antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2013 1 comment

Манай эмнэлэг өргөтгөлтэй болж байгаа юм уу, мэдээгүй шүү дээ

нийтлэсэн Admin

3_amarjih-middle“Монголын үрс маш олон болтугай” гэх мөртлөө хүнээ хүлээж авах газаргүй хэмээн шүүмжлүүлдэг манай нийгмийн халуун сэдэв нь төрөх эмнэлгүүдийн асуудал болж байна.

Байсгээд л утааны тухай амтай болгон асуудал болгодог байсан бол өдгөө сэдвээсээ жаахан хазайж эмнэлгүүдийн эрүүл аюулгүй орчин, чанар чансааны тухай хөндөх боллоо.

Гэвч цагаан нөмрөгтнүүдийн салбарын утаанаас арай ахицтай нь хэдхэн төрөхдөө өргөтгөлийн суурь тавин амыг нь таглаад байна гэх мэдээлэл.

Яармагийн дэнжид сүндэрлэх Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдэл гэгдэж нэг хэсэгтээ олны анхаарлын төвд байсан шинэ төрхийн тухай сурвалжлах гэсэнгүй. Учир нь хуучин хэдээ өргөтгөж чадахгүй байнаа энэ үед шинийн тухай яриад ч нэмэргүй биз.

Ажил нь урагшилдаггүй нөгөө л чилтлээ сонссон хөрөнгө мөнгө, газрын асуудал шинэ төрхийн араас хөвөрдөг атлаа хорих анги барих газар, мөнгө хоёрыг хоногийн дотор шийдчихдэг энэ гайхам нийгэмд нэн хачирхалтай мэдээ нь энэ байна. Учир юу гэвэл, Нийслэлд төрөх эмнэлэг нэмж барих шаардлагатай болсон тухай ярьж эхэлснээс хойш 24 хорих анги барьчихжээ.

За яахав, Монголын төр хоригдлууддаа тулгар эхчүүдээсээ илүү хайртай юм байж. Олон жил ярьсан төрөх эмнэлгийн асуудлын өмнүүр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Засгийн газрын ордны хажууд хачин хурдан сүндэрлэж эхэлсэн. Харамсалтай нь барилгын ажил цэгцрэх дээрээ иртэл зориулалт нь өөр болоод явчихсныг уншигч та хэлүүлэлтгүй мэднэ. Энэ бүхнийг харахад төрөх эмнэлэг төрд падгүй юм гэх бодол төрнөм.

Бүх үйлчилгээг нэг дороос

Улсын гэсэн тодотголтой боловч шоовдорлогдож үлдсэн гуравдугаар амаржих газрыг зорилоо. Хүчтэйхэн салхинд нурчихмаар, хананд нь гүн цууралт гарчихсан нь хэний ч нүднээ илт. Авто машины зогсоол уу гэлтэй, тал хашаатай барилга угтлаа.

Амаржих газар мөн үү гэж эргэлзмээр орчин энд бүрджээ. Хаана нь ч нялх үрсээ угтаж аваад байгаа юм тун ойлгомжгүй. Хашааны хаалгаар орвол бичил зах угтах нь дамын наймаачдад газраа түрээслүүлдэг юм уу гэмээр дүр зураг угтах нь соньхон.

Энд тэндгүй “Шинэ жимсээ аваарай”, “Солонгосын чанартай хувцаснууд байна шүү”, “Халуун хоолоо аваарай”, “Цэцгийн баглаагаа аваарай”, “Такси явна” гэж хашгирах юм.

Эмнэлгийн эргэн тойрон хогондоо хучигджээ. Хамар сэтлэм хиншүү хярвас хаа нэгтээгээс үнэртэнэ. Нэг цонхны үйлчилгээ шиг нэг хашаанаас бүх үйлчилгээгээ амаржихынхан авдаг бололтой. Цаашлан төрөх эмнэлгийн үүдээр орвол хананд байрлуулсан жижиг зурагтыг үзсэн хэсэг хүмүүс тааралдав.

Хүлээн авах, лавлах үйлчилгээ, мөнгөний машины тачигнах чимээ, агааржуулагчгүй бүгчим хүлээлгийн үүд, хувцас солих өрөө гээд л бүгд нэг дор шахцалдан байрлах аж.

Тус амаржих бусад төрөх эмнэлгийг бодвол уур бухимдал, хүлээлт, дугаар үүсгэсэн эхчүүд харьцангуй бага харагдав. Тулгар эхчүүд нааш, цааш холхиж, шинжилгээ өгөх ээлжээ хүлээн гэдсээ илэн зовиурлан суух аж. Харин эмч сувилагч нар нь хийх ажилгүй юм уу даа гэмээр хоёр гурваараа хэлхэлдэн инээлдэх нь аанай л өнөөх Марзан хочит Шаравын “Монголын нэг өдөр”-ийг санагдуулна. Энэ хооронд хэдэн эх тэсгэл алдан өвдөж, хэчнээн хүүхэд эндэх нөхцөл бүрдэж байгаа бол.. гэсэн өөрийн бодолдоо автаж зүрх хөндүүрлэв.

Ийн бодохуй салбарын сайдад хаяглах ганц хүсэл байна. Шинэ төрхийг яаралтай ашиглалтад оруулъя. Эс бөгөөс Гуравдугаар амаржих газар зах болон хувирах нөхцөл бүрдчихжээ, сайд аа.

