Эдийн засагч, эрхзүйч Б.ЛХАГВАЖАВТАЙ ярилцлаа.
-Дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилж байна. Харин манай улсын эдийн засгийн өсөлт хэвийн байгаа нь статистик тоо баримтаас харагдаж байна. Чингис бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөр нь эдийн засгийн өсөлтийг хадгалж байна гэж зарим хүн хэлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Эдийн засагт сүүлийн 11 сараас хойш гарсан өөрчлөлтийг ажигласан. Тэр үүднээс хэдэн зүйл хэлье. Өнгөрсөн гурван жилд манай улсын эдийн засгийн макро төвшний өсөлт 17 хувьтай байж ирсэн. Энэ үед ч дэлхийн эдийн засаг хямралтай байсан. Харин манай улсад уул уурхай дагасан гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн учраас макро төвшний өсөлт өндөр гарсан. Гэтэл энэ өсөлт өнгөрсөн оны сүүлээс татарч, үүнийг дагаж хөрөнгө оруулалт зогсонги байдалд шилжиж, макро төвшний үзүүлэлтүүд буурч байна. Импорт, экспортын үзүүлэлтийг харьцуулахаар зөрүүгүй юм шиг харагдах боловч цаад ерөнхий жингээрээ багассан. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар аравдугаар сарын сүүлээс мөнгөний эрэлд гарсан гэж хэлж болно. 2013 оны төсөв бүрдүүлэхэд хүндрэлтэй болсноос гадна валютын нөөц, төгрөгийн ханшаа барихын тулд мөнгө хэрэгтэй болсон.
-Тэгээд л бонд босгосон хэрэг үү?
-Бараг тэгж хэлж болно. Засгийн газар улсын төсвөөс гадна гурван шугамаар мөнгө хайж эхэлсэн. Өнгөрсөн аравдугаар сарын 25-нд бонд гаргах зөвшөөрлийг УИХ-аар батлуулж 1.5 тэрбум ам.долларыг гаднын зах зээл дээрээс босгосон. Хоёрдугаарт, үнэ тогтворжуулах хөтөлбөрт 1.9 их няд төгрөгийн санхүүжилтийг шийдэж, дээрх хоёр эх үүсвэрээр мөнгөтэй холбоотой асуудлаа цэгцлэх бодлого барьсан. Гурав дахь эх үүсвэр нь 50 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал. Үүнийг Ерөнхий сайдтай холбоотой “жижигхэн” мөнгө гэж байгаа. Ямар ч тооцоо судалгаагүй, 50 тэрбум төгрөгийн асуудал гарч ирсэн. Тэр үед төсвийн тухай хуулийн зарим заалтыг хэрэглэхгүй гэж салангид хууль гаргаж Ерөнхий сайдын багцад оруулсан байгаа юм.
-1.5 тэрбум ам.долларыг гадаад зах зээл дээрээс босгохыг өмнөх Засгийн газрын үед ярьж байсан уу. Эсвэл шинэчлэлийн Засгийн газар шинээр санаачилсан юм уу?
