Цагдаагийн ажилтан хүн дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг одоогоос жилийн өмнө гарсан билээ. Цагдаагийн машинд дайруулж амиа алдсан талийгаачийн аав Д.Цэнд-Аюуш манай сонинд хандсан юм. Осол гарснаас хойш Д.Цэнд-Аюуш гуайн гэр бүлийн хоёр ч хүн машинд дайруулжээ. Гэвч зам тээврийн осол гаргасан этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцоогүй аж. Хүн дайрсан жолооч цагдаа, эсвэл ар гэрийнх нь нэг хүн цагдаад ажилладаг учраас хэргийг хааж байна гэх хардлага хохирогчид байгаа аж. Тиймээс хохирогч Д.Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Та манай сонинд хандах болсон шалтгаанаа яриач?
-Иргэдэд хууль тэнцвэргүй үйлчилж байна. Цагдаагийн байгууллагад хариуцлагатай алба хашдаг хүн миний хүүг дайрч амийг нь хөнөөсөн. Гэтэл мөрдөн байцаагчид илтэд нэг талд үйлчилж хэргийг хаасан байгаа. Үүний дараа манай гэр бүлийн хоёр ч хүнийг хариуцлагагүй жолооч нар хохироосон.
-Таны хүүг хэн гэдэг цагдаа дайрсан юм бэ. Тухайн үед болсон явдлын талаар яриач.
-Миний хүү Батлан хамгаалах их сургуульд сурдаг байлаа. 2001 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хичээлээ тараад найзуудтайгаа уулзсан юм билээ. Тэгээд орой гэртээ харихаар явж байхдаа дайруулсан. “Цамбагарав”-ын автобусны буудлын дэргэд хүү минь такси барих гээд 23 цагийн орчимд зогсч байсан юм билээ. Гэтэл Таван шараас хотын төв рүү явж байсан машин хүүг минь дайрчихсан байдаг. Машинд баахан согтуу цагдаа нар явсан байдаг. Тэд цагдаагийн нэг дарга цолныхоо найрыг хийсэн юм билээ. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн төлөөлөгч О.Ганбат цагдаа нарыг машинд суулгаад хотын төв рүү явж. Одоо тэр хүн тушаал дэвшээд Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байгаа.
О.Ганбат УБР 74-42 улсын дугаартай “Соната” маркийн машинаараа хүүг минь дайрчихаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн байгаа юм. Хүү маш хүнд гэмтчихсэн байхад түргэн тусламж дуудалгүй машинаараа эмнэлэгт хүргэж, хүндрүүлсэн ч байж болох талтай. Муу хүү минь эмнэлэгт долоо хоног ухаангүй байж байгаад нас барсан, хөөрхий. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гавал тархи, нугалам нугас, доод мөчний хавсарсан хүнд гэмтэлтэй, тархи нь няцарч, дотуур цус алдалттай, зүүн шилбэ хугарсан байсан.
-Тухайн үед О.Ганбат цагдаа согтуу байсан юм болов уу. Тэгж их гэмтээснийг бодоход хурдтай давхиж явсан болов уу?
-Цолны найраас гарсан хүнийг эрүүл байсан гэдэгт итгэдэггүй. О.Ганбат хүүг минь эмнэлэгт хүргэчихээд цагдаагийн байцаагч Сүхбаатар гэдэг хүнд цусны шинжилгээгээ өгсөн гэдэг юм. Гэтэл болсон явдлаас 20-иод хоногийн дараа О.Ганбатыг архи уугаагүй байсан гэдэг дүгнэлт хавтаст хэрэгт орчихсон явсан. Ер нь хэргийн мөрдөн байцаагч бидэнд гурав, дөрөвхөн хуудас цаас үзүүлж байсан. Хүн амины хэргийн хавтаст хэрэг яагаад тийм байгааг асуухад “Замын цагдаагийн газраас өгсөн материал нь тэр” гэж хэлж байсан. Хэргийн газрын үзлэгээр О.Ганбатыг 45-50 км.цагийн хурдтай машин жолоодож явсан гэдэг. Тийм хурдтай байсан бол хүү минь тэгтлээ бяцрахгүй байсан шүү дээ. Тухайн үед хэргийн газарт техникийн байцаагч, цагдаагийн хошууч С.Бямбадорж үзлэг хийсэн байдаг. Бид олон удаа гомдол гаргасны эцэст УМБГ-аас С.Бямбадоржид хариуцлага тооцуулахаар Замын цагдаагийн газарт хандсан байна лээ. Тэгсэн хэрнээ хавтаст хэрэгт огт өөрчлөлт ороогүй.
