antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2013 1 comment

Хүүгээ өнгөрөхийн өмнөхөн уулын бэлээр хамт алхангаа их л зүйл ярьж билээ

нийтлэсэн Admin

7_sar_1Монголын ард түмэн 2008 оны долоодугаар сарын 1-ний хар өдрийг хэзээ ч мартахгүй. Мартах ч ёсгүй. Учир нь ид хийж бүтээх насандаа явсан таван залуу хаанаас тэнэж ирсэн нь үл мэдэгдэх эзэнгүй суманд оногдож алтан амиа алдсан билээ.

Үүнээс хойш яг таван жил өнгөрсөн байна. Эл хугацаанд талийгаачдын ар гэрийнхэн өөр өөрсдийн хувь тавилангаар амьдарсаар иржээ.

Ингээд дээрх үймээний үеэр харамсалтайгаар амиа алдсан таван залуугийн нэг талийгаач Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяртай ярилцлаа.

-2008 оны долоодугаар сарын 1-ний хар өдрөөс хойш таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд амиа алдсан таван залуугийн ар гэрийнхэн хэрхэн амьдарч ирэв?

-Яах вэ, ямар ч л байсан тэр хар өдрөөс хойш таван жил өнгөрлөө. Энэ хугацаанд бид гомдлоо барагдуулж, асуудлыг шийдэх оролдлогыг тасралтгүй явуулж байна. Мэдээж бидний хувьд асуудал бүрэн төгс шийдэгдсэн гэж хэлэхэд хэцүү.

Гэвч тухайн үед амиа алдсан таван залуугийн талаар төр засгийн зүгээс цагдаа буудаагүй гэж ярьж байсныг бодоход өнөөдөр ямар ч байсан амь насаа алдсан болон шархадсан иргэдэд цагдаа галт зэвсэг хэрэглэсэн нь нотлогдлоо.

Үр дүнд нь тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ял оноосон нь өнгөрсөн таван жилд гарсан хамгийн том дэвшилт байлаа.

Амьдралын хувьд яах вэ дээ хэнд ч ойлгомжтой шүү дээ. Амиа алдсан залуусын ар гэрийнхэн бүгд л өөрсдийн хувь тавилангаараа амьдарч байна. Бүхэл бүтэн таван жил энэ л асуудлын араас явлаа.

Мэдээж энэ ажлын хойноос явахад цаг зав, хөрөнгө мөнгө их, бага хэмжээгээр зарцуулсан. Гэхдээ бид нийгмийн масс яаж амьдарч байна тэгж л амьдарч явна. Амьд үлдсэн нь амьдрах ёстой биз дээ.

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд тухайн үеийн цагдаагийн удирдлагуудад ял сонсгосон нь дэвшилт байлаа гэлээ. Гэхдээ зарим иргэдийн ярьж байгаагаар 2008 оны долоодугаар сарын 1-ний хар өдрийн хариуцлагыг эрх мэдэл албан тушаалтан бус үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн хэдэн дарга нар л үүрээд ял сонсоод явлаа гэх юм. Үнэхээр та нарын ярьж, таамаглаж байсан шиг энэ хэргийн буруутан нь дээрх ял авсан цагдаагийн экс удирдлагууд мөн үү?

-Үгүй. Бид мэдээж хэрэг төрийн тусгай алба хаагчдыг энэ хэргийг өдүүлсэн гэж үзэхгүй байгаа. Төрийн албаны хуульд ч гэсэн төрийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаанаас гарсан үйлдлийг төр хариуцна гэсэн заалт байдаг.

Хэрэв тухайн үед Монголын төр, гүйцэтгэх засаглал бүрэн гүйцэт ажиллаж байсан бол тэр хар өдөр болохгүй байсан.

Харин тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, Хууль зүйн сайд байсан Ц.Мөнх-Оргил хоёрыг бид төдийгүй ард түмний ихэнх нь буруутай гэж үздэг. Бидний хувьд ч энэ бодол одоог хэр нь өөрчлөгдөөгүй хэвээрээ.

-Тэгэхээр саяхан тэр хар өдрийн таван жилийн ой боллоо. Ерөнхийлөгчийн сонгууль ч сайхан болж өнгөрлөө. Та нарт дахин тэр хар өдөр болох вий, хүний амь нас эрсдэх вий гэсэн айдас байсан л байх?

-Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль харьцангуй гайгүй байдаг. Харин УИХ-ын сонгууль 76 суудалд 4-5 нам зэрэг өрсөлддөг болохоор хохирогч нар олон гардаг байх.

