Төр, хувийн хэвшлийн бизнесийн дээрэмчин үү гэж албаныхнаас асуумаар санагдах юм. Учир нь хувийн хэвшлийн компаниуд арайхийн хөл дээрээ тогтож олон хүнийг ажлын байраар хангаж төрийн өмнөөс нуруундаа хүнд ачаа үүрч яваа гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх.
Товчхондоо төр бизнесийн салбарынхныг “Баялаг бүтээгчид” гэж их гоёор тодотгодог мөртлөө эргээд хамгийн их дарамт, шахалт үзүүлдэг.
Өөрөөр хэлбэл тэд баялаг бүтээснийхээ төлөө бусдаас илүү бэрхшээлтэй тулгардаг бизнесийн салбарынханд улам л их дарамт ирэх болсон нь нууц биш. Тухайлбал төр “Номин холдинг” ХХК- ийн “Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байрыг төрийн тусгай хамгаалалтад буцаан авч байсан .
Энэхүү шийдвэрийг тус компанийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан ихэд эсэргүүцэж ийнхүү ярьж байсан юм.
Тэрбээр “Төр хувийн хэвшлийг хэтэрхий дарамталж байна”, “Та нар нэг байр нэг жилийн гэрээ хийж түрээслээд төлбөрийг нь 3, 3 сараар нь хийгээд явж байтал сүүлийн гурван сарын мөнгийг авчихаад түрээсийн хугацаа болоогүй байхад эзэн нь юмаа мэдэж байна гээд та нарыг хөөгөөд эхэлбэл яах уу.
Дээрээс нь байр сулла гээд тог усыг чинь таслаад байвал яах уу? За гаръя гэлээ тэгвэл урдчилаад төлсөн мөнгийг чинь буцаахгүй гэвэл яах уу? Сайн бод. Хэн ч уурлана. Тэр татвар, хувийн хэвшил энд хамаагүй. Төлсөн төлбөрийг нь авч үлдээд байраа авчихаад удахгүй болох хувьчлалаар нэг хүн хувьчилж авах гэсэн оролдлого. Хувьчлалын талаар ард иргэд мэдэж байгаа юу? Эсвэл хэдэн эрх мэдэлтэн далдуур хэдэн байшин хувийн хэвшилдээ авах гэж байна уу”,
“Ер нь ашиг хонжоо хайдаг, наймаачин, ганзагачин гэж элдвээрээ хэлүүлсээр өдийг хүрсэн хувийн хэвшлийнхэн, бизнесийнхэн л энэ төрийг тэжээж яваа шүү дээ. Төр гэсэн том нэрний ард нуугдсан хүмүүс бас арай биш ээ.
Ямар ч гэрээг цуцлахад эхлээд үндэслэл байх хэрэгтэй. Цуцлах бүүр эцсийн үйлдэл. Тэрнээс өмнө гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулаад явах боломж байсан л байх. Ингээд ирэхээр л нөгөө төр хувийн хэвшлийн түншлэл гэдэгт итгэх арга алга даа” хэмээн мэдэгдэж байсан.
Өөрөөр хэлбэл эдийн засгийн энэ хүнд цаг үед хувийн хэвшлийнхэн өөрийн гэсэн сэргээш хэрэглэж дархлаатай үлдэж чаддагаараа ихээхэн онцлогтой. Гэтэл төрийн нэрийг барьсан зарим нэг албан хаагч хувийн хэвшлийнхнийг илт дарамталж хууль хүчний байгууллагаар айлгасаар байна.
Тодруулбал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Улсын ахлах байцаагч П.Бат-Эрдэнэ “Да хүрээ” захын удирдлагуудыг “Ирэх сарын 10-н гэхэд захыг бидний нэрлэж заншсан 22-ын товчоо руу нүүлгэхгүй бол цагдаагийн хүчийг ашиглаж албадан гаргах болно” гэж ам мэдэн аашилсан байх юм. Уг нь төрийн албан хаагч хаана ч очсон хүчний байгууллагын нэрийг урдаа барьж хүмүүсийг айлгах ёсгүй.
Гэтэл олон хүнийг өчнөөн жил тэжээж ар гэрийг нь хоолоор залгуулж яваа хувийн хэвшлийнхнийг ингэж дарамтлах нь төрийн албан хаагчид байх ёстой ёс зүйн хэм хэмжээ юу гэж дахиад л МХЕГ-ын дарга Д.Батмөнх таниас асуумаар байна.
Мэдээж төр өөрсдийн явуулж буй бодлогыг хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Гэтэл 22-ын товчоонд байрлах тэдний барихаар зэхэж буй “Авто худалдааны цогцолбор” нь бэлэн болсон уу гэвэл үгүй.
Өөрөөр хэлбэл тус товчооны урд байрлах 130 га талбайд маш их асуудал байгааг хүн бүхэн мэднэ. Уг талбайгаас нэг километр хүрэхгүй зайд Туул гол урсч байгаа.
Товчхондоо хотын хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах гэж нүүлгэж буй авто худалдааны төв нь нийслэлчүүдийн ундны усны ундарга болсон Туул голд заналхийлж буйг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Улсын ахлах байцаагч П.Бат-Эрдэнэ мэдсэн юм болов уу.
