Ж.Самбуу гуайн 60 насны ойгоор Ю.Цэдэнбалын түүнд дурсгасан бугуйн алтан цаг өдгөө ӨМӨЗО-ны төв Хөх хотноо Хувьсгалт хэмээх
хүний гэрт хадгалагдаж байгаа талаар яруу найрагч Д.Болдхуягийн сурвалжлагыг уншигчиддаа хүргэж байна. Болдхуяг Өвөрмонголын их сургуульд археологийн мэргэжлээр докторантурт сурдаг юм.
Хувьсгалт гуай одоо тэтгэвэрт суусан ахмад хүн. Миний бие тэдний гэрт зочилж очихдоо дурсгалын цагийг үзээд фотог нь авч, түүнийг хэрхэн олж авсан үүх түүхийг нь яриулснаа уншигчидтайгаа хуваалцаж байна. Хувьсгалт гуай Өвөрмонголын Авга хошууны хүн, өөрөөр хэлбэл бөх Билгүүдэйн хойчис юм. Авга бол Манж Чин улсын үед Шилийн голын чуулганд багтаж байсан, өвөр дөчин есөн хошууны нэг билээ. Хувьсгалт гуай 1991 оны 11 дүгээр сард ӨМӨЗО-ны Гадаад эдийн засгийн Хамтын ажиллагааны албаны газрын даргын хувьд албан томилолтоор Улаанбаатар хотноо айлчилжээ.
Тэрээр Дэнжийн мянгын зах дээр явж байтал архи уудаг байрын нэлээд халамцуу хүн “Та Өвөр Монгол хүн үү, энэ цагийг авах уу?” гээд “POLJOT” хэмээх бичиг, дороо Монгол улсын газрын зургийн голд соёмбо үсэг бүхий, алтан шар хүрээтэй бугуйн цаг үзүүлжээ. Хувьсгалт гуай “Энэ чинь ажилладаггүй юм байна шүү дээ, би явдаггүй цаг авч яах билээ?” гэтэл тэр хүн “Та кирилл бичиг мэдэх үү? Цагны ард талын бичгийг унш даа” гэжээ. Цагны ард талыг үзвэл “Ж.Самбуу таны 60 насны ойд Ю.Цэдэнбалаас” хэмээн сийлсэн байжээ. Хувьсгалт гуай хуучны юм сонирхдог учир ихэд шохоорхон “Чи энэ цагаа ямар үнээр өгөх юм бэ?” гэтэл нөгөө хүн “Хоёр шил Аргүөтоу архиар сольё” гэж гэнэ. Хувьсгалт гуай “Тэгвэл би наадхыг чинь авдар архиар авъя” хэмээн дагуулж явжээ.
Ингээд тэр хоёр тухайн үед баруун дөрвөн замын ойролцоо байсан зочид буудалд нь очиж сайн танилцжээ. Тэр хүн өөрийгөө “Би бол Самбуу даргын хүү Сүрэнжав гэдэг хүн, амьдрах аргагүй болоод аавынхаа юмыг зарж байна” гэж ярьсан байна. Хувьсгалт гуайд хайрцгандаа найман лонх бүхий Аргүөтоу архи байсны хоёрыг нь Сүрэнжав гуайтай хувааж уугаад үлдсэн зургаан лонх архийг торонд хийж өгч явуулсан гэнэ. Тэгэхдээ “Хэрэв чамд өөр зарах зүйл байвал аваад хүрээд ирээрэй” гэхэд “Тэгье, би авч ирнэ” гэсэн боловч дахиж ирээгүй аж. Сүрэнжав ирэхдээ согтуу байсан болоод манай байрыг дахин олоогүй болов уу хэмээн өвгөн хуучилж байлаа.
Хувьсгалт гуай түүнээс хойш гэрт нь зочилж очсон найз нөхөд, танил хүмүүстээ цагаа үзүүлж яаж олж авснаа ярьж өгдөг болсон бөгөөд түүнийг нь худалдаж авъя хэмээн үнэ өгсөн хүн цөөнгүй гэнэ. Түүнээс нэг жишээ татвал Монгол Улсаас Хөх хотод суух Ерөнхий Консулын Газарын анхны ерөнхий консулаар очсон Саарал гуай цоо шинэ УАЗ 469 машинаар сольё гэсэн боловч Хувьсгалт гуай өгөөгүй гэдэг. Тэрбээр ярихдаа, “Цаг нь ирж, Монгол улсын аль ч музейгээс үзмэр нь алга болохгүй, баталгаатай болсон үед би энэ цагийг аль нэг музейд бэлэглэнэ. Тэр болтол үүнийг би өөрөө хайрлаж, хамгаалж, хадгалж явна” гэлээ. Хувьсгалт гуайд мөн сарны гэрэлд ягаан, нарны гэрэлд цэнхэр туяа сацруулдаг семир хэмээх чулуугаар хийсэн Дамдин бурхнаас өгсүүлээд ховор нандин урлагийн бүтээл нэлээд олон байдаг юм билээ.
Б.Занданхүү /Хөххот/
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 21, 2013 8:41:23 am )
haramsaltai um be, harin ene tsag sain hunii gart ochjee, ene met mongoloos hichneen tuuhen zuils alga bolj bgaa boloo. manaihan uursduu l hund ugdug bhnee
-
Anonymous (March 22, 2013 2:29:51 pm )
за яахав дээ, ийм зүйл тохиолдож л байдаг.
2 Comments