64 сая ам.долларын үхмэл хөрөнгө “МТЗ”-д байна
Сүүлийн үед “МТЗ” Төрийн өмчит хувьцаат компанитай холбоотой асуудал ихээр яригдах болсон. Учир нь АН-ынхан “Шинэ төмөр зам” төслийг АТГ-т шалгуулахаар болжээ гэсэн мэдээлэл төрийн ордонд цацагдсанаас хойш “МТЗ” яаран сандран мэдэгдэл гаргасан.
Хэдийгээр тус газраас ийнхүү мэдэгдэл гаргах болсон ч бодит байдал тэдний гаргасан энэхүү мэдэгдэлтэй зөрчилдөж байгаа юм.
Тухайлбал манай сонин энэ сарын 8-ны ¹088 (1927) дугаартаа “УБТЗ”-ын зүтгүүрийн депогийн хашаанд зогсож буй таван зүтгүүрийн асуудлыг хөндөж бичсэн юм.
Тодруулбал УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар сарын 24-ний 41 тоот тогтоолын дагуу “Төмөр замын хөдлөх бүрэлдхүүний паркыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд “China CNR Corporation Limited” корпорацитай 35.7 сая ам.долларын гэрээг 2009 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр хийсэн байна.
Ингээд уг гэрээний дагуу 2011 оны арваннэгдүгээр сард хоёр ширхэг чингэлэг өргөгч, мөн оны арванхоёрдугаар сарын 26-наас 2012 оны хоёрдугаар сарын 19-ний хооронд 185 ачааны хагас вагоныг хүлээн авч байжээ.
Түүнчлэн 2012 онд дараах зүйлүүдийг авсан байдаг. Гуравдугаар сард гол замын таван зүтгүүр, тавцант 50 вагон, ачааны 10 битүү вагон, есдүгээр сард нэг сэлгээний зүтгүүрийг хүлээн авч байжээ.
Харин дараагийн хоёр дахь төсөл нь “Зам барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркыг нэмэгдүүлэх” төслийг боловсруулан “China CSR Corporation Limited” корпорацитай 28.5 сая ам.долларын гэрээг 2010 оны арванхоёрдугаар сарын 29-нд байгуулжээ. Уг гэрээний хүрээнд “Чигжигч машин DC32IV-1520” хоёр, “Балласт цэвэрлэгч машин QS2-650-1520” нэг, “Балласт тохируулагч машин SPZ-350-1520” хоёр, “Хоппер вагон KZ75-1520” 57, “Мотовоз GCY220-1520” нэг гэх зэргээр дээрх хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээн авч байжээ.
Эндээс харахад “МТЗ” компанийн удирдлагууд 64 сая ам.долларын үхмэл хөрөнгөтэй болсон байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл тэд хүний нүдэнд ойр байгаа зүтгүүрүүдээ тайлбарлаж байгаа бол “Болд төмөр ерөө гол” компанийн төмөр замын хамгийн эцсийн “Хандгайт” өртөөнд аваачиж хаясан зам барилга, засварын 28.5 сая ам.долларын үнэтэй тоног төхөөрөмжийг мэдэгдэлдээ тайлбарлаагүй нь эрхгүй анхаарал татах асуудлын нэг юм.
Мөн дээрх гол замын зүтгүүрүүдийг явуулахгүй байгаа гол шалтгааныг төмөр замын тээвэрлэлт буурснаар тайлбарлах нь хэр үнэнд нийцэх бол гэдэг ч сонин. Эсвэл өмнө нь байгаагүй тээвэрлэлтийн шинэ дээд амжилт байгуулсан гэх “УБТЗ” нь буруу мэдээлэл өгөөд байна уу гэх зэрэг олон асуудал хөндөгдөхөөр болоод байгаа юм.
Мөн “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлаар “Хятад улсад үйлдвэрлэсэн ямар ч зүтгүүрийг өөрийн зам дээр ашиглахгүй” гэсэн шийдвэрийг албан ёсоор хурлын тэмдэглэл үйлдэн гаргасан нь өдгөө баримт болон үлдсэн байна.
Товчхондоо тухайн үед Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны дэд сайдаар ажиллаж байсан нэгэн эрхэм энэ шийдвэрийг гаргахад голлох нөлөө үзүүлж гарын үсгээрээ баримтжуулсан байдаг. Гэтэл “МТЗ” компанийн удирдлагууд чухам яагаад ийм хариуцлагагүй мэдэгдэл гаргах болов гэдэг нь албаны зарим хүний анхаарлыг татах боллоо.
Товчхондоо монголын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлууд маш их хэл ам татлаж араасаа олон асуудал дагуулах нь гарцаагүй бололтой.
Түүнчлэн “Мккензи & Ko”-гоор хийлгэсэн гэгдэх техник эдийн засгийн үндэслэл нь /ТЭЗҮ/, Ухаа Худаг-Гашуун Сухайтын төмөр зам барих асуудал, түүний санхүүжилт гэх мэт маш олон асуудал гарч ирсэн.
Өнөөдөр энэ төмөр замын санхүүжилтийн асуудал ч бүрхэг хэвээрээ байна.
Олон нийтэд нээлттэй байдаг гэж өөрсдийгөө нэрлэх тус компанийн удирдлага шинэ төмөр замын бүтээн байгуулалтын явцад хаанахын ямар компаниудтай гэрээ байгуулсан, бондын мөнгөний зарцуулалтын задаргаа зэргээ ил болгоод тавьчихвал, мөн мартсан нэг төслөө ч ил болговол үнэнд ойртох байх.
Үргэлжлэл бий…
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.