Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт төмрийн хүдэр олборлож, өмнөд хөрш рүү экспортолдог “Алтайн Хүдэр” ХХК-ийн тээврийн зам дээр эрдэнэт хүний амь нас хохирох явдал багагүй гарах боллоо.
Тодруулбал өнгөрсөн зургаадугаар сарын 19-ний шөнө дугуй нь хагарч замын хажууд ослын дохиогоо асаан зогссон ачааны машины араас мөн л тээвэр хийж явсан автомашин мөргөж улмаар жолооч Т нас барсан хэрэг гарсан байна.
Эл хэрэг гарсны дараахан буюу зургаадугаар сарын 22-нд мөн л үүнтэй адил хэрэг гарч дахин нэг жолооч хүндээр гэмтжээ. “Алтайн хүдэр” ХХК-ийн энэхүү тоос, шороо манарсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал тээврийн гэх замд 2011 онд нэг, 2012 онд гурав, он гарсаар хоёр хүний амь эрсдээд байгаа юм.
Энэ мэт олон осол гардаг ч ослын талаар Замын цагдаагийн газрын рапортод тэмдэглэгдээгүй байдаг нь хачирхалтай. Учир нь Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан хүдэр тээвэрлэдэг замыг нь үйлдвэрлэлийн зам гэж тооцдогоос бүртгэлд ордоггүй.
Уг нь хууль дүрмээрээ бол үйлдвэрлэлийн зам гэдэгт уурхайн доторх замыг тооцох ёстой. Гэтэл тус компани хил хүртэлх 168 км замынхаа ихэнхийг үйлдвэрлэлийн зам гэж тооцуулсан байдаг байна.
Алс баруун хязгаарт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” ХХК-д Байгальорчин, ногоон хөгжлийн яамнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард шалгалт хийсэн. Шалгалтын хэсэг Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс,
түүнчлэн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн” гэсэн дүгнэлт гаргажээ.
Ажлын хэсгээс хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах улсын байцаагчийн албан шаардлагыг өгсөн бөгөөд дараах арга хэмжээг тогтоосон хугацаанд хэрэгжүүлэх үүргийг өгсөн байна.
Энэхүү даалгаврын хамгийн эхэнд “Алтайн хүдэр” ХХК-иаас Бургастайн боомт хүртэлх 168.3 км замын эхний 80 км-ыг 2013 оны зургаадугаар сарын 15-ны дотор тавихыг даалгасан байдаг.
Гэтэл зам . ашиглалтад ороогүйгээр барахгүй Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын өгсөн даалгаврын хугацаа дууссаны дараа ийнхүү нэг залуу амиа алдаж, нэг нь эрүүл мэндээрээ ноцтой хохирчихоод байна.
Тээврийн шороон замаар хүнд даацын автомашинууд ихээр холхиж түүнээс үүссэн тоосжилт нь тус сумын хүн малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг ч мөн илрүүлсэн байна.
Тодруулбал тус сумын гурван өөр газар буусан айлуудаас тус бүр нэг ямаа муулуулж уушгийг нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээний дүгнэлтээр уушги тоосжих-эмгэгтэйг тогтоолоо” хэмээн дурджээ.
ДЭМБ-ынхны хамгийн том асуудал болж байгаа, эмчлэгдэхгүй, эмчилж чадахгүй хоёр өвчний нэг нь тоосжилт юм. Төмрийн хүдрийн уурхайн тоосжилт өвс, агаар зэргээр дамжин мал, амьтны биед,орж, өвчин үүсгэдэг.
Үүнээс болж хүн 10-15 жил хөдөлмөрийн чадвараа алддаг бол мал амьтан ашиг шимээ алдаж, амархан өвчилдөг аж. Хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрсөн сарын эхээр Таян нуурын уурхайд очиж шалгалт хийсэн байдаг.
Гэсэн ч уг шалгалтаар уурхайн үйл ажиллагаанаас болж газрын хөрс эвдрэх, малын бэлчээр хомсдож, худаг ус ширгэж, шороо тоос ихэссэн байжээ.
Тухайлбал, төмрийн хүдрээ 168 км шороон замаар тээвэрлэж буй нь бэлчээр талахлагдах, их хэмжээний тоосжилт үүсэх, зам тээврийн осол гарах, мал сүрэг хүнд даацын машинд дайруулах зэргээр сөрөг үр дагавар гарч байгаа нь тогтоогсон байна.
Тиймээс ХЭҮК-ийн бүрэн эрхийнхээ дагуу тус компанийг хатуу хучилттай зам ашиглалтад оруулах хүртлээ төмрийн хүдэр тээвэрлэхээ зогсоохыг шаарджээ.
Эх сурвалж: Өглөөнй сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 17, 2013 12:34:01 am )
huuli hyanaltiihan anhaarmaar yum ene tal deer zarim ni hudalaa hahuuul awaad chimeegui bolchihoj bgashte. toosjiltoi yarih yum bhgui aimar shte.
-
zochin (July 18, 2013 9:57:46 am )
gazar deeree uur l bn lee dee jishig uurxai gej xelj boloxoor sanagdsan shy .busad ni jishee avaxad zygeer l sanagdsan .
2 Comments