МУГЖ С.Эрдэнэцэцэгтэй хоршин “Сайхныг тань харангуутаа дурласан юм. Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм” хэмээн цангинатал дуулсаар гарч ирсэн МУГЖ У.Далантайг энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа урилаа. Тэрбээр 25 жил урлагийн тогоонд чанагдаж, эх орноо дэлхийд сурталчилж яваа нэгэн юм.
Улмаар 2001 онд ОХУ-д зохиогдсон Дэлхийн сонгодог урлагийн наадмаас Гран При шагнал хүртэж, хоолойныхоо гайхамшгийг дэлхийд гайхуулчихаад ирсэн билээ. Төр засгаас энэхүү амжилтыг нь үнэлж олгох ёстой байсан мөнгөн урамшууллыг өнөөг хүртэл чухам яагаад олгоогүй болон УДБЭТ-аас хөөгдсөн талаар нь сонирхсон юм.
–Сүүлийн үед МУГЖ У.Далантайг хаана, юу хийж яваа бол гэж олон хүн чих тавих боллоо?
-Одоогоор би СТӨ-нд харьяалагдаж байгаа. Дуурийн театраас гарснаасаа хойш СТӨ-ний “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучнаар ажиллаад хоёр жил гаруй болж байна.
-Та яагаад УДБЭТ-аас гарах болсон юм бэ. Хүмүүс янз бүрээр л тайлбарлах юм?
-2001 онд УДБЭТ-ын өндөр босгыг анх алхаж орж байлаа. Дуурийн театрт 2009 он хүртэл найм, есөн жил гоцлол дуучнаар ажилласан. Анх ангийнхаа таван найзтай хамт зургуулаа УДБЭТ-т орж байсан санагдана. Одоо тэр байгууллагад хоёр найз маань л үлдсэн. Гадуур янз бүрээр тайлбарлаж, ярьдаг. Далантай ур чадвар муутай дуучин ч гэдэг юм уу, хөөгдсөн энэ тэр гээд л. Үнэндээ УДБЭТ-ын дарга, удирдлагууд намайг ажил цалгардуулдаг, их хэнхэг, бидэнтэй сөргөөцөлддөг гэсэн инээдтэй шалтгаанаар ажлаас халсан. Ийм л зүйл болсон.
–Манайхан олон улсын янз бүрийн уралдаан тэмцээнд оролцох нь их болсон. Тодорхой хэмжээнд амжилт үзүүлээд, эх орныхоо нэрийг гаргаад ирж байхад түүнийг нь төр засгаас хангалттай үнэлж чаддаггүй юм шиг санагддаг?
-Энэ үнэн. Энэ нь нэг талаараа манай соёл урлагийн байгууллага, БСШУЯ-тай холбоотой асуудал л даа. Нөгөө талаасаа биднээс ч шалтгаалж байгаа байх. Шуудхан хэлэхэд манай урлагийнхан чинь хувиа хичээсэн хүмүүс шүү дээ. Довоо шарлуулаад л, өөрсдийгөө болгоод явдаг. Хүний өөдөөс үг хэлж чаддаггүй. Хэдэн төгрөгийнхөө цалинд баригдсан, хавчигдмал дээр нь нийгмийн идэвх сул дорой хүмүүс. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэж, дуугарч чаддаггүй салбар бол манай урлагийн салбар яах аргагүй мөн.
-Төр засгаас танд олгох ёстой нэг шагнал өнөөг хүртэл олгогдоогүй байгаа гэсэн яриа байдаг шүү дээ?
-2001 онд Орост болсон Олон улсын дуурийн залуу дуучдын долдугаар уралдаанд оролцоод Гран При авсан юм. Уг тэмцээнд манай дуурийн театрын гоцлол дуучин Оюунчулуун бид хоёр Монгол Улсаа төлөөлж оролцсон. Оюунчулуун маань зургадугаар байрт шалгарсан. Дэлхийн 63 орны дуучдаас шүү дээ. Тухайн үед олон улсын уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тохиолдолд төр засгаас тодорхой хэмжээний мөнгөн шагнал олгох тухай тусгай журам гаргасан. Уг нь журмынхаа дагуу бол би овоо хэдэн цаас авах ёстой.
