Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” олон улсын худалдааны төвд үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн онцгой комисс шуурхай хуралдаан зарлаж, Баасан гарагийн 12:00 цагт хуралдлаа. Хуралдаанаар “Нарантуул” худалдааны төвд гарсан галыг унтраахаар газар дээр нь ажилласан албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Ч.Намсрайжав “Онцгой байдлын газарт өглөөний 06:20 цагт ирсэн дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид 06:30 цагт газар дээр нь очиход “Нарантуул” худалдааны төвийн баруун хэсэгт байрлах хүнсний захад гал гарсан, тархалт маш ихтэй байсан байна. Онцгой байдлын албан хаагчид хүч нэмэгдүүлэн галын тархалтыг зогсоож, 11:00 цагт галыг бүрэн унраасан. Гал унтраах ажиллагаанд онцгой байдлын 6 ангийн 144 албан хаагч, 24 автомашин ажиллалаа. Аврагчид галын голомтоос бүрэн шатсан байдалтай нэг хүний цогцсыг гаргасан. Одоо Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран галын шалтгааныг тогтоох үзлэг шалгалт хийхээр ажиллаж байгаа ч цогшилт ихтэй байгаа тул шинжээч нар орж ажиллах боломжгүй байна” гэсэн юм.
Өглөөний 08:00 цагаас эхлэн “Нарантуул” худалдааны төвийн орчмын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн учир гал унтраах ажиллагааны шуурхай байдлыг хангах үүднээс тэр орчмын замын хөдөлгөөнийг бүрэн хаасан бөгөөд одоо замын хөдөлгөөнийг хэвийн байдалд шилжүүлэхээр Замын цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “2013 оны 6-р сард Улаанбаатар Захирагчийн ажлын албанаас “Нарантуул” худалдааны төвд хэд хэдэн удаагийн үзлэг шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн боловч хүлээж аваагүй. Ер нь “Нарантуул” худалдааны төвийн шатсан обьектийг улсын комисс ч хүлээж аваагүй юм билээ. Галаас урьдчилан сэргийлэх дохиолол байхгүй байсан” гэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул” худалдааны төвд албан шаардлагыг удаа дараа хүргүүлж, 3 удаа үйл ажиллагааг нь зогсоох акт гаргаж байжээ. Гэвч шаардлагыг хүлээж авалгүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Ч.Намсрайжавын мэдээлж байгаагаар гал шөнө дунд гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг байгаа юм.
Нийслэлийн онцгой байдлын комиссын хурлаас Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан “Галын шалтгааныг тогтоох, шуурхай удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгууллаа. Нийслэлийн Онцгой байдлын комиссын дарга Э.Бат-Үүл “Хамгийн түрүүнд их хэмжээний галын улмаас эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал боллоо. Мөн худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хүмүүст их хэмжээний хохирол учирсан хэрэг гарсан тул онцгой комиссын хуралдаанаас байгуулагдсан ажлын хэсэг авч болох бүхий л арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хотын замын хөдөлгөөнийг хэвийн горимд оруулах, галын шинжээчид болон гал гарсан шалтгааныг тогтоох нөхцөл боломжийг шуурхай хангаж, ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар болон Онцгой байдлын газарт даалгалаа. Галын голомтод ажиллах хүн хүч, шаардагдах хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах юм. Галын шинжээчдийн дүгнэлт гарах хүртэл иргэд олон нийтийг элдэв цуурхал ярианд автахгүй, тайван байхыг уриаллаа. Мөн холбогдох газруудаас удаа дараа шаардлага хүргүүлээд байхад арга хэмжээ аваагүй өдийг хүрсэн “Нарантуул” худалдааны төвийн удирдлагуудад хуулийн дагуу хариуцлага тооцох болно” гэж хэллээ.
Мөн хуралдаанаар хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт лангууны түрээсгүйгээр зохион байгуулах ажлыг түргэвчлэхээс гадна нийслэлийн төв талбайд хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
222255 (August 23, 2013 5:08:15 pm )
tegeed l neg barulga shatah yum yy bolohgyu bolbol ulsin komuss abaagyi gedeg boljee
-
Anonymous (August 23, 2013 5:19:47 pm )
ulsiin komiss hvleej avaagvi ch geh shig 13 jil ajillaa biz dee
-
злхагваозочинчинзочин (August 24, 2013 10:04:39 am )
Улсын комисс хүлэж аваагүй байранд үйл ажилагаа явуулж байгааг мэдсээр атлаа хаахгүй,болиулахгүй яасан юм.Энэ бол мэргэжилийн хянжлтынханы буруу.Гал гарах болсон шалтгааныг энэ байгуулага ч хамт үүрэлцэх ёстой.Гал гарсан хойно улсын комисс хүлээж аваагүй юм билээ гэж арьсаа хамгаалсан зүйл яриад сууж байх ёстой гэжүү.Үйл ажилагааг нь зогсоох эрх нь энэ нөхдөд байсан шүүдээ.Буруутай хүмүүст арга хэмжээ авах болно гэж ярьж байгаа байсан.Тэгвэл МХ ч гэсэн хариуцлага үүрч арга хэмжээ тооцогдох ёстой
-
UUUU (August 25, 2013 9:41:56 pm )
Харин тийм ээ. Мөнгөтэй хүний үгээр явж хааж чадаагүй байж янз бүр болохоор л улсын комисс аваагүй гэх юм. Эсвэл улсын комисоо татан буулгавал таарна. Хүлээж авахгүй гэж шантаажлж мөнгө саахаас өөр юу хийдэг гэазар вэ
-
4 Comments