Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн дарга Ш.Ганхуяг хэвлэлд анх удаа ярилцлага өглөө. Тэрбээр ингэж ярьж байна.
-Танай төслийн ажлын эхлэл ямархуу байгаа вэ?
-Гэр хорооллыг орон сууцжуулах ажил бол иргэдийнхээ оролцоон дээр тулгуурлан явагдах ажил юм. Дээр нь төр, хувийн хэвшлийнхэн оролцоно. Эдгээр нь тус бүрдээ өөрийн гэсэн үүрэг, хариуцлагатай. Өөрөөр хэлбэл, харилцан түншлэл хийгдэнэ гэсэн үг. Урьд нь манайд иргэний оролцоо хэмээн яригддаг байсан боловч яг амьдрал дээр төдийлөн хэрэгждэггүй байжээ. Тийм бололцоо нь ч бага байсан байх.
-Иргэдийг бүтээн байгуулалтанд оролцуулах талаас уу?
-Тийм ээ. Бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн бүтээлч санаачлага, тэдний шийдлийг сонсон төлөвлөж хэрэгжүүлэх талаас нь бид тэгж үзээд байгаа юм. Хамгийн энгийнээр хэлэх юм бол, гэр хорооллын айлуудын орчноо сайжруулах, амьдарлаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх ажлыг бид тэдний өөрсдийнх нь оролцоотойгоор хийнэ. Гудамжийг нь гэрэлтүүлэгтэй болгох, зам харгуй тавих, өмч хөрөнгийг нэмэгдүүлэх гэх мэт олон асуудлыг шийднэ.
-Тэгвэл иргэд чухам юу хийх вэ?
-Нутаг дэсгэрийнхээ хөгжлийн төлөвлөлтийг хийлцэхээс эхлээд л иргэд нэгдэж, хурал зөвлөлгөөнөө хийж, энэ их ажлыг тухайн орчиндоо удирдан зохион байгуулах хүмүүсээ томилох, төсөл хөтөлбөрт саналаа тусгаж, нийтийн хэрэгцээ шаардлагыг ч тодорхойлно. Мөн төрөл бүрийн ажлуудад гар бие оролцоно. Харин төр засаг юу хийх ёстой вэ гэхээр юун түрүүнд мэдээллээр хангаж, бодлогоо танилцуулж, яаж хамтрахаа ярьж шийднэ. Ингээд ирэхээр ажил аяндаа урагшилж эхэлнэ дээ. Өнөөдөр харамсалтай нь амьдралдаа сэтгэл хангалуун нэг ч хүн байхгүй байгаа байх. Гэхдээ сүүлийн үед манай гэр хорооллынхон бидний ярьж буй зүйлийг ойлгож, түрүүчээсээ зохион байгуулалтанд орж эхэлж байна. Энэ бол сайн хэрэг. Иргэд маань бидэнтэй уулзаж гэр хорооллынхоо хөгжлийн талаар ярилцдаг боллоо. Тэд нэлээд итгэл үнэмшилтэй болж байна, төр засгаас гэр хорооллыг өөрлөх нь гэдэг тал дээр. Хамгийн гол нь бид бүгдээрээ нийлж байгаад богино хугацаанд маш тохилог гэр хороололтой болох ёстой. Ингэж чадвал гэр хоролол нь хэний ч өмнө нүүр улайхааргүй суурьшлын бүс нутаг болно. Иргэний оролцоо, төр засгийн дэмжлэг, хувийн хэвшлийн чадамж гэдэг бол их том нөөц юм шүү дээ.
-Хууль эрх зүйн актууд нэлээд шинэчлэгдэх шаардлагатай байгаа биз?
-Тэгэлгүй яахав. Гол зүйлүүдийн нэг нь энэ юм. Хэд хэдэн чухал хууль батлагдах ёстой. Үүнийг ойрын хугацаанд шийдэх байх.
-Ямар, ямар хууль батлагдах хэрэгтэй болж байна?
-Юун түрүүнд “Хотыг дахин хөгжүүлэх тухай”, “Газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх тухай” хууль батлагдах хэрэгтэй байгаа юм. Мөн зарим хуулиудад засвар өөрчлөлт хийгдэнэ. Тэдгээрийг дагаж мөрдөх журмууд гарна. Нэг үгээр хэлбэл, хүмүүсийн тоглоомын дүрэм ингэж тодорхой болох ёстой.
-Хувийн хэвшлийнхэн мэдээж ашгийн төлөө л ажиллана шүү дээ?