-Хамтарсан Засгийн газрын үед уул уурхайн хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, дэлхийн зах зээлд Монголыг гэх сонирхол бий болсон. Тэр үеэс манай улс руу хөрөнгө оруулах, бонд худалдан авах хүсэл тэмүүлэл өдөөгдөж эхэлсэн. Үүний эхлэл болгож Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд маш хурдан зарагдаж байлаа. Энэ ололтын үр дүн дээр Н.Алтанхуягийн Засгийн газар 1.5 тэрбум ам.долларыг босгож, мөнгө нь Монголын дансанд орсон. Бондын мөнгө манай дансанд орохоос өмнө “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж эхэлсэн. Гол нэрийн бараа бүтээгдэхүүнийн үнийг тогтвортой барихын тулд арилжааны банкаар дамжуулж тодорхой хөрөнгө гаргах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний хамгийн аюултай тал нь Монголбанкийг үндсэн үүрэг зорилгоос нь хазайлгаж, Засгийн газар кассын машин шиг ашиглаж эхэлсэн. Монголбанкны ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хооронд байгуулсан санамж бичиг, яамдын сайд нартай гэрээ хийж хамтарсан тушаал гаргаж арилжааны банкуудаар бага хүүтэй мөнгө өгч байгаа нь огт ойлгомжгүй. Арилжааны банкуудад 3-4 хувийн хүүтэй зээл өгч байна. Төвбанк мөнгө үйлдвэрлэдэг газар биш. Гэтэл арилжааны банкаар дамжуулан мөнгө тарааж байгаа юм. Арилжааны банкны хадгаламжийн доод талын хүү 10 хувьтай байгаа. Гэтэл түүнээс гурав дахин бага 3-4 хувийн хүүтэй мөнгийг дахиад өөр хүмүүст өгч байна. Тухайлбал, махны үнийг тогтворжуулахын тулд өгсөн 84 тэрбум төгрөгийг хадгаламж эзэмшигчдийн хадгаламжаас өгсөн. Энэ эрсдэлийг хэн хариуцах, иргэдийн хадгаламжийг яаж эргүүлж нөхөх вэ гэдэг асуудал ид яригдаж байхад бондын мөнгө дансанд орж ирсэн. Тэгээд бондын мөнгөний нэлээд хэсгийг арилжааны банкуудад долоон хувийн хүүтэй өгсөн. Хүүгийн хувьд зөрөөнүүд гарч байгаа. Энэ хооронд Засгийн газрын үнэт цаас, Төвбанкны үнэт цаас борлогдсон. Энэ нь 11-13 хувийн хүүтэй. Бага хүүтэй мөнгө өгч байгаа юм шиг хэрнээ цаанаа Төвбанк Засгийн газрын бондыг өндөр хүүтэйгээр авч энэ зөрүү дээр арилжааны банкууд эрсдэлээ үүрч, алдагдалгүй байгаа юм шиг харагдаж байна. Гэтэл үүний цаана татвар төлөгчдийн мөнгө явж байгаа шүү дээ. Ирээдүйд бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгийг татвар төлөгчид төлнө. Тиймээс энэ асуудлыг байнга хянаж байх нь зүйтэй.
-Хэн хянах вэ, бондын мөнгөний зарцуулалтыг хянах үүрэгтэй Бондын мөнгөний бодлогын зөвлөл үү?
-Бондын мөнгөний зарцуулалтыг хянахын тулд Бондын мөнгөний бодлогын зөвлөл гэж байгуулсан. Үүнийг Ерөнхийлөгч санаачлан байгуулсан юм биш байгаа гэж хардаж байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөх, хотын захиргааны төлөөлөл зэрэг янз бүрийн төлөөллөөс бүрдсэн байх жишээтэй. Энэ нь УИХ-ын эрх мэдлийг булаагаад авсан байгууллага болж байна. Тэгэхээр Ерөнхийлөгч хяналт тавихаасаа бондын мөнгийг хэрхэн зарцуулах, хуваарилахад нь илүү оролцоод байгаа юм биш үү гэсэн хардлага надад төрж байгаа. Бондын мөнгө гэдэг бол ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх учраас УИХ-ын онцгой эрхийн асуудал болох ёстой. Гэтэл өөр субьектүүдийг оруулсан байгаа юм. Нэгдүгээр сард байгуулсан сурагтай ч, одоо хүртэл дүрэм журмаа батлаагүй байх жишээтэй. МАН-аас сүүлийн хэдэн сар хянаж, бондын мөнгөний зарцуулалт нэлээд ил тод боллоо. Зарим бичиг баримт нь илэрч нэлээд хэдэн зүйл дээр алдаа гаргасан процессууд тодорхой боллоо. Ялангуяа, Монголбанк маш том алдсан байна. Анхны хөрөнгө оруулалтууд зогсож өндөр өсөлттэй байсан эдийн засагт мөнгө дутагдаж, түүнийгээ хангаж, долларын ханшийг өсгөхгүй байх зэрэг валютын интервенц хийх нөхөөсөнд бондын мөнгөнөөс зарцуулсан байгаа юм. Маш өндөр үнээр өнөөдрийн инфляцыг барьж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгөөр үнийг нь барьж, наанаа инфляц тогтвортой байгаа юм шиг харагдаж байгаа боловч цаанаа мөнгөний урсгал байхгүй болчихвол маш өндөр өсөлт гарна. Энэ асуудалд Засгийн газар, Монголбанк толгойгоо гашилгаж байгаа нь ойлгомжтой.
