөг надад харагдаад байна?
– /Инээв/ Юу нь сонин байгаа юм бэ? Нэг үг санаанд орж байна. Чингисийн хэлсэн үг байх. Гэхдээ би яг зөв хэлж чадахгүй байна. “Хаан сайн бол төр сайн, хатан сайн бол хаан сайн, төр сайн бол харц ард сайн” гэдэг юм гэнэ лээ. Чиний асуултыг нөгөө талаас нь харвал Ерөнхийлөгч болгоны үед л та халууны шилний мөнгөн ус шиг яваад байх юм аа гэж чи хэлж байна ш дээ. Саяхан намайг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маш том шүүмжилсэн ш дээ. Саяын тэр дуулиантай нэвтрүүлгээс болоод “Хэнээр, хэний бодлогыг сурталчлуулаад байна вэ?” гэдэг үг чинь надад зориулсан үг байхгүй юу. Цус шинжилсэн нэвтрүүлэг хийлээ гэсэн. Ерөнхийлөгч мартчихсан л байна. Анх 2009 онд цус шинжилсэн нэвтрүүлэг гарсан ш дээ. Цахиагийн Элбэгдорж Шинжааны Хятадын эрлийз гэдэг нэвтрүүлэг гарсан ш дээ. Чи санаж байна уу? “Илэн далангуй” нэвтрүүлгээр би Ерөнхийлөгчийг өмөөрч байсан. Яагаад гэвэл би өөрөө хятадын хүүхэд. Би тэр зовлонг үзсэн хүн шүү дээ. Яахав, би үгний хойноос үг хэлж хүнтэй мөчөөрхөөд яахав дээ. Болдогсон бол би 40 настай болох юмсан. Тэгвэл би чиний хэлдгээр телевиз, ядахдаа студи байгуулах байсан юм.

– Н.Энхбаяр Ерөнхийлөгч таныг Монгол Улсын Соёлын гавьяат цолтой бол­гож зарлиг гаргасан. Та Монголын гавьяатуудын дундаас хятад аавтай гэдгээ зарласан анхны хүн болсон.
– Хүмүүс намайг бараг л Н.Энхбаярт мөнгө өгөөд гавьяат болчихсон мэтээр ярьдаг юм. Би хэлээд өгье. Ингэсэн юм гэнэ лээ. Юу болсныг надад манай телевизийн нэг редактор охин ярьсан юм. Одоо л би ярьж байна. Хэн нэгнийг шагналд тодорхойлвол араас нь хэн нэг хүн явдаг юм байна. Чамайг тодорхойлсон бол морь уясан гээд араас нь явдаг жишиг байдаг юм байна. Тэр жишгээр Алтан гадаст тодорхойлсон хүнийхээ араас явж байтал тэр нэг хурал дээр нэг нь Го танай телевизийн салхийг хагалсан шүү, танай Го-д гавьяат өгөх гэсэн чинь “Го.Бадарчид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болно биз дээ?” гэсэн гэнэ лээ. Тэр ярианы амьд гэрч нь одоо байгаа шүү. Гэтэл нөгөө нэг нөхөр нь босоод “Дарга аа, ийм овог нэртэй хүнд гавьяат өгчихвөл таны хүндэд харшилна” гэтэл Н.Энхбаяр дарга “Тэр хэний хэн бэ гэж шагнадаггүй юм аа. Төр хэн, юу хийв ээ гэж шагнадаг юм” гэж хэлсэн юм билээ. Тэгэхээр би тэр хүнд баярлахгүй яахын бэ? Би худалдаж авсан улсуудтай адилхан пээдийдэггүй. Би гавьяат гэдгээ мартаад л монтажаа ч хүүхдүүдтэй хамт хийгээд явах үед байдаг. Өнөөдөр бид нараас хойно төрсөн, бараг чамаас хойно төрсөн хүн хүнд юу гэж мэргэжлийн хэллэг хэлэхээ мэдэхгүй байж зангиа зүүчихээд, телевизийн захирал хийгээд явж л байна ш дээ.

– Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг хоригдох хуга­цаанд уулзав уу? Түүний хэргийн талаар яаж хүлээж авсан бэ?
– Би байгаагүй, урд байсан. Хөх хотод “Одон” телевизэд ажиллаж байлаа. Нэг өдөр телевизийн хашаа руу орж явтал нэг өвөрмонгол охин “Ба багш аа, юм үзүүлье” гээд болдоггүй. Би нэвтрүүлгээ дуусгачихсан л юм байх гэж бодлоо. Гэтэл сүлжээнд нэг юм байна гээд болдоггүй. Сүлжээ гэдэг нь интернэтийг хэлж байгаа юм. Тэгээд би өрөөнд нь ортол “Танай улс тэргүүлэгчээ барьсан” гээд л нөгөөдүүл чинь. Тэгээд хөөрхийг хөлийг нь гозолзуулаад бариад явж байгаа бичлэг байсан. Тийм том юмыг нэг юу ч мэдэхгүй охиноор тэгж хэлүүлэх чинь ёстой ширээ шаамаар санагддаг юм байна лээ. Хэрвээ би энд байдаг шигээ хашгичаад, ширээ шаавал тэнд чинь хүмүүсийн идэш болно ш дээ.

Тийм учраас би зүв зүгээр гараад явчихсан. Гэхдээ дотроо бол маш их бухимдсан, юун шээс гоожих манатай болдог юм билээ. Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй гэдгийн жишээ л энэ байхгүй юу. Би “Намбарын Энхбаяр 145 сая доллар идсэн” гэдэг нэвтрүүлэг хийж байсан хүн. Дараа нь би түүнээс шагнал авч байхдаа миний нүүр гэдэг чинь румын мебель гээд улаан хүрэн мебель байсан даа, яг л тийм хүрэн юм болсон доо. Надад юу хэлж байгаа нь ч мэдэгдэхгүй, тэр хүн итгээд надад асар том хариуцлага хүлээлгэсэн. Мэдээж, төр цаана нь байгаа л даа. Шагнал гэдэг чинь юм үзээгүй хүмүүст гоё байдаг байхгүй юу. Харин чадлаараа авсан хүмүүст бол хариуцлага байдаг юм.

Ийнхүү ярилцаж байгаад бидний ярилц­лага хэсэг завсарлав. Түүнийг Өвөрмонголд ажиллаж байхад Ар Монголын тагнуул хэ­мээн зарим нэг хүмүүс шүүмжилж байсан бололтой. Зарим материал байна билээ. Гэвч энэ бүхэн бидний дунд яриа болон өрнөсөн юм. Го… миний мэдэхийн 30 гаруй нэвтрүүлгийн зохиогчийн эрхийг эзэмшдэг бөгөөд “Тэр нэвт­рүүлгүүдээ цүнхэндээ илжрүүлэхгүй биз дээ?” гэсэн асуултад хариулахын тулд хэсэг материалуудыг сонирхуулж харуулав. Түүнийг Өвөрмонголын өөртөө засах орны “Одон” телевизэд урилгаар ажилласныг зарим хүмүүс Хятадын иргэншил авах гэж явсан мэтээр гүтгэжээ. Харин тэрбээр “Одон” телевизээс өөрийг нь урьсан урилгыг тухайн үед ямар нэвтрүүлэг санаачилж, тухайн теле­визийн үйл ажиллагаа доголдолтой хэрхэн тэмцэж, мөн шүүмжилсэн тухайгаа бүгдийг баримт сэлттэй нь дэлгэн харуулж уран бүтээлийн яриа дэлгэсэн юм.

Нэвтрүүлгийн зохиол, санаанаас гадна Го.Бадарч гуайд нэр өгөх, мөн шүлэг зохиох багагүй авьяас байдаг юм. Гэвч өөрөө түү­нийгээ олонд дэлгэхээс ичдэг гэсэн. Түүнд мөн бага зэргийн сэргэлэн ч гэх юм уу зальжин зан бий. Хоёр жил хамт нэвтрүүлгийнх нь редактороор ажилласан болохоор энэ бүх занг нь хэнээс ч илүү сайн мэддэг юм. Ингээд түүний найзыгаа мэхэлж, найраглал бичсэн дурсамжуудаас хуваалцахаар шийдсэн юм. Байнга хар кофе ууж, тамхи баагиулдаг Го.Бадарч гэх энэ хүнийг бид хүндэлсэндээ ч юм уу, залхуурсандаа ч юм уу мэдэхгүй Бадарч гуай ч гэхгүй, өнөөх нэр муутай гэг­дэх хятад овгоор нь “Го” гээд л дуудаж орхидог. Санаа ч зовохгүй, өөрөө түүндээ ба­раг дасал болчихож дээ…

– Дахиад ганц нэг шүлэг бичжээ. Та нэмж дуу хуур хийж байна уу?
– Сая нэг хэдэн шүлэг Пүрэвдоржид өгсөөн. Ая хийж байгаа байх. Миний дуунуудаас “Соёл-Эрдэнэ” хэдэн дуу дуулсан. “Харанга” хамтлаг “Шивнээ” гээд дуу дуулсан байдаг. Гэхдээ энэ талаар яривал зарим хүмүүс дооглоод, цомгоо гаргах гэж байна гээд онигоонд оруулна аа, яршиг.