Арай л болоогүй байна даа

Баянзүрх, Сүхбаатар, Гачуурт, Хонхор тосгоны шинэ иргэдийг хүлээн авдаг гуравдугаар төрөх эхчүүдээ хэвтүүлэх ч оргүй, өндөр ачаалалтай ажиллаж буй гэнэ. Ийм л газраар өдөрт дунджаар 100-120 хүн үйлчлүүлж сард 400 гаруй эх амарждаг байх юм. “Амаржсан эхчүүдээ хоёр гурваар нь нэг орон дээр хэвтүүлж, зарим үед коридорт хүртэл нарийн ор тавин чадлаараа зохицуулж байна” гэдгийг ээлжийн сувилагч нь хэллээ.

“Өчигдөр өглөө арван цагт ирэхэд “Арай л болоогүй байна даа” цагийн дараа ир гээд явуулсан. Миний хажууд байсан хүүхнийг мөн л болоогүй гэсэн. Гэтэл тэр үлдэж би буцсан. Тэгээд цагийн дараа ирэхэд тэр хүүхэн төрсөн байсан. Болоогүй байна даа гэдэг нь тусдаа уулз гэсэн үг байсан юм билээ” гэж Гачуурт тосгоны иргэн гомдсон байдалтай ярив. Түүний энэ үг гол зурав. Эргэлтийн газарт хөл хөдөлгөөн чамгүй олон. Жижүүрийн цонхоор хүмүүс шагайж, чанга дуугаар “Манай охин Сувдааг дуудаад өгөөч”, “Эхнэр Номинд минь эргэлт ирлээ гээд дамжуулаад өгөх үү”, “Энэ тортой хувцасыг Баярмаад оруулаад өгөөч” хэмээн хашхирах шахуу эмнэлгийнхээс гуйх нь хэнд ч тодхон сонсогдоно. Амаржсан, амаржихаар хэвтсэн эхнэр, хүүхэдтэйгээ уулзах гэсэн олны хөл “Эргэлт” гэсэн умгар өрөөнөөс огт тасарсангүй. Энэ нь төрөх эмнэлэг хомс, ажиллах хүн хүч, нөхцөл боломж муутайг батлах шиг.

Мөрөөдлийн өргөтгөл

Гуравдугаар амаржих газар гэж төрөх эмнэлгийн зориулалттай ч биш, наад зах нь бүтэн тойрсон хашаагүй, ойр хавийн талбайгаа худалдаачдад алдсан, 45 ортой, өдөрт 100-120 хүнд үйлчилдэг, сулхан цохилсон зүрхтэй эмнэлэг манайд байна. Чухам үнэнийг цөөн үгээр ийн дүгнэж болмоор.

2011 онд сүр дуулиантай шаваа тавьж, томоос том самбар дээр 2012 оны гуравдугаар сард гүйцэтгэлийн ажлаа дуусгахаа зарласан шинэ төрөх жил тойроод ойн дээрээ ирэхэд бас л таг чиг байв. Барилгын нийт төсөвт өртөг 2011 онд есөн тэрбум байсан бол 2012 онд долоон тэрбумыг нэмжээ.

Тухайн үед өргөтгөл барихыг Засгийн газраар дэмжүүлэхэд гойд хүчин чармайлт гаргаж байсан Д.Арвин гишүүн, барилгын ажилд ч бас гар бие оролцсон гэнэ.

Мөрөөдлийн шинэ төрхийг түүний “Их өргөө” компани барихаар ажлаа эхэлсэн ч суурийн талыг тавиад дуусгасан аж. Улмаар ашиглалтад орох жилдээ дахин тендер зарлаж, “Цамхаг констракшн” компани гүйцэтгэхээр болсон ч зоорийн давхрыг хийж байгаад мөн л ажлаа зогсоожээ. Тэгэхээр 13 тэрбум төгрөгийг суурь цутгаж, ганц давхар хийхэд зарцуулчихав уу, эсвэл дээрх хоёр компанийн хэн нэгнийх нь халаасанд орчихов уу гэдэг хариулт өгөх хүн энэ эмнэлэг дотор лав алга. Хөрөнгө мөнгө нь хүрэлцээгүйн улмаас зогсов уу гэхээр зовлон нэгт нэгдүгээр төрөх энд хийсэн суурьтай тэнцэх төсвөөр зургаан давхар орчин үеийн эмнэлэгтэй болсон байх юм.

Гайхмаар нь өдгөө дахин 7.4 тэрбум төгрөг төсөвлөж өргөтгөл барих гэрээ хийж барилгын ажлаа эхлүүлжээ. Он дамжсан мөрөөдлийн өргөтгөл энэ оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх гэнэ. Энэ тухай эмнэлгийн захиргаанаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзаж, “Манай эмнэлэгт өргөтгөл барьж байгаа юм уу. Би мэдэхгүй юм байна. Нийслэлийнхэн мэдэж байгаа биз” гээд халгаасангүй.

Хоёрхон жилийн дотор 13 тэрбум төгрөгийг газарт булж салхинд хийсгэсэн шигээ 7.4 тэрбумыг ч ийм замаар алга болгочих вий дээ. Юутай ч гуравдугаар төрөхийн өргөтгөлийн нээлт товлосон хугацаандаа болох үгүйг харж л суухаас даа.

Ж.Эрдэнэчимэг

/Нийгмийн толь/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Б.ХОРОЛ (June 14, 2013 6:20:38 pm )

    БОЛЬЁ ОО

antalya rent a car