Одоогоос дөрвөн жилийн өмнө Аврах гал унтраах 10 дугаар ангийнхан Ногоон нуурт айл шатлаа гэсэн дуудлага аваад гарсан ч замын түгжрэлд саатсаар очиход аль хэдийнэ шатаад дуусчихсан байсан гэдэг.
Хамгийн харамсалтай нь энэ галд таван настай охин дүүгээ тэвэрсэн хэвээрээ эндсэн.
Хажуугийн дэлгүүр орчихоод л ирсэн шүү дээ гэж элэг эмтэртэл орилох ээжийнх нь дуу л хадаж байсан гэдэг. Хэрэв зам түгжрээгүй бол түлэгдсэн ч хүүхдүүдийн амийг аварчих л байсан юм гэж гал унтраагч залуу сэтгэлдээ нулимстай ярьж суусан.
Ногоон нуур энүүхэнд шүү дээ гэж халаглахыг нь харахад өнөөг хүртэл энэ хүний сэтгэлд тэр мөч хадаатай байдаг нь илхэн. Хүн, хүний амины төлөө ингэж л зүтгэдэг аж. Гэтэл дуут дохиогоо хангинуулан яваа галынхныг түвэгтэй, тээртэй гэж бодсноос хэн нэгний амины төлөө зүтгэж яваа гэдгийг ухаардаг билүү.
Замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч нар зам тавьж өгөх нь битгий хэл бараг л таглаад зогсдог гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Ямар сайндаа л тэд тэд дугаартай машин тийшээ ийшээ зам тавиарай гэж хашгирч явахав.
Хүн чинь ухамсар, сэтгэн бодох чадвараараа амьтнаас ялгардаг гээ биз дээ. Галын машин дуут дохиогоо хангинуулан яарч яваа л бол хаа нэг газар гал гарч, хэн нэгний эд хөрөнгө амь насыг аврах гэж яваа гэдгийг ухаарах чадвартай л баймаар.
Зам тавьж өгсөн ганцхан хормоор цаг хугацаа хожсон галынхан хүний амь аварч чадна шүү дээ. Нийслэлчүүдийн ихэнх хэсэг амьдардаг Монгол гэр 5-7 минутад шатаж дуусдаг байна. Замд түгжирч тав, арван минут алдсаар очиход аль хэдийн бүх зүйл өнгөрчихсөн улаан нурам л угтдаг гэнэ.
Ид ачааллын үед хотын захад гарсан гал түймэрт гал командын машин бараг яваад ч хэрэггүй. Чөлөөтэй гэсэн замаар тойрч давхисаар бүх зүйлийн төгсгөлд л очно.
Ингээд л эд хөрөнгө, хүний амь аварч чадаагүй буруутан болж, уурссан, харамссан хүмүүсийн муу үгийн бай болно. Тэгэхээр гал команд, түргэн тусламж, цагдаагийн машинд тусгай зам тавьдаггуй юм гэхэд нэгдүгээр эгнээг чөлөөлөөд өгчихөд яахав дээ.
Нийтийн тээврийн том оврын автобусанд биш хүний амь насны төлөө яваа энэ хүмүүст боломжийг нээж өгөх хэрэгтэй. Ажил, хичээлээсээ хоцорлоо гэхэд амь настай нь ярихгүй нь лавтай шүү дээ. Гадны орнуудад галын машинд зам тавьж өгөхгүй байгаа машиныг хашлага руу шахах эрхтэй.
Урсгал сөрөөд явж байхад хэн ч буруутгах эрхгүй. Нэг үгээр хэлбэл иргэнийхээ амь, амьдралын төлөө энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Харин манайд урсгал сөрөөд явахаар машинтай мөргөлдчих бас нэг зовлон үүснэ.
Ингэж галын машин замын хөдөлгөөнд түүртэж явах хооронд цаана нь хэдэн мянгаар тоологдох хөрөнгө сүйдэж цаашлаад хорвоог зүй бусаар орхих хүний тоо нэмэгдэж байдаг хатуу үнэнтэй. Энэ оны эхний арван сарын байдлаар гал түймрийн улмаас 34 хүн нас баржээ.
Ихэнхдээ үүрээр гарсан галанд хүний амь нас үрэгддэг байна. Харин өдрийн цагаар гарсан галд хүмүүс ихэвчлэн угаартаж нас бардаг аж. Өнгөрсөн есдүгээр сарын 21-нд Сонгионхайрхан дүүргийн Их наранд гарсан галд гурван настай охин амь насаа алдсан аймшигтай хэрэг гарсан.
