Монгол хаадын булш гэж юу вэ?
Чингис хааныг оршуулсан газрын тухай тогтсон үзэл
Дэлхийн их хаадын булш бунхныг хэрхэн илрүүлж байв?
Их хаадын булш бунхныг илрүүлээд яадаг байсан бэ?
Монгол нутаг дахь их хаадын булш
Их хаадын булшийг цаашид эрж хайх хэрэгтэй эсэх нь
Их хаадын булш олдвол яах вэ?
—————————————————————————————————–
Монгол хаадын булш гэж юу вэ?
Өнөөг хүртэл Монголын нэг ч хаан (”их”, “бага” ялгаагүй)-ы булшийг хэн ч олоогүй байгаа тул археологийн шинжлэх ухаанд Монголын хааны булш тийм байдаг гэсэн наад захын мэдлэг тогтоогүй байна. Энэ тухай биет баримт олдоогүй учраас судлаачид өнөөг хүртэл хадгалагдан ирсэн, Монголын дундад үеийн түүхэнд холбогдох олон хэлний сурвалжийн мэдээг үндсэн эш баримт болгож байна.
Тэдгээр, олон хэлний сурвалжийг бичсэн цаг үе онд ондоо, туурвисан газар орон, зохиогч бичээч нар нь өөр өөр байсан боловч Чингис хааны булшны талаарх үндсэн хэдэн зүйл дээр мэдээнийх нь утга давхцдаг. Бичгийн сурвалж хийгээд бусад (эдийн ба аман зэрэг) сурвалжийн баримтаас дараах мэт төсөөллийг гаргаж авч болно.
Үүнд:
1. Чингис хааныг өөд болмогц уламжлал ёсоор “үнэн хүүр”-ийг (бас хуурамч “шарил” үйлддэг байсны нэгэн жишээ нь, зарим монгол сурвалжид дурдсанчлан Мунын Хөөвөр гэдэг газар өрөөсөн оймс, өмссөн цамцыг нь онголсон явдал болно) төрсөн нутагт нь авчирсан байна.
2. Хааны шарилыг ямар боловч ил тавиагүй, булж оршуулсан. (Ийнхүү газар ухаад шороо чулуугаар булсан обьектийг археологийн ухаанд булш хэмээн нэрлэж байна).
3. Хааны шарилыг түүнээс өмнөх үеийн ихэс язгууртныг оршуулдаг байсан зан үйлийн дагуу булж оршуулжээ.
4. Хааныг оршуулсан зан үйл нь тэр үед гэнэт сэтгэж олсон зүйл биш төдийгүй Монгол нутагт оршин тогтнож ирсэн үе үеийн нүүдэлчдийн төр ёсны уламжлалтай холбоотой байна. Тухайлбал, одоогийн байдлаар Хүннү (НТӨ I – НТ II зууны)-гийн хаан, язгууртны булш олдсон байтал түүнээс хойших Жоужань, Түрэг, Уйгурын хаадын булш олдоогүй нь хаад, язгууртны булшийг туйлаас чандлан нууцаар үйлдэх ёс Чингис хаанаас дор хаяж 700 жилийн урьд тогтон хэвшсэний илрэл болно.
5. Хааны шарилыг тээх, оршуулах, хамгаалах үүрэгтэй, онц итгэлтэй хүний тоо зарим сурвалжийн мэдээгээр 1000 хүрч байсан ба тэд үе улиран энэ чухал алба үүргийг залгуулдаг байжээ. Тэд хааны шарилыг уламжлал ёсоор оршуулаад ул мөрийг баллахын хамт оршуулсан газрыг нууцлах, ашигч шуналтан хийгээд дайсан этгээдээс сахин хамгаалах (оршуулсан газрын дээгүүр олон мянган адуу давхиулах, мод бургас тарьдаг байсан гэх мэтийн мэдээ XIII зууны эхэн хагасын хятад, латин сурвалжид бий) хэд хэдэн зүйл ажиллагааг үйлддэг байжээ.
6. Хааны жинхэнэ булшийг тодорхой тэмдэггүй, хэн хүн амар олохооргүйг бодолцон тал хээр газар үйлддэг байв.
