Монгол Улсыг 50 гаруй сая толгой малтай атлаа хүн амынхаа хэрэгцээг хангаж чаддаггүй гэхээр гадныхан гайхдаг. Иргэд нь айхавтар махсаг учраас хэрэгцээг нь хангаж дийлдэггүй юм биш. Зүгээр нь монголчууд хүнээсээ илүү мал, махандаа хайртайн илрэл гэх үү дээ. Өвөлдөө нийслэлд махны нийлүүлэлт харьцангуй гайгүй ч, хавар зуны улиралд ховордчихдог. Нийлүүлэлт хомсдож үнэ ч өсдөг. Энэ байдал жил бүр гардаг үзэгдэл. Сүүлийн хэдэн жилд килограмм махыг 10 шахам мянган төгрөгөөр худалдан авдаг жишиг тогтсон. Энэ байдлаас болж хамгийн өртөг өндөртэй улсын тоонд багтах болсон. Учир нь 2.8-хан сая хүн амтай, 50 гаруй сая малтай атлаа хамгийн үнэтэй мах иддэг болох нь судалгаагаар гарсан. Тиймээс махны үнийг тогтворжуулах зорилгоор Нийслэлийн захирагчийн ажлын алба, Монголын махны холбоо хамтран мах нөөцлөх ажлыг гардан хийхээр болсон. Үүнээс хойш нөөцийн мах тав дахь жилдээ нийслэлчүүдэд хүрч байна. Мах нөөцлөх ажлыг хийж, нөөцөлсөн мах нь хавар иргэдэд хүрдэг. Жил ирэх тусам нөөцийн махны эрэлт нэмэгдсээр ирсэн. Нөөцийн мах амт чанартайдаа эрэлттэй байдаггүй нь мэдээж.
Иргэдийн хэдэн хувь нь 10 мянган төгрөгөөр килограмм мах худалдан авах чадвартай билээ дээ. Тиймээс хямдыг нь бодоод л нөөцийн мах авдаг. Нэгэнтээ иргэдийн гол хүнс болж худалдан авалт нь нэмэгдэж байгаагийн хувьд нөөцийн махны чанарын асуудлыг анхаарах нь зүйтэй болов уу. Жил жилийн нөөцийн мах туранхай эцэнхий, амт шим муутай гээд араасаа байнга хэл амны дагуултай байдаг. Энэ жилийн хувьд нөөцийн махыг энэ сарын 4-нөөс сүлжээ дэлгүүрүүдээр, 10-наас бусад дэлгүүрээр худалдаалж эхэлсэн. Улсын хэмжээнд энэ жил 16 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөсөн бөгөөд энэ ажлыг “Жаст Агро” компани ганцаараа гардан хийх үүрэг хүлээсэн бөгөөд бусад асуудлыг ҮХААЯ, МХЕГ хариуцсан. Нөөцөлсөн махаа иргэдэд хүртээх зарчим нь энэ жил өмнөхөөсөө өөр болсон. Өөрөөр хэлбэл, иргэд цахим үнэмлэх, мөнгөтэйгөө очиж оршин суугаа хорооноос ваучер авна. Түүгээрээ ойролцоо дэлгүүрээсээ нөөцийн мах авах боломжтой байсан.
