Энэ бол Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Долгорсүрэнгийн Дагвадорж юм. Харийн оронд төдийгүй дэлхий дахинд эх орныхоо нэрийг гаргаж чадсан энэ хүчтэний амьдралыг товчхон өгүүлсэн зургийн цомгийг таалан үзэж болгооно уу.
Ах дүү дөрөв: Улсын заан Д.Долгорсүрэнгийх дөрвөн хүүтэй, нэг охинтой. Бага хүү Д.Дагвадоржийг 1980 оны 9-р сарын 27-нд өлгийдөн авчээ. Ээжийн үг: “Хөвгүүд маань их дэггүй байсан. Өдөн дэр бөөрөнхийлж байгаад хөлбөмбөг тоглоно. Бас болоогүй, зонтикны бариулаар хоккей тоглож байгаад аавынхаа морь унаж авахуулсан том гээчийн зургийг хагалчихаад суран бүсээр шавхуурдуулж байсан санагдана”
10 жил: Ээж Х.Пүрэвбадам нь түүнийг Доржоо гэж дууддаг. Доржоо дунд сургуульд байхдаа тийм ч онц сурдаггүй, тийм ч муу сурдаггүй байсан гэдэг. Биеийн тамир, дуу хөгжим, хөдөлмөрийн хичээлдээ дуртай харин тооны төрлийн хичээлдээ тийм ч сонирхолтой бус байжээ.
Дээрэлхүү занд дургүй: Дагваа өсвөр насандаа биеийн хөгжил сайтай хүүхэд байсан гэдэг. Олон ах нартайдаа ч юм уу, бөх удмаа дагаад ч тэр үү нилээд хөдөлгөөнтэй дэггүй нэгэн. Дэлгүүрт сүү авах гээд оочирлож байсан эмээгийн урдуур орсон залуусыг хөнгөхөн аргалчихдаг байсан гэдэг яриа ч бий. Өөрийг нь дорд үзсэн, дээрэлхсэн нэгэнд таарсан хариуг нь өгчихнө. Гэхдээ гудамж метрлэж, танхайрч явдаггүй байсан гэдэг.
Анхны түрүү, 2 дахь заан: 1996 оны баяр наадмаар Дагваа өсвөрийн барилдаанд түрүүлж, Сумъяа заан цол хүртэж Д.Долгорсүрэнгийн гэр бүлээс 2 дахь заан цолтон төрчээ.
Сүмо: 16 настай байхдаа Япон орныг зорьж Мэйтокү хэмээх спортын ахлах сургуульд элсэн оржээ. Анх очоод хэл ус, дэг жаягаас өгсүүлээд хүндрэл бэрхшээлүүд их тулгарсан ч түүнийг даван туулах хат түүнд шингэсэн байв.
Хамтрагч: Мэйтокү ахлах сургуульд түүнтэй хамт орсон хүн бол Б.Дашням. Улмаар манай хоёр мэргэжлийн сүмогийн хатуу чанга бэлтгэл сургуулилт, дэглэмийг тэвчин зорилгодоо хүрэхийн тулд тэмцэж анхны башёд барилдах эрхээ 1999 онд олж авчээ.
Анхны түрүү: Дагваагийн анхны түрүү бол сүмод элсэж орсон 1999 оны 5 дугаар сарын башё байв. Жонидан зиндаанд ганц ч уналгүй долоо давж түрүүлэн, дараа сард нь санданмэд дэвшин түрүүлж, улмаар макүшита зиндаад орж гялалзсан амжилт үзүүлж байв. Амжилт үргэлжилсээр 2000 оны 9-р сард жүрёод барилдан, 2001 ондоо дээд зиндаанд гарч иржээ.
Ах: Хамгийн анх Японы мэргэжлийн сүмод Д.Батбаяр, Н.Цэвэгням тэргүүтэй бөхчүүд ирж байсан. Дараагаар нь очсон Дагваа, Дашням зэрэг дүү нартаа дэг журам, зан заншил гээд ихээхэн зүйлийг зааж өгсөн гэдэг. Д.Дагвадорж, Н.Цэвэгням нар.
Брэнд: Дээрх үйлдэл бол түүний “брэнд” хөдөлгөөн. Барилдахын өмнө өөрийгөө ирлэж, зоригжуулан үүнийг хийдэг нь гарцаагүй. Манайхан ч үүнийг нь хараад “Аяа, аварга нөгөөдхөө хийлээ” хэмээн дуу алдан дэмждэг байв.
Их аваргын ялалт: 2003 оны нэгдүгээр сарын Хацү башёд озэки Мүсоямаг даван сүмо бөхийн 68 дахь их аварга болж нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Баярын нулимс: Их аварга цол хүртэн эзэн хааны цомыг гардахын өмнө монголоор мэндчилж, баярын нулимс унагасан нь монголчуудад тодхон санагдаж байгаа биз ээ.