7. Мөн нийтийг төөрөгдүүлэхийн тул хоёроос цөөнгүй газар “хуурамч булш”, оршуулгын ёс үйлддэг байжээ. XIII зууны перс түүхч Жувайни, Өгөөдэй хааны шарилыг Алтайн нурууны баруунтаа оршуулсан гэжээ. Чингис хааныг ч Алтайн нуруунд оршуулсан гэх мэдээ бий. Энэ нь зориуд төөрөлдүүлэх цуу яриа тараадаг байсны жишээ байж болно. Гэвч Монголын эзэнт гүрнээс салбарлан мандсан, Чингис хааны хөвүүд ач нарын “хувь” улсын эздийг тэр нутагт нь оршуулдаг байжээ. Тухайлбал, БН Казахстан Улсад одоо ч Зоч (МНТ, Судрын чуулган тэргүүтэй монгол, перс хэлээрх сурвалжуудад Жочи гэдэг. Одоогийн дуудлага нь Зоч болох ёстой) ханы бунхан хэмээх дурсгал бий. Түүнийг лав л манай улсын зүгээс анхааран судалсан зүйл алга.
8. Жинхэнэ, хуурамч булшны аль алиных нь эргэн тойронд хэдэн арван км хүртэл газарт хөл хорих ба хааны шууд төрлийн “бэлэвсрэн гашуудах” хүн л тодорхой гортигийн дотор сар илүү хугацаанд гашууддаг байжээ.
9. Хааны шарилын хамт түүний эдэлж хэрэглэж байсан зүйл, адуу мал, тэжээвэр амьтан, үнэт эд агуурс, боол шивэгчнийг дагуулан оршуулсан гэдэг. Зарим сурвалжид энэ тухай дэлгэрэнгүй зураглал бий.
10. Хааны шарилыг жил бүр тайх ёс ч багаар бодоход мянган жилийн уламжлалтай байжээ. Энэ ёс журмыг Юань улсын (Хубилай хааны) үед бүр нарийвчлан тогтоож өгсөн байна. Хааны шарилыг оршуулсан газрын ойролцоох шүтлэгт дархан уулыг мөн хориг татан хамгаалж тахидаг байв.
11. Хаан эзний “жинхэнэ ба хуурамч” шарил, дархан уулыг тахихаас гадна, нүүдэлчдийн эртний уламжлал ёсоор талийгаачийн хөрөг дүрсийг (ихэвчлэн чулуугаар) урлаж чулуун овоон дээр буюу дэргэд нь босгож жил бүр тогтоосон хугацаанд сүнсийг нь залж тахьдаг байжээ. (Тайлга тахилгын зориулалттай тийм газрыг археологийн ухаанд тахилын онгон хэмээн нэрлэж хэвшсэн). Иймээс хүн чулуун хөшөөт тахилын онгон нь монгол хаад, язгууртны (ялангуяа Юань улсын үеийн) үлдээсэн өв мөн болно. Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойн хүн чулуут онгоны орчмын булш оршуулгын зүйлийг саявтар малтахад гарсан эд өлгийн зүйл нь үнэхээр алтан ургийнхны л хэрэглэж байсан зүйл гэж санагдахаар уран хийцтэй, үнэтэй тансаг бөгөөд төрийн ямбаны эдлэл байсан билээ. Сүүлийн 10-аад жилд Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймаг дахь Их Монгол гүрний үеийн хүн чулуу бүхий газруудад ашигт малтмал хайн өрөмдөх, эсвэл ашиглалт эрхлэн ухаж онгилох явдал огцом олширсон нь тэдгээрийн ойр орчим дахь эртний монголчуудын булш, ялангуяа мөнөөх сурвалжид гардагчлан тал газар нууцлан оршуулсан хаадын булш өртөх магадлалыг эрс ихэсгэж байна.
12. Энэ мэтчилэн хаадын булш хаана байгаа, тэдгээрийн оршуулгын ёсыг хэрхэн гүйцэтгэсэн, булшинд юу (хэн)-г дагуулсан зэргийг мэдээгүй байгаа учир Монголын хаадын шарилыг авслаад (сурвалжид авсны тухай гардаг) дан шороогоор хучин булсан уу, эсвэл, араб сурвалжид гардагчлан газар доор байгууламж үйлдээд түүнийхээ дотор тавьсан уу гэдэгт хариу өгөх арга алга байна.
