Урагдаж ноорсон хувцастай, сахал үсэндээ баригдаж, нүүр ам нь барзайж харласан хэсэг хүмүүс архиар бор ходоодоо дүүргэж өдөр хоногийг өнгөрөөдөг. Тэднийг “өвгөнтийнхөн” гэж нэрлээд удаж байна. Тэд ч нийгмээс өөрсдийгөө тусгаарлаж, нийгмийн нэгэн давхарга, хүрээллийг бий болгосон.
Хотын аль ч хэсгээс эдгээр хүмүүсийн аж амьдралыг харж болно. Өөрөөр хэлбэл өвгөнтийнхөн нь хаяагаа тэлсээр, тоо нь өдөр ирэх тусам олширсоор л байгаа. Тухайлбал Баянхошууны шинэ эцэст өвгөнтийн гэх тодотголтой долоо найман өвгөчүүл байнга эргэлдэнэ. Архины балгаар амьдралд хазгай гишгэж яваа тэд өглөө эртээ гэгч нь цуглацгаадаг. Бүгд ярилцаад тохиролцчихсон уу гэлтэй яг л 07:00 цагтаа гозойцгоож харагддаг. Тэдний хоёр нь байнга хир даг, тамтаг болсон шуудайгаа үүрээд зогсож байна. Харин нөгөө хэд нь өмнөх орой нь уусан архи нь гараагүй юу гэлтэй гудамжны үзүүрт хашаа налаад хэвтэж байгаа харагдана.
Энэ бол миний өглөө болгон ажилдаа явахдаа гэрээсээ автобусны буудал орох замдаа хардаг дүр зураг. Ийм дүр зургийг хараад нэлээд хэдэн жил болж байна. Тэд сар, улирлаар бүл нэмж байгаа нь ажиглагддаг.
Хамгийн харамсалтай нь өвгөнтийнхөн улам залуужиж байгаа явдал юм. Тэдгээр шинэ залуус нь нөгөө өвгөнтийн гэх нэр зүүгээд олон жил болж байгаа өвгөчүүлээсээ нэг их ялгарахгүй. Гудамжинд гараа дэрлээд олон жил болчихсон юм шиг аашилна.
Тэд архины гавьяанд ядуурч, архины балгаар гэмт хэрэгт орооцолдох нь бий. Гэмт хэргийн ихэнх буюу 70-80 хувийг хүн согтуудаа үйлдсэн байдаг аж. Архи хүнийг өөрийгөө хянах чадваргүй болгож улмаар эхийгээ зодож, эцгээ хөнөөж, найзыгаа хутгалж, хадмуудаа шатааж, тэр ч бүү хэл амиа хорлож байгаа юм.
Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Өнөөдөр манай улсад спиртийн 16, архины 93, шар айрагны 21, дарсны 14 үйлдвэр албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж согтууруулах ундаа үйлдвэрлэж байна.
Харин согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжийн хувьд улсын хэмжээнд ресторан, зоогийн газар 569, диско, караоке баар 904, кафе 453, хүнсний дэлгүүр 5804, бөөний төв 214 байгаа нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2008 оны 5 тоот тушаалаар баталсан 2000 хүн ам тутамд согтууруулах ундаагаар үйлчилдэг нэг аж ахуйн нэгж, байгууллага байхаар тогтоосон заалтын хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар манай улс сүүлийн таван жилийн хугацаанд нийт 173.4 сая литр соггууруулах ундаа үйлдвэрлэжээ. Энэ нь жилд дунджаар 8.6 сая литрээр өссөн үзүүлэлт аж.
Үүнээс гадна үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 13.4 хувийг спирт, 32 хувийг архи, таван хувийг дарс, 49.6 хувийг пиво эзэлж байгаа төдийгүй гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийт 75.6 сая литр архи оруулж ирж зах зээлд нийлүүлсэн байна. Улмаар Монгол Улсын нэг иргэнд 44 литр архи ноогдож байгаа нь дэлхийн хамгийн их архи хэрэглэдэг ОХУ-аас 14 литрээр их байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.
Архинаас болж гарсан аймшигт хэргүүд өдрөөс өдөрт арга барил нь нарийсч байна. Ингэхдээ улам л хэрцгий догшиноор хүний аминд хүрч байгаа нь аймшигтай. Хэдэн сарын өмнө хадмууддаа өс санасан залуу архи ууж согтуурсан үедээ хадмынхныгаа эхнэртэйгээ хамт шатаасан аймшигт хэрэг гарлаа.
Согтуу араатны гарт галд шатаж амиа алдсан хөөрхий гэр бүлийнхнээс нэг нь ч амьд үлдээгүй. Эцэст нь шүүх бүрэлдэхүүн гэмт этгээдэд ялын дээд хэмжээ буюу 25 жил хорих ял оноосноор аймшигт хэрэгт цэг тавьсан. Энэ бүхэн архины балгаар л болсон. Нэг айлын амьдралыг тэр чигээр нь үгүй хийсэн архи гээч нь нэг улсыг ч бас үгүй хийхэд ойрхон байна.
Б.Төрбат
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 01, 2013 11:38:57 pm )
mgl-chuud sunuj baina,
-
setguulchee sudal (July 02, 2013 9:40:52 am )
uvguntiinhun gej uvgun humuusiig heldeg baisan yum bishee deer ued uvgunt gej ***haj uudag arhi baisiin .
-
tozzmoo (July 04, 2013 9:41:44 pm )
hunii erh geedl l end iljruuleed hereggui shuudee hodoo nutag zaagaad gazar tarialan mal deer ajilluulah ni heregtei vaimaar yumaa. horsnii vohirdol vaga ch gesen vuurah vaih daa.
3 Comments