УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Чингис бондын зарцуулалтын талаар Ерөнхий сайд мэдээлэл хийж байна. Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараас 1.2 их наядыг гаргасан юм байна. Зарцуулалтыг тодруулбал, 369 тэрбумыг авто зам барихад зарцуулахаар төлөвлөсөн байна. Тавантолгойгоос-Гашуун сухайт хүртэл 267 км төмөр зам барихад зориулж 200 сая ам.доллар гаргахаар төлөвлөснөөс 164.2 сая ам.доллар ашиглагдсан. Дээр нь Хөгжлийн банкнаас 186 сая ам.долларыг гаргасан байна.
Ерөнхий сайдын мэдээлэлд дурдсанаар, “Аймгийн төвүүдийг холбох орон нутгийн авто замын төслийн хүрээнд 2013 онд шинээр хэрэгжих 10 зам барилгын ажил, он дамжин хэрэгжиж буй 14 зам барилгын ажил болон тэдгээр хяналтын зөвлөх үйлчилгээнд зориулан 570.0 хүртэл тэрбум төгрөгийг “Чингис” бондын хөрөнгөөс гаргасан байна. Одоогоор Дундговь, Баянхонгор аймгуудыг нийслэлтэй холбоод байгаа бол Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн авто замын барилгын ажлуудыг графикт хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Нийт зам барилгын ажлын гүйцэтгэлийн дундаж нь 68 хувьтай байна.
Нийслэлийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулахад нийт 416.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 92 төслийг 2013, 2014 онд хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс Хөгжлийн банк эхний ээлжинд эх үүсвэр нь тодорхой 200 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийг нийт 66 төсөлд олгохоос 33 төслийн гэрээг байгуулж, нийт 101.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Гэрээ байгуулсан 33 ажлын гүйцэтгэл дунджаар 72.2 хувьтай байна.

Тавантолгойгоос Гашуун сухайт чиглэлд 1800 км шинэ төмөр зам баригдана. Төслийг “Монголын төмөр зам” ТӨХК удирдан зохион байгуулж, “Шинэ төмөр зам” ХХК төслийн компани хэрэгжүүлж байна. Уг төслийн санхүүжилтэд “Чингис” бондын хөрөнгөөс 164.2 сая ам.долларын санхүүжилтийг Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын дээд, доод бүтцийн барилгын ажил, төслийн нэгжийн үйл ажиллагааны зардалд зориулж олгоод байна. Нийт 267 км төмөр замын барилгын ажлын гүйцэтгэл 25 хувь, газар шорооны ажил 70 хувь, ухмал 77 хувь, далан 62 хувь, трассыг нийт 13 хэсэгт хуваасан бөгөөд дотоодын 14 авто замын компани ажиллаж байна.
Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн 450МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барих төслийн эхний ээлжийн санхүүжилтэнд 16 сая ам.долларын санхүүжилтийг давуу эрхийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй мезанин зээл хэлбэрээр олгохоор заасны дагуу төслийн бэлтгэл ажилд нийт 15.98 сая ам.долларын санхүүжилт олгохоор баталсан. Хөгжлийн банкнаас төслийн нэгжийн 2013-2014 оны үйл ажиллагааны зардал болон төслийн бэлтгэл ажилд зориулж 14.81 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна.
Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд 34 сая ам.долларыг олгохоор шийдвэрлэсэн. Төслийн удирдах хорооноос баталсан төлөвлөгөө болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас баталсан төсвийн дагуу 7.38 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор баталснаас нийт 2.55 сая ам.долларын санхүүжилтийг төслийн нэгжийн 2013-2014 оны үйл ажиллагааны зардал болон зарим судалгааны ажлын урьдчилгаа төлбөрт олгосон.
Монгол Улсын анхны өөрийн өмчлөлийн холын зайны агаарын тээврийн хөлгийг худалдаж авах зардлыг санхүүжүүлсэн. Энэ түр санхүүжилтийг АНУ-ын “Экс Им” банкны урт хугацаатай, хямд санхүүжилтийн эх үүсвэрт шилжүүлж “Чингис” бондын эх үүсвэрээс санхүүжүүлсэн 81.3 сая ам.долларын төлбөр эргэн төлөгдсөн бөгөөд одоогийн байдлаар 2.9 сая ам.долларын үлдэгдэлтэй байна. Санхүүжилтийн байдал 100 хувь.