13. Газар доор чулуу буюу тоосгоор гэр хэлбэрт байгууламж (Одоо ихэнх археологич үүнийг бунхан гэж нэрлэж байна. Энэ нь угтаа төвд үг юм. Уламжлалт нэрийг нь хайвал зохино) үйлдэх ёсны, одоогоор олдоод буй хамгийн эртний биет баримт Чингис хаанаас даруй 600 гаруй жилийн өмнөх үед холбогдоно. Энэ нь Монгол улсын нутаг дээр оршин байсан нүүдэлчид газар доор бунхан хийхийг эртнээс мэддэг, өөрсдөө нас нөгчсөн ихэс дээдсээ тэр ёсны дагуу оршуулдаг байсан нь хэдүйний зүйл байсныг илтгэнэ. Газар доорх байгууламж, түүний доторх шарилын тухай мэдээ XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн домгуудад бий. (Тийм, газар доорх байгууламжийг малтан орсонд дотор нь оньст зэвсэг, сааль, эр эм хүний занданшуулсан шарил хосоороо байв гэх мэтийн барим тавим мэдээ ч үлджээ).
Чингис хааны шарилыг өндөр уулын оройд ч бай, өргөн талын дунд ч болов оршуулсан байлаа гэхэд тэнд нь “Чингис хааныг энд оршуулав” гэсэн бичиг л байхгүй бол хэний булш вэ гэдгийг шийдэн хэлэхэд хэцүү юм. Археологийн судалгаанд тухайн дурсгалын он цаг, эзнийх нь нийгмийн байдал зэргийг хамт буй олдворын хэлбэрийн харьцуулал, дурсгалын бүтэц, зохион байгуулалт зэргээр тогтоодог. Эзнийх нь бие цогцсын үлдэл байвал хүн судлалын үүднээс нас, хүйс, өвчлөл зэргийг тодорхойлж болох боловч харамсалтай нь, тэр нь яг хэн гэгч хүн болохыг тогтоох боломж бараг үгүй юм.
Чингис хааныг оршуулсан газрын тухай тогтсон үзэл
Чингис хааны шарилыг төрсөн нутагт нь авчирч оршуулав гэсэн мэдээг үндэс болгон судлаачдын ихэнх нь түүнийг Бурхан Халдун ууланд оршуулсан байх гэж таамаглаж байна. Улмаар “Монголын нууц товчоон”-д гардаг Йэкэс-э кажару гэдэг үгийг Бурхан Халдуны хаа нэгтээх, Чингис хааны өвөг дээдсийн оршуулгын газрын нэр гэж үзэж байна. Тиймээс Чингис хааны булшийг эрэгсэд юуны өмнө энэ хоёр газрыг хайж байршлыг нь тогтоохыг эрмэлзэж байв. Одоогийн байдлаар олонх судлаач Хэнтий аймгийн нутаг дахь, Хэнтийн нурууны салбарын нэгэн их уулыг Бурхан Халдун мөн гэж үзээд байна. Түүнчлэн тэр уулын орой дээрх асар том чулуун овоолгыг Чингис хааны булш хэмээн итгэгчид ч байна.
Эртний монголчууд талийсан хааныхаа шарилыг тал газар үлэмж нууцлан оршуулж газрыг нь тэгшлэн ул мөрөө балладаг байсан хэмээх, сурвалжийн мэдээг үндэс болговол Чингис хааны булш Хэнтийн нуруунд бус түүнээс урагш Хэрлэн мөрний сав, мөн түүнээс ч өмнөш орших их тал хээрийн хаа нэгтээ байх учиртай болно.
Иймээс Чингис хааны булшны байршлын тухай судлаачдын үзлийг “уулын” ба “талын” гэж ерөнхийд нь томьёолсон ч болох юм.
Дэлхийн их хаадын булш бунхныг хэрхэн илрүүлж байв?
