Нэрт хөгжмийн зохиолч УГЗ Б.Бямбабаярыг олон сайхан уянгын дуугаар нь урлагт хайртай бүхэн мэднэ. Тэрээр өдгөө Монголын хөгжмийн зохиолчдын тэргүүнээр ажиллаж буй. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Аливаа байгууллага тухайн жилдээ юу хийж бүтээснээ дүгнэж цэгнэдэг. Хөгжмийн зохиолчдын холбооны хувьд энэ онд бүтээсэн зүйл багагүй байгаа гэж бодож байна?
-Манай хөгжмийн зохиолчдын хувьд 2012 он уран бүтээлийн өрнүүн он байлаа. Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайн “Их урлагт 70 жил” нэртэй уран бүтээлийн цэнгүүн, Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын нэрэмжит олон улсын хөгжмийн наадам, мэргэжлийн үндэсний хөгжимчдийн болон мэргэжлийн дуучдын уралдаан анх удаа зохион байгуулагдлаа.
Энэ бол Монголын хөгжмийн түүхэнд том үйл явдал боллоо гэж үзэж байна. Мөн төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Японы эзэн хааны шагналаар шагнагдсан. Энэ утгаар дунд үеийнхэн уран бүтээлийн ургац арвинтай, “Алтан намар”, “Морин хуур” наадамд маш сайн оролцлоо. Залуу хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат Чайковскийн нэрэмжит Москвагийн хөгжмийн дээд сургуульд суралцахаар явах гэж байна.
Энэ мөн л Монголын хөгжмийн урлагт оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт. Нөгөө талаас манай урлагийн салбар бие даасан яамтай болсондоо баяртай байгаа. Тиймээс хөгжмийн зохиолчдын ажил үйлс цаашдаа илүү үр бүтээмжтэй байх болно гэж найдаж байна.
-Цаг үеэ, нийгмээ дагаад ихэнх уран бүтээл арилжааны шинжтэй болжээ?
-Хөгжмийн зохиолч төдийгүй нийгмийн бүх салбарттийм зүйл байна. Эдийн засагч хүн эдийн засагчаа хийгээд, багш хүн багшаа хийгээд явахгүй байна шүү дээ. Урлагийнхан ч мөн адил хөгжмийн багш бол хөгжмийн багшаа хийгээд, хөгжимчин нь хөгжмөө хийх гэх мэтээр чаддаг чаддаг ажлаа хийгээд явбал хурдан хөгжинө. Энэ нь явж, явж боловсролын системийн гажуудлаас үүдээд байгаа юм.
Манайд ялангуяа бага насны хүүхдийн хүмүүжлийн боловсрол ямар ч бодлогогүй явж ирсэн. Энэ бол эмгэнэлтэй. Яагаад гэвэл суурь боловсрол байхгүй, монгол сэтгэлгээгүй хүн бол юу ч хийсэн болно, яасан ч болно гэсэн бодолтой яваа шүү дээ. Зарим гадаадад олон жил болоод ирж байгаа хүмүүс буцах юмсан, гадаадад сайхан байлаа гэдэг зүйл их ярьдаг болж.
Ийм сэтгэлгээтэй хүн гаргаад байхаар Боловсролын яам гэж байгаад яахав. Гэхдээ би хөгжмийн зохиолчдоо өмөөрч байгаа юм биш. Хөгжмийн зохиолчдоос гадна нийгмийн бүх салбар ийм муухай зүйлд автсан. Яагаад гэвэл боловсролын системд бодлого байгаагүй. Харин одоо энэ байдлыг сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжмийн боловсрол аварна.
Эхийн хэвлийд ураг бойжих үеэс монгол хүнийг төлөвшүүлэх ёстой. Малчин, тариаланч, эрдэмтэн бүхий л хүмүүс эхийн хэвлийд байхдаа эх нь ямар хөгжим сонсоно, тэр бүүвэйн дуугаар хүн болдог юм. Ямар хүн болох нь тэндээс эхэлдэг. Тийм учраас монголчууд ардынхаа өв уламжлалыг одоо сэргээх цаг болсон. Бид нар “Бүүвэйн дуу” зохионо гэж ярбж байгаа.
