Өмнөх сурвалжлагыг эндээс уншаарай.
/Цуврал II/
Гяндангийн юм бүхэн төмөр тор, цоож цуургатай. Хүмүүс нь хүртэл гартаа гавтай. Төмөр гинжээр гар, хөлөө дөнгөлүүлсэн дунд зэргийн нуруутай хорь орчим насны залууг харгалзагч хөтөлж явна. Биеийн тамирын өмд, цамц, пүүзтэй энэ залуу гурван жилийн өмнө цэрэг хувцастай байхдаа Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Хилийн цэргийн Шанагын заставт үүрэг гүйцэтгэж яваад харуулын даргаа хөнөөсөн цэргүүдийн нэг М.Тулга юм байна. Олныг цочирдуулсан хэрэг шил шилээ даран гарсан тэр жилийн хамгийн их дуулиан тарьсан хэргийн эзэн. Түүнийг харгалзагч гяндангийн өрөөнд нь оруулж суулгав. Шоронгийн ёозгүй амьдралд гундсан түүнтэй хэдэн үг солих сониуч зангаа дийлж төвдсөнгүй.
Офицероо буудаж хөнөөсөн М.Тулга
Ялтан залуугийн нүд нь бүлтэгнэж гар нь салгалах аж. Зүрх нь оволзож амьсгаа нь түргэсчээ. “Чи хэзээ орж ирсэн бэ” гэж асуутал давхийтэл цочин над руу нэг том харснаа хана руу хараад суучихав. Үг солих гэж хэд хэдэн удаа оролдсон боловч бүтэлгүйтлээ. Гяндангийн бүүдгэр өрөө нам гүмхэн. Өтгөн шингэний үнэр хамар цоргиулж, хажуу өрөөнд хүн ханиалгах нь тодоос тод сонсогдоно. Хүмүүжигчдийн байж ядсан байртай нааш цааш холхих чимээ чихэнд чийртэй. М.Тулга хэсэг дуугуй сууснаа ам нээв. Түүний хувьд орж ирснээсээ хойш ээжтэйгээ гурван удаа уулзжээ. Ер нь гяндангийн дотоод журмаар хоригдогсод жилд нэг удаа гурван цагийн хугацаатай эргэлт авах боломжтой юм байна. Ээж нь хамгийн сүүлд уулзахдаа юу гэж захисан бэ гэж асуутал нэлээд эмзэглэж буй бололтой хоолой нь зангирч, нүдний аягаар нь нулимс дүүрээд ирэв. “Ээж үү” гэж хэлээд уртаар санаа алдсанаа “Миний хүү эрүүл байх хэрэгтэй шүү. Гол нь тайван байгаарай. Эрүүл байвал залуу хүн гараад л ирнэ, Ээж нь хүүгээ хүлээнэ ээ. Хүүгийнхээ гяндангаас суллагдаж, эрх чөлөөтэй алхахыг заавал харна шүү” гэж захисныг хэлэв.
-Хэдэн онд энд ирсэн бэ?
-2009 онд цэрэгт алба хааж байхдаа хүний амь хөнөөсөн. Тэгээд л тэр жилдээ шүүхээс ял аваад орж ирсэн. Тухайн үед уураа барьж чадалгүй хүний амь насыг хөнөөсөндөө одоо маш их харамсдаг.
-Та нарын үйлдсэн хэрэг нийгмийг цочирдуулсан шүү дээ. Шүүхээс цаазын ял сонсоход юу бодогдож байв?
-Маш хүнд хүлээж авсан. Дотор харанхуйлаад л нэг л сонин мэдрэмж төрсөн. Тэр үед би юу хийчихсэн юм бэ гэж анх удаагаа л өөрөөсөө асуусан. Гэрийнхнийгээ л их өрөвдсөн дөө. Одоо ялаа эдлээд гурван жил болж байна.
–Та хэд даргыгаа буудаж хөнөөчихөөд олон хүнийг барьцаалсан байдаг. Тухайн үед өөрийн гэсэн ухаантай байсан уу?
-Бид тухайн үедээ “Бригад” киноны баатруудтай адилхан болчихсон юм шиг санагдаад инээлдэцгээж байсан. Тэгээд нэг нэгэндээ “Найзууд аа, бид яг л кинонд тоглож байгаа юм шиг гоё байна, тийм үү” гэж хэлж байснаа санадаг юм. Одоо бодоод үнэхээр харуусдаг.
-Гянданд орсон анхны өдрөө юу бодож байв?
