“Дархан цаазат Богд хан уулаа аваръя” нэртэй хөдөлгөөн өрнүүлээд байгаа “Хан Зайсан” ТББ-ын удирдлагууд нийслэлийн нийт иргэдийг Арцатын амны зүгт анхаарлаа хандуулахыг хүсч, өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэлийнхэнд хандсан юм. Тэд Зайсан, Нүхтийн ам шиг энэ газрыг алдмааргүй байна. Дархан цаазат газар нутаг дархнаараа л байх ёстой.
Энэ уулын амыг ингэж дэс дараалан баячуудын мэдэлд алдах байсан юм бол яах гэж дархалсан хэрэг вэ хэмээн эрх мэдэлтнүүдээс асуухыг хүсч байгаа ажээ. Дэлхийн анхны дархан цаазат уулуудын нэг Богд хан уул онгон дагшин, байгалийн үзэсгэлэнт байдлаа бага багаар алдсаар байна. Үүний хамгийн тод жишээ нь Зайсан толгой юм. Түүх өгүүлэх газар гэж жуулчид их цугладаг байсан энэ газарт одоо өндөр байшин барилгууд сүндэрлэж, хаа сайгүй худалдаа үйлчилгээний төв болсон.
Өөрөөр хэлбэл, хотын төвөөс ялгагдахааргүй дуу чимээтэй газруудын нэг болсон. Нэгэнт баригдчихсан барилгуудыг яалтай ч билээ гэж бодоод орхиж болох ч Богд уулын маань дараагийн нэг ам нь ийм болж байгаа талаар “Хан Зайсан” ТББ-аас мэдэгдсэн юм. Тодруулбал, Арцатын ам гэх газарт “Эко” сургууль барина гэх нэрийдлээр барилгын ажил явагдаж эхэлсэн байна.
Гэтэл тун удалгүй эко нэр нь алга болж, Монголын баячуудын хүүхдүүд сурах сургууль буюу “British school of Ulaanbaatar” гэх нэр хаягийг тунхаглан хаягаа хадсан байна. Түүгээр ч үл барам сургууль нь ашиглалтад орсны дараа хажууд нь хоёр том орон сууц барьж эхэлжээ. Жилийн дотор сургуулиа ашиглалтад өгч, удалгүй орон сууц барьж эхэлснийг харахад энэ хүний ар тал нь том гар байгаа нь тодорхой.
Арцатын ам гэх газар Зайсан толгой шиг, Нүхт шиг болоход нэг их цаг хугацаа шаардлагагүй гэдэг нь харагдаж байгаа юм. Манай улсын Байгаль орчны тухай хуульд дархан цаазат газарт зөвхөн аялал жуулчлалын журмаар үйл ажиллагаа явуулах ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр энэ газарт эко сургууль ч барих эрхгүй байсан гэдэг нь тодорхой болж байгаа юм.
Тэгээд ч дэлхийн жишигт сургууль нь эко буюу байгаль орчинд ээлтэй байна гэдэг ойлголт байдаг ч үгүй гэнэ. Хоёр жил хүрэх үгүйтэй хугацаанд газрынхаа эрхийг авч гурван барилга барьсан энэ газар дархан цаазтай газарт харьяалагддаг учраас БОАЖЯ-наас эхлэн гурван ч яам дамжиж байж энэ зэргийн барилга барих эрх авдаг байна. Гол зөвшөөрлийг нь олгодог БОАЖЯ-ыг тухайн үед Л.Гансүх сайд толгойлж байжээ.
Дархан цаазат газарт, газар олгох эрхийг зөвхөн сайд ч биш нэлээд олон газрын хаалгыг дамжиж байж авдаг. Тэгэхээр Арцатын ам гэх газарт хэд хэдэн том барилга барьж, дархан эрхтэйгээр байрлаж байгаа энэ газрын эзэн нь нэр нөлөө бүхий том эрхэм байгаа гэдэг нь ойлгомжтой юм. Түүнчлэн газар олгож байгаа байгууллагаас тухайн газарт дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьдаг эсэх нь бас л эргэлзээтэй.
Арцатын ам гэх энэ газарт үйл ажиллагаа явуулахаар 50 гаруй компани эрх авсан байна. Үүнээс 18 газрынх нь эзэмших эрхийг нь цуцалсан байна. Одоогоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа нь “British school of Ulaanbaatar” сургууль, ард нь баригдаж байгаа хоёр орон сууц юм. Гэхдээ хавар болохоор дээрх зөвшөөрөл авсан компаниуд барилгаа бариад эхлэх биз.
