
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгуульд саналаа өгсөн нийт сонгогчдын 50.23 хувийнх нь дэмжлэгийг хүлээж дахин сонгогдсон Ц.Элбэгдорж өнгөрсөн пүрэв гаpar буюу төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өдрөөр анх удаа ард иргэдийнхээ өмнө, задгай талбайд тангараг өргөж бүрэн эрхээ ёслол төгөлдөр хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Монголчууд хэзээнээсээ “Төр төмбөгөр, ёс ёмбогор” хэмээн төрийн аливаа үйл хэргийг эрхэмлэн дээдэлж, ихэд хүндэтгэлтэй хандсаар ирсэн баялаг уламжлалтай ард түмэн.
Тиймдээ ч ардчилсан Ерөнхийлөгчийн тамгын газраас анх удаа санаачлан хэрэгжүүлсэн бүх ард түмэндээ нээлттэй тангаргийн ёслолыг Д.Сүхбаатарын талбай дээрээс орон даяар шууд нэвтрүүлж, монголчууд найман настай балчираас наян настай буурал хүртэл төрийн сүлдэндээ залбирч, түмэн олныхоо дэмжлэгийг хүлээн хоёр дахь удаагаа сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эх орон, ард түмэндээ өргөх тангарагийн ёслолыг нүд, чих тавин анхааралтай ажигласан юм.
Төрийн ёслол хүндэтгэлийн хувьд Ерөнхийлөгчийн тангаргийн ёслол ном журмын дагуу явагдсан гэж дүгнэж болно. Харин гадаад, дотоодын гурван мянга гаруй эрхэмсэг зочид, төлөөлөгчид яг дэргэдээс нь туйлын анхааралтай ажиглан харсан Ерөнхийлөгчийн тангаргийн эрхэмсэг ёслолыг Бүх цэргийн их хар сүлдний сүлдэч, ЗХЖШ-ын дэд дарга, цэргийн жагсаал командлагч, хошууч генерал Б.Баярмагнайн удирдсан дэргүүд ёстой л нэг холион бантан болгож, өмнөөс нь ичиж үхмээр болгоод хаячихсан.
Эзэн Чингисийн үеэс даян дэлхийд сүр хүчээ гайхуулсан Монгол цэргийн сүр жавхааг илэрхийлэх хамгийн тохиромжтой хэллэг нь “Цэргийн сүр, хүч жагсаалдаа байдаг” гэсэн тавхан үг билээ. Мөн “Эр цэргийг 1000 өдөр тэжээж, ганц өдөр шалгада” гэсэн үг ч бий.
Тэгвэл 365 хоног тэжээлгэсэн хошууч генерал Б.Баярмагнайн командалсан төрийн хүндэт харуулын цэргүүд эзэн Чингисээс улбаатай есөн хөлт их цагаан сүлдийг төрийн ордноос залж ирэхдээ хөл, гар нь хэдэн тийш өрөөлдөж, ёстой л “Шуудайд хийсэн үхрийн эвэр”-ээс илүүтэй замбараагүй бужигналдсан.
Үүнийг тэрлэгчийг цэргийн алба хаах үед цэргийн алба гурван жил байлаа. Шинэ цэргүүдийн хөл гарыг эмх цэгцэнд нь оруулахаар крантинд тусгаарлан 45 хоногийн бэлтгэл хийлгээд тангараг өргүүлж жинхэнэ эр цэрэг болгодог байв.
Тэр үед дөнгөж 10 дугаар анги төгсөөд ирсэн зарим залуус ихэд биеэ барьснаас энгийн үед алхдагаараа алхаж чадахаа болиод хөл, гар хоёр нь өрөөлдөж, хажуунаас нь харахад хачин эвгүй харагддаг нэг тийм сонин үзэгдэл байсан юм даг.
Хааяа ганц нэг тохиолдох тийм шинэ цэргийн өмднийх нь халаасанд тоосгоны хагархай, хатуурч хатсан цементний үлдэгдэл хийгээд халаасыг нь оёчихдог нэг төрлийн “дэг” байлаа. Өмднийх нь цаанаас хатуу тоосго, цемент холилдон үрсээр дорхноо цус шүүрч, тийм “дэг” амссан цэрэг өөрийн эрхгүй өрөөлдөлгүй алхаж сурдаг.
Өнөөдрийн хошууч генерал Б.Баярмагнайгийн командалсан нэг жилийн “нялх” цэргүүдэд тиймэрхүү “дэг” амсуулбал хүний эрх чөлөөнд халдсан гээд сүйд болох нь тодорхой. Тэгээд ч одоогийн нялхамсаг залуусыг ганц өдрийн наранд жагсаалын бэлтгэл хийлгэвэл эхнээсээ муурч унаад аюул болох нь гарцаагүй.