Ноолуур, ноос, сүү, оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ахуй зэрэг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн 5 салбарын төслүүдэд 269.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Голомт банкинд, 1.7 тэрбум төгрөгийг төсвийн нэгжийн үйл ажиллагаанд зориулан олгосон. Тайлант хугацаанд Голомт банк нийт 189 компанийн материал хүлээн авч, үүнээс 64 зээлдэгчид зээл олгохоор баталсан байна. Батлагдсан 64 зээлээс дэд зээлээр 53 компанид 53.7 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Зээл олгохоор шийдвэр гаргасан 64 төслийн нийт батлагдсан зээлийн хэмжээ 100.7 тэрбум төгрөг буюу 37.4 хувь байна. Нийт санхүүжүүлэх төслийн 20 хувийг Голомт банкнаас санхүүжүүлээд байна.
“Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллын төслийн хүрээнд 1764 айлын 28 барилгын ажлыг санхүүжүүлж байна. Залуу гэр бүл, ахмад настан, төрийн албан хаагчдад зориулсан уг барилга нь 1 метр кв нь 1.280.00 төгрөгийн үнэтэй байх бөгөөд энэ нь иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах ач холбогдолтой төсөл. Эхний ээлжийн 567 айлын 9 барилга ашиглалтанд ороход бэлэн болсон. Үлдсэн барилгуудыг 2014 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулна. Ажлын гүйцэтгэл 94 хувьтай хэрэгжиж байна.
Дотоодын барилгын арматур, төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх 4 төсөл бий. Төмрийн хүдрийн 3 баяжуулах болон 1 барилгын арматурын үйлдвэрийг барихад зориулж 50.0 сая хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийг “Чингис” бондын эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд одоогоор 12.8 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна.
Байшин үйлдвэрлэх комбинатын төслийн нийт өртөг 42.0 сая ам.доллар бөгөөд “Эрэл” ХХК өөрийн хөрөнгөөр 13.1 сая ам.доллар, Засгийн газрын үнэт цаасаар 14.0 сая ам.долларыг санхүүжүүлсэн “ гэв.
Мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газрын “Чингис” өрийн бичгийн талаар гаргасан дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар. Ё.Отгонбаяр, Д.Сумьяабазар, Д.Хаянхярваа, Сү.Батболд, С.Бямбацогт, Н.Номтойбаяр нарын асуултад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хариулт өглөө.

Тухайлхад, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: – Санхүүжилтийн хувьд эргэлзээтэй асуудлууд гарч байна гэж ойлгож байна. Нийгэмд ч энэ талаар ярьж байгаа. Танилцуулгаас харахад Ерөнхий сайд өөрөө энэ ажлаас нэлээд хол байгаа нь харагдлаа. Дандаа өнгөрсөн цаг дээр ярьж байна. Заримыг нь мэдэхгүй байна, дараа хэльё гэж байгаа нь хариуцлагагүй асуудал. “Чингис” бондын зарцуулалтын талаар ихээхэн зөрүүтэй мэдээлэлтэй байгаа. Хэвлэл мэдээллээс харахад Зам тээврийн сайд “Чингис” бондоос авах ёстой хөрөнгө мөнгөө олж авч чадахгүй байгаа талаар мэдээлсэн байна лээ. Тиймээс энэ мөнгөний зарцуулалт туйлын бүрхэг байна. Бондын мөнгөнөөс хамгийн үр дүнтэй зарцуулсан нь МИАТ компанид онгоц авсан ажил харагдаж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: – Бүх мэдээлэл гишүүдэд тараагдсан. Ямар нэгэн зөрүүтэй юмуу буруу мэдээлэл байхгүй, Эдийн засгийн хөгжлийн яам хариуцлагатай бэлдсэн гэж бодож байна. “Чингис” бондын мөнгийг ҮАБЗ дээр яриад бондын зөвлөл байгуулья гэж шийдээд байгуулсан. МАН-ыг энэ зөвлөлд оруулах хүнээ өгөөч гэсэн өгөөгүй. Бондын мөнгөний зарцуулалтыг Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу Эдийн засгийн хөгжлийн яам хянаад явж байгаа. Та бондын мөнгөөр ганц онгоц авсан нь зөв болжээ гэж буруу ярьж байна. 