-Тусгай журам байсаар байтал яагаад олгохгүй байгаа юм бол. Хичнээн хэмжээний мөнгө авах ёстой юм бэ?
-Уг нь 30 гаруй сая төгрөг авах ёстой. 2001 оноос хойш авах гэж хөөцөлдөөд чадахгүй л явна. Тэр журмыг баталсан хүмүүс жаахан өрөөсгөл зүйл хийсэн үү, сүүлд сайд нь солигдоод мартагдсан уу ямар ч байсан өнөөдрийг хүртэл тэр мөнгийг аваагүй. Очоод асуухаар журам чинь байхгүй байна, яах уу гэх юм уу тийм журам алга гэдэг. Энэ тухай манай Г.Хайдав багш хүртэл олон ч удаа дуугарсан. Засгийн газарт хүртэл өргөх бичиг барьсан гээд бод доо.
–Та анх МУГЖ С.Эрдэнэцэцэгтэй хамтраад “Сэтгэлийн үг” дууг дуулсан. Тухайн үед та хоёр энэхүү дууг нэг тайзан дээр таван ч удаа дуулж байсан гэдэг?
-“Сэтгэлийн үг” 1993 оны таван сард дуулагдсан дуу. Тэр жилийнхээ намар болсон “Морин хуур” уралдаанд үзэгчдийн шагнал хүртэж байсан. Үнэхээр сайхан дуу. Тухайн үед нэг тоглолт дээр таван удаа дуулуулж билээ. Ганцхан энэ дууг шүү дээ. Үзэгчид дагаж дуулаад л… Тэр үед үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байсан. Тэгээд ч ганц дууг нэг тайзан дээр таван удаа дуулж байсан удаа манай урлагийн түүхэнд байхгүй. Яах вэ, ганц хоёр удаа дуулуулж байсан тохиолдол байдаг.
-Та Италид сурч, амьдарсан. Дуурийн эх орон Итали танд яг юу өгөв?
-Тэр үед би Италийг номонд гардгаар л төсөөлдөг байлаа. Яг очоод сураад амьдраад ирэхээр тэс өөр юм байна лээ. Яах вэ, байшин барилга нь өнө эртнийх, эвдэгдээгүй гэдэг утгаараа гайхалтай. Харин ард иргэдийнх нь амьжиргааны түвшин, нийгмийн байдал нь манайхантай л адилхан. Яг үнэнийг хэлэхэд Итали улсаас би юу ч сураагүй.
Харин ч багш нараараа бахархсан. Энд багш нарын минь хэлдэг үг, зааж сургадаг сургаалыг л дуурийн өлгий Италид зааж байсан. Ганц онцлог нь хүнийг шахаж шаарддаггүй, сурвал сур боливол боль гэсэн ухагдахуунтай юм байна лээ. Сургалт нь манайхыг бодвол их зөөлөн санагдсан. Манайхан яадаг билээ багш нар нь араас нь хөөцөлдөaөд л гүйж байдаг шүү дээ. Тэнд бол тийм зүйл огт байхгүй.
–Таны бодлоор сонгодог урлагийн үнэ цэн юундаа байдаг юм бол?
-Сонгодог урлагт үзэгчдийг хуурах гэсэн ямарч боломж байдаггүй. Тухайн тоглолтыг үзэхээр ирсэн үзэгчдэд ямар ч өсгөгчгүйгээр зөвхөн өөрийн дуу хоолойныхоо цар хүрээг, чадлыг харуулдаг. Тийм ч учраас барууны өндөр хөгжилтэй оронд сонгодог урлаг маш үнэ цэнтэй, өндөр тарифтай байдаг. Сонгодог урлаг хамгийн гол нь санаа сэтгэлийг ариусгадаг юм.
