Эрүүл мэндийн даатгал нэрээр төрд хэчнээн мөнгө төлсөн ч та эмнэлгийн хонгилд хэвтэж, тэд тэр мөнгөөр зардал хийж сонгуульд дэвшсээр л байх болно-
“Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бол төрийнх биш. Дийлэнх хүмүүс үүнийг ойлгодоггүй. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бол шимтгэл буюу хуримтлалын мөнгө. Тухайн хүний эрсдэлд эргээд зориулагдах ёстой мөнгө. Жишээ нь эрүүл мэндийн даатгал гэхэд тухайн хүний өвдсөн үед эмчлүүлсэн зардлыг хариуцаж байх ёстой” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлсэн.
Гэтэл улсын эмнэлгүүдэд даатгалаараа эмчлүүлэх гээд бараагүй иргэд амь насаа цагаан нөмрөгтнүүдийн нүдэн дээр алдсаар байна. “Уг нь би сүүлийн 20 гаруй жил эмнэлэгт хэвтээгүй юм. Гэхдээ энэ хугацаанд cap бүр эрүүл мэндийн даатгалын санд дунджаар 9000 төгрөг тушаасан гэж бодоход жилд 108 мянган төгрөгийг энэ санд тушаажээ. 108 мянган төгрөгөө доод тал нь 10 жилд үржүүлэхэд нэг сая 800 мянган төгрөг болж байгаа юм” гэж иргэн М.Бүжинлхам тэмдэглэлдээ бичжээ.
Зүрх нь цоорхой гэдгийг мэдсэн өдрөөс л түүнд эрүүл мэндийн даатгалын дэвтэр биш харин түрийвч нь аминд нь орох болсон. Ийм л гунигтай дүр зураг манай эрүүл мэндийн салбарт бий. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ гэж албаны хүмүүс тасалгаан дотроо баахан маргадаг ч чухам хэрхэн шийдэх талаар ганц үг, өгүүлбэр алга.
С.Эрдэнэ “Эмнэлгүүд батлагдсан мөнгийг авахаас хойш эд нартай юу ярьдаг юм гэсэн байдалтай ханддаг. Хэрвээ тэр мөнгийг иргэнд, өөрт нь картанд хийгээд өгчихвөл өөр хэрэг. Таны картанд мөнгө байгаа. Та энэ мөнгөөр магадлан итгэмжлэгдсэн аль ч эмнэлгээр баталгаатай үйлчлүүлж болно” гээд өгчих юм бол үйлчилгээ сайтай эмнэлгүүдийг сонгож таарна. Тэр үед эмнэлгүүд даатгуулагчдын өмнө бөхөлзөхгүй гээд яах юм. 650 мянган төгрөг нь дууслаа гэхэд гэр бүлийнхээ хүний картыг ашиглаж болохоор хуульчлаад өгчихвөл эрүүл мэндийн даатгалын мөнгө зориулалтаараа ашиглагдана” гэлээ.
Нээрээ л бид заавал төрд цалингийнхаа хэдэн хувийг төлж, тэгсэн хэр нь олигтой эмчилгээ хийлгэж чадахгүй, бүр цаашлаад хорвоог цаг бусаар орхиж байснаас хувийн данс, эсвэл даатгалын компанид хандах нь илүүдээр гэсэн хувилбар эндээс гарч байна. Монголын олон улсын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Хувийн эрүүл мэндийн, тэтгэврийн даатгалын тогтолцоог хөгжүүлбэл улсын тогтолцоон дээрээс нэмэгдээд хүн ардад тустай. Улсын тогтолцоо бол хүн бүрт нэг л сонголт өгч байгаа. Онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээг авах боломжгүй болгодог” гэлээ.
Мөн тэрээр хувийн тэтгэврийн сан, амьдралын даатгал, хамтын хөрөнгө оруулалтын сан гэх зэргийг хөгжүүлж чадвал заавал төрийг хараад зүгээр сууж, олсон хэдэн төгрөгөө гишүүдийн сонгуулийн шоуны зардал болгочихгүй гэдгийг хэллээ. Алийн болгон монголчууд дэлхийн санхүүгийн гүүртэй холбогдоогүй гэж өөрсдийгөө өөгшүүлэх вэ. Мэдэхгүй, чадахгүйгээрээ түрий барьж, юм л бол төрд бүхнийг даатгадаг цаг хэдийнэ өнгөрснийг бусад маань харуулаад байна. Йимд эрүүл байж, олсон мөнгөө өөрөө мэдэж зарцуулдаг эдийн засгийн жинхэнэ эрх чөлөөг бид л өөрсдөө бий болгож чадах нь.
Холбоотой мэдээ
Comments are closed.