-Эхний өдөр маш хүнд санагдсан. Үгээр илэрхийлэх арга алга. Газар дайвалзаж, нүд харанхуйлж, юу болж буйг ухаарч чадахгүй байсан. Хэзээ ч төсөөлж байгаагүй, огт өөр ертөнцөд ороод ирсэн. Бачуурч, орилж хашгирмаар. Нүд харанхуйлж, гэр бүлээ маш их санаж эхэлсэн шүү. Бүх амьдралаа шоронгийн өрөөнд өнгөрөөнө гэж бодохоор гутамшигтай, дэндүү харамсмаар санагдсанаа нуугаад яах вэ.
-Ээж нь уулзаад юу гэж захих юм?
–Миний хүү эрүүл байгаарай. Ээж нь хүүгээ гарч ирэхийг нь хүлээнэ гэдэг. Заримдаа ээж уйлж байгаагаар миний зүүдэнд ордог юм. Хөөрхий дөө, ээж минь ямар их шаналж байгаа бол гэж бодохоор дотор харанхуйлдаг шүү. Дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй л гэж захидаг даа.
-Энэ өрөөнд өглөөнөөс орой болтол юу хийдэг вэ?
-Дотоод журмын дагуу өглөө босно. Өдөр нэг цаг салхинд гарна. Тэгээд л өрөөндөө өнжинө дөө. Тодорхой хуваарийн дагуу хооллодог. Ер нь аль болох өөрийгөө завгүй байлгах гэж л хичээдэг. Тэгвэл сэтгэл үймрэх нь бага. Тэгэхгүй бол элдэв зүйл бодоод яг солиормоор санагддаг юм. Дасгал сургуулилт хийнэ. Хорихоос биднийг 14 хоногт нэг удаа усанд оруулдаг.
Гяндангийн хонгил
-Хамгийн сүүлд хэзээ хүнтэй үг солив?
-Хааяа хянагчтайгаа л үг сольдог. Эрэгтэй хүмүүс л болсон хойно хоорондоо сэтгэлээ нээж ярих үе бий л дээ. Мөн шаардлагатай үедээ сэтгэлзүйчтэйгээ уулзана. Зан чанарын болон бясалгалын хичээл заалгадаг юм. Яг одоогоор бол сэтгэл санаа харьцангуй тогтвортой л байна.
-Хохирогчийнхоо тухай бодох юм уу?
-Бодох үе бий. Харуусдаг шүү.
-Залуучуудад хандаж юу хэлэх вэ?
-Хэзээ ч засч болохгүй алдаа гэж бий. Уур омгоо дарж яваарай. Залуу насаа надтай адилхан шоронд өнгөрөөв дөө гэж хэлье дээ. /санаа алдав/
Тэрээр надтай ярилцаж байхдаа харц нь тогтворгүй, цаанаа л нэг айсан төрхтэй. Ярьж байхдаа орныхоо дэвсгэр даавуунаас чанга гэгч нь атгачихсан харагдав. Тэрбээр бурхны ном уншиж, нүглээ намчилж байгаа гэв. Түүнчлэн эрх чөлөөтэй байхдаа сурч боловсрох насаа үр дүнгүй өнгөрөөсөндөө дэндүү их харамсдгаа ч нуусангүй. Даанч оройтсон доо гээд санаа алдав.
“Ааваа таны өрөө хүйтэн байна уу”
“Яс цоож” буюу гяндангийн хоригдлууд “Цагаан уулын бэл рүүгээ явна даа” гэж хэлээд амиа хорлох оролдлого хийх нь энүүхэнд. Тэд үхье гэж нэг л шийдсэн бол янз бүрийн арга хэрэглэж амиа егүүтгэхээр зүтгэдэг гэх. Нэг хоригдол бүр сарын турш хянагч нараа сандаргажээ. Хоолноос гарч, үг ч дуугарахгүй гөлийчихнө. Ер нь тэд “Цагаан уулын бэл” яриад л унтах нь багасвал үхэх тухай бодолдоо хөтлөгдсөн нь тэр гэж хянагч хэлэв. “Яс цоож”-ны хоёр давхарт нэгэн өрөө бий. Тэнд хоригдлууд жилд нэг удаа гэрийнхэнтэйгээ уулздаг юм билээ. Уулзаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс шалнаас бэхэлсэн дөнгөтөй. Тэр дөнгөөр хоригдлуудыг дөнгөлнө. Эндэхийн дотоод журмаар хүмүүжигчид ар гэрийнхэнтэйгээ жилд нэг л удаа гурван цаг л уулзах зөвшөөрөлтэй. Тэрхүү уулзалтын өрөөнд санал сэтгэгдэл бичих дэвтэр байрлуулсан байх агаад ээж нь хүүтэйгээ уулзаад баярласнаа илэрхийлсэн зурвас, охин нь аавдаа хандан хоригдож байгаа өрөө нь ямар хүйтэн байгаа бол гэж харуусан гунигласан олон сэтгэгдэл тэр дэвтэрт бичигдэн үлджээ. Ц гэх 13 настай охины захидлаас сийрүүлбэл “Аав аа, охин нь том болж байгаа шүү. Таныгаа зөндөө их санадаг. Өрөө чинь их хүйтэн байна уу. Та их даарч байгаа биз дээ. Ааваа би Гэрэл эгчтэй хамт зах яваад танд дулаахан хүрэм авсан” гээд нулимсанд норж цаас нь халтартсан тул бичиг цааш уншигдахааргүй болжээ.
