Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа “Х-ТҮЦ” продакшны Ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийг урьж ярилцлаа.
-“Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчид жилийн өмнө Дорно дахины сонгодог бүтээлийн нэг “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон. Нэг хэсэг үзэгчдийг хуйлруулж байсан эл жүжгийг өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн дахин тайзнаа амилуулах болсон нь ямар учиртай юм бэ?
-Монгол Улсад орчин цагийн театрт урлаг үүсээд 80 гаруй жил болж байна. Манай ахмад үеийн уран бүтээлчид театр урлагийг мэргэжлийн түвшинд өвлүүлж үлдээсэн. Бүр дэлхий дахинд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөгддөг онол, дэг жаягаар нь өвлүүлсэн. Энэ ч утгаараа Монголын театр урлаг өрнө дахины зарчмаар хөгжиж ирсэн гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл өнөөгийн театрынхан урлагийн ачааг нуруундаа үүрч өрнө дахины онол, практикийг дорно дахины их сан хөмрөгтэй холбож олон сайхан жүжиг туурвиж байна. Олон улсын театр судлаач, мэргэжилтнүүд “Монголын театр бол өрнө, дорно дахины уулзвар юм” гэж ярьж бичдэг.
Энэ ч үүднээс XX зууны Хятадын шилдэг “Шүэ Ки бүсгүй” бэсрэг романыг жүжгийн хэлбэрт хөрвүүлэн тайзнаа тавьж байна. Хэдийгээр дорно дахины сонгодог зохиол боловч жүжигчдийн ажиллагаа, найруулагчийн тавилт зэрэг нь Оросын школоор хийгдэж байгаагаараа онцлогтой.
-Дэлхийн аль ч театрт “Сэрүүн хасын нууц” жүжиг тавигдаж байгаагүй гэдэг юм билээ?
-Бид дорно дахин, тэр тусмаа Хятадын алдарт эмэгтэй зохиолчийн бэсрэг романыг дэлхийд анх удаа жүжгийн зохиол болгон тавьсан. Уг роман өөр хаана ч, ямар ч орны театрт жүжгийн зохиол болж тавигдаагүй. Уг жүжгийн зохиолч нь өөрөө их адармаатай амьдралыг туулсан байдаг. Манайхан “Хуанжу гэг”, “Шиврээ бороо шимшрэх сэтгэл” зэрэг олон ангит киноны зохиолыг бичсэн гэдгээр нь андахгүй.
-Та тайз дэлгэцийн олон жүжиг, кино найруулсан туршлагатай, ахмад найруулагчдийн нэг. Найруулагчаар 20 гаруй жил ажиллахдаа дорно дахины түүх соёл, уламжлалыг харуулсан хэчнээн жүжиг тавьж байв?
-Их цөөхөн. Миний хувьд “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжиг гурав дахь бүтээл маань. Харин “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн хувьд олон зуун жилийн түүх соёлтой Хятадын ард түмний оюуны сан хөмрөгөөс түүн авч, сорчилж хийж байгаа хоёр дахь том бүтээл. Өмнө нь “Аянгын бороо” жүжгийг тайзнаа тавьж байсан. Жүжиг ч амжилттай тоглогдсон.
Харин өнгөрсөн хавар “Сэрүүн хасын нууц”-ыг тайзнаа амилуулсан. Тасралтгүй 28 хоног тоглогдсон байдаг. Жүжгийг маань үзэгчид сайхан хүлээж авсан. Ам сайтай байдаг. Өрнийн ч бай, дорнын ч бай бүтээлийг тайзнаа амилуулахдаа тухайн ард түмэнд хүндэтгэлтэй хандах ёстой. Наад зах нь үндэснийх нь дэг жаяг, ёс заншлыг судлах хэрэгтэй. Жүжигт тоглож байгаа уран бүтээлчид тухайн орны зан үйл, онцлог, явдал суудал зэргийг мэдэж байх нь чухал.
