Засгийн газар байгуулагдаад 100 хоног болж байна. Аливаа Засгийн газрын ажлын эхлэлийг энэ хугацаанд дүгнэж цаашдынх нь төлөв хандлагыг үнэлдэг жишиг байдаг. Энэ Засгийн газрын 100 хоногт олны анхаарлын төвд байсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн олон яригдсан хүний нэг бол Сангийн сайд байсныг анзаарахгүй өнгөрч боломгүй байв. Тийм учраас Сангийн сайдын бодлого, үйл ажиллагаа сонирхолтой санагдлаа. Аз болоход Сангийн сайд Ч.Улаан бол хэвлэл мэдээлэлд нээлттэй, байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг, олон түмний анхаарлын төвд ямагт байдаг хүн юм байна. УИХ-д Сүхбаатар аймгаас таван удаа сонгогдож, Засгийн газарт таван удаа томилолт авч ажилласан туршлагатай төр, нийгмийн зүтгэлтэн түүний тухай өөрт олдсон мэдээллийн хүрээнд санал бодлоо уншигчидтайгаа хуваалцаж байгаа юм шүү. Нөлөө бүхий нэг сайдаар нь жишээ болгон энэ Засгийн газрын шинэчлэлийн бодлого, түүний хэрэгжилтийн талаар ярилцвал сонирхолтой байж магад юм.
1. ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН ТАНИЛ САЙД
Сүхбаатар аймгаас ирж хамт суралцаж буй найзаасаа би “Танайхан Улаан гишүүнийгээ дандаа “сайд аа” гэж дууддаг. Яагаад тэгдэг юм бэ” гэж асуусан юм. Найз маань “Улаан гишүүн бол манай Сүхбаатарынхны итгэлийг даасан төрийн түшээ юм чинь тэгэлгүй яах вэ дээ.
Манай аймгийн айл бүхний жаазанд түүний зураг байдаг юм. Айлд дархан бэр гэж байдаг шиг Засгийн газрын гишүүн, сайдаар таван удаа, Сангийн сайдаар гурван удаа томилогдож нэр төртэй ажилласан болохоороо төрийн дархан сайд л гэж ойлгогддог юм шүү дээ” гэж билээ.
Ч.Улаан сайд гурав дахь удаагаа томилолт авсныхаа дараахан нь телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа “Төр, засаг маань итгэж, сан хөмрөгөө бариулахаар дахин томилж байгаад их бэлэгшээж байна. Ард түмний өмч, улсын сан хөмрөгийг хамгаалж арвижуулж байх хариуцлагатай үүргийг Сангийн яамныхан маань үүрч байдаг юм. Би энэ л хариуцлагыг даахын төлөө хичээн зүтгэж өдий болсон хүн. Хамт олон маань бүгд танил, халуун дотно хүлээж авсан болохоор гэртээ ирсэн юм шиг санагдаж байна. Хамт олонтойгоо хамтраад зүтгээд байна даа” гэж хэлж байсан нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа.
Энэ удаад нэлээд өөр нөхцөлд ажиллах болж байгаа тухай нь сонирхоход тэрбээр сонгуулийн үр дүн өөрөө ийм байдлыг бий болгож өглөө. Та нар эвсэж хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн л сонголтыг ард түмэн хийсэн. Хэн нь ч үнэмлэхүй олонхи болсонгүй. Дөрвөн нам парламентад суудалтай ч гурван нам бүлэгтэй байх хэмжээний төлөөлөлтэй болсон. Ухаан зарж эвсэж, бас уралдаж ажиллах нөхцөл үүслээ. Энэ бүхэн бол ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл юм. Бий болсон нөхцөл байдалдаа түргэн дасч шинэчлэгдэж ажиллахаас өөр аргагүй. Хэн ингэж түргэн өөрчлөгдөж чадна вэ түүний ажил үйлс үргэлж өөдөө дээшээ байх болно. Ингэж чадаагүй нь бусдаасаа хоцорч мэднэ гэж байсан нь олон Засгийн газарт ажилласан туршлагатай хүн нэгийг бодож, хоёрыг цэгнэж хэлсэн үг шиг санагдаж байлаа.
Засгийн газрын бүрэлдэхүүнийг харвал эвсэж хамтарч ажиллаж буй улс төрийн намууд өөрсдийн шилдэг лидерүүддээ ачаа үүрүүлсэн байна. Ард иргэдийн зүгээс цоохор баг, эрээвэр хураавар хүмүүс байна гэсэн шүүмжлэл гараагүйг бодоход бас ч гэж хүлээн зөвшөөрөгдсөн, итгэл төрүүлсэн гэж үзэх үндэстэй байна. Сангийн сайд энэ шалгуурт тэнцэж байгааг Ерөнхий сайд тамгыг нь гардуулж өгөхдөө онцлон тэмдэглэж байна билээ.