Гэтэл төрөөс төсөл гаргаад дэмжихгүй бол ажил болж чадахгүй. Энэ бол төрийн бодлоготой шууд холбоотой. Ястан болгоны аялгаар үндэстэн, ястны бүүвэйн дуу зохиож, тэр нутагт байгаа хүлэг баатрууд, газрын дор байгаа баялаг, нутгийн уул усны нэр хацар гоо ухаант хатдаараа бахархаж тэр уламжлалыг дагах учиртай. Үүнийг сонсч өсөөгүй хүүхэд даяаршина гэж ярьдаг хүмүүсийн бахыг хангаж байна.
Тийм учраас айл өрх бүр хүүхдийнхээ хөгжмийн боловсролд анхаарах юм бол монгол орон, монгол хүнтэй болно. Ингэж байж Шинэчлэлийн засгийн газар, Ардчилсан намын монгол хүн хөтөлбар эндээс эхэлнэ. ШУБЯ-ны 100 хоногоор боловсрол л яриад байна лээ. Боловсрол бол амархан. Юу ч эзэмшиж, боловсорч болно. Хамгийн гол нь эхлээд монгол хүн байх ёстой.
-Хэдэн зуун дамжсан ч мартагдахааргүй ард түмний сэтгэлд хоногшиж үлдсэн олон дуу байдаг. Харин өнөөдөр удаан настай уран бүтээл төрөн гарч байна уу?
-Энэ нь сонсогчдын хөгжмийн боловсролтой холбоотой. Тухайлбал урлагийн сургуульд хүүхэд сурч байна. Ойрын жишээ дурьдахад хуучин Багшийн сургуулийн хөгжмийн анги гэж байлаа. Тэр ангиас хөгжмийн зохиолч Чойбаатар, Нацагдорж тэргүүтэй, төрийн шагналт Б.Шарав, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Билэгжаргал, Ц.Чинзориг нар бүгд төрсөн. Үүнийг боловсрол гэнэ.
Гэтэл өнөөдөр хөгжмийн боловсрол эзэмшсэн жаахан гайгүй тоглож байгаа хүүхдүүд зах зээлээ дагаад нэг бааранд хөгжмөө тоглоод суучихдаг. Тэгэхээр багшлах цаг нь хоцроод байгаа юм Энэ нь нөгөө л нийгмийн ороо бусгаа байдалтай холбоотой. Хүмүүс зах зээлээ дагаад мөнгө хөөгөөд явчихаж байна. Тийм учраас багшийн цалингийн бодлого байх ёстой.
Багшийн мэргэжилд үнэнч хүнээр багш бэлтгүүлэх шаардлагатай. Эмч хүн нэг хүнийг ална, багш хүн нэг хэсэг хүнийг ална гэж үг байдаг. Тийм учраас багшийг тогтвортой бэлтгэж цалингийн бодлого дээр нь анхаарах ёстой. Зарим оронд сургуулийн өмнөх насны боловсролын багш нарын цалин, их сургуулийн багш нарынхаас өндөр байдаг.
Яагаад гэвэл их сургуулийн багш нар хүнд боловсрол олгож байгаа. Харин сургуулийн өмнөх насны багш нар хүнийг бий болгож байгаа юм гэж хэлж байгаа юм. Бага насанд нь үлгэр туульс, ардын аман зохиолоор хүүхдийг хүмүүжүүлэх ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ дөрөв, таван настай хүүхдийг “Бяцхан мисс” болгоод дубль өмсгөөд, нүүрийг нь будчихаж байна.
Тэгэхээр яаж монгол хүн болох юм бэ. Ардын дуу, ардын сургаал үгэнд бүх хууль дүрмийг шингээчихсэн байдаг. Тиймээс одоо энэ тал руугаа орох хэрэгтэй байна. “Соёл ба чуулган” зөвлөгөөн дээр гудамжаар монгол гэсэн үзэл бодолгүй хүмүүс явж байна гэж ярьж байна лээ. Энэ боловсролын системтэй шууд холбоотой.Тэгсэн хэрнээ тэд бүгд дээд сургууль төгссөн.
Тэгсэн хэрнээ эх орноо биш юмаа гэхэд эжий аав, үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй хүмүүс цөөхөн. Эргэж буцсан барьцгүй хүмүүс л олшроод байна. Суурь хөгжмийн боловсролгүй хүмүүс л тийм байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл Монгол Улс хүнээ бэлдэж чадаагүйд хамаг учир нь байгаа юм.