Бас аравдугаар сарын аравны өдөр Баянзүрх дүүргийн 22 хороо, Баруун Алтан-Өлгийд гарсан галд хоёр хүний амь нас сүйдсэн. Аврах боломж байсан ч мөн л амжиж очиж чадаагүй. Замын хоёр урсгал зэрэг түгжирсэн үед яах ч аргагүй нь мэдээж.
Ийм нөхцөлд аврагчид яарч явахад тэнд дүрэлзэх улаан галын дунд хүн амь тэмцэж байдаг. “Нэг үеэ бодвол орчин нөхцөл, техник хэрэгсэл сайжраад байгаа шүү. Орос машинтай байх үед бараг л амаараа сигналддаг байлаа шүү дээ. Өнөөгийн ашиглаж байгаа машин чанга яригчтай болохоор зам дахь машинуудыг зохицуулаад явах боломжтой” гэж галынхан ярьж байсан.
Заавал чанга яригчаар шаардуулалгүй зам тавиад өгчих ухамсар, сэтгэл манай жолооч нарт байхгүй нь харагдаж байгаа юм. Тэдний хувьд дэвшил болсон бас нэг зүйл нь замын хөдөлгөөнийг удирдах нэгдсэн төвтэй болсон явдал аж. Галын дуудлага ирсэн чиглэлийн замын хөдөлгөөнийг зогсоож, галын машин явах боломжийг нээж байгаа гэнэ.
Зарим тохиолдолд гэрлэн дохиог автоматаар нээж, уулзварыг чөлөөлдөг аж. Ингэж нэг уулзварыг чөлөөллөө ч дараагийн уулзварын голд очоод түгжирвэл яах вэ гэсэн асуулт гарна. Тэгэхээр энэ бүх асуудлыг шийдэх төгс гарц биш нь тодорхой байгаа юм.
Тэгэхээр хамгийн найдвартай бас бүрэн боломжтой арга нь жолооч нар зам тавьж өгөх. Түр зогсох эсвэл хажуугийн эгнээ рүү шилжих гээд галын машинд саад болохгүй гэсэн сэтгэл л байвал өөр гарц зөндөө байна шүү дээ. Сүржин хамгаалалттай гялтганасан хар машинуудад зам тавьж өгөхдөө уриалгахан хэрнээ гал команд, түргэн тусламжийн машины өмнө хөндөлсдөг тэнэг зулгуйч зангаа болимоор юм даа.
Албаар зам тавьж өгөхгүй байгаа хэнэггүй нөхрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь шууд хасах хэрэгтэй. Нэгэнт хүний амийг юман чинээ бодохгүй байгаа бол төр иргэнийхээ өмнөөс төмөр нүүрээ харуулахад юу нь болохгүй гэж. Дуут дохиогоо тавьчихаад явж буй түргэн тусламж, галын машинд зам тавьж өгөөгүй тээврийн хэрэгслийг ингэж торгоно, шийтгэнэ гэсэн хууль байхгүйтэй л адил.
Замын хөдөлгөөний дүрмийн 2.4-д “Улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй байна” гэсэн заалт бий. Энэ заалтын талаар мэдэх жолооч бараг л байхгүй.
Давуу эрхтэй л гэснээс хариуцлагын ямар ч заалт байхгүй нь жолооч нарыг улам даврааж байгаа юм. Хуулиар далайлгаж, торгож, шийтгүүлж байж сая ухаан ордог хачин араншинтай хүмүүс. Амь насанд аюул тулгарсан үедээ л бид цагдаа, эмч, аврах ангийнхныг санадаг.
Гэтэл бидний авралын элч болсон энэ хүмүүс ямар нөхцөлд та бидний амийг аврахаар тэмцдэгийг бодож үзсэн билүү. Хүний амь алтнаас үнэтэй гэдгийг ухаарсан энэ хүмүүст ганц секунд ч хоцрох эрхгүй. Гэтэл хоцрох шалтгаануудын нэг нь Улаанбаатарын замын хөдөлгөөн болоод байгааг эргэн сануулж буй нь энэ юм шүү.
В.Хэрлэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 02, 2011 5:19:57 pm )
Galiin bolon emnelgiin terguud urdaa saad bolson zam tavij uguhgui bgaa mashiniig shuud zamaas shahaj esvel shuud tureed zai gargaad yavah erhtei baih heregtei.
-
Anonymous (November 02, 2011 10:23:59 pm )
mash zuw sedew hunduj bichsen bn.olon hun olj unshaad yum bodoosoi gej husej bn.tv bolon radiogoor ene sedwiig hundwul iluu olon hund hureh bh.demjij bn
2 Comments