Хүмүүжигчид
Гяндангийн хамгийн ахмад нь 18 жил хоригдсон хүмүүжигч бий. Түүнийг О гэдэг. Нүд нь хонхойж, шанааны яс нь ёрдойж, арьс нь хууларчээ. Цаанаа л үхмэл, яс шиг цагаан царайтай юм. Түүнийг шоронд орох тэр жил “Москвич”, “Лада” ид моодонд орж байжээ. Тэрээр 1990-ээд оны үед “Тохиролцооны дэлгүүр”-ийн гадна улаан усаар архи даруулж ууж байгаад хүний амь хөнөөсөн гэх. Тэрийгээ ээрч муурч, үгээ арай ядан эвлүүлж ярих нь хүний ертөнцөөс бүрмөсөн тасарч дээ гэх сэтгэгдэл төрүүлэв. Тэр одоо гадаад ертөнцийг төсөөлж чадахгүй. Олон машин, өндөр өндөр байшин барилгатай болсон байх хэмээн таамаглаж буйгаа арай ядан илэрхийлэв. Түүний хавиргууд нь цамцных нь цаанаас нэвт харагдах аж. Туниа муутай гараараа хана налж зогсоно. Тэр эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг огтоос мэдэхгүй. 1990-ээд оны үеийн давс, сахараас өөр зүйлгүй лангуу, картын барааны үеэс өөрийг төсөөлж чадахгүйгээ өгүүлэв.
“Хөөе эхнэр чинь өөр хүнтэй явж байгаа. Чи тэгэхэд энд юу ч мэдэхгүй”
Ер нь онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн хэрэгтнүүд энд хоригддог тул хянагч нарт маш хүнд. Зарим нь орилж хашгирна. Амиа хорлох оролдлого хийнэ. Элдэв ааш гаргаж, хянагч нарыг зовоох бол энүүхэнд. Тэд орж ирсэн эхний гурван сардаа томоотой байх боловч хоног хугацаа өнгөрөх тутам дуу нь өндөрсч эхэлдэг гэнэ. Сэтгэл санаа нь үргэлж тогтворгүй байдаг тул сэтгэлзүйчид нь нэлээд ачаалалтай ажилладаг байна.
Хоригдлуудад гаднын шашны байгууллагынхан сургалт явуулна. Гэгээрэл, бурхны сургаал сонсгоно. Буддагийн ном уншиж, сэтгэл санааг нь тогтворжуулдаг ажээ. Биднийг очих үеэр шашны байгууллагын сургагч багш нар ирчихсэн сургаалаа сонсгож байв. Энэ үеэр дөрвөн хоригдол олбог тавьж суусан агаад нүдээ аньж, энгэртээ гараа тавьсан харагдана. Ном уншиж бясалгахаас гадна гарын дүйтэй хоригдлууд лаа, савангаар бүтээл урлана. Зарим нь уран зураг зурсан бол, зарим нь цаасаар янз бүрийн бүтээл шаглажээ. Азарганы ноцолдоон, монгол шатар, эвтэй дөрвөн амьтан, усан онгоц, гар хатгамал зэргийг уралсан нь их л содон санагдав.