Энэ нь нэг талаасаа Сангийн сайдын ажлын онцлог ч байх, нөгөө талаасаа төсвийн хүрээнд томоохон шинэчлэл хийгдэхээр бэлтгэгдэж байгаатай ч “холбоотой”
2.МЭРГЭШСЭН ТУРШЛАГАТАЙ САЙД
Ард иргэд Засгийн газрыг хэнээр, яаж бүрдүүлж байна гэдэгт өөр өөрсдийнхөөрөө дүн тавьдаг. Гэтэл энэ Засгийн газрыг бүрдүүлсэн зарчим нь ил тод, намууд өөрсдийн олон түмэнд танигдсан лидерүүд, баруунд боловсрол эзэмшсэн шинэ үеийнхний төлөөлөл залуучуудаа дэвшүүлсэнд таатай хандаж байсан. Гар нийлээд ажиллачих, тодорхой юм бүтээчих, шинэчлэл өөрчлөлт хийх хүмүүс шиг байна гэж итгэж дэмжиж байна. Сангийн сайдыг аргагүй л энэ салбараа сайн мэдэх, туршлагатай мэргэжлийн хүн гэж олонхи нь хүлээн зөвшөөрдөг юм билээ. Манай улсын эдийн засаг, санхүүгийн байдал амаргүй сорилттой тулгарсан үeд л Ч.Улаан сайд Сангийн сайдаар томилогдон ажиллаж, олон чухал асуудлыг шийдэж ажлыг зөв гольдролд нь оруулаад өгдөг хүн гэдгийг өмнөх томилолтуудаас нь хүмүүс мэддэг болсон байна. Энэ бол том дүгнэлт, их итгэл учир өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө.
ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер-эдийн засагчийн мэргэжлээр төгсгөж ирээд л эдийн засгийн төв байгууллага-Улсын төлөвлөгөөний комисс, Үндэсний хөгжлийн газар, Сангийн яаманд ажилласан байна. Түүний төгссөн сургуулиас Ю.Цэдэнбал, Д.Моломжамц, Д.Содном гээд манай улсын есөн Сангийн сайд,10 гаруй гавьяат эдийн засагч төрсний нэг нь Ч.Улаан сайд ажээ. Эдийн засаг, санхүүгийн салбарт хийгдэж байсан хэд хэдэн томоохон шинэчлэлт өөрчлөлтийг боловсруулахад оролцож хэрэгжилтийг зохион байгуулалцаж байжээ. 1980-аад оны үеэс төлөвлөлт урамшууллын шинэ системийг боловсруулж нэвтрүүлэхэд оролцож эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх шинэчлэлийг хийлцсэн байна. Харин 1990-ээд оны үөэс Аж ахуйн шинэ мөханизмыг нэвтрүүлж хамт олны идэвх санаачилгыг өрнүүлэх, хувийн хэвшлийг бий болгон хөгжүүлэх, хувийн өмчийг зөвшөөрөх, гэрээ түрээсийн зарчмыг хэрэгжүүлэх шинэчлэлийг хийхэд идэвхтэй оролцсон байна. Мөн 2000 оноос Санхүү, эдийн засгийн сайдаар ажиллаж байх үедээ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай (ТБУСТ) хуулийг боловсруулан батлуулж зах зээлийн эдийн засгийн нөхцөлд тохирсон санхүү, төсвийн тогтолцоог бий болгон зүгшрүүлж хөгжүүлсэн байна. Зах зээлийн эдийн засгийн шилжиж байх эхэн үед төвлөрсөн удирдлага, хяналт, төсвийн сахилга суларч эмх замбараагүй байдал, хямрал уналт бий болж гадаад, дотоод өр авлага ихэсч эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал алдагдаж байсан учир зайлшгүй томоохон шинэчлэл хийж цэгцлэх шаардлага тулгарчээ. Төрийн сангийн бие даасан тогтолцоог төлөвшүүлж, Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан төсвийг хяналттайгаар санхүүжүүлж, шинэ программ хангамж, техник хэрэгсэл ашиглаж, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлж, гадаад, дотоод өр авлагыг шийдэж томоохон өөрчлөлт шинэчлэл хийсэн байна. Төвийн нэг сонинд өгсөн ярилцлагадаа “Эдийн засгийн том тогоонд чанагдаж аливаа асуудалд улс, эх орны эрх ашгийн үүднээс хандаж сурсан. Олон сайхан хүмүүс, мэдлэг чадвартай олон сайн дарга нартай хамтран ажиллаж төрийн ажлын дөртэй болсондоо баяртай