-Тэгнэ. Ер нь ийм том бүтээн байгуулалт хувийн хэвшилгүйгээр урагш ахихгүй. Гэхдээ хувийн хэвшлийнхэн ашиг олохгүй л юм бол гэр хорооллын барилгажилт, бусад ажил руу орохгүй л дээ. Тэгвэл төр үүнийг зохицуулахаас аргагүй. Яаж ашиг олж болохыг тохиролцох хэрэгтэй болно. Тухайн нутаг дэвсгэрт хувийн компаниуд сонгон шалгаруулалтаар баталгаа гаргаж оролцоно. Ингэхдээ газрын эзэд болон тэнд байгаа иргэний бүлэг, холбоодтой ярилцаж тохиролцоод шалгарсан нь төслийн ажлыг гүйцэтгэнэ. Иргэд тэр компанид юугаараа тусалж болох вэ гэвэл, өөрсдийн газраа хувь нийлүүлж ч бас болно. Иргэд газар дээрээ жижиг сууц барьж амьдрах уу, том байранд орох уу гэдгээ ярилцаж шийдэх юм л даа. Ер нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг хийгдээд эхлэхээр тодорхой хэмжээний газар илүү гарна. Энэ газар нь тухайн оролцогч компанийн ашиг болж болно. Өөрөөр хэлбэл, компани иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд, тохилог сууц барьж, зам талбай засч, хүүхдийн цэцэрлэг зэргийг байгуулж өгсөн бол хөлсөнд нь газартай болж, түүн дээрээ өөр бусад зүйлээ хийгээд ашгаа арвижуулаад явах боломжтой гэсэн үг. Энэ бүх төсөл хөтөлбөрийн хамгийн гол зүйл нь иргэний ороцлоо юм шүү дээ.
-Иргэдийн ажлын байр лав хүрэлцээтэй болох юм шиг байна. Гэхдээ нарийн мэргэжлийн ажиллах хүч эхний үед дутагдах байх даа. Тийм үү?
-Ажлын байр мэдээж нэмэгдэнэ. Иргэдэд гэр хорооллын орчиндоо жижиг далан шуудуу татах, зам засах, гэрэлтүүлэг хийх гэх мэт маш олон ажил гарна. Мөн хувийн хэвшлийнхэн иргэдийг барилга үйлдвэрлэлийн ажилд мэргэшүүлэх, дадлагажуулах зэрэг ажлуудыг хийнэ. Энд төрөөс дэмжлэг үзүүлэх нь ч тодорхой. Тэгвэл төр өөр бас юу хийх хэрэгтэй вэ гэвэл, зураг төслийг нь хянах, баталгаажуулах, стандартуудыг тогтоох, гурван талт гэрээний нэг талд орж ажиллах, сургууль, эмнэлэг, дэд бүтцийн санхүүжилтийг шийдэх зэргийг хариуцаж хийнэ.
-Одоо дахин төлөвлөлтөө хийгээд та нарт хянуулж байгаа хороод олон байна уу?
-Нэлээд олон хороон дээр дахин төлөвлөлт хийгдээд явж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэд маш идэвхтэй байгаа. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороо, Чингэлтэйн 9 дүгээр хорооны иргэд ч орж ирлээ. Бид анхны байрлалуудыг нь судалж, сонголт хийх гээд явж байна. Ингэхдээ дэд бүтэц нь төвлөрсөн байх уу, хэсэгчилсэн байх уу гэх мэтээр нарийн харж шийдэх хэрэгтэй болоод байгаа юм. Хамгийн чухал нь шийдлүүдээ мэргэжлийн өндөр түвшинд зөв гаргах шаардлагатай. Халаалтыг яаж шийдэх, цэвэр бохир усаа яахав гээд олон асуудал тулгарч байгаа. Энэ бүхний дагуу дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, хорооны иргэдийн нийтийн хурлуудын шийдвэр, иргэдийн санаа бодол, одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй хэрхэн уялдуулах гээд харгалзан үзэх, зохицуулах, шийдэх юм маш их бий. Саяхан хотын Захирагчийн ажлын албаны дэргэд гэр хороолол дахь ажлын албадыг байгуулсан. Энэ албад нь иргэдийг идэвхжүүлэх, дахин төлөвлөлтийг чанартай хийх зэрэгт ихээхэн ач тустай. Хороодын төлөвлөлтийн зураг схем төр засагт танилцуулагдсан, ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан байх ёстой. Мэргэжлийн үүднээс, стандарт, норм, хууль тогтоомжуудын дагуу нэгэнт хийгдсэн төлөвлөлтийг иргэд хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Нийтийн эрх ашгийг иргэд маань сайтар ойлгох нь бас чухал юм. Ер нь нийтийн бүтээн байгуулалтанд саад учруулах янз бүрийн санаа бодол иргэдээс бараг гарахгүй болов уу.
-Зарим иргэд газраа, эсвэл өөрсдийн барьсан барилга байшингаа чөлөөлөх, шилжүүлэх болоод ирмэгц үнэ ханш дээрээ тохиролцохгүй байвал яах вэ?