-Цагдаагийн ажилтанд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгадаг. О.Ганбатыг Замын цагдаагийн газарт шалгасан гэж үү?
-Эхлээд УМБГ-ын хоёрдугаар тасагт Лхагвасүрэн гэдэг хүн шалгаж байсан. Байцаагч хавтаст хэргийг надад ч танилцуулалгүй хэрэгсэхгүй болгоод хаачихсан байсан. Тэгээд прокурорт эсэргүүцэл бичлээ. Сарантуяа гэдэг прокурор “Хэргийг хаах ямар ч үндэслэл байхгүй” гээд сэргээсэн. Хэргийн мөрдөн байцаалт маш хуудуутай болсон байдаг. Лхагвасүрэн байцаагч хавтаст хэрэгт хоёр гэрчийн мэдүүлэг авсан байсан. Тэд О.Ганбатыг цолны найранд оролцоогүй. Харин хүмүүсийг гэрт нь хүргэж өгөх гэж ирсэн тухай мэдүүлсэн байдаг. Гэтэл Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгахаар өнөөх хоёр гэрч тухайн үед машинд яваагүй болж таарсан. Ерөөсөө л цагдаа, Замын цагдаагийн газрын байцаагч, мөрдөн байцаагчид хуйвалдан хуурамч бичиг баримт бүрдүүлж, О.Ганбатыг ялгүй үлдээхийн төлөө ажилласан гэсэн хар байгаа.
-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хэргийг хэзээ сэргээсэн юм бэ. Мөрдөн байцаагч ямар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан юм бол?
-Гурван ч удаа өргөдөл бичиж байж 2004 онд шилжүүлсэн. Хүүг минь согтуугаар гарцгүй газраар гарсан гэж буруутгасан байдаг. Ингээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх шалтгаанаар хэргийг хаасан. Гэтэл тухайн үед О.Ганбат жолооны үнэмлэхгүй машин барьж явсан ч баримт байгаа. Тэр бүүхэл түүнтэй замын цагдаа хамт явсан байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн автын байцаагч Мягмарсүрэн О.Ганбатын дэргэд сууж явсан. Мягмарсүрэн найзыгаа хүн дайрах гэж байгааг хараад “Наана чинь хүн” гэнгүүт машинаа эргүүлсэн байгаа юм. Тэгэхээр архи ууснаар ардах замаа сайн харахгүй байсан гэж бодож байна. Мягмарсүрэн одоо Замын цагдаагийн газарт мэргэжлийн комиссын байцаагч болж дэвшсэн байна лээ.
-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хэргийг хэрхэн шийдсэн юм бэ?
-Тэнд Чагдар гэдэг мөрдөн байцаагч хэргийг шалгасан. Тэнд намайг хавтаст хэрэгтэй танилцуулаад л хэргийг хаачихсан. Ингээд би хүүгээ алдаад, хүн алсан цагдаа тушаал дэвшээд л гялалзаж явна даа. Хууль цагдаагийн ажилтанд ингэж л үйлчилдэг юм байна. Ёс зүй гэж байдаг бол тэр цагдаа өнөөдөр ажлаа хийгээд явахаасаа ч ичих учиртай. Энэ хэргийн дараа төрсөн дүүгийн маань хүү машинд дайруулсан.
-Бас цагдаа дайрсан юм уу?