Их хаадын онгоныг олох зорилго нь шинжлэх ухааны мөрөөдөл гэхээсээ илүү археологийн шинжлэх ухаан хөл дээрээ тогтон онол, аргазүй, ёсзүйн үр хөврөл боловсрон бэхжээгүй үеийн Их Британи, Герман, Франц, Америк, Испани, Итали зэрэг орны чинээлэг болон эрх мэдэлтэй хүмүүсийн ашиг хонжоо, нэр төр олох гэсэн хүсэл шуналтай шууд холбогдоно.
Тэдгээр улсууд империализмын ид хүчирхэгжлийн үедээ, үндэсний ухамсар, эдийн засаг, улстөрийн хувьд туйлын ядмаг доод төвшинд байсан Египет, Ирак, Иран, Перу, Мексик, Кипр, Турк, Хятад, Энэтхэг зэрэг эртний хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий нутгууд дахь урлагийн үнэт бүтээл, уран барилгын дурсгал, хаан, фараон, язгууртны бунхныг хайр найргүй тонон олдворыг нь зөөсөн байна. Хэдийгээр олон улсын конвенциудад түүх соёлын дурсгал эх орондоо байх ёстой гэж заасан нь бий боловч XXI зуун гарсаар тун цөөн дурсгал эх орондоо буцсаныг бид мэднэ. Эртний Дорно дахины хаадын бунхны үнэт эд зүйл, ховор дурсгалууд одоо ч хөгжингүй орнуудын музей галерейд байсаар байна.
Их хаадын булш бунхныг илрүүлээд яадаг байсан бэ?
Их хаадын бунхныг олох нь XVIII-аас XX зууны дунд үеийг хүртэлх өрнийн их гүрнүүдийн эрх ашгийн нэгэн илэрхийлэл, хоорондоо тэмцэлдэх уулзвар цэгийн нэг болж байлаа. Түүнчлэн энэ нь өмнө дурдсанчлан хувь хүний, асар их ашиг, нэр төр олох гэсэн улангасал, тэр үедээ ид үлгэр дууриал болж байсан адал явдлын романтизмын тод томруун жишээ юм. Хүчирхэг гүрнүүд колони хараат орнуудын эртний хаадын онгоныг олсон тохиолдолд тэнд байсан зөөж болох бүхнийг зөөж бардаг байсан ба мэдээж хэрэг шинжлэх ухааны зорилго ямагт хоёрдугаарт байсан тул баримтжуулалтыг маш муу хийдэг буюу ерөөс хийдэггүй, зарим тохиолдолд зүгээр л наймааны хэрэгсэл болгоод зарж орхидог байв. Хааных нь онгон олдсоноор тухайн орны үндэсний үзэл сэргэх нь байтугай харин ч сүр сүлд нь доройтов уу гэмээр байдалтай болж түүх соёлын дурсгалаа өрсөлдөн зарах, хууль бус наймаагаар хил давуулах нь үлэмж гаардаг байсан нь XIX зууны эхэн үед Ж.Белцони хэмээх итали циркчин эр Эртний Египетийн фараоны бунхныг тоносон байдлаас илэрхий байна.
Ерөөс улс орон үймээн самуун, дажин хямралтай үед ухамсар, боловсрол дорой ард олон музей, түүх соёлын дурсгалт газрыг яаж тонож болдгийг бид 2003 оны Иракийн дайны үеийн үйл явдлаар илүү тодорхой мэдсэн билээ.
Тоталитар дэглэмтэй, цэрэгжсэн улс орнуудын удирдагчид даян дэлхийг бүхэлд нь эзлэх, эрх мэдлээ үнэмлэхүй ихэсгэхэд юу юунаас илүү анхаарч ирээдүйн төлөвлөгөөгөө үүнд чиглүүлдэг байлаа. Адольф Хитлер, Иосиф Сталин нар эрт цагт хүчирхэг гүрэн байгуулж байсан
түүхэн их хаадын онгоныг олж эзэмшвэл эрх хүчийг нь өөртөө шилжүүлэн авч болно хэмээн үнэнээсээ итгэж дорно дахины улс орнууд руу тусгайлан зохион байгуулсан шинжилгээний ангиудыг илгээж байсан билээ.