-Харин манай улсын сонгодог урлаг яг ямар түвшиндээ явна. Таны бодлыг сонсмоор байна?
-1990 он хүртэлх хугацаанд манай улсад сонгодог урлагийн хөгжил өндөр түвшинд, бараг л Азидаа тэргүүлдэг байсан. Монголын дуурийн театр их алдартай байлаа. Тухайн үед Зууны манлай дуучин Х.Уртнасан, Г.Хайдав гээд л их сайхан уран бүтээлчид дуурийн тайзыг авч явдаг байсан. Харин ардчиллын жилүүдэд юун сонгодог урлаг, төр засгаас ч анхаарахаа больсон. Тэр цагаас хойш дуучид бор зүрхээрээ дуурийн урлагийг авч явж ирсэн. Одоо бол манай улс орны хамгийн үнэт зүйл мөнгө л гэж бодоод байх шиг. Гэвч мөнгөнөөс гадна оюун ухааны төлөвшилт гэж нэг юм байна. Энэ төлөвшилтийг урлаг тэр дундаа сонгодог урлаг бий болгодог. “Кармен”,”Евгений онегин”, “Хунт нуур”, “Аида” гээд байнгын үзэгчидтэй дууриуд бий. Одоо нэг үеэ бодоход сонгодог урлаг манай улсад хөгжиж байна. Хүмүүс ч их үздэг болж.
-Ярианыхаа сэдвийг хоёулаа жаахан өөрчилье. Ингэхэд та урлагийн тогоонд хөл тавиад хэдэн жил болж байна вэ?
-Урлагийн тогоонд чанагдаж, түүнтэй амьдралаа холбоод бараг 25 жил болжээ. Анх 1992 оны 11 дүгээр сарын найманд хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулга одоогоор Эрдмийн дуу бүжгийн чуулгын хаалгыг татаж байлаа. 1990-ээд оны эхээр гэж бодохоор би дөнгөж л дунд сургуулиа төгссөн жаахан хүүхэд байсан юм уу даа. Энэ том чуулгад Д.Лувсаншарав багшийн дор дагалдан дуучнаар ирж байсан. Эндээс л анх дуучныхаа замналыг эхэлсэн. Чуулгадаа есөн жил дагалдан дуучнаар ажилласан. Дараа нь Дуурийн театрт гоцлол дуучнаар найман жил ажиллалаа. Нийтдээ мэргэжлийн урлагийн байгууллагад 17 жил гоцлол дуучнаар ажилласан.
-Таныг Завхан нутгаар тань овоглодог, түүгээр тань мэддэг хүмүүс их байдаг юм билээ?
-Тийм ээ. Намайг олон түмэн нутгаар минь овоглодог. Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүн. Манай нутаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг. Олон ч алдартан төрөн гарсан. Бас хүний дуулах чадвар, хоолойны цар хүрээнд удам генээс гадна нутаг ус, уул толгод нь их нөлөөлдөг юм шиг байна лээ.
–Та саяхан хүүтэй болсон. Одоо хүү тань нэг нас хүрч байгаа гэл үү?
-Тийм ээ. Хүү маань өнгөрсөн жилийн 10 дугаар сарын нэгэнд төрсөн. Одоо нэг нас гарантай. Д.Билгүүнтөгөлдөр гэдэг. Эрдэм номтой хүн болог гэж бодоод энэ нэрийг өгсөн. Аав нь урлагийн хүн гээд хүүгээ заавал урлагаар яв гэж хэлэхгүй. Гагцхүү эрдэм номтой хүн болог л гэж бодож байна.
–Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?
-Манай хүн Сэлэнгэ аймагт төрж өссөн. Гадаад хэлний багш хийдэг. Б.Саран гэж сайхан бүсгүй бий. Бид хоёр хүүхэдтэй. Тэднийгээ сайн сайхан амьдруулах гэж ажиллаж яваа жирийн л гэр бүл дээ.
-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ
Comments are closed.