-Бондын мөнгөөр санхүүжүүлэх төслүүд нь бэлэн биш ч тодорхой чиглэл гаргасан. Санхүүжүүлэх төслөө бэлэн болгох хооронд бондын хөрөнгийн нэлээд хувийг арилжааны банкуудад байршуулж, талаас илүү хувийг нь гаднын сангуудад хадгалж байгаа гэж ярьж байгаа. Гадаад, дотоодод байршуулж хүүгээс нь ашиг олох хэр оновчтой бол?
-МАН-аас бондын ажлын хэсэгт орох саналыг тавьж байгаа ч УИХ-ын дарга З.Энхболд зөвшөөрөхгүй байгаа. Уг нь, энэ ажлын хэсэгт орох нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрх. Зөвхөн засаг барьж буй ганц намын асуудал огт биш. Монголбанкны ажилтны мэдээллээс харахад, гаднын активуудад байршуулсан гэж байна. Гэхдээ гаднын актив авлаа гэхэд 4.5 хувиас нь илүү хүүтэй авах актив олдоно гэдэгт итгэхгүй байна. Дотоодын арилжааны банкуудад жилийн долоон хувийн хүүтэй өгсөн гэж ярьж байгаа. Энэ нь арилжааны банкыг л ивээн тэтгэж байгаа үзэгдэл. Учир нь, арилжааны банкуудаар үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж баахан цаас хэвлүүлээд тараачихсан. Тэрийгээ буцаагаад бондын мөнгөөр нөхөж байгаа юм. Тиймээс Дэлхийн банк болон мэргэжлийн бусад байгууллагууд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоох хэрэгтэй гэж зөвлөж байна. Бонд гаргахдаа цаашид эрчимтэй мөнгө босгох салбар буюу эрдэс баялгаас орсон борлуулалтын орлогоороо буцаан төлнө гэж гэрээ хийснээ санаж байгаа байлгүй дээ.
-Ер нь гадаад зах зээлээс бонд босгосон зөв үү, буруу юу гэдэгт та хэрхэн ханддаг вэ?
-Бонд босгосон нь хоёр талтай. Эерэг тал нь арилжааны банкуудаар дамжуулан интервенц хийж валютын ханшийг тогтвортой байлгаж байгаа нь сайн. Сүүлийн гурван жилд эдийн засаг эрчимтэй өсч, гадаадын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай улсын талаар байнга л мэдээлж байсан. Энэ үед манай улсад хөрөнгө оруулалтын таатай орчин бий болов. Гэтэл гадаад зах зээлээс нэлээд том хэмжээний бонд босгосноор гадаадын хөрөнгө оруулалтын таатай уур амьсгал маань хумигдчихлаа. Гаднын хөрөнгө оруулагчид томоохон төсөл хөтөлбөрт санхүүжилт хийх гэж байхад нь манайхан өөрсдөө гадаад зах зээл дээр бонд босгож хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг бууруулсан. Зарим хөрөнгө оруулагчид манай улсын эдийн засгийн сүүлийн гурван жилийн өсөлтийг бодит биш, зөвхөн Засгийн газрын өр буюу бонд авах гэж хийсвэр өсөлтийг бий болгосон байна гээд хөрөнгөө татаж эхэлсэн. Энэ сөрөг тал нь. Гаднын хөрөнгө оруулалт хумигдсан нь бонд босгосонтой холбоотой.
-Дараагийн ээлжинд 3.5 тэрбум ам.долларын бонд босгох төлөвлөгөөтэй. Үүнийг авахад манай талд ямар нэг хүндрэл учрах болов уу?
-Олон улсын банкууд өөр улсын татвар төлөгчдийн мөнгийг л манайд бонд болгон өгч байгаа шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын банк, сангууд өгсөн мөнгөө юунд хэрхэн зарцуулахыг цент центээр нь хянаж байгаа. Одоогийн нөхцөл байдлаас харахад үлдсэн 3.5 тэрбум ам.долларыг авахад нэлээд хүндрэл үүсэх байх. Учир нь, анх бонд босгож байх үеийн уур амьсгал эрс өөрчлөгдсөн. Бүгд хяналтын системд орж зайгаа барьж байна. Дээр нь 3.5 тэрбум ам.долларыг авахад 1.5 тэрбум ам.долларын зарцуулалт ихээхэн чухал шалгавар болно. Тавантолгой, Оюутолгой, цахилгаан станц барина, төмөр зам тавина гэсэн хаана байна вэ гээд нэг бүрчлэн шалгана. Тэгэхээр анх юунд зарцуулна гэж авсан тэр зүйлдээ л хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Дахин хэлье, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг даруйхан зогсоох хэрэгтэй.