Ийм ч учраас төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хааяа нэг дайчлагддаг хүндэт харуулын цэргүүдийн хөл, гар нь өрөөлдөн зөрж, түмний доог тохуу болсоор Монгол цэргийн алдар гавьяаг уландаа дэвсэлж байгаа хэрэг. Ерөнхийлөгчийн тангаргийн ёслолын цэгийн жагсаал командлагч Б.Баярмагнай нь хошууч генерал цолыг монголын 160 орчим генерал цолтнуудаас хамгийн залуудаа буюу 39-хөн насандаа 2011 оны тавдугаар сарын 27-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гараас хүртсэн нэгэн.
Тиймдээ ч хошууч генерал Б.Баярмагнайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төлөө хариуцсан ажлаа хийсэн шиг хийж, ач харйулах бичигдээгүй хууль үйлчлэх л учиртай. Гэтэл ЗХЖШ-ын дэд дарга, бүх цэргийн жагсаал командлагч, хошууч генерал Б.Баярмагнайн удирдсан төрийн ордны хүндэт харуулын алба, төрийн ёслолын торгон цэргүүдийн хөл, гарынх нь зөрөлдөөн арилах нь битгий хэл, өрөөлдөж алхдаг “товариш”-ууд ч байж магадгүй байгаа нь монгол цэргийн жавхаа, сүр хүчийг навсайтал унагаж байна.
Хүндэт харуул, төрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд оролцох цэрэг эрсийг нурууны өндөр, царай зүс, бие бялдрын өв тэгш зөв хөгжлийг нь харж шилж сонгон авдаг. Хэдийгээр цэргийн алба хаах хугацаа нь ганц жил боловч 365 хоногт сайтар бэлтгэл хийж чадвал саяын Ерөнхийлөгчийн тангаргын ёслолын үеэр гарсан ичгэвтэр үзэгдэл гарахгүй байх бүрэн боломжтой.
Ердөө л ЗХЖШ-ын дэд дарга, цэргийн жагсаал командлагч, хошууч генерал Б.Баярмагнай дарга хэтэрхий залуудаа алтан мөрдөс мөрөндөө зүүсэндээ эрдэж, бардаад ажлаа хийхгүй байгаагаас өчигдрийн инээдэмтэй эмгэнэлт явдал тохиов.
Хошууч генерал Б.Баярмагнай дарга аа. Та тангараг өргөсөн цэргийн дарга, хошууч генерал хүний ёсоор ажлаа чин сэтгэлээсээ хий л дээ. Таны командалсан цэргүүд үнэхээр ичгэвтэр байна шүү.
Ерөнхийлөгчийн тангаргийн ёслолыг сонирхохоор ирсэн хойд, өмнөд хөрш, дэлхийн олон улсын эрхэмсэг зочдын өмнө таны командалсан цэргүүд Монгол цэргийн алдар гавьяаг ганц сайн баллаж хаясан шүү.
Цэргийн хүч жагсаалдаа байдгийг жагсаал командлагч та наад хэдэн цэргүүддээ сайтар ойлгуулахгүй бол болохгүй болжээ. Тэгээд ч алтан мөрдөс зүүсэн хамгийн залуу генерал таныг ажилдаа ийм хайнга хандаж, Ерөнхийлөгчийн тангаргийн ёслолыг шившиглэснийх нь төлөө хатуухан зэмлэл хүлээлгэхэд буруудах зүйлгүй.
Нөгөө талаар ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав та юу харж, юу хийж явна. Төрийн хүндэт харуулын тоотой хэдэн цэрэг чинь хэдэн тийшээ өрөөлдөж алхаад байхад армийн бусад салбарын цэргийн албан хаагчдын цэрэгжилт, жагсаалын бэлтгэл, байлдааны бэлэн байдлын талаар олон юм нурших нь цагийн гарз болов уу.
Хэдийгээр сүүлийн үед залуучууд цэргийн албанаас ямар нэгэн шалтгаанаар зугтах нь ихэсч, болж өгвөл аргалаад сугараад үлдэх сонирхолтой болсон ч гурван жил цэргийн алба хааж, эх орондоо тангараг өргөсөн бэлтгэл цэргүүд өнөөдрийн хөл гар нь эвлэдэггүй, өрөөлдөж алхсан хэдэн цэргүүдийн чинь өмнөөс нүүр хийх газаргүй болж, ичиж үхэхээс наагуур юм болж байна шүү Б.Баярмагнай генерал аа.
Ямартай ч хоёр дахь удаагаа тангараг өргөсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ёслолыг ЗХЖШ-ын дэд дарга, цэргийн жагсаал командлагч, хошууч генерал Б.Баярмагнайгийн удирдсан хэдэн цэрэг өрөөлдөн алхаж, хөл, гараа хэдэн тийш нь зөрүүлж давхин гутаагаад хаячихлаа.
Тиймээс ЗХЖШ-ын дэд дарга, цэргийн жагсаал командлагч, хошууч генерал Б.Баярмагнайд хариуцлага тооцъё.
Д.Түвшин
Эх сурвалж: Өглөөний сонин
10 Comments