Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн штабаас бэлтгэж, 06 сарын 23-ны өдөр телевизүүдээр цацуулсан нэвтрүүлгээр “Нэр дэвшигчийн сонгуулийн хаалтын үйл ажиллагааг Сүхбаатарын талбайн Чингис хааны хөшөөний урд хэсэгт зохион байгуулах хүсэлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд хүргүүлсэн боловч, зөвшөөрөл олгоогүй” гэх зэргээр ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн учир НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэл үнэн бодит мэдээлэл өгч, тайлбар хийлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэл “Нийслэлийн Засаг даргад МАН-аас “Хүсэлт тавих тухай ” 2013оны 06 сарын 13-ны өдрийн 272 тоот албан бичиг ирсэн.Албан бичигт тус намын нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагааг Сүхбаатарын талбайн Чингис хааны хөшөөний урд хэсэгт зохион байгуулах хүсэлтэй байгаа учир зөвшөөрөл олгоно уу гэсэн байсан. Гэвч УИХ-ын 2001 оны “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” 16 дугаар тогтоолоор Чингис хааны хөшөөний урд хэсэг нь Төрийн ордны нутаг дэвсгэрт ордог учраас дээрхи үйл ажиллагаа явуулах тухай зөвшөөрлийг хуулийн дагуу “Төрийн ёслолын алба” өгөх учиртай. Тиймээс МАН-ын хүсэлтэд“Хуулийн дагуу Төрийн ёслолын албанд хандах нь зүйтэй” гэсэн утга бүхий 3/2350 тоот“Хариу хүргүүлэх тухай ” албан бичгийг 2013 оны 06 сарын 20-ны өдөр хүргүүлсэн юм. Дээрхи хуулинд “Монгол Улсын Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, Монгол Улсын Төрийн ордноос урд, хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцох, Аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг Засгийн газарт даалгасугай” гэж маш тодорхой заасан байдаг. Тийм учраас МАН-ын сонгуулийн штаб хуулийн дагуу Төрийн ёслолын албанд хандах ёстой байсан юм. Дашрамд дурдахад бид аливаа үйл ажиллагаанд хуулийн дагуу хандсаар ирсэн, цаашид ч бүх зүйл хуулийн дагуу хийгдэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.