Хоригдлууд номын дуу сонсч байна
Гянданд А гэгч 50 гаруй насны хоригдол байна. Зураач, бүр гайхамшигтай уран зурдаг юм билээ. Түүний зурсан зургийг үзээд биширсэн хүн олон. Тэр 25 жил шоронд суугаад суллагдсан боловч саяхан дахиад л ороод ирсэн гэх. Одоо тэрбээр дахин 25 жилийг эндээ үднэ. Бас л архи уугаад согтуурахдаа хүний амь хөнөөсөн аж. Гэхдээ тэр өрөөндөө хамгийн сайн хүмүүжигч. Зургаа зурсаар л сууна. Хаашаа ч харахгүй. Ямар ч зүйлийг анзаарахгүй. Хянагч нарын хэлж байгаагаар хоригдлуудын сонсох эрхтэн нь маш сайн хөгжсөн байдаг гэнэ. Алхаагаар нь ямар хянагч, хэн ирж буйг шууд л танина. Дарга нарын алхааг бол бүр ч андахгүй. Зарим хоригдол хянагч нарыг сэтгэл санаагаар дарамталдаг гэнэ. “Хөөе эхнэр чинь өөр хүнтэй явж байгаа. Чи тэгэхэд энд юу ч мэдэхгүй. Хохь нь муу п…” гээд л хараал урсгах нь энүүхэнд. Өвдсөн хоригдлуудыг тусад нь эмнэлэгт хэвтүүлнэ. Нэг эмч, хоёр сувилагчтай. Биднийг очих үед гяндангийн эмч хот руу сургалтад явсан байв. Гяндан дотор байрлах эмнэлгийн үүдээр явтал хоёр хоригдол хаалга руугаа дөхөж ирээд биднийг их л сонжсон байдалтай харж байснаа гэнэт нуугдан алга болов.
Хоригдол А-ийн зурсан зураг
Хянагч нар үүрэг гүйцэтгэж байна
Хоригдол Б
Эргэлтийн өрөө
Хоригдогчийн өрөө
Авдрант дахь хорих ангиас 405 дугаар анги руу ялтнуудыг шилжүүлж буй /1998/
Хорих 405 дугаар ангийн алба хаагчид
Үргэлжлэл бий
Н.Түвшинжаргал | гэрэл зургийг Т.Бямба-Очир
Эх сурвалж: Eagle.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 21, 2013 1:50:10 pm )
ih setgeld hursen niitlel bolson bna hun gants aldaad aldaagaa uhamsarlahad nasan turshiin uhaaral hereg boldog gdg ni ene bhdaa. ih orowdloo ene humuus dotor ynz buriin humuus bgaa shuu dee
-
unshigch (July 21, 2013 2:50:49 pm )
tegeed zugeer suulgaj tsoojilj baisnaas ajil yum khiilguulj boldoggui yumuu olson mongooroo ooroo durtai zuileen khudaldaj avch ideh buyu nom zohiol unshih mon geriinhendee dansaar mongo yavuulahch geh yumuu niigemd unegui tus ****oor ajil khiilgesench bolno shuu dee
-
irgen (July 21, 2013 10:45:29 pm )
ene humuusig ajl hiilgeechee manaihaas uur gazar bol oydolin uildwer ch yumuu jijig gar urlalin tseh ajiluulaad arai uur argaar humuujuulj bgashude .gehde bas amia horloh yanz burin uildel ih gargadag gj bn teheer yanz burin mashin tehnik mes ***** orson yum hiilguul bas hetsuu l yum bna neg negiige **** hynagchruga dairah uuriiguu ****** geh met asuudal garhal bh yaaltach yum ble gehdee l nasan turshidn ingeed blgaad hetsushude 25 jil suuchad butsaad orood irj bna geheer yu gj ch helhew estoi bu med
-
зочин (July 22, 2013 11:57:44 am )
эд нар хүний амь хөнөөчихөөд жилд нэг удаа гэрийнхэнтэйгээ улзаж холбоотой байна. харин тэр хохирогч нь гэрийнхэнтэйгээ хэзээ ч уулзахгүйгээр явчихсан байгаа харамсмаар юм
ийм юмнуудыг шууд цаазлах хэрэгтэй -
Бат-Эрдэнэ (July 24, 2013 12:52:58 pm )
маш сайн нийтлэл болжээ хүн байна гэдэг ямар чухал гэдгийг эндээс харж болно гэж бодож байна. би нэг эмнэлэгт явж байгаад эмнэлгийн ханан дээр “хүн байна гэдэг бол тэмцэгч байх юм” гэсэн ишлэлийг ун******д их үнэн ишлэл байна гэж бодож байсан юм. алдадгүй хүн гэж байхгүй байх гэхдээ амьдралынхаа бүхэл мөчийг ганцхан жижиг алдаанасаа ухаараагүй байж дараа ахиад алдаа гаргаж тэр алдаа нь ямар том хар нүх рүү өөрийг хөтөлж байгааг эндээс харж болно. эцэг эхчүүд минь хүүхдээ зөв хүн болгоорой сайн боловсрол гэхэсээ илүү зөв ханд********тай зөв хүн болсон хүн сайн боловсролыг олж авч л таараа шүү дээ.
5 Comments