Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэл хот доторх авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг томоохон зах, жижиг цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлэх “Авто Худалдааны Цогцолбор” байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар болсон. Тус цогцолборын үйл ажиллагааг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ хариуцах бөгөөд төсвөөс бус өөрийн үйл ажиллагааны орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлэн ажиллах юм.
Нийслэл хотын дотор 27 га талбайд буюу авто машин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалах зориулалтын бус газарт үйл ажиллагаа явуулдаг 9 томоохон зах, 34 цэгүүдэд нийт 7000 автомашины зогсоол байдаг бол шинээр төлөвлөгдсөн “Авто Худалдааны Цогцолбор” нь 130 га эдэлбэр газрыг хамарч, том, жижиг оврын нийт 14000 авто машины зогсоолтой байхаар төлөвлөж байгаа юм. Тус цогцолборт авто машины болон сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэхээс гадна, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, улсын дугаарын үйлдвэр, техникийн хяналтын үзлэгийн төв /оношлогоо/, банк санхүүгийн болон татвар, даатгалын зэрэг төрийн болон бусад аж ахуйн нэгж, байгууллагуудын салбар төвүүдийг төвлөрүүлж, улмаар авто засвар, авто угаалга, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт, дамжаа, жолоодлогын аюулгүй байдлын төв, автомашины туршилтын талбай зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан, нэгдсэн харуул хамгаалалт бүхий нэг цэгийн худалдаа, үйлчилгээг бий болгох зорилготой ажиллаж байна.
Авто машины худалдаа эрхлэгчид захиалгын давуу эрх эдэлнэ
“Авто Худалдааны Цогцолбор”-т 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, сэлбэг хэрэгслийн павильонууд, авто эскпо зохион байгуулах цогцолборын 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 үйлчлүүлэгчдийн авто машины зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөж байна. Нийт 278562 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээ, албан контор, авто экспогийн барилгын зориулалттай баригдах 23 объектийн дулаан, цахилгаан болон усан хангамж, ариутгах татуургын асуудлыг бие даасан эх үүсвэр барьж байгуулах, дэд станц байгуулах, шинэ суваг татах зэргээр шийдэх бөгөөд цогцолбор руу хүрэх авто замын хөдөлгөөнийг Сонсголон, Товчоо, Өвөрхангай, Дархан, Найрамдал, Нисэх, Яармагийн замуудаас гадна шинээр баригдах хурдны замтай шууд холбогдож байхаар төлөвлөсөн тул авто замын ачаалал үүсэхгүй байх давуу талтай.
Цогцолборын авто машин худалдаалах зогсоол, талбайг хүнд даацын бөгөөд жижиг тэрэг, жийп худалдах хэсэг хэмээн ангилахаар төлөвлөж байгаа юм. 18 м2 талбайтай жижиг тэрэг буюу жийп худалдах хэсгийн нэг зогсоолын үнэ 4 сая төгрөг, харин том оврын автобус болон хүнд даацын ачааны тэрэг худалдаалах зогсоол талбайн хэмжээ нь 72 м2, үнийн хувьд 9 сая төгрөг байхаар тооцжээ.
Харин зогсоол эзэмших, захиалах хүсэлтэй иргэд, авто машины худалдаа эрхлэгчдэд зогсоолын төлбөрийг эргэлтийн хөрөнгөнөөсөө бус, эзэмших гэж буй зогсоолоо барьцаалан банкны зээлэнд хамрагдаж төлөх бүрэн боломжийг бүрдүүлж, энэ тал дээр банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.
2014 оны 05 сарын 14-нөөс 31-ний хооронд одоогоор авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад захиалгын давуу эрх олгоно.
Холбоотой мэдээ
Comments are closed.