-Иймэрхүү тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ зураг төсөл маш сайн хийгдсэн байх хэрэгтэй. Ямар нэг маргаан гарахгүй, гарсан ч зохицуулагдах хэмжээнд хийгдэхгүй бол болохгүй л дээ. Хувийн хэвшлийнхэн ашиггүй бол ажил руу явж орохгүй гэж би дээр хэлсэн. Эцсийн дүнд гурван талт гэрээ хэлцэлд орж ажилласан төр, иргэн, хувийн хэвшил гурав маань гурвуулаа сэтгэл хангалуун үлдэх нь чухал. Байгаль экологид ээлтэй, амьдарлын баталгаа сайтай, орчин цагийн сайхан орчинд амьдрахыг бүгдээрээ л хүсэн хүлээж байгаа. Өнөөдөр янз бүрийн шинэ технологи ороод ирлээ, Монголд. Эрчим хүчний чиглэлээр болон цэвэрлэх байгууламж, нарны энергийг ашиглах зэрэг маш олон юм бий болжээ. Нарны энергиэр цахилгаан гаргаж авахаас гадна хөргөлтийн систем ч бүтээгээд байна шүү дээ.
-Ер нь гэр хорооллын гудамж, хашаануудыг жигдлэхээс эхлээд ажил мөн ч их байна даа?
-Тийм шүү. Хашаа гэснээс, одоогийнх шиг ийм өндөр өндөр блокон хашаа байх шаардлага юу байх билээ. Хүмүүс нүцгэн нөмгөн гарч, гадаа байгаа жорлондоо бие засахдаа бусдад харагдахгүй гэж л тийм өндөр, битүү хашаа татаад байсан юм биш үү. Тэгвэл гэртээ жорлонтой, халуун хүйтэн устай болвол хашаагаа намхан, нэгэн жигд болгож болох байх.
-Хэрмэн хашаа хүмүүсийн сэтгэл зүйг арай өөр тийш нь залаад байв уу. Наад зах нь хулгайчаас айж болгоомжлоод л?
-Тийм тал бий шүү. Зарим нь бусдаас илүү гарч тодрох гээд ч байгаа юм шиг, зузаан том блокоор хашаа бариад л байдаг. Энэ нь өнөө цагийн соёл биш болов уу.
-Хувийн хэвшлийнхэн ажилдаа хариуцлагагүй хандаж, хулхи юм хийвэл яах вэ?
-Гэр хорооллын орон сууцны төсөлд шалгарч орсон компани хариуцлагагүй ажиллах боломжгүй гэж бодож байна. Яагаад гэхээр, тухайн компани иргэдийн газраас илүү гарсныг авч, орон сууцны юм уу, үйлчилгээний байр барихаар болвол тэр газар нь маш өндөр үнэ хүрнэ. Тийм үнэ цэнтэй зүйлийн төлөө ажиллаж байгаа компани хариуцлага алдахаас айна шүү дээ.
-Иргэд 0,07 га газраа өөртөө хэвээр үлдээнэ гэвэл яах вэ?
-Энэ талаар хууль, журам гарна. Нийтийн хэрэгцээ, шаардлага тулгарвал иргэд газраа тохиролцох боломжтой байх нь зөв. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд газраа хувь нийлүүлж өгсөн иргэд орон сууцандаа үнэгүйгээр орж болох хувилбарыг ч бас бодолцох ёстой. Энэ мэтээр аль, аль талаа хохироохгүй байвал тэр нь хамгийн сайн төсөл болж таарна. Энд хяналтгүй ажил үүрэг гэж байх ёсгүй. Төслийн үйл ажиллагаа бүхэлдээ иргэд, төрийн хяналтан дор явна. Бүх стандартууд мөрдөгдөх ёстой. Энэ бүхэнд төрийн бус байгууллагууд, иргэний зөвлөл, холбоод бүгдээрээ хяналтаа тавьж ажиллана.
-Ойрын өдрүүдэд юу хийх гэж байна?
-Энэ сарын 21-ний 11 цагаас бид Хүүхдийн ордонд “Гэр хорооллын хөгжил, иргэний оролцоо” чуулга уулзалтыг зохион байгуулна. Энэ чуулган маань нээлттэй хийгдэнэ. Энд бүх дүүргийн төлөөлөл оролцож, бидэнтэй санаа бодлоо чөлөөтэй хуваалцах юм.
Ярилцсан Б.Отгонбаяр
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 20, 2012 2:29:04 pm )
ХУРДАН ШУУРХАЙ ХЭРЭГЖИХ БОЛТУГАЙ ХУРАЙ ХУРАЙ
-
Anonymous (February 28, 2013 6:50:31 pm )
газар байраа сулалаад бид бүхэн хаа амьдрах юм бол эрхэм дарга нараа тэр суулгах гээд байгаа газар чин бид нар гэртээ байгаа юм шиг байж болохгүй боловуу
-
Anonymous (February 28, 2013 6:51:14 pm )
хэзээ ажилаа эхлүүлэх юм болоо
3 Comments