– Энэ материалуудыг харахад та “Одон” телевизэд бас л багагүй шүүмжлэл хийжээ.
– Би хаана ч хуурмаг явдаггүй шүү. Тэд­нийхээр маш олон худлаа эмний сурталчилгаа явдаг байсныг би болиулсан. Манай гурван сая монголчуудын тал нь танай худлаа эмний рекламнаас болж хуурамч эм авах гэж Өвөрмонголд ирж байна гэсээр байгаад болиулсан ш дээ.

– Та урилгаар очсон байж “Одон”-д ажил­лаж байхгүй яагаад Монголдоо буцаад ирсэн юм бэ?
– “Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэж үг мэдэх үү? Утаатай ч гэсэн Улаанбаатар санагдаад байдаг шүү. Би уул нь эхнэртэйгээ таван өрөө байшинд жаргаж л байлаа.

– Монголд “Одон” телевизийг байгуул­лаа. Гэтэл Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нарынх байсан. Улс төрийн харьяаны хүний телевизэд байх хэцүү байсан юм уу? Яагаад больчихов?
– Би тэндээс өөрөө явсан. Намайг хэн ч явуулаагүй. Тэр улс төр, намын харьяаны телевиз ямар байхыг би мэдэхгүй, би өөрийнхөөрөө байсан. Хамгийн сайхан зүйл нь Т.Баясгалан гавьяат хаа очиж миний ажилд хөндлөнгөөс ордоггүй байсан. Хамгийн гол нь кёкүшюзан нэг өглөө ирээд “Ардын намаас ч залгаад, Ардчилсан намаас ч залгаад ёстой хэцүү юм аа” гэж байсан. Тэгээд намайг дуртай гаргасан ш дээ. Хамгийн муухай нь хүн сайн ажиллахаар араас муулаад л хов жив яриад л их арчаагүй юм. Ер нь сүүлийн үед хараад байхад манай Монголын эрчүүд, залуучууд их эмэгтэйлэг болчихсон юм байна ш дээ. Аймаар ховч. Т.Баясгалан гавьяатад очиж олон юм яриад л, тэглээ гээд надад хандах хандлага нь өөр болоогүй л дээ. Тийм зан гаргаж байгаа эрчүүд л утгагүй байхгүй юу даа.

– Та бид нарыг загнахдаа би Монголд бол хятад хүн. Хятад руугаа явчихна гээд л ярьдаг байсан ш дээ?
–  Үнэн ш дээ.

– Өвөрмонголчууд тэгээд таныг үхэр монгол гэж байна уу? Юу гэж байна?
– Юу гэхэв дээ. Ба багш аа гээд л худлаа долигоноод байдаг байсан. “Москва нулимсанд дургүй” гэж киног мэднэ биз дээ? Тэр кинон дээр ирээдүйд телевизийн урлаг л үлдэнэ гэж хэлсэн байдаг. Үнэхээр телевизэд дуу, бүжиг, шүлэг бүх юм байна. Энэ урлагийг сайн хийх ёстой. Телевиз хүнээр дутдаг байхгүй юу. Нэг хэсэг үндэсний телевиз Гүрээгээр дутаж байсан ш дээ. Морь тайлбарлах хүн байхгүй яав? Дараачийн хүн нь гараад ирсэн л дээ. Одоо тэр Гантулга байна. Олон улсын тоймч. Хэдий ядаргаатай ярьдаг ч тэр хүн олон улсын тоймыг яаж хийж байна? Танай ETV-д Отгон, Баярмаа, Бүжинлхам та дөрөв бол тоймыг маш сайн хийж байна. Ийглээс акул нь Жаргалмаа, Төгсжаргал, Болормаа, Онон, манай Золбаяр гээд сайн сайн хүүхдүүд гарч ирж байна. Гэхдээ ярилцлага гэхээр л хүн авчирч суулгаад байцаагаад байна. Энэ бол урлаг биш шүү.