Үүний нэгэн тод жишээ бол 1941 онд И.Сталин Самарканд хот руу шинжилгээний анги илгээж Төмөр сайдын бунхныг ухуулан шарилыг нь хөндүүлсэн хэрэг болно. Сталин хүчирхэг байлдан дагуулагч Төмөр сайдын толгойн ясаар нүүрний нь төрхийг сэргээлгэн алдарт хүн судлаач, барималч И.Герасимовичаар цээж баримал бүтээлгэснээр сэтгэл үл ханан дэлхийн 2-р дайнд ялсныхаа дараа 1949 онд БНМАУ-ын түүхийг бичих хэрэглэгдэхүүн цуглуулах нэрийн доор Чингис хааны булшийг олуулахаар эрдэмтэн С.В.Киселевийн удирдсан шинжилгээний ангийг илгээж байв.
Түүхэн баримтаас үзэхэд аливаа ард түмэн эртний өвөг дээдэс, үндэсний баатар, шүтээнээ хайрлан хүндэтгэх үзэл нь түүнийг ашиг орлого, нэр төр олох хэрэгсэл мөн гэж үзэх үзлээс илүү гарахуйц болж байж сая түүнийхээ алтан шарил, аливаа биет баримтыг хадгалан авч үлддэг, хойч үедээ өвлүүлдэг нь тодорхой байна. БНХАУ, БНСУ-ын төр засаг язгуурын хаадынхаа булш онгоныг орчин үеийн олон улсын түвшинд хадгалан хамгаалж судалж байна.
Нэгэнтээ ард түмний ихэнх нь ядуу, ухамсар, боловсрол дорой бол дэлхий дахинд алдаршсан их хүний үр сад байгаад ч түүнийхээ дурсгал төдийгүй шарилыг ч зарахад бэлэн байдаг, улмаар ер нь үнэ хүрэх, зарж болох юу ч байсан борлуулж орхидог нь батлагдсан зүйл билээ.
Монгол нутаг дахь их хаадын булш
Хэдийгээр илэрч олдсон нь цөөн боловч Монгол улсын нутагт нүүдэлчдийн төр улсын 2200 илүү жилийн түүхэн дэх хаадын булш бий. Тэдгээрээс хамгийн эртнийх нь болох, Монгол улсын нутагт анхны төр улсыг байгуулсан Хүннүгийн хаадын булшийг л олж цөөнгүйг малтаж судалгааны хувьд чамлахааргүй үр дүнд хүрээд байна. Эдгээр булшийг малтсан жишээнээс харахад дараах гаргалгаа харагдана. Үүнд:
Эдгээрийг малтах сэдлийг ихэвчлэн гадаад улс гүрэн гаргадаг ба тэд 100 хувь хөрөнгө зардаг. Манай улсын бодлогоор, манай улсын хөрөнгөөр судалсан дурсгал нь тун цөөн. 1924 онд Ноён уулан дахь Хүннүгийн хааны булшийг Зөвлөлтийн судлаач П.К.Козлов малтаж эсгий ширмэл зэрэг үлэмж ховор чухаг дурсгал олсноо тэр чигт нь авч явсан нь одоо ОХУ-ын Эрмитаж музейн сор үзмэрийн нэг болжээ. Мэдээж эргэж ирэхээргүй шингэсэн нь тэр болно.
Урьд хааны булшны эд өлгийг биетээр нь авч үүрд ирэхээргүй болгодог байсан бол одоо шинжлэх ухаан техник хөгжихийн хэрээр гуравдагч орны археологийн аргазүй, техник, тэдгээрт тавих хяналт сулхан, боловсон хүчин нь цалин бага, ёсзүйн зарчим тогтоогүй, хямд ажиллах хүч болж байдгийг далимдуулан түүх соёлын дурсгалын талаарх мэдээллийг хямдхан авахыг хичээх болжээ.
