“Талсмаргад”-ыг хаацайлан хамгаалах ямар ашиг сонирхол АМГ-ын үе үеийн удирдлагуудад байна вэ
“Талстмаргад” гэх энэ компанийн нэр Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордтой хэлхээтэй юм шиг холбогдон яригдсаар олон жилийн нүүр үзэж байна. Энэ компанийн “эзэн” УИХ-ын гишүүн, БОХХБХ-ны дарга асан “молекул” Батбаяр Бүрэнхааны фосфоритын орд дахь эзэмшлийнхээ 51 хувийг төрд өгнө хэмээн 2010 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Сү.Батболдтой уулзахдаа хэлж, худлаа баахан шоудсан. Гэтэл үүнээс хойш гурав дахь хавартайгаа нүүр тулах гэж байна. Харин юу өөрчлөгдөв?.
Тэр ард түмэнд амласандаа хүрч, төрд 51 хувиа шилжүүлсэнгүй. Харин ч 2010 оны наймдугаар сарын 17-нд хугацаа нь дууссан хайгуулын зургаан лицензээ 2011 оны хавар хууль бусаар сунгуулсан төдийгүй 2011 оны зун Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлгүй, хяналтгүйгээр ашиглалтын өмнөх хайгуул гэгч үйл ажиллагаа явуулж, Тагш уулыг тэгшилж, байгаль орчинд ноцтой хохирол учруулан малчдын эрх ашгийг дорд үзэн ашиглалтын үйл ажиллагаандаа шуудрахыг оролдсон.
Дээрээ хуультай, доороо ард түмэнтэй улс орон түмний эрх ашгийг хувь хүнийхээс илүүд үзэх учиртай. Гэвч молекул Батбаяр болон түүний хүүхдүүдэд Монголын хууль, ард түмний эрх ашиг үйлчилсэнгүй.
Харин ч АМГ-ын үе үеийн дарга нар нь нам үл харгалзан түүнд үйлчилж, энэ компанийн лицензийг нь цуцлахтай холбоотой үнэн баримтаа шүүхэд гаргаж өгөхөөс цааргалан, цэрвэсээр, шүүх хурлыг хойшлуулсаар, сунжруулсаар хоёр намрыг үдэв. Энэ хооронд молигдуулсан Засгийн газрын тэргүүн нь наашаа харж инээн, цааш харан уйлан байж Бүрэнхааны фосфоритыг ордыг дайруулан төмөр зам тавих шийдвэрийг УИХ-ын сонгуулийн өмнөхөн гаргалаа. МАН-ын Засгийн газрын хоймор нутгаа уул уурхайн бүс болгох гэсэн энэ шийдвэрийг АН-ын Засгийн газар хууль бус гэж мэдэгдэн, эргэн харж засч залруулна хэмээн сүр дуулиантайгаар шоудаж байсан ч бас л чимээ алдрав.
Монгол улсын Стртаегийн орд-Бүрэнхаан дахь Талсмаргадын лицензүүдийг төрд шилжүүлэн авах үгүй бол, ядаж 51 хувийг ард түмэндээ хуваан эзэмшүүлэх хүсэл эрмэлзлэл төр, засагт байна уу?
“Талсмаргад” компанийн хайгуулын зургаан лицензийг цуцлуулахтай холбоотой Хүний эрх хөгжил төв болон “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын нэхэмжлэлтэй АМГ-т холбогдох маргаан нийслэлийн Захиргааны шүүхэд бүхэл бүтэн хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Энэ хэрэгт “Талсмаргад” компани гуравдагч этгээдээр оролцож буй. Тиймээс урт настай удаан жаргалтай энэ хэргийн талаар эргэн сурвалжилсан юм.
АМГ-ынхан “Талстмаргад”-ын лицензүүдийг хамгаалаад байгаа юм биш биз
“Талсмаргад” компани нь Монгол Улсын стратегийн орд-Бүрэнхааны фосфоритын ордод анхнаасаа хууль бусаар лиценз эзэмшсэн, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу геологи, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг 2008 оноос хойш гаргаж өгсөн эсэх нь зөрүүтэй, Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээгүйгээр хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшсэн гэх зэрэг Монгол Улсын олон хуулийг зөрчсөн ноцтой баримт, үндэслэлүүдийг холбогдох төрийн байгууллагуудын шалгалт, дүгнэлтээр илэрч байсан билээ. Гэвч үүнд хяналт тавих учиртай АМГ болон төрийн түшмэдүүд нэг талын эрх ашигт үйлчилж буйгаас энэ компанитай холбоотой баримтыг баталгаажуулах, нотлоход саад учруулж байна гэсэн хардлага төрснийг нуух хэрэггүй биз.