байдаг” гэж онцлон дурьдсан байсан. Цаг наргүй төрийн ажилд нухлагдсан хүний үг даруухан мөртөө жинтэй байдаг юм байна. Нэг онцлогийг дурьдахгүй өнгөрч боломгүй. Юу гэвэл тэрбээр дөрвөнтөө Сангийн сайдаар ажилласан ч голдуу улсын сан хөмрөг хоосон, аргаа барсан үед энэ хүнд албыг авч ашиг орлогыг нь нэмж улсаа сэхээсэн гавьяатай. Үүнийг юу ч үгүйсгэж чадахгүй. Тухайлбал 2001 онд мөн л улсын сан хөмрөг барагдаж, цалин тэтгэвэр, тэтгэмжээ нэхсэн ард түмэн төрөө ёстой л П.Жасрай агсны хэлсэнчлэн нулимстай нүдээр горьдлого тээн ширтэж байсан тэр үед Сангийн сайд Ч.Улаан Францад хандивлагчдын уулзалтыг санаачлан зохион байгуулсан. Үүнд нь ач холбогдол өгч найдвар тавьсан хүн төдий л олон байгаагүй. Гэвч 330 сая ам.доллар “олоод” ирсэн. Энэ нь 2001 онд ямар үнэ цэнтэй “амь тариа” болсныг түүх мартаагүй. Энэ удаад хасах баланстай төсөв хүлээн авчихаад гомдоллож уйлагнахын оронд мөн л эрслэн зориглож Засгийн газрын баталгаатай 1.5 тэрбум ам.долларын бондыг арилжаалж чадав. Энэ бол зөвхөн эхлэл. Уг бондыг таван тэрбум ам.долларт ч хүргэх боломж бий гэдгийг саяын арилжаа, хөрөнгө оруулагчдын сонирхол харуулж байсан. Одоо энэхүү бондын хөрөнгийг урьдын адил хавтгайруулан тараах бус алсын хараатай бүтээн байгуулалт, тэр тусмаа эрчим хүч, нефть боловсруулах үйлдвэрүүд барих, шинэ төмөр зам, хатуу хучилттай автозам зэрэг дэд бүтцийн өгөөжтэй салбаруудад зарцуулахаар шинэчлэлийн Засгийн газар бодлогоо тодорхойлон хэрэгжүүлж эхлээд байна. Үүний манлайд мөнөөх л Ч.Улаан сайд давшиж яваа нь түүнийг улам ч “ВЕST” гэдгийг нь харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн сайд, жинхэнэ улстөрч бол аль ч Засгийн үед, хэнтэй ч ард олны төлөөх бодлогод нийцэж ажиллаж чаддаг ажээ.
3. ШИНЭЧЛЭГЧ, АЖИЛ ХЭРЭГЧ САЙД
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад удаагүй ч Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр, ирэх оны улсын төсвөө УИХ-аар батлуулж хэрэгжилтийг зохион байгуулах ажилдаа шамдан ороод байна. Эдгээр бодлогын асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд шинэчлэлийн бодлогыг үндэслэж хамгаалсан, хамгийн ихээр байцаагдсан, тэр хэрээрээ хамгийн их шүүмжлэгдсэн хүмүүсийн нэг нь яах аргагүй Сангийн сайд байсан. Энэ нь нэг талаасаа Сангийн сайдын ажлын онцлог ч байх, нөгөө талаасаа төсвийн хүрээнд томоохон шинэчлэл хийгдэхээр бэлтгэгдэж байгаатай ч холбоотой байсан биз. Ирэх оны төсвийг зарчмын шинэ эрх зүйн орчинд, цоо шинэ арга механизмаар боловсруулж, хэлэлцүүлж батлууллаа гэж Сангийн сайд удаа дараа мэдэгдсэн. Гэтэл зарим хүн төсвөөс шинэчлэл үнэртэхгүй байна, хассан танасан хуучин төсөв байна гэж шүүмжилж байсан. Гэхдээ энэ нь улстөржсөн шүүмжлэл гэдэг нь ойлгогдохоор л байна билээ. Ирэх оноос Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бүрэн утгаараа, Нэгдсэн төсвийн тухай хууль шинээр хэрэгжиж эхлэх бөгөөд олон зүйл өөрчлөгдөхөөр байгааг Сангийн сайд “Зууны мэдээ” сонинд өгсөн “Томоохон шинэчлэлийг эхлүүлсэн хариуцлагатай төсөв боллоо” ярилцлагадаа тодорхой хэлсэн байна билээ. Тэрбээр төсвийн төсөл доторх даруухан томъёолол, зөв хандлага, тууштай зарчим, зоримог эхлэлүүд бодит ажил болж хэрэгжихээр агуулга нь гүнзгийрч, цар хүрээ нь тэлж, ирээдүй