Их хаадын булшийг цаашид эрж хайх хэрэгтэй эсэх нь
Хамгийн эртний хаадынхаа булшийг өдий болтол харж хамгаалж чадахгүй, тийм хүсэл ч байхгүй, судлахдаа тулахаар дандаа гадаад улсын (адал явдал хайсан, ядуу орны хямдхан судлаачдыг ашиглан бага зардлаар их нээлт хийх гэсэн хүсэлтэй) судлаачийн халаас руу өнгийдөг ийм нөхцөлд өвөг дээдсийнхээ дурсгалыг эрж хайх нь ашиггүй юм. Ил байгаа хэдийгээ олигтой арчилж тордож чадахгүй байж дахин нэмж олох нь үнэндээ хүч хөрөнгө барсан дэмий ажил болно. Олсны дараа малтана гэх нь бүр ч эрсдэлтэй юм. Дараах нөхцөл шаардлагыг бүрэлдүүлсэн тохиолдолд хаадын булш онгоныг хайж болно. Цаашилбал малтаж ч болно. Үүнд:
1. Хаадын булш онгоныг эрж хайх хангалттай үндэслэл байх хэрэгтэй. Үүнд хувь хүний буюу ганц хоёр байгууллагын үндэслэл хангалтгүй. Гол нь улс үндэсний эрх ашгийг тэргүүнд тавих хэрэгтэй. Улс үндэстний эрх ашгаас илүү шинжлэх ухааны ашиг тус гэж байх ёсгүй.
2. Судлаачдын боловсрол, мэргэжлийн туршлага, аргазүй, техник, хамгийн гол нь ёсзүй, үндэсний эрх ашгаа дээдлэх үзэл олон улсын түвшинд байх ёстой. Одоо бол хонх, дамар, лам гурвын үлгэр шиг байдалтай байна.
3. Судлаачдад “хонх, дамар” байж болно. Ард түмний аж амьдрал дорой, ёс суртахуун нь хямралтай, үнэт зүйл төлөвшөөгүй, боловсролын тогтолцоо хөл дээрээ зогсоогүй байгаа тохиолдолд түүх соёлын дурсгалыг хамгаалах ямар ч сайн хууль байгаад хэрэгждэггүй. Олон нийт зөвхөн хувийн эрх ашгаа бодож түүх соёлын дурсгалыг наймааны хэрэгсэл гэж хардаг нь амьдрал дээр батлагдсаар байна. Ийм нөхцөлд хянах үүрэгтэй этгээд эргээд харах хооронд тухайн дурсгал хил даваад оддог. Түүх соёлын дурсгалыг хил дамнуулан зардаг сүлжээ орон нутаг, хил гааль (хуулийн байгууллага?)-д шургалчихсан байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна.
4. Улстөрчид, улстөрийн бүлэглэлүүд олон нийтийн ухамсар дорой байдлыг далимдуулан түүх соёлын дурсгалыг тэдний итгэлийг олох, улстөрийн ашиг хонжоо олох зорилгод ашигладаггүй байх нийгэм эрхзүйн орчин бүрдсэн байх ёстой.
5. Дурсгалыг малтаад гарсан олдворыг хадгалах байр сав одоогоор манай улсад алга байна. Төрийн албан ёсны, эрдэм шинжилгээний байгууллага (жишээлбэл ШУА-ийн Археологийн Хүрээлэн) нь 80 жил хураасан олдвороо орон сууцны доод хонгил (газар доор), чингэлэг зэрэг аливаа олдвор, үзмэр хадгалах олон улсын наад захын шаардлага хангахгүй газар хадгалж байна. Ийм байхад “ирээдүйд илрэх” монгол хаадын булшны олдворыг хаанаа хадгалах билээ.
6. Олдворыг зүгээр л агуулахад байлгаад байдаг юм биш. Тэдгээрийг байнга тордож сэргээж бэхжүүлж байх ёстой. Тэгээд бас судалж баримтжуулж байх учиртай. Олон зуун жил газар доор байсан эдлэл нар салхинд гарвал амархан өгөршиж гутдаг. Манайд одоогоор ийм тогтолцоо, мэргэжлийн лаборатори, тоног төхөөрөмж алга.
7. Тухайн булш онгоныг газар дээр нь найдвартай сайн хамгаалах тогтолцоо, механизмыг заавал бүрдүүлэх хэрэгтэй. “Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй”.