Төрийн бүх байгууллагад ажлын тайлан байтугай хэн нэгний гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч барагдуулснаа тэмдэглэдэг Бүртгэлийн дэвтэр гэж байх ёстой. Энэ дэвтэр өргөдөл гомдлыг барагдуулах, ямар нэг албан бичиг хуулийн хугацаандаа ирсэн эсэх, хариултыг нь өгч чадсан эсэх зэрэгт баримт болж үлддэг. Гэтэл АМГ-т ийм бүртгэл хөтөлдөггүй. Бүртгэлийн дэвтэр ч байдаггүй бололтой юм.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь АМТХ-ийн 33-р зүйлийн дагуу жил бүр хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулж, хангаж ажиллах үүрэгтэй Үүнийг зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 56-р зүйлийн 56.1.4-ийн дагуу лицензийг нь цуцлах нөхцөл бүрддэг. Гэтэл “Талстмаргад” компани 12633Х, 12634Х, 12635Х, 12636Х, 12637Х, 12638Х тоот лицензийг 2007 онд авснаас хойш 2009 он хүртэл хайгуулын ажил огт хийгээгүй гэдэг. “Талстмаргад компани АМГ-т энэ тайлангуудаа өгсөн гэх боловч үүнийг нь хугацаандаа өгсөн эсэхийг шүүх батлахын тулд өнөөдрийг хүртэл АМГ-аас Бүртгэлийн дэвтрийг нэхсээр өнөөдрийг хүрч байна.
Төрийн бус байгууллагуудын олж авсан мэдээллээр “Талстмаргад” компани 2008-2010 он хүртэл ийм тайлангаа гаргаж өгөөгүй байдаг аж. Үүнийг нь баталж 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Зууны мэдээ “сонины дугаарт Ашигт малтмалын газраас 2010 онд хайгуулын ажлын зардлын доод хэмжээгээ баталгаажуулаагүй үндэслэлээр цуцлагдах нөхцөл бүрдсэн хайгуулын лицензүүдийн жагсаалтыг хэвлэн нийтэлж байжээ. Үүнд нь “Талстмаргад “компанийн маргаан бүхий XV 012633, XV 012634, XV012635, XV 012636, XV 012637, XV 012638 тоот лицензүүд орсон байжээ. Гэтэл АМГ-ынхан “Талстмаргад компанийг энэ тайлангаа мөн оны аравдугаар сарын 18-нд ирүүлсэн” хэмэн тайлбарлаж лицензийг нь хүчин төгөлдөр үлдээжээ. Энэ бол зөвхөн сүүлийн баримт. Харин үүнээс өмнө буюу 2008-2009 онд энэ компани хайгуулын ажлын зардлын доод хэмжээгээ баталгаажуулалгүй лиценз эзэмшиж байсан бололтой. Хэрэв энэ нь батлагдвал Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “Талстмаргад” компанийн хайгуулын бүх лицензийг цуцлах хангалттай үндэслэл болох юм. Гэвч АМГ-ынхан үүнтэй холбоотой баримтыг баталгаажуулахад чухал шаардлагатай Бүртгэлийн дэвтрээ “нуусаар” байгаа нь олон хардлага эргэлзээг төрүүлж эхлээд байна. Магадгүй зарим эх сурвалжийн үзэж буйгаар “Талстмаргад” компанийн лицензийг хамгаалж үлдээхийн тулд шаардлагатай баримт, тайлангуудыг нөхөн авсан бололтой.
Тиймдээ ч Бүртгэлийн дэвтрээ гаргаж өгөхөөс царгалж байж мэднэ. Нөхөн авна гэсэн ойлголт зөвхөн “Талсмаргад” компанид л үйлчилдэг байх. Өөр бусад компанийн хувьд төлбөрөө хугацаанд нь төлж амжаагүй бол маргааш гэхэд л лиценз нь цуцлагддаг. Гэтэл “Талсмаргад” компанийн хувьд 2010 оны наймдугаар сарын 17-нд хугацаа нь дууссан лицензээ ирэх оны хавар нь буюу бараг хагас жилийн дараа сунгуулсан хууль зөрчсөн баримтыг АМГ-ын тухайн үеийн Кадастрын мэдээллээс харж болохоор байна. Мөн ашиглалтын хоёр лицензийнх нь тухайд ч хууль зөрчсөн мэдээлэл бий. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дөрөв дүгээр зүйлийн 4.2-т “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь ашигт малтмал ашиглах эрх авахын өмнө хийгдсэн” байх, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хавсаргах ёстой. Гэтэл “Талстмаргад”-ын ашиглалтын лицензүүд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ” огт хийгдээгүй гэсэн мэдээлэл ч бий. Энэ бүхэн нь АМГ-ын үе үеийн удирдлагууд ноён Батбаярын гар хөл болдог юм биш биз гэсэн хардлага төрүүлээд байна.