-Дахин тайзнаа амилуулсан нь цаанаа ямар нэгэн учиртай байх. Магадгүй ирэх тавдугаар сард болох “Гэгээн муза” наадамд сойж байгаа ч юм билүү?
-Тийм. “Гэгээн муза”-д уралдуулахаар уяа, сойлгыг нь тааруулж байна.
-Хэр итгэлтэй байна?
-Итгэлтэй байлгүй яах вэ.
-Уг нь Шүэ Ки 20 орчим настай эмэгтэйн дүр. Шуудхан хэлэхэд эл дүрд МУГЖ И.Одончимэг арай л хөгшдөөд байгаа юм шиг ээ?
-Нэг үзэгдэлд л 20-иод насны бүсгүйн дүр бүтээнэ. Үйл явдал есөн жилийн дараа өрнөнө. Нэг үгээр хэлбэл 30 настай эмэгтэйн дүр бүтээж байгаа юм. Энд ямар ч асуудал байхгүй. Хэдэн настай нь чухал биш хүний амьдралын асуудал яригдаж байгаа шүү дээ.
Би тайзан дээр “Одноо хөгшин харагдаж байна” гэдэг үгтэй санал нийлэхгүй. Тэгээд ч уран бүтээлчдийн нас ахихаар оюун ухаан, ертөнцийг үзэх үзэл, дадлага, туршлага жигдэрдэг. Одноо маань бүх зүйл нь жигдэрчихсэн насандаа яваа уран бүтээлч. Энэ л үед юм хийлгэх хэрэгтэй. Тоглосон жүжгийг нь үз гэж зөвлөх байна. Та бүхнийг гомдоохгүй гэдэгт итгэлтэй байна.
Чи бод л доо. Дөнгөж СУИС-ийг төгсөөд ирж байгаа охид яаж 29 настай эмэгтэйн дүр бүтээх юм. Хүүхэд гаргаж үзээгүй, хүн хайрлаж мэдэхгүй жаахан охид Шүэ Кигийн дүрийг яаж гаргаж ирэх юм бэ. Шуудхан хэлэхэд Одноогийн хэмжээнд хүртэл тоглож, дүрээ урлаж чадахгүй. Тэр бол энэ дүрд нас туршлага, аливаа зүйлд хандах хандлага, ертөнцийг үзэх үзэл, үзэгчдэд яаж хүргэх вэ гэдгээ мэддэг.
-Таны ярианаас жүжигчин хүнд авьяасаас гадна туршлага байх ёстой гэж ойлгогдож байна?
-Тийм. Бас тэнхээ байх ёстой. Таван минут орилоод л хоолой нь сөөчихвөл яах юм бэ. Хэцүү шүү дээ. Дээр нь тухайн дүрээ бүх бие сэтгэлээрээ мэдэрч хийнэ гэдэг маш их тэнхээ шаардсан ажил байдаг. Амьдрал үзэж, нухлагдаагүй зүрх сэтгэлтэй хүн амьдралын тэр ачааг тайзан дээр тээж явна гэж байхгүй.
Шуудхан хэлэхэд үлгэр дээ. Тийм ч учраас тэр бүхнийг тээх чадвартай жүжигчин л Шүэ Ки шиг дүрд тоглодог жамтай. Энэ бол бичигдээгүй хууль.
-Ойлголоо. Ингэхэд жүжгийн сайн зохиол олдохгүй байна гэж найруулагч болгон л ярих юм. Энэ нь байгаа нь юутай холбоотой юм бол?
-Олон шалтгаан байна л даа.
-Жишээ нь?
-Монголын төр мундаг зохиолчдынхоо сайн зохиолыг муу үнэлж байна. Бараг үнэлдэггүй гэж ойлгож болно. Үнэндээ ганц сайн жүжгийн зохиол байхад л улсынхаа нэрийг дэлхийд гаргадаг л байхгүй юу даа. Англи орныг алдарт У.Шекспиргүйгээр төсөөлөхөд бэрх шүү дээ.