4 аймгийг холбосон хатуу хучилттай зам барьсныг харахгүй байх шиг байна. Энэ ажлыг ард түмэн сайшааж байгаа. Аймгийн төвүүд рүү явж байгаа замыг битгий үгүйсгээрэй. Энэ бол цэвэр Чингис бондын мөнгө. Мөн гудамж төсөл, урагшаа явж байгаа төмөр зам гээд хийгдэж байгаа бодит ажлууд байна. Улаанбаатар хотод өнгөрсөн жил 20 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орлоо. Юмыг үгүйсгэх биш тодорхой ярих хэрэгтэй. Н.Батбаяр сайд цаашдаа “Чингис бонд” гэсэн вэб сайт нээнэ гэж байгаа. Ингэхээр бүр ил тод болно.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:- Д. Хаянхярваа гишүүн дүгнэлтдээ УИХ-ын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” 52 дугаар тогтоолыг батлахад МАН оролцоогүй гэж ярьж байна. Ингэж худлаа ярихаа болиоч ээ. Энэ тогтоолыг бид өөд өөдөөсөө харж байгаад баталсан. Энэ бол УИХ-ын хамтын шийдвэр болохоос АН-ын дангаараа гаргасан шийдвэр биш гэдгийг хэлье. “Чингис” бондыг зарцуулахдаа Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хуулийн дагуу хийсэн гэлээ.
Түүнчлэн Чингис бондын зарцуулалттай холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Гудамж” төслийн санхүүжилтийн нарийн задаргааг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас шаардсан бол УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Чингис бондын зарцуулалт нь УИХ-ын гишүүдийн толгойг эргүүлсэн эргэлзээтэй тоонууд байна” гэж шүүмжиллээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн худалч нь Н.Алтанхуяг та” гэж хэллээ. Мөн Засгийн газар гадаад зах зээлээс босгосон хөрөнгөөрөө юм хийж чадсангүй, ингэж цацахын оронд ард түмэнд тараагаад өгчихсөн бол халаасанд нь орох байсан юм гэж хэлсэн юм.
Харин Ерөнхий сайд “Та бүхэн үнэнд гүйцэгдэж байна, хулгайчийг бариарай гэж хулгайч хашгирдаг. Монгол Улсын Их хуралд гаргаж өгсөн, үүнийг хариуцаж гаргаж өгсөн хүмүүс наад танхимд чинь суун байна” гэж үгүйсгэв.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуултдаа хариулт авч дууссаны дараа чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж амжаагүй “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ.
Холбоотой мэдээ
-
zochin (May 02, 2014 6:41:05 pm )
Эхлээд 1,5 тэрбум доллар чинь хэдэн их наяд төгрөг болчоод 1,2 их наядыг зацуулсныг нь мэдчих юмсан . сэтгүүлч нэртэй хорчин гуай
-
Г (May 02, 2014 8:04:02 pm )
Баруун аймгуудыг холбосон гол зам бол Завхан аймгийн зам. Солонготоос цааш ээдээ мэдэхгүй Үнэн хэцүү. Зам тээвэр, Аялал жуулчлал нэгдмээр юм. Жнь: Нэг жуулчин Монголд ирлээ. Завханы Отгонтэнгэр уул орчмын үзэсгэлэнтэй сайхан байгалын зургийг хараад “за давай явъя” гэхэд л зам нь там. Юун өнөө уул ус үзэх энэ тэр. Тэгээд л энүүхэн хавиар жаахан тэнэчихээд л “Монгол ёстой хэрэг алгаа л” гэнэ. Уг нь тэр гарыг явуулаад сайхан гэвэл “Хадмууд нь” явах гээд байхгүй юу. Тэгэхээр ноймер нэг асуудал бол зам. Зам дагаж хөгжил ирнээ гэж… Заавал 4 уулын дунд олуулаа овоорох хэрэг байгаа юм уу. 1000 км газрыг 30-с дээш цаг явна. Засмал бол 10 цаг л давхина. Үүний цаана нөгөө эдийн засаг масаг бол явж л байдаг байлгүй. Энэ засаг уг нь зөв дугараад байгаа юм Аль 2000 онд л “Төрөө хямралаас гаргаж түмнээ ядуурлаас аваръя” гээд л солиороод байсан сданууд одоо болтол ихэнх нь их хуралд сууж л байна. Бахь байдгаараа нөгөө рекет дарамтаа хийгээд л Эд нэг үхэж далд орвол Монгол хөгжих юм уу хаашаа юм Энийг нь үзэх гэсээр байтал Ард түмэн чинь цаг бусаар яваад дууслаа даа хөөрхий гэж…
-
zorge (May 03, 2014 3:48:12 pm )
ergelzeetei ergelzeetei gehed otgon bayar cninii olon dansnaas haash bna
-
Zamchin (May 04, 2014 1:38:58 am )
А Гансухииг сайн шалгах хэрэгтэй юм бна даа
-
Zochin (May 04, 2014 8:38:56 pm )
Bat-uul zamiin tenderiig ah duu nartaa huvaan ugch ulsiin mungu idhee boliy. Hamgiin suuld uuriin ahdaa huvsguld zam zasvariin ajil ugsun gej bgaa, ene meteer ulsiin mungu bondiin mungu uregdseer l..
