Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас минь…гэх мөр аманд тарни мэт уншигдсаар даруй хориод жилийг лав үджээ.
Хэдийгээр бидний нас, бие мөнхийн биш ч гэлээ хорьж болдоггүй хонгор насандаа өөрийгөө өөрөө хөнөөх үзэгдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр голлох болсон нь дэндүү хайран санагдах болов. Хүний ёсоор үхэл гэгчтэй нүүр тулах нэг хэрэг. Зүй бусаар амь наснаасаа хагацана гэдэг байж боломгүй өөр хэрэг.
Хүүхэд байхдаа би үхэл гэгч бол гал усны гашуун зовлонгоос гадна эдгэшгүй өвчнөөр унаа хийж ирдэг тамын хар нөмрөгтэй илч байдаг байх даа гэсэн үлгэрийн юм боддог байлаа. Гэтэл үгүй байжээ. Хүн хүнээ хөнөөхийг, хүүхэд эхийнхээ гарт үрэгдэхийг, хүү нь аав, ээж, төрсөн дүү, эгчийгээ хүйтэн мэсний золиос болгохыг өглөө бүр ханатлаа уншиж байна.
Өнгөрсөн өдрүүдэд гарсан үхэл, хагацлын гашуун мэдээллүүдийг жагсаагаад харж суухнээ “хайран залуу нас, ингээд л дуусгаж байгаа юм уу” гэх хэнээс ч юм асуумаар асуулт амнаас “унаад” байв. 20-иодхон настай хонгор зүстэй охин хүртэл амь наснаасаа уйдаж хайр сэтгэлийнхээ зовлон шаналлыг даах нуруугүйдээ судсаа ханасан байдалтай байсныг нь өнөөх хэдэн муу цагдаа нар олсон хэрэг гарсан.
Хүний гарт, бусдын балгаар нас барах тохиолдол өдөр бүр хэдэн арваараа цагдаагийн “хар” дэвтэрт тэмдэглэгдэж байгаа нь сэрдхийлгэм сэдэв яах аргагүй мөн. Хүнд хүнээс илүү хэрэгтэй юм үгүй. Хийж бүтээх, хайрлаж дурлах, амьдралын гашуун, нялуун амтыг мэдрэх 20-40 насныхан өнгөрсөн өдрүүдэд хорвоогийн мөнх бусыг үзүүлэн бидний дундаас алга болжээ.
Хэдэн ч эрдэнэт хүн эндсэн юм, тоолж зүрхэлсэнгүй. Тоочиж ч чадахгүй нь. Харамсалтай мэдээ. Яах гэж тэр вэ. Ямар учраас тэд ийм байдлаар буцна вэ. Буцах амархан. Дэндүү амархан. Үлдэх, тэсч үлдэх л хамгийн чухал шүү дээ. Шидмэсээр ч болов хоолойгоо боогоод үхэж болно, амархан. Амьдарч үзэх, амьд үлдэх, амьсгалж байх, хөлөөрөө газрын хөрсийг мэдрэх, нүдээрээ тэнгэрийн уужмыг харах, хүн болсных, хүн болгох гэж аав ээж чинь яарч бүүвэй аялсны хэрэг биш гэж үү.
Цэрэгт явмаар, цэрэгт явсан чамаас захиа хүлээмээр, хайрламаар, хана мөргөх гээд чадахгүй жаргалтай шаналмаар, чамайг бодож алхмаар, чамайг бодож байгаагаа хэнээс ч нуулгүй инээд алдмаар тийм л гэгэлгэн цэл залуухан насандаа охид, залуусыг амиа егүүтгэхийг зөвшөөрч чадахгүй нь ээ. Зураг шиг охидыг тэрэг шиг дайрсан шунхан улаан залуу нас шүү дээ. Хаана байна манай залуучууд. Хайр сэтгэлийнхээ төлөө алтан амиа егүүтгэх арчаагүй бодол тээснийхээ төлөө тэмцэж, амьд яв. Дахиад маргаашийн хэвлэлийн хуудаснаас хонгор залуухан чамайг “үхжээ” гэсэн мэдээ олж хармааргүй байна.
…Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь…
”БИ ЧАМДАА ХАЙРТАЙ, ЧИНИЙ ТӨЛӨӨ ҮХЭХ Ч БАГАДАНА ШҮҮ ДЭЭ”
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 27, 2012 10:37:01 am )
Хаана байна манай залуучууд. Хайр сэтгэлийнхээ төлөө алтан амиа егүүтгэх арчаагүй бодол тээснийхээ төлөө тэмцэж, амьд яв.
-
Anonymous (December 27, 2012 11:35:42 am )
Өнөө цагийн залуусын Оюун ухаан ,тархины ядуурал…..
-
Anonymous (December 27, 2012 12:05:18 pm )
xa xa xa tegj uhej bhaar uls orondoo hergtei zuil hij ene turd bgaa ter bumtanguudiig alchuul hen negenden surgamj bolj bas heden zuun jil mgl turiin arhivt tuuh bolj uldendee hervee uhehiig hussen hun bval turuus garsan ter bumtanguudig alj uheh hergtei hytadiin gar hul bolgsodiig
-
Anonymous (December 27, 2012 8:04:23 pm )
amidral saixan shde
4 Comments