-Зээ дүү маань 2008 оны тавдугаар сарын 8-ны орой ажлаа тараад Сансарт эхнэр, хүүхэдтэйгээ замын хажууд зогсч байтал нэг машин дайраад зугтчихаж. Азаар сайхан сэтгэлтэй хүн машины араас хөөж дугаарыг нь тогтоож авсан байна лээ. Дугаараар нь хайж хэрэг гарснаас хойш хэд хоногийн дараа өнөөх машины жолоочийг олсон. Гэтэл Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн бичиг хэрэг хариуцсан ажилтан Цогзолмаагийн хүү байж. Ингээд л урьдын адил хэргийг замхаруулж байгаад хаачихсан. Зээ дүү маань хүнд гэмтэлтэй үлдсэн. Харин дайрсан жолооч нь цагдаад ажилладаг ээжийнхээ буянаар хэргээс мултарчихсан. Тэд цагдаагийн байгууллагад байнга ажиллах юм шиг санаж зарим гэмт үйлдлийг өөрт ашигтайгаар шийддэг юм байна. Гэхдээ гэмт этгээдүүдийг ард түмний шүүх хэзээ нэгэн цагт шийтгэнэ гэж хүлээж байгаа. Хэдийгээр гарцгүй газар байсан ч хүн гэдэг хүнийг дайрч амийг нь хөнөөчихөөд гэмгүй явна гэдэг шударга бус. Энэ хэргийн дараа дүүгийн минь хүү бас л зам тээврийн осолд орсон. Хүү хичээлээ тараан ангийнхаа хоёр хүүхэдтэй хамт дөрөвдүгээр хорооллын дундах хүүхдийн сааданд тоглож байтал Д.Цэцэнжав гэдэг эмэгтэй саад давж ирээд дайрсан. Ангийнх нь хүүхдүүдийн яриагаар Д.Цэдэнжав дүүг минь нэг удаа дайрчихаад босоод ирэхээр нь хоёр дахиа дайраад амийг нь хөнөөчихсөн байдаг. Тэгэхээр тэр жолооч согтуу байснаас гарцаагүй. Тэр эмэгтэйд эх хүний сэтгэл гэж байгаагүй. Машинаа засчихаад, байраа зараад хаашаа ч юм алга болчихсон.
-Гэхдээ хэргийг шалгаж байгаа биз дээ.
-Шалгаж л байгаа гэсэн. Бас л хугацаа алдаад байна. Мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас тодорхой ярьж болохгүй байна.
-Тэгээд сэжигтэнг зугтсан гэж яаж мэдэж байгаа юм бэ?
-Гэрт нь очсон чинь байраа зараад явчихсан байсан. Манай гэр бүлийн гурван хүн бусдын буруугаас зам тээврийн осолд орж хоёр нь нас барж, нэг нь хүнд гэмтчихээд шаналж, бэтгэрч явна.
-О.Ганбат, эсвэл Цогзолмаагийн хүү та нараас уучлал гуйж уулзсан уу?
-Ерөөсөө үгүй. О.Ганбатын найз нь “Манай найз хүүг тань амьд үлдээх гэж эмнэлэгт авч очсон. Тиймээс гомдол байхгүй гээд албан тушаалд нь үлдээж өгөөч” гэж тулгасан. Хүний амь хохироочоод биднээс тийм юм шаардах эрх тэдэнд байхгүй. Дараа нь 400 мянган төгрөг өгсөн байсан. Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар бүлгийн 21 дүгээр заалт гээчээр хүний амийг ингэж л үнэгүйдүүлдэг юм байна. Өнгөрсөн зун Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа хүн дайрч хөнөөсөн тухай танай сонин бичиж байсан. Бас л энэ заалтаар цагдааг буруугүй гээд хэргийг хаасан байна лээ. Хууль мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд үйлчилдэггүй юм байна.
-Эрүүгийн хэргийг нь хаачихсан ч иргэний журмаар шүүхэд хандаж болно шүү дээ.
-Хандаагүй. Хүүг минь хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх нь бүүхэл надад танилцуулалгүй хаачихаж байна. Тэд хохирогч намайг хүндлэхгүй байна шүү дээ. Тийм юм чинь Иргэний журмаар нэхэмжлэл гаргаад ч нэмэргүй гэж бодож байна. Цагдаагийн ажилтанд холбогдох хэргийг шийдэхгүй нь тодорхой шүү дээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
“ӨДРИЙН СОНИН”
Холбоотой мэдээ
Comments are closed.