Эд хөрөнгө хураах тогтоолыг Э.Ичинхорол хуурамчаар үйлдсэн
болохыг нь АТГ-аас тогтоосон
Манай редакцид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хоёр ажилтны буруутай үйлдлийн улмаас өнөөг хүртэл хохирч яваа иргэн Д.Отгонжаргал гэх эмэгтэй ирж, бидэнд “Эгч нь хаана хандахаа мэдэхгүй байна” хэмээн болсон явдлыг өгүүлсэн юм.
Тодруулбал дээрх эмэгтэйн эд хөрөнгө болох таван байрыг тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэг, шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорол нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчиж, гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулжээ.
Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорол нь төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж улайрч байгаа бол түүнд хяналт тавьж ажиллах ёстой ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэг хяналт тавих нь бүү хэл төлбөр авагч талтай хуйвалдаж иргэн Д.Отгонжаргалд асар их хэмжээний хохирол учруулаад байгаа аж. Хамгийн сонирхолтой нь дээрх хоёр ажилтан эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхдээ Монгол Улсын мэдээллийн санд огт бүртгэгдээгүй хүмүүсийг гэрчээр оролцуулжээ.
Тодруулбал шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорол нь 2009 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 157/01 тоот эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхдээ хөндлөнгийн гэрчээр байлцсан гэх Ц.Даваажаргал, А.Амаржаргал нарыг гэрчээр оролцуулсан гэсэн үг.
Монгол Улсын мэдээллийн санд огт бүртгэлгүй хүмүүс гэрчээр оролцсон
Тиймээс иргэн Д.Отгонжаргал шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхоролыг ШШГТ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Тэрбээр “Эд хөрөнгө хураасан тогтоол үйлдэхдээ хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулаагүй, мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт биечлэн очоогүй, төлбөр төлөгч, өмчлөгч нарыг оролцуулаагүй үйлдэл нь хэт нэг талд үйлчилсэн, хувийн ашиг сонирхолтой байсан гэдэг дүгнэлтэд хүрсэн” гэж байв.
Энэ бүхний эцэст Д.Отгонжаргал хуулийн дагуу өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулахаар болжээ.
Түүний хөлсөлж авсан өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ гомдлын маргааныг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад нь хүсэлт гаргаж хөндлөнгийн гэрчээр оролцсон гэх Ц.Даваажаргал, А.Амаржаргал нарыг /хуучнаар/ Сүхбаатар дүүргийн шүүхэд гэрчээр асуулгахаар тогтоолд дурдагдсан оршин суух хаягийн дагуу хорооны Засаг даргаас тодорхойлт авахад дээрх хоёр хүнийг тус тусын хороон дарга нар нь огт бүртгэлгүй гэсэн албан тоотыг өгчээ.
Энэ хачирхалтай зүйлийг сонссон өмгөөлөгч болон Д.Отгонжаргал нар үүнийг дахин тодруулж баталгаажуулахын тулд Нийслэлийн улсын бүртгэлийн газарт хандаж дээрх хоёр хүнийг дахин шүүлгэхэд мөн л огт бүртгэлгүй байсан байна. Тэгэхээр Э.Ичинхорол, Н.Уранчимэг нар ямар ч бүртгэлгүй хүмүүсийг хөндлөнгийн гэрчээр оролцуулж хүний эд хөрөнгийг хууль бусаар хураасан гэсэн үг.
Ингээд арга буюу Д.Отгонжаргал өмгөөлөгчийнхөө хамтаар эд хөрөнгө хураах тогтоолыг хуурамч үйлдсэн талаар АТГ-т гомдол гарган шалгуулахад шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорол дээрх тогтоолыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон боловч эрүүгийн хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан тухай Нийслэлийн прокурорын газрын тогтоол гарсан байжээ. Өөрөөр хэлбэл НПГ-аас хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэрэг үүсгэхээс татгалзсан аж.
Мөн Э.Ичинхоролтой холбоотой дахин нэг факт гарч ирсэн байна. Энэ нь НШГА-ны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2011 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 434 тоот тогтоолыг мөн хуурамчаар үйлдсэн нь баримтаар тогтоогджээ. Учир нь Э.Ичинхорол 2011 оны наймдугаар сард хууль ёсны дагуу ажлаа хүлээлгэн өгч, жирэмсний амралтаа авчээ.
