Өнгөрөгч 22-25-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймагт албан томилолтоор ажилласан байна. Тэрээр Өвөрхангай аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Өвөрхангай аймгийн малчин тариаланчдын холбооноос хамтран зохион байгуулсан аймгийн хэмжээнд дэх манлай малчдын зөвөлгөөнд оролцож, мөн ахмадууд, эмэгтэйчүүд, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай тус тус уулзалт ярилцлагыг зохион байгуулжээ.
Өвөрхангай аймаг нийт 30 мянга гаруй өрхтэй. Үүнээс 18.000 орчим нь мал бүхий малчин өрх байна. Харин хөдөлмөрийн насны иргэдийнх нь 80 гаруй хувь нь мал аж ахуйн салбарт ажилладаг юм. Манлай малчдын зөвлөгөөнд мянгат малчид болон улс аймгийн сайн малчид оролцож, олон жил мал малласан арга туршлагаасаа хуваалцсанаас гадна Өвөрхангай аймгийн мал аж ахуйн салбарт тулгамдсан асуудлуудаа УИХ-ын гишүүн Я.Содбаатарт уламжилсан байна. Тэд юун түрүүнд бэлчээрийн асуудал тулгамдаж байгааг хэллээ. Аймгийн хэмжээнд бэлчээрийн талхлалт 1,5 хувьтай байна. Нийт бэлчээрт 2,8-3.0 орчим сая мал бэлчээрлэх боломжтой ч одоогийн байдлаар энэ жилийн төлөө хүлээн аваад нийт 3,5 – 5.0 сая мал бэлчээрлэх юм. Үүнээс үүдээд бэлчээр их хэмжээгээр талхлагдаж, бэлчээрийн чанар муудаж байгааг малчид хэлж байна. Мөн залуу малчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ч хэллээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар тус зөвөлгөөний үеэр хэлсэн үгэндээ Мал малчин бэлчээр гурав мал аж ахуйн салбарын тулгын гурван чулуу гэдгийг онцоллоо. Мөн малчдын тавьсан дээрх асуудлуудыг цаашид яаралтай шийдвэрлэх талаар арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдсэн юм. Үүнээс гадна малчдын цаг наргүй ажилладаг малчид болон залуу малчдын нийгмийн байдлыг сайжруулах, малчдын тэтгэврийн насыг 5 насаар наашлуулах, зээл авах таатай нөхцөл бий болгох гэсэн асуудлуудыг төрийн бодлогод авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэрээр хэлсэн байна. Одоогоор хэд хэдэн хуулийн төсөлд малчдыг нийгмийн даатгал төлдөг болгох асуудлыг тусгахаар ажиллаж байгаа гэсэн юм.
УИХ-ын гишүүн Я.Содбаатарын дараагийн хийсэн уулзалт нь Өвөрхангай аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаархи уулзалт ярилцлага юм. Юун түрүүнд 11 дүгээр ангийн сурагчид сонголтоо хийхийн өмнө манай улсад ямар мэргэжил, мэргэжилтэн хэрэгтэй байгааг, тухайн эзэмшсэн мэргэжил нь ажиллаж амьдрахад тус болох уу гэдгийг анхаарах хэрэгтэй гэсэн юм. Мэргэжлээ зөв сонгоогүйгээс сурах сонирхол нь буурах, ажил дээр гараад амжилт гардаггүй зэргээр буруу сонголтын үр дагавар нь хатуу ирдэг учраас эхлээд олон зүйлийг бодолцож байж сонголтоо хийх хэрэгтэйг зөвлөсөн юм. Өөрийн авьяас сонирхол болон өөрт ямар боломж байгаа гээд олон талаас нь харах хэрэгтэйг сурагчдад хэллээ.
Төгсөх ангийн сурагчид ч хамгийн чухал сонголтын өмнө ирээд байгаа энэ үедээ мэргэжлээ сонгох талаар зөвлөгөө сонссондоо баяртай байгаагаа Я.Содбаатар гишүүнд уламжилж олон асуултуудыг сонирхон асууж, харилцан ярилцаж байлаа.
УИХ-н гишүүн Я.Содбаатарын Өвөрхангай аймагт ажиллах хугацаандаа аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүд, эмэгтэйчүүдтэй “Эртэч монгол” өглөөний уулзалт. ярилцлага хийсэн байна. Энэ уулзалтанд бүсгүйчүүд ажил хөдөлмөр эрхлэх болон шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудаа ярилцаж, нутгийн удирдлагууддаа хүргүүлэх зорилготойгоор зохион байгуулдагаа хэлсэн юм. Орон нутагт эмэгтэйчүүд аж ахуйн нэгж байгууллагад гэхээсээ илүү өрх гэртээ хөдөлмөр эрхлэх нь их. Өөрөөр хэлбэл өрхийн амжиргааг дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх тал дээр эмэгтэйчүүдийн оролцоо эрчүүдээс илүү байдгийг хэлж байна. Тиймээс орон нутгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх, тэдний нийгмийн байдлыг сайжруулах шаардлагатай байгааг уламжилсан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.