Уул уурхайн нөлөөлөлд автсан малчдын эрх ашгийг хэн хамгаалах вэ
лбээр бол нийтийн өмч гэсэн ойлголт манайд үйлчилдэг. Гэтэл нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг манай орны хувьд сүүлийн жилүүдэд уул уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн нь малчдын эрх ашигтай зөрчилдөх болов. Малчдад өвөлжөө, хаваржааны газрыг нь 60 хүртэлх жилээр эзэмшүүлэн, гэрчилгээ олгодог. Гэвч энэ нь өнөөдөр уул уурхайн лицензээс дорд үнэлэгдэн малчдыг өвөлжөө, хаваржааны газраасаа хөөгдөхөд хүргээд байгаа нь анхаарал хандуулах чухал асуудлын нэг болоод байна. Ялангуяа малынхаа бэлчээрийг дундаа эзэмшдэг малчдын хувьд энэ газар нутаг нь эзэнгүйдэж, нийтийн дунд хаягдсанаас уул уурхайн хэлмэгдүүлэлтэд хамгийн их өртөж байна. Тиймээс хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн малчин Д. Мягмарчулуун, Ж. Базаррагчаа, О. Даваажав, Т. Даваачулуун нар нутгийн малчдаа төлөөлөн шүүхэд ийнхүү хандаад байгаа юм. Тэд өвөлжөө, хаваржааны газраа 60 жил эзэмших гэрчилгээтэй. Гэвч энэ гэрчилгээний үнэ цэнэ, эрх ашиг нь уул уурхайн компаниудын эрх ашгаас дорд үнэлэгдсээр байгаа нь хууль эрх зүйн шударга зохицуулалтыг шаардаж байна.
“Талстмаргад” компанийн эзэмшиж буй Бүрэнхааны ордын лицензүүд нь Мөрөн, Бүрэнтогтох зэрэг сумын нийт иргэд, малыг ундаалдаг Дэлгэр мөрөн, Бүрэнхаан уулын доод хормойноос урсдаг, элэг, цөсний гэгдэх Хядàгийн рашаан болон борог өвс бүхий малчдынх нь гол бэлчээр нутгийг хамардаг. Тиймээс тэд өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа төдийгүй бэлчээр нутгаа хамгаалж, эрүүл бүтнээр нь авч үлдэхийн тулд Талстмаргад компанид хайгуулын лиценз олгосныг эсэргүүцэж буй. Энэхүү нутагт Туяа багийн 400 гаруй малчин өрх, 36 гаруй мянга мал, мөн Мөрөн сумын есдүгээр багийн 30 гаруй мянган мал бэлчээрлэдэг юм. Харамсалтай нь өнөөдөр манай хууль эрх зүйн орчинд тодорхойгүй олон зүйл бий. Малчдын өвөлжөө , хаваржааны газрыг кадастрын бүртгэлд оруулдаггүйгээс хаана, хэний өвөлжөө хаваржаа, ямар бэлчээр байдгийг зурж тэмдэглэсэн бүртгэл, тэмдэглэгээ гэж алга. Үүнээс болоод малчдын гэрчилгээ уул уурхайн лицензүүдтэй давхцан олгогдож маргаан үүсгэж буй. Энэ нь Хөвсгөл төдийгүй бүх аймагт жирийн үзэгдэл боллоо. Малчдын эрх ашгийг төрийн бус байгуулагуудаас өөр хамгаалах хүн, байгууллага гэж алга. Гэвч үүнийг нь хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөх нэгдсэн ойлголт хуулийн хүрэнд дутуу дулимаг байгаагаас ийм боломжийг нь олгож чадахгүй л байна.
Нийтийн эрх ашиг буюу стратегийн өмгөөлөл Монголд шинэ тутам эхлэл төдий байна. Байгальд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн оролдлогыг шүүх нааштай шийдэж эхэлсэн. Харин одоо малчдын уламжлалт аж амьдрал, эрх ашигт нь учруулсан хохирол, нөлөөллийг хэн хамгаалах, нэхэмжлэх ойлголт нэг мөр болоогүй л байна. Тиймээс нийтийн эрх ашиг, тэртусмаа уул уурхайн нөлөөллөөс хамааралтай аливаа хохирлыг нэхэмжлэх эрхийг орон нутагт нь төдийгүй төрийн бус байгууллагуудад ч хамаатуулан ойлгох цаг иржээ.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ /”Өнөөдөр” сонины тоймч/
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 12, 2012 12:08:14 pm )
bolimoor wm hoysgolchuud bid bosno shuu
-
Anonymous (December 12, 2012 3:40:06 pm )
Ene muu mal Monekul durtai yum bol ter Bayanhongoroo ochij muljuuch durak aa. Alna shuu
-
Anonymous (December 12, 2012 5:45:45 pm )
bosvol bosoh tsag aali ert bolson gundalaigaa urdaa zalaad bosooch tsaadah chini chadahgui l de
-
Anonymous (December 12, 2012 7:19:24 pm )
Talst Margad ali deer haagdsanshdee ene hezeenii niitlel ve?
-
Anonymous (December 12, 2012 9:56:07 pm )
bordoogoor jah gesen um be tenegee
-
Anonymous (December 12, 2012 10:04:22 pm )
молекулийг чинь бараг төрөхөөс өмнө улсын төсвөөр хайгуул нь хийгдээд батлагдчихсан бэлэн орд дээр лиценз хуйвалдаж авчихаад 51 хувийг өгнө ч гэх сонин юм ярих юм
6 Comments