Эдгээр нь улс орон бүрт заавал байдаг, түүх соёлын өвийг хадгалах, хамгаалах хамгийн наад захын зарчим болно. Үүнд тэр орон нь “том” байна уу, “жижиг” байна уу, ард иргэний олон цөөн байх, тэр ч байтугай тусгаар байна уу, хараат байна уу гэдэг нь огтхон ч хамаагүй юм (Үүнд ӨМӨЗО сайхан жишээ болж чадна).
Их хаадын булш олдвол яах вэ?
Дээр дурдсан бүх зүйлээс харахад эцсийн хариу тодорхой болж байна. Тэр юу вэ гэвэл Чингис хаан хийгээд алтан ургийнхны булш онгоныг төр ч тэр, хувь хүн ч тэр эрж хайх шаардлагагүй. Санамсаргүй олдсон тохиолдолд түүнийг малтах шаардлага байхгүй. Гэвч түүнийг малтаж байж л хэнийх вэ гэдгийг мэднэ.
Бас хамгийн аюултай нь, сүүлийн арваад жил улам улмаар, орон даяар өргөжин өрнөж байгаа уурхайшууллын хийрхлээр ямар дурсгал яаж өртөөд хэрхэн дуусахыг таах аргагүй байна.
Монголд ариун онгон биш газар ус гэж байхгүй. Тахьдаггүй шүтдэггүй уул ховор. Хүн (бидний өвөг дээдэс) нутаглаагүй газар гэж байхгүй. Хаана ч түүх соёлын дурсгал бий. Тэдгээрийг яаж аврах вэ гэдэгт санаа тавих нь Чингис хааны булшийг эрэхээс түм дахин дээр юм.
Хэрэв их хааны булш санамсаргүй тохиолдлоор илэрвэл яах вэ?
1. Давын өмнө хамгаалалтын бүсийг өргөн хүрээнд тогтоож тэнд хүн ам олноор бөөгнөрөн суурьших, ашигт малтмал, үйлдвэрлэл, зарим үйлчилгээний үйл ажиллагаа явуулахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Монгол улсад түүх соёлын дурсгалт газрын харуул хамгаалалт гэж бараг алга байна. Чингис хааны байгуулсан эртний Хар Хорум хот, Уйгурын нийслэл Хар балгасын турийн хамгаалалтын байдал, (бүр ойр буй, нүдний өмнөх жишээ татвал) Чойжин ламын сүм-музейг “битүү хүрээлэн нөмөрсөн” барилгуудыг харахад л манай улсад энэ талын ажил дэлхийн жишгээс алс хоцорсон, улс орны бүтээн байгуулалтыг, бүх талаас нь бодож боловсруулсан хэтийн нарийн тооцоо төлөвлөгөөтэй хийдэггүй нь харагдаж байна. Энэ байдлаар бол их хааны булшны дэргэд зочид буудал, хувийн орон сууц, алтны уурхай, уурхайчдын тосгон, сургууль, зах, дэлгүүр, арьс ширний үйлдвэр, оршуулгын газар, хогийн цэг байгуулсан байхад гайхах явдалгүй юм. Нүүдэлчдийн дурсгалын нэг онцлог нь хүрээлэн байгаа, эвдрээгүй онгон байгалийнхаа төрхтэй төгс зохицдогт оршдог.
2. Нэг л хааны булш илэрсэн нь мэдэгдвэл түүний ойр орчимд өөр бусад хааны булшийг эрж хайх, улмаар ухаж малтах хүсэл жирийн ардаас эхлээд мэргэжлийн судлаачдад ч төрж болно. Ахиухан талбайтай хамгаалалтын бүс тогтоосноор үүнийг хязгаарлаж болох ч шинжлэх ухааны төсөл нэрийн доор хувийн нэр төрөө мандуулах эрмэлзэлтэй судлаачдын үйлдлийг хазаарлахад эрхзүйн нарийн зохицуулалт хэрэгтэй.