Гэтэл түүнийг байхгүй хойгуур нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол дээр нь ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэг “батлав” гэж гарын үсгээ баталгаажуулжээ. Тэгээд ч энэ тухай мэдүүлгийг Э.Ичинхорол 2013 оны тавдугаар сарын 8-ны өдөр СБД-ийн шүүхийн иргэний шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолд би гарын үсэг зураагүй” гэж мэдүүлсэн байдаг юм.
Д.Отгонжаргал: Н.Уранчимэг, Э.Ичинхорол нар хотын “А” зэрэглэлд байрлалтай бүх орон сууцыг зах зээлийн үнээс доогуур худалдсан
Ингээд өөрийн болон ах дүү амраг садангийн нийлсэн таван байраа алдаад буй Д.Отгонжаргал “Би түрүүн тодорхой ярьсан. Тиймээс одоо нуршаад яах вэ. Ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимгийн энэ мэт маш олон хууль бус үйлдлээс болж миний төлбөрт хураагдсан таван өөр газарт байрлах 1-3 өрөө, таван орон сууцны үнийн зөрүүнээс болж олон зуун сая төгрөгөөр хохирчихоод байна.
Хэрвээ миний төлбөл зохих төлбөрийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бол төлбөрт хураагдсан орон сууцнуудын зөвхөн 1-2-ыг худалдаж төлбөрийг барагдуулах бүрэн боломж байсан.
Гэтэл Н.Уранчимэг болон Э.Ичинхорол нар хотын “А” зэрэглэлд байрлалтай бүх орон сууцыг зах зээлийн үнээс маш доогуур үнэлж хуйвалдан худалдснаас болж дээрх хохирлууд гарсан. Би тухайн үед нь зах зээлийн ханшаар 1-2 орон сууцыг худалдан борлуулж төлбөрөө барагдуулья гэж хэлсэн. Тэгэхэд төлбөр авагч, ахлах болон шийдвэр гүйцэтгэгч нар таван орон сууц тавуулаа байх шаардлагатай. Салгаж зарах зөвшөөрөл өгөх боломжгүй гэсэн хариуг өгснөөр өнөөдөр ийм байдалд хүрээд байна.
Хэдийгээр би өнөөдөр төлбөр төлөгч гэсэн нэрийг зүүж хуулийн өмнө хариуцлага хүлээж байгаа ч гэсэн Монгол Улсын үндсэн хуулиар хамгаалагдсан жирийн иргэн хүн биз дээ. Тиймээс ёс зүйгүй хэсэг алба хаагчдын хууль бус үйлдлээс болж жирийн иргэн хохирч болохгүй гэдгийг хэлэх гэсэн юм. Гэхдээ би өнөөдөр энэ асуудлыгингээд орхихгүй. Тэдний хуурамч гарын үсэг болон Монгол Улсын мэдээллийн санд огт бүртгэлгүй хүмүүсийг гэрчээр байлцуулсан нь тогтоогдсон учраас холбогдох газруудад нь хандах болно” гэлээ.
Ямартай ч төлбөр төлөгч нэрээр нь дорд үзэж хүний эд хөрөнгийг ингэж зүй бусаар хурааж авах нь төрийн албан хаагчийн ёс зүй, Монгол Улсын хууль дүрэмд хэр нийцдэг юм бол.
Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэхэд төлбөр төлөгч Д.Отгонжаргал улсад ямар ч хор хохирол учруулаагүй. Тэр өөрийнхөө хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагад барьцаа хөрөнгө болгож тавьсан нэгэн. Гэтэл олон хүний насан туршдаа хийж хөдөлмөрлөж олсон энэ олон орон сууцыг Н.Уранчимэг, Э.Ичинхорол нар албан тушаалаа ашиглан бусдын эд хөрөнгийг яаж ингэж хямдхан үнэлдэг байна аа гэж хэн хүнд бодогдохоор байгаа юм.
Тиймээс тэдний энэхүү хууль бус үйлдэлд ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж болон холбогдох албаны хүмүүс анхааралдаа авах биз ээ. Бид дараагийнхаа дугаарт Э.Ичинхорол, Н.Уранчимэг нар хаана, хаана байрлалтай дээрх таван орон сууцыг хэрхэн хэнд яаж хямдхан худалдсан болон тэд хууль хяналтын байгууллагад ямар худал мэдээлэл гаргаж өгч байсныг нь баримттайгаар хүргэх болно.
Үргэлжлэл бий..
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.