-
ОЮУН (May 06, 2014 10:18:55 am )
ИДСЭНИЙГ НЬ ЧИ МЭДСЭН ЮМ ИЛ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ МЭДЭХГҮЙ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУДЛАА ХУЦАХ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ. АЯГҮЙ БОЛ ЧИ ӨӨРӨӨ ТЕНДЕР АВЧ ЧАДААГҮЙ ШАРАЛХАЖ БАЙГАА БИЗ, ИЛ ХЭЛЖ ШУДАРГА БАЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДУУГҮЙ Л БАЙ
-
-
болд (May 06, 2014 10:07:08 am )
бондыг хэрэггүй юманд зарцуулаагүй байлгүй дээ, засмал зам тавихад 1 км замын өртөг хэд билээ, түүхий эд нь хаанаас ирдэг гээд олон юм байнаа, УБ хот болоод хөдөөгийн аймаг, төв замаас зарим сумдыг холбосон гээд замын асуудал өмнөхийг бодвол бас ч гайгүй болж байгаа шүү, гол нь хийж гүйцэтгэж байгаа зарим компаниуд л чанаргүй зүйл хийж ахин ахин нөхөөд байгаад л хатуу арга хэмжээ авдаг баймаар, юм хийж байгаагаа идлээ гэж хардана, хийхгүй байгааг нь юу хийхгүй гэж бас хардаад байхаар хэн нь юм хийгээд байна даа МОНГОЛЧУУД МИНЭЭ
-
ОЮУН (May 06, 2014 10:15:54 am )
ХАРДАХЫН ӨВЧИН ТУССАН МОНГОЛЧУУД МИНЬ ХИЙЖ БАЙГАА ЗҮЙЛҮҮДЭЭС НЬ САЙН ЮМ БАЙГАА ТҮҮНИЙГ НЬ Ч БОЛТУГАЙ МАГТАЖ УРАМ ӨГДӨГ БАЙМААР ДАА, БИД Л БИЕ БИЕНЭЭ ГЭХГҮЙ БОЛ БУСДЫН ӨГӨӨШ БОЛНО ШҮҮ ДЭЭ, ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД МААНЬ МЭДЭЭЖ ЮМ ХИЙХИЙН ТӨЛӨӨ БАЙЖ Л ТААРАА,ХАРИН ДОР НЬ АЖИЛЛАЖ БАЙГАА ХУРГАН ДАРГА НАР Л СИЙМХИЙГЭЭР НЬ ЮУ Ч ХИЙЖ МАГАДГҮЙ,ЗАРИМ ЯАМДААР ОРОХОД НАРИЙН БИЧГЭЭС НЬ АВХУУЛААД ЗАРИМ АЖИЛТАН НАРЫН ИХ ЗАНТАЙ БАЙГАА САЙД ДАРГА НАРААСАА ТОМОО ХАРААД ӨРӨВДДӨГ ЮМ ӨӨРСДИЙГӨӨ ХЭН ГЭЖ БОДООД СУУЖ БАЙГАА БОЛ БОДООД, БИД АДИЛХАН Л ХҮН, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭДЭЭ ШУУРХАЙ ХҮРГЭЖ САЙД ДАРГА НАРЫНХАА ХИЙЖ БАЙГАА МЭДЭЭЛЭЭД СУУЖ БАЙСАН Ч ЯАХАВ ДЭЭ, ХОТ МАНАЖ БАЙГАА НОХОЙ БИШ БАЙМААР
8 Comments