Эхлээд энэ асуудлаа шийдэж байж хувийн хэвшлийнхэнд аархсан бол тэр их гоё харагдах байсан. П.Бат-Эрдэнэ дарга шинээр барих гэж буй “Авто худалдааны цогцолбор”-ын талбайд биеэрээ очиж үзсэн болов уу гэж захын түрээслэгчид хэлж байсан.
Харин энэ талаар албаныхан хэлэхдээ “Авто машинууд цементэн талбай дээр байрлах болохоор хөрсөнд ямар нэг хоргүй” гэсэн тайлбар өгч байх юм. Угтаа бол 15 мянган орчим зогсоолд зогсох машины утаа агаар бохирдуулахгүй гэсэн үгтэй агаар нэг юм. Аль эсвэл тэнд байгаа машинуудыг ерөөсөө асаахгүй гэсэн бодлого баримталж байгаа юм болов уу гэж ойлгохоор байгаа юм.
Ингээд “Да хүрээ” захын түрээслэгч Д.Мөнхбаатар “Би “Да хүрээ” захад есөн жил ажиллаж байна. Ер нь төр хувийн хэвшлийнхнийг ингэж боомилох хэрэг байна уу. Бид төрөөс гуйхгүйгээр өөрөө өөрсдийгөө болгоод явж байгаа хүмүүс. Харин ч улс бидний татвар төлсөн мөнгөөр амь зогоож байгаа гэдгийг энд байгаа бүх хүмүүс хэлэх байх.
Тэгээд ч энэ зах бидний амьдралын эх үүсвэр учраас бэлэн болоогүй хотын зах руу хэн нүүхийг бодох юм бэ. Бид нүүлгэхийг дэмжихгүй. Тав арван төгрөгийн ашиг харж л энд зогсдог. Иймээс өдрийн турш хүн хүлээж суух бодолгүй байна. Манай захыг нүүлгэвэл дагаж нүүх хүн үгүй байх.
Тиймээс олон хүн ажлын байргүй болж олон айл гэр хохирно гэдгийг яагаад энэ төрийн толгойд суусан хүмүүс нь ойлгохгүй байна вэ. Өчигдөр байцаагч гэж нэг хүн ирээд биднийг цагдаагаар айлгаж хүч хэрэглэнэ шүү гэж хэлж байгаад явсан. Энэ арай дэндэж байна аа. Төр ядарсан иргэдээ тохуурхах хэрэг байна уу.
Үүнээс гадна манай түрээслэгчдийн зарим нь аль хэдийнэ зам дагуу газар худалдаж аваад, авто сэлбэг, засварын шинэ газар ажиллуулах болсон. Тэд хотод үлдвэл жижиг зах олон болохоос гадна газрын үнэ өснө” гэлээ.
Бид “Да” хүрээ захын орчин тойронг ажиглахад зохион байгуулалт сайтай, авто худалдааны төв гэхэд цэвэрхэн харагдсан. Тус зах нь байгуулагдаад 20 гаруй жил болж буй ч захад гэрээтэй 600, нийт 5000 гаруй түрээслэгч ажиллаж амь амьдралаа энэ захаас л залгуулдаг байна.
Түрээслэгчдийн олонх нь Баянзүрх дүүргийн 8, 9, 17, 24 дүгээр хороонд амьдардаг аж. Иймээс техникийн захууд хотын зах руу шилжвэл дагаж нүүхгүй гэж түрээслэгчдийн 70 гаруй хувь нь хэлж байсан юм.
Юутай ч захын түрээслэгчид төрийн энэхүү шийдвэрийг ихээхэн буруушааж бухимдангуй байсан юм. Тэгээд ч бэлэн болоогүй хов хоосон “Авто худалдааны цогцолбор”-т одоогоор ямар ч хөрөнгө оруулагч байхгүй нь үнэний ортой.
“Да хүрээ” зах бол Шар хадны эцэст байдаг. Эл газарт ямар ч дулааны төвийн шугам байхгүй гэдгийг бид бүхэн мэднэ. Уг нь “Да хүрээ” зах хотын зүүн захад байрладаг.
Эл зах нь замын түгжрэл үүсгэж агаарын бохирдолд муугаар нөлөөлөхгүй баймаар санагдах юм. Тиймээс төр хувийн хэвшлийнхэнд бизнесийн таатай орчин бүрдүүлж тэднээс татвар авахын тулд арай уян хатан хандах ёстой гэдгийг хэлэх нь зүйн хэрэг.
Түүнчлэн өнгөрсөн мягмар гарагт автомашины ченжүүд Хотын дарга Э.Бат-Үүлтэй тэмцэхээ илэрхийлсэн.
Яг үнэндээ хувиараа бизнес хийж улсдаа хил гаалиас өгсүүлээд, орлогын татвараа төлж буй олон мянган иргэдээ ийнхүү хөөж тууж байгаа нь шударга ардчилсан нийгэмд байх ёсгүй зүйлийн нэг.
Эцэст нь хэлэхэд “Төр бэлэн биш байж хувиараа бизнес эрхлэгчдийг ингэж дарамтлах хэрэг байна уу” гэж захын түрээслэгчид биднээр үг дайн өгүүлсэн юм.
Ямартай ч өнөөдөр “Да хүрээ” захыг хууль хяналтын байгууллагаар дайлайлган хөөж байгаа ч дараагийн ээлжинд “Өгөөмөр” зах байхыг үгүйсгэх аргагүй юм.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.