Фэн: Аваргын уран хурц, дайчин барилдаанд монголчуудаас гадна олон хүн дуртай бас хайртай. Жэт Ли, Сэлин Дион, Вилл Смит гээд л маш олон фэнтэй. Эхнэр, хүүхэд, эзэн хааны цом, дэмжигч фэнүүд…
Бахархал: Монголын бахархал, монгол хүү. Асашёорү гарамгай барилдааны шагналыг гурав, дайчин барилдааны шагналыг нэг удаа хүртэж байсан бөгөөд сүмо бөхийг дэлхий нийтэд бүрэн таниулсан хүчтэн билээ.
Гавъяа: Монголын төр нүдээ олсон шагналыг түүнд олгов. Нөр их хөдөлмөр, хүч, гавъяаг нь үнэлэн Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар цол хүртээв. Хүртэх ч эрхтэй.
Чингис: Аваргыг ихэвчлэн их хааны дүрээр рекламанд тоглуулахыг хичээнэ. Энэ нь ч зөв биз. Эх оронч үзэл, хэн хүнд заяадаггүй бяр тэнхээ, бие бялдар цогцолсон тэр л их хаантай зүйрлэвэл хамгийн ойр очиж мэднэ. Түмэн хишигтэн, Пепси гээд л …
Аваргууд: Арлын Японы сүмо бөхийн дэвжээг донсолгож явсан 68, 69 дэх их аваргууд. Манай үндэсний бөхөд бяр тэнхээ нь тэнцүүхэн хоёр Мөнх аваргууд байсан. Харин сүмод Долгорсүрэнгийн Дагвадорж, Мөнхбатын Даваажаргал нар юм.
Зодог тайлах шалтгаан юу вэ: 2010 оны нэгдүгээр сарын башёд түрүүлсний дараа нэгэн яриа газар авав. Тэр нь аварга маань тэмцээний өдрүүд үргэлжилж байхад согтуугаар хүн зодсон гэсэн хэрэг гарлаа. Энэ асуудал даамжирсаар аваргыг зодог тайлахад хүргэсэн гэж ярьцгаадаг. Гэвч түүний ах Д.Сэржбүдээгийн яриагаар зөвхөн хүн зодсон хэргээр биш өөр дарамт шахалтаас болсон гэдэг. Яг ямар шалтгаанаар их аварга зодог тайлах болсон нь нууц хэвээр үлдсэн.
Эх орондоо: “Яг одоо Японд сүмо барилдаж байгаа, харин би эх орондоо сайхан наадаж байна”. Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмаар Д.Дагвадоржийн бор үрээ айргийн тавд хурдалж дахин нэг баярын нулимс унагав.
Нууц: Их аваргын энэ зураг жинхэнэ интернэтийн “од” болсон доо. Дагваагаа ихэнхдээ л хагас нүцгэн харж байсан. Бүтэн нүцгэн харахад ийм байна. Хориотой хэсгийг бүрзийлгэхгүй бол хүүхнүүд ч “гараа хазах” нь гарцаагүй биз.
Эр хүн: Саяхан л аавынхаа жаазтай зургийг хагалаад суран бүсний амт үзэж явсан тийм жаахан хүү ийм том эр хүн болж. Эр өсч эсгий сунана аа гэж.
Аваргын эхлэл заан, нягтлан: Ээж Х.Пүрэвбадам нь 25 дугаар бааз буюу хожим Автокомбинат болсон тээврийн байгууллагын нягтлан, аав Д.Долгорсүрэнг танилцуулах нь илүүц биз. Ямартай ч их аваргын эхлэл нь заан, нягтлан хоёр байжээ.
Хайр, хань: Насан багад учирсан хайр. Гэргий Г.Тамирын хамт. Их аваргад эхнэрийх нь өгсөн бэлэг хамгийн том нь, хамгийн үнэтэй нь. Энэ бол хоёр хүүхэд нь юм.
Заанаас төрсөн аваргууд: Өдөн дэр бөөрөнхийлж бөмбөг болгон өшиглөж явсан хөвгүүдээ монголчуудын бахархал болсон аваргууд болно чинээ бодоогүй биз. Их аваргыг сүмогийн дэвжээг донсолгон түрүүлэх тэр жил Сумъяа аварга цагаан сарын барилдаанд түрүүлэв. Энэ үед Дагваа, Сумъяа хоёрын амжилтаар хийсэн эвлүүлэг бичлэгүүд Монгол, Японы телевизүүдээр нэг хэсэгтээ л тасраагүй. Мөн ах Д.Сэржбүдээ нь ч мэргэжлийн зодооны аварга нэгэн. Заанаас төрсөн аваргууд аатай ч юм, алдартай ч юм.
Би монгол хүн: “Хэдий өндөр хөгжилтэй харийн орон сайхан ч, хүн нас тогтохын цагт эх нутгаа л гэж тэмүүлдэг. Адгуус хүртэл газрын холоос нутгаа гэсээр гүйж ирдэг биз дээ. Ер нь хүн чинь энэ хорвоо дээр заяасан бас л нэг төрлийн адгуус шүү дээ” Би монгол хүн. Би гэртээ байна.
www.24tsag.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.