-Манай улсын нэгдсэн төсвийн орлогын нэлээд хувийг эрдэсийн бүтээгдэхүүний экспортын орлогоос бүрдүүлдэг. Энэ жилийн хувьд нүүрсний экспорт гурван сар гаруй зогсч, зарим эрдэсийн бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээл дээр уналттай байгаа. Тиймээс төсөвт орох орлого багасч улмаар төсвийн алдагдлыг бондын мөнгөнөөс нөхөж магадгүйг эдийн засагчид сануулсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Хуулиар бол төсвийн алдагдлыг бондын мөнгөөр нөхөх учиргүй. Нийгмийн халамж, төсвийн алдагдлыг нөхөхгүй гэсэн УИХ-ын тогтоолтой. Гэхдээ Засгийн газрын үнэт цаасыг Төвбанк худалдан авч зарахад тодорхой хэмжээний зөрүү гарч байгаа зэргээс нь харвал цаагуураа төсвийн алдагдлыг нөхөх процесс явж байж магадгүй л юм. Ер нь бондын хөрөнгийг чухам цаагуураа яаж, юунд зарцуулж, байгааг иргэд битгий хэл, УИХ гишүүд, тэр байтугай намын бүлгүүд ч мэдэхгүй байгаа. Бондтой холбоотой гэрээ, материал нууц гээд хэнийг ч халдаахгүй байгаа. Төвбанк руу шалгалт оруулья гэхээр зөвшөөрөхгүй байна. Тэгэхээр цаагуураа нэлээд “но”-той гэж хардахаас аргагүй. Ингэж явж байгаад дараа нь маш хүнд байдлаар илэрнэ. Энэ нь таван жилийн дараа эхний 500 сая долларыг төлөх үед гарч ирнэ.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг 40 орчим хувиар буурсан. Зарим эдийн засагчид гадны хөрөнгө оруулалт саарсанд Оюутолгойн гэрээг эргэж харах болсон нь нөлөөлсөн гэж ярьж байна. Ер нь гадны хөрөнгө оруулалт буурахад бондоос гадна өөр юу голлон нөлөөлсөн гэж та бодож байна?
-Ер нь Оюутолгойн гэрээний асуудал дахин боссон нь гаднын хөрөнгө оруулалт татрахад хууль эрх зүйн талаас нөлөөлсөн. Энэ нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг хоёр жил орчим өөр дээрээ төвлөрүүлсэнтэй холбоотой. Уг нь өнгөрсөн гуравдугаар сард УИХ-аар хуулиа оруулж батлуулах ёстой байтал эргүүлэн татсан. Үүнээс болж ойлгомжгүй байдал үүсээд байтал Оюутолгойн гэрээг эргэж харах яриа, үйлдэл гарч эхэлсэн нь гаднын хөрөнгө оруулагчдыг улам эргэлзээнд оруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй. Гэтэл эрхтэй гэж хуульдаа зааж өгсөн хэр нь процессын хууль байдаггүй. Засгийн газар, УИХ-ын хууль санаачлах эрхийг Ерөнхийлөгч өөрөө дээрээ төвлөрүүлчихээд цаана нь процессын хуульгүй байна гэдэг нь дураараа авирлах тод жишээ болсон. Хэрвээ энэ хүн өөрөө чадахгүй, институцынх нь потенциал хүрэхгүй гэсэн бол Засгийн газар, УИХ татан авч Ашигт малтмалын тухай хуулийг жилийн өмнө батлах боломж байсан. Гэтэл гуравдагч этгээд өнөөдрийг хүртэл хэнийг ч хийж болохгүй, би хийнэ гэж урдуур нь дайрсаар байгаад хуулиа гаргаж чадаагүй. Үүнээс болж уул уурхайн хөрөнгө оруулалт татарсан гэж үзэж байна.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.