-Зохиогчийн эрх зөрчигдөж байна гэж ярьдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ асуудал газар авсан. Хэн дуртай нь хүний дууг авч дуулж байна. Бас дуртай хөгжмөө аваад радио телевиз, рекламанд ашиглаад явж байна. Энэ бол маш бүдүүлэг асуудал. Үүнд манай хөгжмийн зохиолчид маш их эмзэглэдэг. Манай дөрөв таван хөгжмийн холбооны байгууллага байсан. Гэтэл тэд янз бүрийн асуудлаас болж нэгдээд “Mosgap” нэртэй байгууллага болсон.
Ингэснээр дэлхийд гарах гарц нээгдсэн. Тэгээд нэг жилийнхээ ойн дээр олон улсын оюуны өмчийн ази номхон далайн бүсийн гишүүн болсон. Ингэснээр монголд гадаад болон дотоодын бүх дуу хөгжим хэрэглэж байгаа хэрэглэгчидтэй гэрээ хийх боломж нээгдсэн. Энэ талаар удахгүй гадаадын төлөөлөгчдийг ирэхээр хэвлэлийн бага хурап хийлгэнэ. Тэгээд ард түмэндээ мэдэгдчихвэл гайгүй болох болов уу гэж найдаж байгаа.
Олон дуучдын тоглолт дээр таны дуу эгшиглэдэг. Таны дуугаар нэрд гардаг хүмүүс ч цөөнгүй?
-Зөвхөн минийх ч гэх юу юм. Тоглолтоо хийх гэж байгаа уран бүтээлчид тайзны гэрээ хийхээсээ өмнө манай зохиогчийн эрхийн газартай гэрээ хийх ёстой. Тухайлбал миний тоглолтонд 12 хөгжмийн зохиолчийн 25 дуу орж байгаа. Нэг дуу нь багаар бодоход 20 мянган төгрөг гээд гэрээ хийх ёстой. Тэгээд үүнээс хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёр нь арав, арван мянган төгрөг, зохиогчийн эрхийн газарт 100- 1500 төгрөг хураалгана гэсэн үг. Үүнийг бага гэхгүйгээр хэвшчих нь зүйтэй.
-Тэгвэл манайхан энэ тал дээр хэвшиж чадаж байна уу?
-Одоо эхнээсээ хэвшиж эхэлж байгаа. Уран бүтээлчид энэ талаар мэдээгүй яваа учраас тэдэнд буруу байхгүй. Уран бүтээлчдээс гадна уран бүтээл ашиглаж байгаа “Бөхийн өргөө”, “Соёлын төв өргөө”, “Аса” цирк зэрэг урлаг соёлын үйл ажиллагаа явуулдаг газрууд ойлголцох хэрэгтэй. Тэгвэл бидэнд төвөг учрахгүй.
-Бас уран бүтээлийн үнэлэмжийн асуудал байна. Мэдээж танд дууны захиалга тасардаггүй байх. Иймд дуугаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
-Энэ тал дээр Хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн тогтоол байдаг. Дан хөгжим, дууны тариф гээд тус тусад нь заачихсан байгаа. Миний хувьд нэг компанийн дууг арван мянган доллараар хийж байсан удаа бий. Яахав ганц хоёр сая төгрөгөөр дуу хийж өгч л байдаг. Шүлэг нь таалагдаад, үзэл бодол нь зөрчилдөхгүй байвал хийгээд өгөхөд буруу нь юу байхав.
-Ямар үед уран бүтээлийн онгод тань хөглөгддөг вэ?
-Хэзээ ч онгод орж болно. Ихэнхдээ гомдож баярласан үедээ л уран бүтээл хийдэг дээ
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 27, 2012 10:35:18 am )
нэрийг нь зөв бичээчээ
-
Anonymous (December 27, 2012 11:48:00 am )
setguulch gej usan tenegee neriig ni zow bicheech
-
Anonymous (December 28, 2012 11:46:49 am )
энэ чинь гомдсон, баярласан үедээ л нэг хам хум юм гаргадаг нөхөр үү дээ. Монголын хөгжмийн урлаг ийм толгойтой байхад яаж хөгжих вэ
-
Anonymous (December 28, 2012 12:03:00 pm )
Алдаагаа хянадаггүй юм уу. Зөв бичиж чаддаггүй юм бол болиоч дээ.
7 Comments