1991 оноос худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Монгол улсын анхдагч хувийн хэвшлүүдийн нэг “Бридж” группын “Эвридэй Интернэшнл” компани нь Япон улсын газар тариалангийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээгээр алддаршсан “Farmdo” компанитай хамтран Монголын хэрэглэгчдээ эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл аюулгүй, шинэ ногоо, жимс жимсгэнээр хангах зорилгоор 2013 оны 03-р сард “Эвридэй Ферм” ХХК –ийг байгуулж гүзээлзгэнэ тариалж эхэлсэн байна.
Өчигдөр “Эвридэй Ферм” компани анхны ургацаа хураан авч албан ёсоор Сонгино Хайрхан дүүргийн 21-р хорооны Дааган Толгой дахь “West Агро” салбарын нээлтээ хийлээ.
Тэдний гол зорилго нь Монгол улсад худалдаалагдаж буй импортын гүзээлзгэнэ, хүнсний ногооноос илүү амт чанартай , шинэлэг бүх төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, олон талт хамтын ажиллагааг бий болгон хөгжүүлэх, газар тариалан эрхлэгчдийг сурган орлого, бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.
Тус компани яг нэг жилийн өмнө ҮХААЯ-аас зарласан Гүзээлзгэний суулгацын төсөлд шалгаран 4800 ширхэг үрсэлгээ хүлээн авч байсан бол одоо 8 хүлэмжинд гүзээлзгэнэ тариалж, жилд 4тн гүзээлзгэнэ хураан авч зах зээлд нийлүүлэхээр ажлаа эхлээд байгаа ба жил бүр 5 дугаар сараас 11 сарыг хүртэл ургац авах боломжтой юм.
Гүзээлзгэнийг 2 жилийн хугацаанд хөрс, агаарт нь дасгах ажил хийгддэг учраас ирэх жилээс үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа хэдий ч энэ 7 сараас гүзээлзгэний эхний дээжээ худалдаанд гаргах юм байна.
Түүнчлэн “Эвридэй Ферм” компани Япон улсын газар тариалангийн тэргүүлэх дэвшилтэт технологиор эх орондоо, экологийн цэвэр орчинд тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнийг тариалангийн талбайгаас хэрэглэгчдэд шууд шинэхнээр нь хүргэхээр богино хугацаанд томоохон бүтээн байгуулалтыг хийж, олон талын харилцаа үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.