Дэлхийн Гиннесийн холбооноос 3000 морины уралдаан зохион байгуулах эрх олгожээ. Өнөөдрийн байдлаар манай улсын зохион байгуулагчид шүүгчдийг урьж авчрах бэлтгэлээ хангаж буй юм байна.
Хурдан морины уралдаан түүнийг тойрсон монголчуудын язгуур их өв соёл, түүхийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, гайхамшигт Монгол адуугаа дэлхий даяар зарлан тунхаглахаар энэхүү уралдаан, их жагсаалыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж, ивээл дороо зохион байгуулж буй бөгөөд 3000 морины уралдаан, 10.000 морьтоны их жагсаалд Монголын Морин спорт, уяачдын холбооны салбар холбооны 21 аймаг, 360 гаруй сумын уяачид хурдан хүлэг морьдоо уяж оролцох аж.
Газар нутгийг төв, хангай, говь, зүүн, баруун, Улаанбаатарын гэсэн бүсэд хувааж, зургаан гараа буюу бүс тус бүрээс түрүү, айргийг шалгаруулж, алтан медаль, дэлхийн дээд амжилтын батламж, мөнгөн шагналаар шагнах юм.
Уралдаанд оролцсон нийт уяач, уралдаанч хүүхдүүдэд ММСУХ, дэлхийн Гиннесийн байгууллагын хамтарсан дурсгалын алтан медалийг дурсгал болгон үлдээхээр болжээ. Харин 10.000 морьтон Монголчуудын их жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхболд ахалж, төрийн их тугаа залан мандуулах юм.
Их жагсаалд аймгийн Засаг дарга, уяачдын холбооны тэргүүн нар аймгийнхаа тугийг залж, өөрийн аймгийг манлайлж оролцохын зэрэгцээ их жагсаалд оролцогчдод ММСУХ, дэлхийн Гиннесийн байгууллагын хамтарсан дэлхийн дээд амжилтын батламж үнэмлэх олгох ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.