– Та сэтгүүлч биш гэдгээ хэллээ. Гэтэл таны хийсэн нэвтрүүлгийг сэтгүүлзүйн багш нар хичээл дээрээ үзүүлээд жишээ авдаг юм. Та яагаад сэтгүүлзүйг сэтгүүлчдээс илүү мэддэг юм бэ?
– Би үндэсний телевизэд Гомбын Золжаргал­тай 22 жил мөр зэрэгцэж, салаагүй ажилласан. Би тэр хүнээс асар их юм сурсан. Бид хоёр Солонгост томилолтоор ажиллаад өглөө нь ирээд, өдөр нь Золоо ДОХ гарсан нэг орон руу санагдаж байна, зөвлөгөөнд явсан юм. Тэгэхэд нь би үлдээд ирэхэд нь найман цуврал нэвтрүүлгээ хийчихсэн байсан. Тэрийг хү­мүүс баримтат кино гэж ярьдаг юм. Би их ичдэг.

– Нөгөө нэг солонгос хүнтэй суусан монгол хүүхэн, Солонгост ажиллаж байгаа монголчуудын талаарх нэвтрүүлэг мөн үү?
– Тийм ээ, тийм. Нохой хамартаа тула­хаар усч гэж, цагаа тулахаар тэгээд л бол­дог юм. Би үргэлж эцэг, эхийнхээ нэрийг хугал­чих­гүй юмсан гэж бодож, хичээж явдаг юм. Хоёрдугаарт, би намайг итгэж телевизэд авсан Дугарын Жаргал, Цэрэннадмидын Пунсаа, Зоригийн Алтай, Өлзийхишигийн Нарангэрэл гэсэн дөрвөн хүний итгэлийг хэзээ ч алдахгүй юм­сан гэж боддог. Намайг үзэл суртлын бай­гуул­лага хятад аавтай гээд ажилд авахгүй бай­хад тэр дөрвөн хүн хөөцөлдсөөр байгаад Д.Жаргал дарга шийдвэр гаргаад авч байсан юм ш дээ.

– Тэрнээс өмнө та бүжигчин байсан гэсэн. Төмөр замын соёлын ордонд ажиллаж байсан гэл үү?
– Хөөш, би байна ш дээ. Хийж үзээгүй ажил гэж байхгүй. Би вагон цэвэрлэж байсан, вокзалын талбайг мэдэх үү? Галт тэрэгний зам, вокзал хоёрын хооронд байдаг талбай, тэрнийг цэвэрлэдэг байсан. Би амьдралын их юм үзсээн. Ад болж байлаа. Тэр болгоныг яриад яахав дээ.

– Өнөөдөр та бидэнтэй уулзахдаа ган­ган чигээрээ л ирлээ. 70 хүрч яваа хүн байнгын жийнс өмсөх хэцүү биш үү? Хэдэн жийнстэй вэ? Сүүлд тоолов уу?
– Тоолсоон, тоолсон. Одоо надад 32 ширхэг жийнсэн өмд байгаа.

– Яагаад үүнийг асуув гэхээр таны босоо жийнс найздаа зарсан онигоо бай­даг. Түрүүн ажилд авсан гэж ярьсан Ө.Нарангэрэл дарга худалдан авагч нь байсан гэл үү?
– /Инээв/ Би найзыгаа маллачихаад тэр үедээ л мөнгөтэй болж байсан юм. Тэр үед босоо жийнс моодонд байлаа. Би хоёр давхар даалимбаар өмд хийгээд, бүх хивсний ард талд цардахын цагаан гэж цавуу түрхдэг байлаа. Тэр цавуунд нөгөө даалимбан өмдөө хийж хатаагаад, Ө.Нарангэрэлийг ирэхэд ор­ны­хоо хажууд зогсоочихсон, хөөрхий Ө.Нарангэрэл 180 төгрөгөөр худалдаж аваад явж билээ. Тэр явдлыг Ө.Нарангэрэл миний гавьяатын найран дээр ярьж намайг онигоонд оруулаад, би өөрийнх нь гавьяатын найран дээр хос “Монтана” аваачиж бэлэглэн өрөө цайруулаад, нэрээ цэвэрлэж билээ. 1972 онд тийм явдал болсон. Мань эр Багшийн дээдийн кино драмын ангид байсан юм.

– Таны хүзүүнд лууны зүүлт, бөгж, утсанд адилхан луутай гоёл байна. Хя­тадууд лууг шүтдэг биз дээ?
– Би хүн болгоноос айгаад ямар үхрийн толгой зүүлтэй нь биш дээ. Хэрэв тэгвэл хүмүүс монголчуудыг доромжилж байна гээд намайг зодно биз дээ. Ийм л юм. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу, шившлэгтэй, намайг хам­гаалдаг л юм гэсэн ш дээ.