нь тодроод томоохон шинэчлэл болж хувирна. Бодлогын баримт бичиг дотроос хүн бүр үүнийг олж хараагүй байж болох ч хэрэгжээд бодит ажил болохоор нь бүгд хүлээн зөвшөөрнө гэж хэлснээс үзвэл өөрийнхөө бодол, байр сууриндаа итгэлтэй байгаа нь тодорхой байна. Мөн тэр шинэчлэлийг хуучин хэвшмэл хандлага, арга барил, механизмаар үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй учир бүгдээрээ шинэчлэгдэхийг уриалсан байгаа. Өмнөх УИХ-аар баталсан эдгээр хуулиудыг хэлэлцүүлэх, батлуулах их хурлын ажлын хэсгийг Ч.Улаан гишүүн ахлан ажиллаж байжээ. Тэгэхээр эдгээр шинэчлэлийн хуулиудыг яамныхаа тэр үеийн удирдлага, хамт олонтойгоо хамтран боловсруулж төрийн бодлого болгон батлуулсан санаачлагчдын нэг нь яах аргагүй мөн. Монгол Улсын маань эдийн засаг, санхүүгийн байдал эрс сайжирч, шийдвэрлэх асуудлын цар хүрээ өргөжихийн хэрээр ТБУСТ хуулийн зохицуулалт, механизмыг боловсронгуй болгох шаардлага бий болж байсан байдаг. үүнийг нэлээд эртнээс мэдэрч шинэ механизм, арга замыг эрэлхийлж байсан тухай нь хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан зохион байгуулсан “Иргэний танхим”-д хэлэлцүүлсэн илтгэлээс нь анх сонсоход сонирхолтой санагдаж байж билээ. Хэлэлцүүлгийн явцад олны анхаарлыг татаж байсан асуудал нь төсвийн төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрхийг өргөтгөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх санал байсан юм. Гэтэл тэр санал өнөөдөр хууль болчихсон хэрэгжилтийг нь Ч.Улаан сайд өөрөө зохион байгуулж байна гээд бодохоор аргагүй л ажил хэрэгч хүн юм гэж бодогдож байна. Эрдэмтэн судлаач доктор, профессор хүн болохоороо асуудлыг тал талаас нь судалж, шинжлэх ухааны үндэстэй боловсруулж өөрөө биечлэн хянаж хэрэгжүүлдэг арга барилтай учраас нэг л эхэлсэн бол эцсийг нь үзэж байж л санаа амардаг гэж яамныхан нь ам сайтай байдаг юм билээ.
4. ЭХ ОРОНЧ ТӨРИЙН САЙД
Сүүлийн жилүүдэд “ТВ9” төлөвиз, “Зууны мэдээ” сонин хамтран “Эх оронч түшээ”-г ард түмний санал асуулгаар шалгаруулахад Ч.Улаан сайд тэдний нэг болж байсан юм. Ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, газар нутаг, баялгийн эзэн байх эрх, шударга ёсны төлөө зарчмын байр суурьтай байж үгээ хэлж тэмцэж байсан УИХ-ын 14 гишүүн эх оронч төрийн түшээгээр тодорч байснаас энэ онд болсон сонгуулиар 13 нь дахин сонгогдсон, зургаа нь Засгийн газрын гишүүн сайдаар томилогдсон байна. Тэгэхээр Ч.Улаан сайд бол зөвхөн эдийн засагч, санхүүч биш туршлагатай улстөрч, ард түмний мэргэшсэн элч юм гэсэн сэтгэгдэл төрж байдгаа уншигчидтайгаа хуваалцах нь зүйтэй гэж үзлээ. Улстөрч, нийгмийн зүтгэлтний хувьд Ч.Улаан сайд үргэлж зарчмын идэвхтэй байр суурь баримталдаг, шулуун шударга зангаараа олон түмэнд танигдсан хүн юм. Хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга өсны төлөө зоригтой дуугарч байгааг нь олон хүн талархан дэмжиж байдаг юм билээ. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ монголчуудад туйлын ашиггүй болсон, өөрчлөн сайжруулах ёстой гэсэн зарчмын байр суурин дээрээ тууштай зогсож байна. Шинэ бүрдсэн УИХ-аас анх 26 гишүүн энэ гэрээг хянаж өөрчлөх учиртай гэж гарын үсгээ зурж шаардлага хүргүүлэхэд дотор нь Ч.