-Тэр ч тийм шүү. Бараг л төсөөлөгдөхгүй дээ?
-Үнэн юм чинь. Гэтэл сайн зохиол урт настай байдаг төдийгүй хүн төрөлхтний оюун санааг ундаалах мөнхийн шидтэй байдгийг манайхан мэддэггүй, ойлгодоггүй. Төр засаг нь ч харалган байдаг. Оюуны аливаа уран бүтээл тухайн хүнээсээ маш их ур, ухаан, авьяас, цаг хугацааг шаарддаг. Амьдралынхаа тодорхой цаг хугацааг зарцуулна шүү дээ. Нуулгүй хэлэхэд хоолны мөнгөөр тарчигхан амьдралд ямар хүн сайн уран бүтээл туурвих юм. Ганц л жишээ хэлье.
-Ямар?
-Хятадын ард түмнийг хар. “Аянгын бороо” жүжгийн зохиолчийг зөвхөн тэр жүжгийг бичсэнийх нь төлөө төр засаг нь ивээлдээ авч өөд болтол нь тэтгэсэн байдаг. Сайн материал бичих оюуны бүрэн чадвартай гэж үзсэн учраас л тэр. Харамсалтай нь манайд эсрэгээрээ. Ийм байхад хэнд ч сайхан жүжгийн зохиол бичих сонирхол алга. Боломж, бололцоо ч хомс байна. Үүнийг төр засаг ойлгож, хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Бүр бодлогоор зохицуулах шаардлагатай.
-Нөгөөтэйгүүр сайн зохиол байхгүйн адил театрт чадвартай залуу найруулагч алга?
-Тиймээ, үнэн. Сайн найруулагч төрүүлэх эсэхээ бурхан л мэдэх байх даа. Энэ цаг үед бидэнд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн шиг хүнийг хэд заяах юм бол. “Тамгагүй төр”-өөс илүү жүжгийг хэдэн хүн, хэзээ бичих бол. Бид мэдэхгүй шүү дээ. Тэгвэл театрын найруулагч яг адилхан.
Дахин төрөх эсэхийг нь мэдэхгүй юм. Мундаг, сайн найруулагч төрдөг. Түүнийг нь л бид олох ёстой. Харамсалтай нь олдохгүй байна. Гарч ирэхгүй байна шүү дээ. Мэдэхгүй юм даа, ойрын хэдэн жилдээ гарч ирэхгүй байхыг үгүйсгэхгүй.
-Шалтгаан нь?
-Өнөөх л төр засгийн бодлого шүү дээ. Хэрэв найруулагч хүн ийм сайхан амьдардаг гэх амьдралын баталгаагаа олж харах аваас залуус хошуурна. Тэдний дундаас хэн нэг нь ялгараад л гараад ирнэ. Улмаар Монголын театр урлагийг өөд нь татна, хөгжинө. Энэ нь биднээс шалтгаалахгүй төр засгийн бодлогоос л хамаарна. Үнэнийг хэлэхэд хэн бүх амьдралаа театрт зориулчихаад бидэн шиг амьдрахыг хүсэх юм бэ. Хэн ч хүсэхгүй шүү дээ.
Тийм ч учраас залуучууд найруулагч болохыг хүсэхгүй, мөрөөдөхгүй байна. Тэр нь ч харагдаж байна. Үнэхээр чин сэтгэлээсээ найруулагч болъё гэсэн залуус алга.
Б.Төрбат
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ajaa (April 08, 2014 1:50:44 pm )
avyas n bna geed hen ch haraajiin hugshin avgai togluulahaar sonirholguishdee.anu hatnig avaad uz,herev bayasgalang togluulsan bol ter kino iluu amjilt oloh bsan baih
-
Burentugs arslan (April 08, 2014 2:33:41 pm )
Hend ch hereggui yum hiideg ulsuud harin ch saihan amidarch baigaa yum bishuu
2 Comments