Дархан-Уул аймагт өнгөрсөн бямба гаригт нэг гэр бүлийн дөрвөн хүний амь насанд халдсан хэрэг гарчээ.
Тус аймгийн Дархан I багийн нутагт амьдарч байсан гэр бүлийнхэн рүү юунаас болж халдсан нь тодорхойгүй байгаа юм. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийнхөн “Аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар Ажлын хэсэг томилон, хэргийн газрын үзлэг, хийж мөрдөн байцаалт эхлүүлээд байна” гэсэн юм.
Бидний авсан мэдээллээр хохирсон гэр бүлийнхэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас Дархан-Уул аймгийн төвд шилжин суурьшаад жил гаруй болж буй айл гэнэ. Тэднийд өндөр настай ээж нь хүүтэйгээ, хоёр ач охиныхоо хамт амьдардаг байсан аж. Цагдаагийнхныг хэргийн газарт очиход охид аавынхаа хамт газар дээрээ амиа алдсан, өндөр настай эх нь хүнд шархадсан байжээ.
Хэргийн талаар тус аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Намсрайжаваас тодруулахад “Хүн амины хэргийг шалгаж, бүхий л сэжиг таамгийн хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Гэр бүлийн дөрвөн хүний гурав нь газар дээрээ нас барсан, өндөр настай ээж нь эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна. Өнөө, маргаашнаас зарим зүйл тодорхой болох байх” гэсэн юм.
Цагдаагийнханд хүнд шархадсан эмгэн гол гэрч болж, гэмт хэрэгтний талаар мэдүүлэх бололтой.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.