3. Шинжлэх ухааны хамтарсан төслийн халхавчаар гадаад улсын хувь судлаачид Монгол улсаас “түүхий эд”-ээ бэлтгэж авдаг бурангуй явдлыг таслан зогсоох шаардлагатай. Археологийн малтлага судалгаа зардал их ордог тул эдийн засгийн чадал сул (эсвэл засаг нь үндэсний шинжлэх ухааны салбарт өчүүхэн төсөв гаргадаг) манайх шиг орны судлаачид эрх биш гадны байгууллага, судлаачдын гарыг харахаас аргагүй болдог. Хамтарсан гэх төслийн ихэнх нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байна. Энд, хэн зардлаа гаргана тэр нь эзэн байна гэсэн зүй тогтол хүссэн хүсээгүй үйлчилдэг. Иймээс хэнтэй, юун дээр хамтран ажиллах вэ, ер нь үндэсний шинжлэх ухаанаа хөл дээр нь босгох уу, үгүй юу гэдгээ эхлээд шийдэх хэрэгтэй байна. Энэ нь тусгаар улс байх уу, үгүй юу гэдэг асуулттай агаар нэг юм.
4. Их хааны онгон олдлоо гэхэд дэлхийн хүчирхэг гүрнүүд хамтран ажиллах саналаа илэрхийлнэ. Манай улс дангаар судлах чадал үгүй нь тодорхой. Их гүрнүүд Чингис хааны ДНХ-г удамшилзүй (магадгүй цэрэг дайны зориулалтаар)-н үүднээс сонирхдог нь нууц биш юм. Одоогийн байдлаар манай улсаас эрхлэн ДНХ-ийн судалгаа хийлгэх боломж алга байна. Улс орныхоо иргэдийн генийн сангийн мэдээллийг хамтарсан төслийн нэрээр хямдхан өгчихөж байгаа өнөөгийн нөхцөлд их хааны шарилаас авах дээжийг гадагш нь л өгч судлуулах болов уу. Монгол улсын иргэдээс биологийн нарийн шинжилгээ, ялангуяа удамшилзүйн холбоотой дээж авах, эртний булш оршуулгаас гарсан хүний шарилаас шинжилгээний дээж авахтай холбоотой харилцааг олон улсын эрхзүйн хүрээнд нарийн зохицуулахгүй бол ирээдүйн үр дагавар нь аюултай юм.
Чингис хаан бол түүхэн хүн, үндэсний баатар төдий биш, нэр төрөө мандуулах далбаа, улс төр, ашиг наймааны хэрэгсэл огтхон ч биш билээ. Нэгэн үеийн 3 сая ч хүрэхгүй хүн амтай ядруухан улсын бамбай бол бүр биш юм.
Чингис хаан Монголын ард түмний шүтээн мөн.
Нэг том булш илрээд түүнийг яаж ийгээд малттал тэр нь Чингис хааных байж таарвал Монголын агуу их шүтээн Чингис хаан жирийн нэг олдвор, үзмэр, магадгүй цагийн жамыг дагаж наймааны хэрэгсэл ч болчихож мэдэх юм.
Оюун санааны үнэт зүйлээ алдсан буюу ахин тодорхойлж амжаагүй аливаа ард түмэн тусгаар тогтносон улсын иргэд байгаад ч улс нь бусад орноос эдийн засаг, соёлын хувьд хараат бол мянган хүчирхэг хааны онгоныг нээж олоод ч үндэсний ухамсар, эх оронч үзэл сэргэх нь битгий хэл өвөг дээдсийнхээ өвийг уралдан тоноод зарчихдаг гашуун үнэн байна.
Нэгэнт тийм зүйл болбол Чингис хааныг эргээд хэн ч шүтээн болгож чадахгүй.
Чингис хаан бол Монголын ард түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, даян дэлхийн эсгий туургатны шүтээн билээ.
Япон улс өөрийн эзэн хаан, түүний ургийнхны булшийг малтахыг хуулиар хориглосон байдаг юм билээ.
Р.Мөнхтулга
ШУА-ийн Археологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
2013.06.06. 16:42
Холбоотой мэдээ
-
Anand (June 10, 2013 4:49:59 pm )
Saihan medeelel bna Ali boloh hirgesuuriig oroldohgui l baiwal zugeerdee
1 Comment