Улаан сайд байж л байсан. Одоо бол олон гишүүн, Засгийн газар хүртэл хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийхийг дэмжин ажлын хэсэг томилон ажиллуулж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яамаа төлөөлөн оролцож байгаагаас гадна Татварын харилцааг боловсронгуй болгох, урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг шууд удирдан ажиллаж байна. Ямар ч байсан Оюутолгойн Хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээнд орсон учраас монголчуудад ашигтай шийдвэр гарах байх гэсэн эерэг хүлээлт бий болж байна. Ч.Улаан сайд хамтын ажиллагаа хөгжүүлэх, зээл тусламж авах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, өр авлага барагдуулах зэрэг асуудлаар улс хоорондын яриа хэлцэлд оролцож Монголын талдаа ашигтай тохироо хийж шийдвэр гаргуулж сурсан хүн гэж боддог юм. Хуучин социалист орнуудын хооронд болон ОХУ-тай үүссэн их, бага өрийг бүгдийг нэн ашигтай нөхцөлөөр шийдвэрлэх ажлыг гардан зохион байгуулсан гавьяатай эдийн засагч гэдгийг олон түмэн сайн мэддэг юм билээ.
5. ЭГЭЛ БААТАР, ШУДАРГА ЖУРАМТ САЙД
Бусдаасаа ялгарах онцгой баатарлаг үйлс бүтээсэн хүмүүсийг ард түмний санал асуулгаар тодорхойлон алдаршуулах ажлыг төвийн сонинууд хамтран зохион байгуулсан жил Ч.Улаан сайд “Эгэл баатар”-аар тодорч байсныг бүгдээрээ санаж байгаа байх аа. Тал нутгийн хүн үертэй голын уснаас гурван хүүхдийн амийг аварч чадсан нь хүмүүсийг гайхашруулж байсан юм. Тэгсэн тэрбээр Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 10 гаруй жил хийж байгаа юм билээ. Ер нь гал, усны аюул тохиолдсон үед хүмүүст туслах гээд түрүүнд нь л гүйж явдаг сонин хүн шүү гэж олон жил хамт ажилласан нэг хүн ярьж байсан юм. Орхон голын үерт хоригдсон хүүхдүүдийг аврах гээд гадаадын зочдоо орхичихоод л хөөцөлдөж явсан. Сүхбаатар аймагт нутгийн иргэдтэй хамт талын түймэртэй өдөржин, шөнөжин тэмцэлдэж л байсан, сурагч байхдаа ахуйн түймрээс дүү нараа аварч байсан гээд олон тохиолдолтой учирч байсан тухай нь нэрт сэтгүүлч Ш.Цэрэнпил агсан бичсэн байсныг уншиж байлаа. Хүмүүст туслалцаа дэмжлэг хэрэгтэй газарт нь байж л байдаг, тусалж аварч явдаг хүн байдаг юм гэнэ билээ. Ч.Улаан сайд тийм ч хүн юм билүү гэж бодогдож байсан шүү. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнагдсан лав л анхны УИХ-ын гишүүн, сайд юм билээ.
Шинэчлэлийн Засгийн газрын санхүүг барьж суугаа Сангийн сайдын талаар өнгөцхөн боловч судалсан сэтгэгдэлдээ үндэслээд төсөв санхүүгийн чиглэлд үнэхээр том өөрчлөлт хийгдэх юм байна гэсэн мэдрэмж төрж байлаа. Бүх түвшний төсвийн эрх захирагчид, төсвийг хариуцан зарцуулагчид шинэчлэлийнхээ төлөө сайдтайгаа нэг баг болж итгэлтэй ажиллаасай гэж хүсэх байна. Сангийн сайдын цээжинд эмээлтэй, хазаартай морь нь багтаж байх шиг байна.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

Холбоотой мэдээ
-
Anonymous (December 03, 2012 10:57:04 pm )
энэ юу вэ ? төлбөрт магтаал уу ? ой гутмаар юм
-
Anonymous (December 04, 2012 3:55:08 am )
Sh a a
-
Anonymous (December 04, 2012 3:55:25 am )
Zai l a a
-
Anonymous (December 04, 2012 3:56:25 am )
Z a i l a a
-
Anonymous (December 04, 2012 2:30:10 pm )
oi oi oi bugsiig ni dolooh shahajdee
-
Anonymous (December 05, 2012 6:04:08 pm )
amlilt husie
6 Comments