Тиймээс хороодоор ваучер тараагдаж байгаа эсэхийг сонирхохоор Хан-Уул дүүргийн II, Сүхбаатар дүүргийн IX хороогоор ороход ваучераар нөөцийн мах олгоно гэсэн мэдээлэл байсан ч одоог хүртэл ваучер ирээгүй гэсэн хариултыг өгсөн юм. Ямар зарчмаар хэрхэн олгож байгааг мэдэхээр ҮХААЯ-ыг зорьж очтол, нөөцийн махны асуудлаар Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Тунгалаг, нөөцийн мах хариуцсан мэргэжилтэн Нармандах нар ажлаар хөдөө явсан тул мэдээлэл өгөх хүн байхгүй гэв. Хоосон хаалга мөргөчихөөд ганзага хоосон буцахгүйн тулд “Жаст Агро” компанийн нягтлан бодогчийн утасны дугаарыг олж, ярилаа. Тэрбээр “Би хол явж байна. Нөөцийн мах худалдаанд гарсан. Ваучераар олгохоо больсон” гээд утас нь тасрав. Сүлжээгүй болсон нь тэр байх. Тиймээс “Жаст Арго” компанийн төлөөлөл, ҮХАА-н яамны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, мэргэжилтнүүд хамтдаа хөдөө явж байгаа болов уу гэх таамаглал төрсөн юм.
Ингээд нөөцийн мах худалдаалж байгаа зарим дэлгүүрээр орж сонирхлоо.Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хэд хэдэн дэлгүүрт нөөцийн мах байна. Байх байхдаа хөргөгч, хөлдөөгчөөр нь дүүрэн харагдав. Хавар аажимдаа нүдний гэм болчихдог нөөцийн мах “хогоороо хөглөрнө” гээч болж байлаа. Үнийн хувьд үхрийн мах 5950, хониных 5750, ямааных 4850 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Энэ үнийг ҮХААЯ-наас тогтоосон. Ямар үндэслэлээр тогтоосныг нь мэдэхгүй ч зах зээлийн ханшаас ялимгүй доогуур хэрнээ нөөцийн гэсэн тодотголд хэтэрсэн үнэ санагдсан. Сүхбаатар дүүрэгт байрлах “Заяа” дэлгүүрийн худалдагчаас махны гүйлгээ хэр байгааг асуувал, “муу муу” хэмээн товчхон хариулав. Учрыг нь лавлавал, “Энэ жилийн нөөцийн махны чанар, савлагаа маш муу байгаа. Цагаан сарын дараа нөөцийн махны гүйлгээ муу байдаг л даа гэхдээ энэ удаад арай л дэндүү байна. Энэ нь махны чанартай шууд хамаатай байх. Өнгөрсөн жил манай дэлгүүрт “Соотон” компанийн бэлтгэсэн мах ирдэг байсан. Ирээд цаг болоогүй дуусчихдаг байсан. Энэ жилийн махны чанар муугаас болж худалдан авагчдад их загнуулж байна” гэв. Нөөцийн мах сонирхох, худалдаж авахаар хүн орж ирэх болов уу гэж хэсэг зогсоод ердөө ганц эмэгтэйтэй таарав. Түүнээс нөөцийн махны чанарыг асуувал, “Хавирга нь ч мэдэгдэхгүй, хальс нь ч танигдахгүй үнэхээр муу юм билээ. Муу байж болно. Сайн, мууг нь тааруулаад ууталчихаж болдоггүй юм уу. Хэрзийсэн хэдэн хавирга ууталсан байна билээ. Махны үнэ хямдрахгүй байх нь аргагүй шүү дээ. Нөөцийнх нь ийм үнэтэй байхаар шинэ махны үнэ улам л өснө биз дээ” хэмээн уцаарлангуй ярьсан. Түүнээс хойш дахин хүн орж ирсэнгүй.
Тэгээд гарч явахдаа тэр хавьд амьдардаг болов уу гэлтэй бас нэгэн эмэгтэйтэй таарч, нөөцийн мах авсан эсэхийг сонирхлоо.
ЧАНАР НЬ САЙЖРААД, ҮНЭ НЬ ӨССӨН БОЛ ХЭН Ч ЮМ ХЭЛЭХГҮЙ
Сүхбаатар дүүргийн иргэн Г.Баярмаа
-Танай ойр орчмын дэлгүүрт нөөцийн мах хэр элбэг байна?
-Дэлгүүрүүдэд байна билээ.
-Танайх авсан уу. Амт чанар нь хэр байна?