– Та лам дээр очиж байсан уу? Таныг засал номонд итгэдэг гэж бодохоор…
– Би ямар 18-тай залуу биш дээ. Нас явахаар хүн чинь угаасаа сүсэг бишрэлтэй болдог юм. Цагаа тулахаар лам дээр ч хүртэл очдог. Ялангуяа над шиг ийм олон дайсантай хүн засал ном ч хийлгэх хэрэгтэй. Би зүв зүгээр байж байгаад дайсантай болчихдог ш дээ. Одоо Байгаль, Тэгшээ чи, Золоо гээд ч юм уу хэдхээн хүн л намайг ойлгодог юм ш дээ. Хүн өөрийн гэсэн үзэл бодолтой, тэр үзэл бодолдоо л үнэнч байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгэхгүй бол халууны шилний мөнгөн ус шиг нэгийг дагаж гүйгээд, дараа нь дахиад нөгөөхийг дагаж гүйгээд байх чинь утгагүй. Тэр чинь л хов жив болдог байхгүй юу?

– Та түрүүн авьяас тэтгэвэрт гардаггүй гэж байсан. Цаашдаа юу хийе гэж бодож байна вэ? Бодсон зүйл байгаа л байх.
– Би ямар гуйлтай нь биш. Санаа нийлэх гэж байна ш дээ, тийм ээ. Монголоор нэг углуурга нь нийлвэл энэ хулгайчаас авах юм бий шүү гээд итгээд аваачаад ажил хийлгэвэл би цэвэрлэгчээс нь эхлээд даргыг нь хүртэл хийнэ. Юу ч мэдэхгүй амьтан миний дээр дарга суувал инээд хүрнэ биз дээ.

– Улс төртэй хутгалдахгүй гэдгийн хувьд… 2016 оны сонгуулийн ажил бараг л эхэлчихлээ. Энэ тал дээр ажлын санал ирвэл яах вэ? Сая дуулиан дэгдээсэн “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн далд санаа нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ч гэж хардаж болохоор байлаа ш дээ?
– Тэр нэвтрүүлгийн талаар ярихгүй. Харин сонгуульд бол хулхиддаггүй хулгайч таарвал хамтарна. Ардын нам шиг 150 сая төгрөг өгнө гэж баахан юм хийлгэчихээд хулхидчихвал яах вэ? Тийм юм бол болвол хэцүү ш дээ.

– 150 сая гэдэг чинь бага мөнгө биш. Ядаж л байр болно. Нөгөө талаас МАН санхүүгийн гэмт хэрэг хийсэн байна ш дээ. Яагаад тэр мөнгөө тэгээд авахгүй, хөөцөлдөхгүй байгаа юм бэ?
– Би дахиж харваад яахав дээ. Хэдэн ч удаа нам дээр нь очсон. Гантулга дарга нь бусад даргатайгаа байсан. Тэгсэн хэрнээ мөнгөө өгөөгүй. Тэгээд хаясан. Ингэхэд улс төр ярихгүй, хүн ярихгүй гэсэн, ярианы сэдэв өөрөө явсаар байгаад улс төр рүү ороод байгаа биз? Тэгэхээр одоо больё.

– Зав гаргасанд баярлалаа.

Эх сурвалж: Маш нууц сонин

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (September 14, 2014 5:30:52 pm )

    kkkkk Hunii amidral hogjltei bas berhsheeltei. Zuultnii asuult ba hariult mash ineedtei bailaa. Urt naslaarai bas hogjiltoi baigaarai jinsnii naimaachin mini. kkkk

  • taivan bai (September 16, 2014 12:39:23 am )

    Ajil ajil geed biee haihrahgui orhij dee.daralt ihesdeg hun er ni uuriigee albaar taivan bailgah heregtei l yum shig b.a lee. Heterhii shudarga,teriigee shuud ilerhiildeg humuust daisan olon bailgui yahav.unen ug helsen hund hun ushtei gej.za tegeed zugeer suuj taivan baina gedeg tiim sh amar bish,barag tolgoigoo ajilluulahgui b.a l gesen ug.uuruur helbel idevhigui bolnoo l gesen ug.tegeheer heseghen hugatcaand ch bolov bie setgelee amraaj baigaad ajillaad baival yasiin.hurdan edgeerei.amjilt husie.demjdeg shuu.

  • huts (September 17, 2014 3:23:19 am )

    huts

antalya rent a car