Харин аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулна гэж авсан ч тэр бүр дүрэм журмаараа явах нь юу л бол. Энэ талаар “Хан Зайсан” ТББ-ын тэргүүн А.Отгонбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Алдархишиг нар “Манай ТББ 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх Зайсанг тойрон баригдаж байгаа барилгынхантай тэмцэж Дархан цаазат газар гэдэг утгаар нь авч үлдье гэсэн ч бидний чадал хүрэхгүй байна.
Гэхдээ бид бууж өгөхгүй. Богд уулыг тойрсон хэдэн сайхан газруудаа харсаар байгаад хэн нэгэн эрх мэдэлтэй хөрөнгөтний гарт алдмааргүй байна. Зайсан толгой, Нүхтийн ам гэх хоёр газрыг аль эрт алдсан. Бид одоо нэмж барилга бариулахгүй гэж тэмцэж байна. Гэтэл ганц онгон дагшин үлдсэн Арцатын ам бусдын гарт орж эхэлсэн нь тодорхой боллоо. Анх энэ газарт аялал жуулчлал явуулна гэж эрхээ авсан гэдгийг нь бид баримтаар нотолсон.
Гэтэл энэ газарт хэдэн баяуудын хүүхдүүд сурах сургууль болоод ард нь хоёр орон сууц бариад эхэлчихсэн байна. Удалгүй нэгэнтэйгээ барьцаад Арцатын амаар дүүрэн байшин сүндэрлэх нь ойлгомжтой. Барын зулзагыг бага дээр нь гэдэг шиг үүнийг одоо л зогсоох хэрэгтэй. Биднийг энэ үйл ажиллагаа эхлээд явж байхад тал талаас их дарамт шахалт ирдэг. Мөнгө өгье гэж нэг хэлж үзнэ, өмнөөсөө өөр хүмүүс явуулж янз бүрийн юм яриулна гээд л асуудал их.
Энд нэг зүйлийг хэлмээр байна. Зайсангийн хажууд байрлах “American high school”-ыг барьсан “Өү Юу Жи Си” гэх компани “British school of Ulaanbaatar” сургуулийг бариулсан байгаа юм. Тэгэхээр Монголд өндөр төлбөртэй сургууль байгуулах нь ашигтай гэдгийг мэддэг, хөрөнгө чинээтэй эрх мэдэл бүхий эрхэм энэ хоёр сургуулийн эзэн байх нь гэсэн таамаг бий.
“American high school” сургуулийн төлбөр нь 10 мянган доллар, “British school of Ulaanbaatar” нь 12 мянган доллар юм билээ. Тэгэхээр энэ бүх төлбөрт нийцсэн орчин бүрдүүлж үйл ажиллагаагаа явуулна гэдэг жирийн нэг эрхмийн хийгээд байх ажил биш гэдэг нь ойлгомжтой” гэсэн юм. Нээрээ л энэ сургуулийн гадна очиход үнэтэй машины үзэсгэлэн яармаг дээр ирсэн юм шиг сэтгэгдэл төрж дугааруудыг нь харж “хөөх” гэж дуу алдмаар байсан.
Бас болоогүй төрийн хамгаалалттай газар орж байгаа мэт сургууль руу ороход бичиг баримтаа шалгуулж цүнхэнд байгаа зүйлээ шалгуулж ордог юм билээ. Тэгэхээр энэ газар дархан цаазтай газар баригдсан дархан цаазтай сургууль гэдэг нь харагдаж байгаа юм. Уг нь жирийн нэг газар биш дархан цаазтай газарт газар эзэмших зөвшөөрөл өгсөн юм чинь хяналт шалгалтаа хатуухан шиг тавьж, хууль дүрмийнхээ дагуу ажиллавал ийм зүйл болохгүй л байх байсан биз.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 17, 2012 12:09:19 pm )
ХОЖИМДОЖ ДЭЭ ХӨӨРХИЙ
-
Anonymous (December 17, 2012 12:20:16 pm )
Бат үүл болиулана гэсэн ш дээ харж л байя
-
Anonymous (December 18, 2012 2:46:02 pm )
delhiin jishigt niitssen surguulid mongol huuhed surch bolohgui nee,ter surguulid chin olon jil naimaa hiisen hunii huuhed surdag l yum bn lee,huuhdee uur shigee hel usgui bolgohgui,heden tugruguu haramlahgui surgana gej yarij baihyg n sosson
3 Comments