-Манайд ах дүүсийн маань оюутан хүүхдүүд байдаг. Бүл олонтой болохоороо хаврын урт өдрүүдэд хоолны жийрэг болгох гэж жаахныг авсан. Гэтэл чанар нь үнэхээр муу байна билээ. Олигтой шөл ч гарахгүй. Тийм туранхай эцэнхий малын маханд ямар ч шим шүүс байх вэ дээ. Ёстой хэрэггүй юм билээ.
-Танд тааруу нь таарсан юм болов уу?
-Бүгд тийм юм уу, надад муу нь таарсан юм уу бүү мэд. Би ганц удаа авсан чинь таалагдаагүй. Эндээс нөөцийн мах 6000 орчим төгрөгөөр авч байхаар “Хүчит шонхор”, ”Нарантуул-2” захаас бөөний үнээр нь шинэ мах авсан нь дээр санагдсан. Энэ жилийн мах яагаад үнэ нь өссөнийг ч ойлгоогүй. Чанар нь сайжраад үнэ нь нэмэгдсэн бол хүмүүс хэрэглээндээ авах л байсан байх. Чанар нь өмнөх өмнөхөөсөө муудсан хэрнээ үнэ нь өсчихсөн байна билээ.
М.УЯНГА
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 13, 2013 5:56:20 pm )
Tsadahad tsagaan hurgany suul hatuu gedeg yumaa. Ulsuugui l baigaa yum bna daa
-
Anonymous (March 13, 2013 6:32:48 pm )
Mongoliin mal ch unetei baihaas argagui dee. Belcheeriin mal chin ugaasaa haana ch unetei. bid yamar khimiin bordoonii mah idej baigaa bish
-
Anonymous (March 13, 2013 6:58:16 pm )
нөөцийн мах бэлдэхдээ намар хүчит шонхор дээрээс зориудаар өндөр үнэ мөнгөөр ченжүүдийг зодож авч нөөцөлсөн юм. тэгээд тэр мах хариуцдаг тунгалаг гэж дарвагар амтай авгай бэлдсэн үнээсээ илүүгээр зарахгүй бол болохгүй гэж зурагтаар чалчаад байсан.ингэж хөөрөгдсөн үнээр бид нар наадам хүртэл чанаргүй мах авч идэх болчихлоо.энэ хүнд бөгстэй хүйтэн сэтгэлтэй хүмүүсийг яах вэ
-
Anonymous (March 13, 2013 9:28:41 pm )
onodor horoolliin Orgil tovd nootsiin mah baina lee. Avch baigaa hun haragdahgui bn le. gadnaas n harahad ih har baraan yum haragdaj baina lee. Une n ondor baiga yum bolov uu gej sanagdsan.
-
Anonymous (March 13, 2013 11:55:50 pm )
Nuutsiin mah neriidleer mungu ugaaj bgaa hvns huduu aj ahuin yamniihan boliochee. 1 companid 80 garsn terbum tugrug ugchuud ter ni mah ch vgvi yu ch gv iim l yum hiij bgaa sh de bolih heregtei .ajlaa medehgvi yumnuud ard tvmneeree togloj hyalbar argaar mungu oldog iim uwaigvi tur zasag gej haana bsiim .
-
Anonymous (March 14, 2013 8:07:11 am )
Нөөцийн мах бэлтгүүлэх нэрээр хэдэн компанийг төрийн мөнгөөр тэтгэж байдгаа болимоор байна Малчид иргэд хотод махаа авчираад чөлөөтэй худалдан борлуулж байх нөхцөлөөр нь хангаад өгчих юм бол заавал дундаас нь ченж нэртэй луйварчид. компаниудыг тэтгэж байх хэрэггүй шүү дээ
-
Anonymous (March 14, 2013 4:00:42 pm )
Малчидаас малын татварыг нь авах хэрэгтэй
7 Comments