Ерөнхийлөгчийн сонгууль гэхээсээ илүүтэйгээр УИХ-ын сонгуульд ийм асуудал гарах магадлал өндөр л дөө. Гэхдээ өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгууль үнэхээр сайхан болж өнгөрсөн. Ямар ч хэл ам, маргаан гараагүй. Дахин тэр хар өдрийг давтахгүй юмсан гэх бодол, айдас улстөрчид болон иргэдийн дунд байсан л байх.

-Ингэхэд талийгаач таван залуугийн дурсгалд зориулж хөшөө босгох асуудал юу болсон бэ?

-Уг нь 2010 онд НИТХ-ын даргын тогтоолоор Үндэсний түүхийн музейн урд талд газар өгөхөөр болсон. Гэхдээ тухайн үед бидний тавьсан хүсэлт одоо тэр задгай паб байгаа газарт дөрвөн метр орчим газар хүссэн юм. Гэтэл Үндэсний түүхийн музейн дарга манайх энэ ханыг нураахгүй гэж хэлсэн. Эл маргаанаас болж асуудал шийдэгдэлгүй өнөөдрийг хүрч байна.

Бид энэ оны гуравдугаар сард шинээр газар олгож өгөхийг Хотын даргаас хүссэн. Биднийг хүсэлт тавьснаас сарын дараа Захирагчийн ажлын албанаас хоёр залуу ирж уулзсан. Тэд “Яах вэ, та нарын тавьсан хүсэлтэд бид өөрсдийн эрх мэдлийн хүрээнд цохолт хийж өгье. Тэгээд асуудал шийдэгдэх байх. Гэхдээ өнөө маргааш шийдэгдэнэ гэж хэлж чадахгүй” гэсэн. Одоохондоо хаана, ямар газар өгөх нь тодорхойгүй л байна. Бид ойрын хугацаанд энэ асуудлаар хотын удирдлагатай уулзах бодолтой явна.

-Та бүхэнд өнгөрсөн хугацаанд төр засгаас ямар дэмжлэг үзүүлсэн юм бэ?

-Нөхөн олговорын хууль 2009 онд гарсан. Тэр хуулиар амь насаа алдсан таван залуугийн ар гэрт 50 сая төгрөг олгосон. Өөр ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй.

-Талийгаач хүү тань одоо амьд байсан бол хэдэн настай байх байсан вэ?

-Миний хүү амьд байвал энэ жил 29 нас хүрэх байлаа.

-Гэр бүлтэй байсан бил үү?

-Үгүй ээ, хараахан болж амжаагүй байсан. Хүү маань хороололд эгчийндээ байдаг байсан юм. Амралтын өдрөөр л гэртээ ирнэ.

Нас барахынх нь өмнөхөн хүүтэйгээ уулын бэлээр алхангаа их л олон зүйл ярьсан даа. Одоо ирээдүйд юу хийх вэ, яах билээ гээд л. Аав, хүү хоёрт ярих зүйл мундахгүй. Хүү маань уурхайчин болно гэж ярьдаг байсан. Их ч сонирхдог байсан. Үнэхээр хүү маань аав шигээ уурхайчин болно гэж ярьдаг байлаа. Хүү маань миний үргэлжлэл байсан юм шүү.

Гэхдээ миний үзсэн зовлонг яг над шиг зовлон үзсэн хүн л ойлгоно. Үзээгүй хүнд ойлгуулах гэж ярих утгагүй. Тэд хэзээ ч ойлгохгүйдээ.

-Уучлаарай таныг эмзэглүүлчихлээ. Хоёр дүү нь юу хийж байна?

-Талийгаач маань айлын том хүү байсан. Хоёр эрэгтэй дүүтэй. Нэг хүү маань сургуулиа төгсөөд ангийнхаа хэдэн найзтай веб сайт байгуулаад ажиллаж байна. Харин бага нь одоохондоо хийсэн зүйлгүй, гэртээ байгаа.

Үнэндээ амьдрал хэцүүхэн л байна. Ямар талийгаач хүүгээ босгоод ирэх биш. Харин одоо үймээний үеэр бэртэж гэмтсэн залуусын эрүүл мэнд л чухал байна. Тэдгээр залуусыг төр өөрийн зардлаар бүрэн гүйцэт эмчилж өгөх хэрэгтэй. Цаашид амьдрах итгэл, боломжийг нь нээх нь чухал байна.
Нөгөөтэйгүүр амиа алдсан хүмүүсийн тоог нэмэхгүйн тулд төр засаг өөрөөсөө хийж болох бүхий л боломжийг хийх шаардлагатай. Үнэхээр л шударга, ардчилсан нийгэмд амьдрахыг хүсч байгаа л бол шүү дээ.

Б.Төрбат

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (July 03, 2013 3:02:36 pm )

    Хар өдрийг тань өдөөн турхирагч Элбэгдорж Ерөнхийлөгч болчихлоо болж л байна хорвоо гэж ийм байдаг юмдаа

antalya rent a car